| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч :Д.Алимаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2327000000018 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Улиастайн голоос зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг зэвгэ загас агнаж, байгаль экологид 85,000 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байх Улиастайн голоос 5 ширхэг зэвгэ загас агнасан. Тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнаж болохгүй гэдгийг мэдэхгүй байдлаасаа болоод гэмт хэрэг үйлдсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг хэрэгт намайг иргэний нэхэмжлэгчээр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас томилсон. ******* нь байгаль орчинд учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуу/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Эрдэнэт хотоос манай хуурай ах ******* 3 найзын хамт манайд ирсэн юм. Тэгээд ******* ахын улсын дугаартай автомашиныг нь гуйж аваад шөнөдөө загас барих гээд нэг газар ирсэн. Би тухайн газрын нэрийг нь мэдэхгүй. ******* ахын найзууд гурван голын уулзвар гэдэг гэж ярьж байсан. Тэгээд манай ахын найзууд голын мөсийг өрөмдөж 3 цооног гаргаж цоолоод 5 ширхэг загас барьж агначхаад сууж байтал цагдаагийн албан хаагчид улсын тусгай хамгаалалттай газраас загас барьсан байна гэж хэлээд Бат-Өлзий сум руу хамт явсан. Би загас агнаж болохгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар нэртэй загас барьсныг нь ч мэдэхгүй. Би анх удаа явсан ,,, нар загас бариагүй харин ах 5 ширхэг загас барьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд манай найз голын мөсийг нь өрөмдөж 3 цооног гаргаж цоолоод 5 ширхэг загас барьж агначхаад сууж байтал цагдаагийн алба хаагчид улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас барьсан байна гэж хэлээд Бат-Өлзий сум руу хамт явсан. Би загас агнаж болохгүй гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар нэртэй загас барьсныг ч мэдэхгүй байна. ...Ганцхан ******* барьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуу/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №39-04-078-03 дугаартай дүгнэлтэд "...4.Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, МУ-ын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг Зэвгэ загасны үнэ 17000 төгрөг. 5 ширхэг Зэвгэ загасны үнэлгээ 85000 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-р хуу/,
Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39-04-078-01 дугаартай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ...170,000 төгрөгийн үнэлгээ гарч байна.” гэсэн акт /хх-ийн 44-р хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ӨХЦ23-С2 дугаартай “...ногоон өнгийн их биетэй, саарал өнгийн төмөр бариултай мөсний хөрөө 120,000 төгрөг, хар өнгийн дамартай цагаан өнгийн үүсэн бариултай өвлийн загасны уурга 100,800 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-70-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Улиастайн голоос зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг зэвгэ загас агнаж, байгаль экологид 85,000 төгрөгийг хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Иргэний нэхэмжлэгч *******, гэрч *******, гэрч ******* нарын мэдүүлэг /хх-ийн 7, 31, 34-35-р хуу/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39-04-078-03 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-р хуу/, Улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 39-04-078-01 дугаартай акт /хх-ийн 44-р хуу/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ӨХЦ23-С2 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-70-р хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг “Улиастайн гол” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарагддаг талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот албан бичиг, хилийн зураглалаар баталгаажуулсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 170,000 төгрөгөөр тогтоосон байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 170,000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100101813001 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн /хх 45/ байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг Зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 100,800 төгрөгийн үнэлгээ бүхий уурга 1 ширхэг, 120,000 төгрөгийг үнэлгээ бүхий өрөм 1 ширхэг зэргийг улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг Зэвгэ загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100,800 төгрөгийн үнэлгээ бүхий уурга 1 ширхэг, 120,000 төгрөгийг үнэлгээ бүхий өрөм 1 ширхэг зэргийг улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН