Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/шцт/05

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох эрүүгийн 2233001050095 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 09 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагаантолгой Уурын зуухад галч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 охины хамт Сэлэнгэ аймаг Сант сум Ивэн 0-р баг 0-00 оршин суух,******* (РД:*****).

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 0дүгээр баг Амарбаясгалант гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн*******ыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр баг Амарбаясгалант гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн*******ыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******гийн өгсөн: “...2022 оны 11 сарын 09-ний өдөр Амарбаясгалант хийд рүү уул руу самарт явах гэж байсан. Уул руу өгсөж байгаад хоол хүнсээ дутуу авсан тул буцаж ирээд тэгээд энд архи уусан. Галбадрахыг цохиж гэмтэл учруулсан. Хэргээ хүлээж байна. 380,000 төгрөг дансаар 20,000 төгрөг бэлнээр нийт 400,000 төгрөг одоо өгье...” гэх мэдүүлэг,   

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******ын өгсөн: “...11 сарын 10-ны өдөр байсан байх би явж байгаад зодуулсан. Би гэм хийгээгүй. Өмнө нь тэтгэврийн мөнгө хөөцөлдөх гээд явахад намайг занаад байсан. Би тэр өдөр яараад байсан тул явах гэхэд дараа нь уулзана гээд байсан. Дараа нь уулзаад зодсон. Би явдгаараа мөрөөрөө явж байсан. Өмнө нь хийд дээр занаад байсан. Би за за таньдаг юм байна гайгүй биз гээд мал руугаа явсан. Тэгээд маргааш нь хийд ороод зодуулсан. Тэрнээс хойш миний толгой их өвдөж байгаа. Маш их мартамхай болсон. Миний чих хатуу байсан улам хатуу болсон. Би хот орж үзүүлсэн би мөнгөний боломжгүй байсан. Миний аав өндөр настай хүн байсан асарч байгаад нутаглуулсан. Өмнө нь үзүүлнэ гэж бодож байсан аав маань өндөр настай тул асарсаар байгаад үзүүлж чадаагүй. Намайг хот орж үзүүл гэсэн. Цаана ухархайд юу байгааг мэдэхгүй байна сайн үзүүлээд дурангаар харуулаад дараагийн хагалгаанд орох эсэхийг шийднэ гэсэн. Би явах гэхээр зардал байхгүй болоод байна...” гэх мэдүүлэг,

           

           Мөрдөн байцаалтад:

            1.Хохирогч*******ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 1-р баг Амарбаясгалант гэх газарт явж байхад миний унаж явсан автомашины түлш нь дууссан. Тэгэхээр би өөрийн танил ******* гэх айлд би очиход гэрт нь нэлээд хэдэн хүн байсан. Тэгээд би *******гийнд ороод сууж байтал ******* гэх залуу учиргүй уурлаж байснаа намайг цохиод унагасан. Би юу болов гээд тухайн айлаас зутгаад гараад буцаж оролгүйгээр шууд цагдаад дуудлага өгсөн.******* үгийн зөрүүгүй өөр хүнтэй муудалцаж байснаа намайг цохиод авсан. Би эмнэлгийн байгууллага болон шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг тухайн айлд ороход тэнд байсан  хүмүүс архи ууж байсан. Би гомдолтой байна...,...намайг гэрт нь ороход *******, ******* болон өөр танихгүй 2 залуучууд архи уугаад сууж байсан юм. Тэгээд би ороод сууж байтал ******* надад архи хундагалж өгсөн юм. Би өгсөн архийг нь уугаагүй духандаа хүргээд буцаагаад өгсөн. Тэгээд дахиад тойроод ирэхээр нь бас уухгүй буцаагаад өгсөн чинь чи яагаад архи уудаггүй пизда вэ гээд ******* миний зүүн нүдний хөмсөг ухархай орчимд гараараа 1 удаа цохиод авсан. Тэгээд би ухаан балартаад юу болсныг мэдэхгүй болсон. Тэгээд би хажуугийнх нь айлд ороод хүүхэд рүүгээ утсаар яриад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Баруунбүрэн сум руу очоод эмнэлэгт үзүүлээд Дархан-Уул аймаг руу явсан юм. Тухайн үед миний нүд хөхөрч хавдаад юм харахгүй болчихсон байсан. Тэгээд хавдар нь нөгөө нүд рүү нүүгээд хавдчихсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Чанга чанга яриад согтолттой байсан. Миний бие эрх чөлөөнд *******гөөс өөр хүн цохиогүй. Тэнд өөр хэрүүл маргаан зодоон болсныг мэдэхгүй байна. ******* намайг цохисон. ******* бид хоёр урьдны зүс таньдаг мэнд устай явдаг хүмүүс байгаа юм. Урьдны өс хонзон, өр авлага гээд байх зүйл огт байхгүй. Би эмнэлгээр явж эмчлүүлэхэд гарсан зардал мөнгөө нэхэмжилж байна...”, ...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ архи уугаагүй байсан гэж мэдүүлсэн. Намайг *******д цохиулахаас 1 цаг гарангийн өмнө би Амарзаяатай 2,5 литрийн том савтай пиво уусан байсан. Тэгээд цохиулах үед би эрүүл байсан юм. Тэр пивоноос өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг манай ээжийг горьдоогоод тэрнээсээ болоод нас барсан гээд юм ярьж байсан. Тэгээд би согтуу хүнтэй юм яриад хэрэггүй байх гэж бодоод сууж байсан чинь цохичихсон юм. Түүнээс би хэрэлдэж муудалцаагүй. Би*******гийн ээжийг Сант суманд амьдардаг байхдаа таньдаг байсан. Гэмгүй харилцаатай байдаг байсан. Хэдэн онд нас барсан гэдгийг санахгүй байна. Би зүгээр байж байгаад цохиулсан асуудалдаа гомдолтой байна. Цохиулснаас болж надад учирсан одоогийн хохирол 1,100,100 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэх, нүдний хагалгаанд ороход зарцуулах хохирол төлбөр 4,000,000 төгрөг, нийт 5 сар төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4, 18, 20 дугаар тал),

           2.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1098 дугаартай “1.*******ын биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. 2.Дэээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий  хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй...”гэх дүгнэлт(хавтаст хэргийн 13 дугаар тал),

           3.Гэрч *******ын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийд дээр уул руу самарт явахаар гэх хүнтэй очсон юм. Тэгээд 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдийн баруун талд байдаг хашаанд Галбадрах, ax нартай таарсан. Тэр хоёр 1 шил архи тавьчихсан уугаад байж байсан. Тэгээд байж байхад ******* ирсэн. Тэгээд Галбадрах яваад өгсөн юм. ******* 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи аваад ******* гэх айлд орсон. Тэнд *******,,, ******* бид 5 архи уугаад байж байсан чинь Галбадрах гаднаас орж ирсэн. Тэгээд сууж байгаад ******* Галбадрах ахын нүүр орчим руу нь 1 удаа цохиод авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан юм. *******, нар ширээний 2 талд суучихсан маргаад байсан. Тэгээд Галбадрах ах орж ирсэн чинь ******* цохиод авсан юунаас болсон гэдгийг нь мэдээгүй.*******, Галбадрах нар архи согтууруулах ундааны зүйл уусан байсан, Нилээд согтсон байсан. Би нэг их архи уугаагуй байсан. 2-3 хундага архи уусан эрүүл шахуу байсан. Болсон асуудлыг санаж байна.Тухайн үед Галбадрах *******г цохиогүй. Халдсан зүйл байхгүй. ******* Галбадрахыг гараараа 1 удаа нүүр орчимд нь цохисон. Ямар гэмтэл учирсан гэдгийг мэдэхгуй байна. Тэгээд цохиулчихаад гараад явсан.Тэнд өөр хэрүул зодоон болоогүй. Галбадрахад өөр халдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

             4.Гэрч Б.Амарзаяагийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үдээс хойш байсан. Би хөдөө гэрээсээ Амарбаясгалант хийдийн орчимд байдаг Лхамаа гэх хүнээс гэрийн хана авахаар ганцаараа очсон юм. Тэгээд  хийдийн баруун талын хашааны орчимд Галбадрах гэх хүнтэй тааралдаад 2,5 литрийн 1 сав пиво хувааж уусан юм. Тэр үед морь унасан танихгүй 2 хүн дэлгүүр орчим руу явж байсан. Тэгээд Галбадрах бид хоёр пиво дуусгаад би гэрийн хана авахаар ярьсан байсан айл руугаа явсан. Галбадрах хойшоо айлуудын тийшээ явсан. Тэгээд миний гэрийн хана авах гэсэн хүн хот явсан байсан учраас ханаа авч чадалгүй гараад явж байсан чинь *******гийн гэрийн гадаа Галбадрах нэг хүнтэй барилцчихсан зогсож байсан. Би тэр залууг нь танихгүй хүн байсан бөгөөд яагаад байгаан бэ гээд очиж салгасан чинь Галбадрах ахын нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд бодохдоо хамараас нь цус гарсан гэж бодсон. Тэгээд би нөгөө залууг нь хаанаас ирсэн гэдгийг нь асуусан чинь Сант сумынх гэж байсан. Тухайн үед нэрээ Мөөлөн гэсэн шиг санагдаж байна бас сайн санахгүй байна. Тэгээд ******* гэрээсээ гарч ирээд Галбадрах ахыг хажуугийн айл руу нь аваад явсан. Тэгээд би нөгөө залууг нь барьж байгаад тавьсан. Тэгээд би яваад өгсөн юм. Мөөлөн гэх залуу нилээд халамцуу байсан. Галбадрах бид хоёр нэг том пиво хувааж уусан байсан. Надтай тааралдахаасаа өмнө Галбадрах ах эрүүл байсан. Ер нь Галбадрах ах хурдан согтдог бага зэрэг юм уугаад согтоод орилоод байдаг зантай.Би анх харахад барилцаад зогсож байсан. Хэн цохисон гэдгийг мэдээгүй. Тэр хоёр хоюулахнаа байсан.Надтай Галбадрах анх уулзаж пиво уухад нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Галбадрах нь хүнтэй уулзах гэж ирсэн гэж ярьж байсан. Өөр онц зүйл яриагүй. Царай нь яаж гэмтсэн талаар хараагүй ямар ч байсан нүүр нь цус болчихсон байсан. Би *******гийнд ороогүй. Гадаа нь хүмүүс байхад ******* гарч ирж бид хоёр таарсан. Тэдний гэрт ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

5.Гэрч Л.Болдбаатарын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 17 цагийн үед Сант сумаас Мөөлөн хүмүүстэй хамт самарт явах гэж байгаа гээд манай буудлын гэрт хоносон юм. Хонохдоо би тэр ирсэн хүмүүстэй нийлж 2 шил архи уусан. Тэд нар ирэхдээ уучихсан байсан. 2 хүүхэд нь уудаггүй хүүхэд байсан. Тэгээд тухайн 2 шил архиа надаас гадна Мөөлөн бас нэг 2 хүн уугаад дуусгаагүй хоносон юм. Тэгээд хоноод маргааш өглөө нь 08 цагийн үед уул руугаа явсан. Явахдаа үлдээсэн архиа уучихаад явсан юм. Би тэд нарыг явуулчихаад барилгын хүмүүс буцах гэж байгаа гэхээр нь тэнд очсон чинь хүмүүс архи ууж байсан. Тэгээд тэнд уучихаад гэртээ ирээд унтаж байсан чинь үдээс хойш 14-15 цагийн үед Мөөлөн, нэг хүнтэй манайд 1шил архи бариад ороод ирсэн. Тэгээд тэрийг нь уугаад байж байсан чинь гаднаас Галбадрах ороод ирсэн юм. Тэгсэн чинь Мөөлөн Галбадрах руу манай ээж чамаас болж нас барсан манай ээжийн горидоог тайлаагүй гээд юм яриад маргах гээд байх шиг байсан. Би тэрүүгээр гэрийн ажил төрөл хоол цай гээд цаад өрөөнд орж гараад яваад байж байсан чинь Мөөлөн, Галбадрах нар муудалцаад гараад явахаар нь би араас нь гарсан чинь гадаа гэрийн үүдэнд барьцалдаад муудалцсан зогсож байсан. Галбадрахын нүүр нь цус болчихсон. Цусаараа нүүрээ угаагаад орилоод байсан. Тэр үед Амарзаяа гэдэг хүн ирж салгаж байсан. Тэгээд би Галбадрахыг хажуугийн айл руу дагуулж ороод нүүрийг нь угаалгасан. Тэр үед Сант сумын гээд, Зэвгээ /Хүрэлбаатар/ нар манайд ирсэн байсан. Тэгээд гэр рүү Мөөлөн,, Зэвгээ бид нар ороод нөгөө архиа ууж байсан чинь, Мөөлөн нар бас хүүхдээсээ болоод маргаад байхаар нь гэрээс бүгд гарсан. Би Мөөлөнг хажуугийн айлын урд байдаг жалга гаргаж өгөөд тэд нараас холдуулаад явуулсан юм. Мөөлөн нэлээд халамцуу байсан. Галбадрах уучихсан согтуу байсан. Ер нь Галбадрах нь бага зэрэг буюу 2-3 хундага уугаад л хурдан согтдог бөгөөд согтоод орилоод байдаг хүн юм. Галбадрахын хаанаас нь цус гарсныг би сайн анзаарч хараагүй салгаад цааш аваад явсан. Нүүр нь нилэнхүүдээ цус болчихсон. Өөрөө нүүрээ гараараа шудраад байсан юм. Гэмтлийг нь бас хараагүй. Манайд Галбадрах анх орж ирэх үед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Мөөлөнд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Мөөлөн /*******/,  Галбадрах нар манайд маргаж байсан. Тэгээд гарсан хэзээ, хаана юуугаар хэдэн удаа цохисон гэдгийг нь хараагүй.  Гадаа гэрийн үүдэнд нүүр нь цус болчихсон байж байхад нь би ардаас нь гарсан. Гэрт цохиулсан, гадаа цохиулсан эсхийг мэдэхгүй бана. Манай гэрийн үүдний өрөөнд архи уугаад сууцааж байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

          6.2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр*******ын  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын цагдаагийн хэсэгт  хандаж гаргасан өргөдөл(хавтаст хэргийн 3 дугаар тал),

          7.2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал (хавтаст хэргийн 7 дугаар тал), 

          8.2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” тогтоол(хавтаст хэргийн 9 дүгээр тал),

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт(хавтаст хэргийн 12 дугаар тал),

        

          9.2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын 2233001050095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол хавтаст хэргийн 43-45 дугаар тал),

            10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтаст хэргийн 52 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бэхжүүлж, цуглуулж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан, хохирол хор уршгийг гэмт хэрэгт тооцно”  гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр баг Амарбаясгалант гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн*******ыг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг.

Шүүгдэгч*******гийн шууд санаатай үйлдлээр хохирогч*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1098 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмт үйлдэл хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч*******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогчийн*******ын нэхэмжилсэн 1,100,545 төгрөгөөс шүүгдэгч******* нь хохирогчид 400,000 төгрөгийг шүүх хуралдаан дээр төлсөн, үлдэх 700,515 төгрөгөөс хохирогч*******ын бариачид бариулсан гэх 401,000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тооцоод үлдэх эм тариа шатахуун авсан гэх зардал 299,545 төгрөг  шүүгдэгчээс гаргуулж хохирогч*******ад олгох нь зүйтэй байна. Хохирогч өөрөө хүсэж Хөвсгөл аймаг руу бариачид бариулсан зардал  нь зайлшгүй хийлгэх эмчилгээ мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар эмч зөвлөсөн баримт хэрэгт байхгүй байна.Иймд энэ 401,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******г 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Сэлэнгэ аймгийн Сант сумаар тогтоох саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх зарчмыг баримтлан шүүгдэгч*******гийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирно гэж дүгнэлээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг”  хэлдэг байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш явах эрхийг 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч*******г зорчих эрхийг хязгаарлах ялын 02 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г Сэлэнгэ аймгийн Сант сумаас гадагш явах эрхийг 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч*******г зорчих эрхийг хязгаарлах ялын 02 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1,115,000 төгрөгөөс шүүгдэгч******* нь хохирогч*******ад 400,000 төгрөг төлснийг дурдаж, үлдэх 299,545 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч*******ын бариачид бариулсан гэх 401,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА