| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч Б.Мөнххуяг /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч А.Алтангадас нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Алтангадаст холбогдох 2232001950153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 42-08 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Аварзадын Алтангадас /РД:НА77042676/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Алтангадас нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн төвд байх иргэн Б.Далантайгийн гэрт Б.Мөнххуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Алтангадас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед Мандал сумын Түнхэл тосгонд болсон хэрэг юм. Зодоон болоход Мөнххуяг ч өөрөө согтолттой байсан, би унтаж байсан хүн. Өмнө нь эмчлүүлж байснаа ч бичихгүй, миний араас намайг эрэн сурвалжлуулсан байсан. Тухайн үед би найз Далантай, хамаатны ах нь Батдорж бид нар Далантайн гэрт архи ууж байсан, тэгээд Мөнххуяг орж ирсэн юм байна лээ. Бид нар түлээний мод хийх гэж очсон, түлээний модны гарал үүслийн бичиг гарах болоогүй гэхээр нь бид нар архидаж хоносон. Тэгээд согтоод унтаж байхад Мөнххуяг орж ирсэн байсан, тэгээд тог тасарчихсан Мөнххуяг тог залгах гэж ирсэн 2 залууг загнаад байсан тэгэхээр нь би “наад хүмүүс чинь ажлаа хийж байна миний дүү” гэж хэлээд хоёр цохисон, тэгээд Далантай тэр шөнөдөө Мөнххуягийг Улаанбаатар хот авч явсан. Би Батдорж ахтай Далантайн хадам ээжийнд хоносон. Тэгээд маргааш нь би Батдорж ахтай Улаанбаатар хот явж Тэрэлжид Далантайн амралтын газар засвар хийж байхад 2 хоногийн дараа Мөнххуяг над руу залгасан тэгээд уулзсан чинь Мөнххуяг “ахаа та намайг зүгээр байхад цохисон” гэхээр нь “за ах нь цохисон юм чинь эмчлүүлж өгье” гээд маргааш нь Гранд мед эмнэлэгт 145000 төгрөгөөр зураг авхуулаад тэгээд “ЭМЖЖ” эмнэлэг явъя гэсэн чинь эхнэрийнхээ таньдаг эмнэлэг “SM” гэл үү эмнэлэг байгаа гээд тэнд очиж эмчлүүлсэн. Тэнд 600000 төгрөгөөр эмчлүүлсэн. Тэгээд эмчлүүлж гарч ирээд “одоо яах уу” гэсэн эхнэр нь “5 сая төгрөг өг” гэсэн “ахад нь тийм их мөнгө байхгүй гэхдээ хайя” гэж хэлээд салсан... гэжээ.
Хохирогч Б.Мөнххуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2022 оны 09 сарын 23-ны өдөр Мандал сумын Түнхэл тосгонд би өөрийнхөө эгч Урангоогийн кемпэд очиж туслаад маргааш нь дэлгүүрээс хүнс авч явахдаа Далантай ахтай таараад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь намайг цохисон Алтангадас нэлээн согтолттой байсан тэгээд 20-30 минут сууж байгаад гарсан тэгээд орой хажуу дэлгүүрээс 1 шил архи аваад Далантай ахынд ороод авсан архиа хундагалж 3-4 удаа хундагалж уусан байх тэгээд тэр айлд тог байхгүй байсан “тог залгуулаад өг” гээд “би утсаар залгасан” гэхэд Алтангадас миний зүүн гар талд нэлээн согтолттой сууж байсан, би шугам сүлжээ рүү утсаараа залгасан тэхсэн хоёр залуу орж ирээд намайг “чи чинь яасан дарамттай юм бэ байн байн залгаад” гэхээр нь би “дарамталсан зүйл байхгүй ээ эндээс залгаад өг гэсэн юмаа” гэж хэлсэн тэхсэн чинь Алтангадас үгийн зөрүүгүй миний зүүн талын нүдний доор цохисон, язраад цус тогтохгүй гоожсон, “та одоо яаж байна аа” гэхэд дахиад миний хамар руу цохисон тэр үед хамар сонин дугараад дотогшоо сонин болоод орчихсон тэгээд цагдаа дуудсан цагдаа ирээд Түнхэл тосгоны эмнэлэгт оёдол тавиулаад буцаад ирэхэд Алтангадас байхгүй байсан. “Энэ хүн хааччихсан бэ ямар ч шалтгаангүй яаж байгаа юм бэ” гээд энэ хүнийг хайгаад олоогүй тэгээд Далантай ах “хот явъя зураг авхуулъя” гээд хот явсан. Тэгээд би Алтангадас руу залгаж “уулзъя” гэсэн, би таныг миний дугаарыг яаж байгаа бол гээд ярих юм болов уу тэр хэмжээний хүн чанар хүнд байх ёстой гэтэл огт залгаагүй би өөрөө залгаж ярьсан. Тэгээд маргааш нь эхнэртэйгээ бид гурав уулзахад “би юу ч санахгүй байна” гэсэн тэгээд би “эмнэлэг оръё та миний хамрыг янзлуулж өг би таныг цагдаад хэлээгүй” гэсэн, би өөрөө ингэж гэмтчихээд өөрөөс нь илүү хүн чанар гаргаад би ямар 2 нүүртэй 2 хамартай биш би 9 сараас хойш өнөөдрийг хүртэл ингээд л явж байна манай гэр бүлийнхэн “чи тэнэг үү хүнд зодуулж хамраа хугалуулчхаад ямар хүнээ хэлэхгүй” гэж уурлаад. Тэгээд үзүүлсэн чинь яс цөмөрсөн хугаралттай байсан тэгээд манай эхнэр “SM” эмнэлэгт байсан тэнд зургаа аваад очиход “татаж янзлах юм байна тэр нь мэс ажилбар”, энэ хүн эмчилгээ хийлгэсэн гэж яриад байна тэр бол эхний арга хэмжээ авах мэс ажилбар байсан. Тэгээд мэс ажилбар хийсний дараа эмч “жижиг хугарал бол бороолох нь хурдан чиний энэ хугарал нэлээн хугарал байна бөгжтэй гараараа цохисон учраас нэлээн хүчтэй цаашаа чихэж орсон том хугарсан бороолохдоо яаж ч бороолж болно далий муруй гоо сайхан учраас та өөрөө ямар хэлбэрээр янзлуулах нь таны өөрийн сонголт” гэсэн . “Манайх бол анхан шатны цаашаа чихэгдэж орсныг л наашаа татах ажилбар хийгдэж байгаа” гэсэн. Би Алтангадас гэж хүний яриаг сая сонслоо хэлэх үг алга байна гайхаж байна. Надтай уулзаад хэлсэн “2 охинтой” гэж би ч гэсэн эцэг хүн эрчүүд ганц нэг шанаадаж байвал яах уу бүхэл бүтэн хамраа хугалуулчхаад нүднийхээ доор насан туршдаа ийм урт том сорвитой би орчуулагч хүн өчнөөн гадаад, дотоод хүмүүстэй харьцдаг хүн би амьдралдаа өөрөө хүнд гар хүрч өөрөө ингэж гэмтэж үзээгүй хүн сэтгэл санаа эрүүл мэнд гоо сайхнаараа нэлээн хэцүү байдаг юм байна. эмчилгээний мөнгө 600000-700000 төгрөгөөр хийлгэсэн гэж хэг ёг гэж ярьж байгаа байдал нь надад ерөөсөө таалагдахгүй байна. 7 сая төгрөг гэдэг нь би мөнгө нэхэмжилж байна гэхээсээ илүү би өөрийн гоо сайхнаа яг төрөлхийн хэмжээнд биш юмаа тэр хэмжээнд аваачих эрх зүйн орчин надад байгаа болов уу гэж бодож байна. Би энэ хүнд хэлж байсан над шиг эр хүн Монголд байхгүй шүү ингэж эцэг эхээсээ бүтэн төрсөн нүүр царайгаа ийм болгуулчхаад над шиг ийм хүн байхгүй шүү та надад боломжоороо 2 сая төгрөг өгчих би гэр бүлдээ хэлэхгүйгээр өөрөөсөө мөнгө гаргаад тийм хүн байх уу энэ заавал дахиж хагалгаанд орж хамрын яснуудыг дахиж янзална зөвхөн хамарт зарцуулагдах мөнгө 7 сая төгрөг дахин бүтэн унтуулгатай орно дахиж шинээр гэмтэл үүснэ дахин бороолуулна надад өвдөлт сэтгэл санаа гээд ажил төрөл гээд өчнөөн зүйлээр би хохирч байна алдаж байна. Цаашлаад энэ сорвийг би лазераар арилгах зардал мөнгө огт тусгаагүй байгаа дээрээс нь сэтгэл санааны хохирол ажил төрөл Зүүнхараа руу өчнөөн явсан зардал бензин тос би юуг нь ч оруулаагүй нэхэмжлээгүй. Би ойлгоод таныг би цагдаад өгмөөргүй байна гэж боломж олгосон тэгээд өөрийнх нь хэлсэн үг чи намайг дарамтлаад байгаа юм уу чи явдаг газраараа яв гэсэн учир цагдаад өгч шүүхээр орж байна. Гомдол саналын хувьд би өнөөдөр энэ хүнийг ийм юм ярихгүй байх гэж бодсон. Өөр бодолтой орж ирсэн хохирлоо барагдуулна гэж бодсон гэтэл энэ хүний амнаас нь гарч байгаа үг оюун бодолд нь намайг цохиж миний эрүүл мэндэд гэмтэл учруулчхаад намайг үзэн ядсан маягаар хүнээс гармааргүй характер зан үл хүндлэл эвгүй дүр зураг гаргаж байна. Би мэдээж гомдолтой байна, би зүв зүгээр байж байгаад за яах уу би хүнийг хараагаад янз бүр болоод байсан бол хүн чинь уурлаад нэг цохидог доо, гэхдээ хүн бол арай ч хүний хамрыг хугартал нүдийг сэтэртэл бөгжтэй гараараа цохихгүй л байх л даа би 37 нас хүртлээ өчнөөн найз нөхөд ажил алба гэж зөндөө хүнтэй харьцаанд орж ууж иддэг ууж идэлгүй л яахав эрчүүд гэхдээ надад ийм хүрээлэл байхгүй байсан маш харамсалтай байна гомдолтой байна. Тэгээд эхнэрийнхээ таньдаг газар эмчлүүлсэн юм яриад байна. Тэр эмчилгээ бишээ тэрийг ч ойлгохгүй явж байх шиг байна одоо 7 сая төгрөг нэхээд байна гэж байна энэ бол бодит миний би насан туршдаа нүүр царайндаа итгэлгүй явна гэсэн үг би тэрийгээ л буцааж авах мэс ажилбарт орох маш тодорхой зүйл нэхэмжилж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр чадахгүй хүсэхгүй байна гээд зогсож байна гэдэг харамсалтай байна...гэжээ.
Эрүүгийн 2332000000002 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Б.Мөнххуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд эгчийнхээ гэрт очсон байсан юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүнсний зүйл авах гээд төвд нь байдаг “Цагаан” дэлгүүр гэж ярьдаг дэлгүүрээс юм авч гараад танил ах Даагийтай таарсан, тэгээд гэрт нь ороод 30 орчим минут юм ярьж суугаад буцаж гараад авсан эд зүйлсээ эгчийн гэрт аваачаад, буцаад Даагий ахын гэрт ирсэн. Хажуугийн дэлгүүрээс нь 1 шил архи аваад, юм ярьж суугаад хувааж уусан. Гэтэл миний зүүн гар талын сандал дээр огт танихгүй, Даагий ахын найз гэх нэлээд согтолттой ах сууж байгаад гэгээ тасраад тэдний гэр тог байхгүй, харанхуй болсон, намайг “тогны хүн рүү залгаач” гэхээр нь би залгах гээд нэлээд утсаа оролдож байгаад дуудсан, 2 залуу орж ирээд “тог янзална” гэж хэлсэн. Тэгээд л юм ярьж сууж байсан чинь ямар ч шалтгаангүй, гэнэт Даагий ахын найз гэх танихгүй залуу миний зүүн талын нүдний хэсэгт цохисон, тэгээд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр хүн миний хацар, хамар хэсэг рүү дахин цохиж гэмтээсэн, 20 цаг өнгөрч байсан байх, тэгээд эмнэлэг дээр очоод нүүрэндээ оёдол тавиулаад, эмчид “хамар хугарчих шиг боллоо” гэж хэлсэн чинь эмч нь “гайгүй байна” гэхээр нь шууд Улаанбаатар хот руу гараад “Гранд мед” эмнэлэг дээр очиж зураг авхуулсан чинь хамрын баруун талыг хянга яс нь цөмөрсөн хугаралтай гэж хэлсэн, намайг цохисон хүн болохоороо надтай хамт Улаанбаатар хот явж үзүүлсэн юм. Тэгээд “яаралтай тэгшлүүлэх хэрэгтэй” гээд өөр эмнэлэг дээр очиж, хамраа тэгшлүүлсэн. Намайг цохисон залууг Алтангадас гэдэг хүн байсан, тэр залуу “цагдаа, шүүхээр битгий яваа, би бүх хохирлыг чинь бүгдийг нь барагдуулна” гэж хэлээд гуйсан, тэгээд би цагдаагаар яваагүй юм. Дараа нь над руу “надад чамд өгөх мөнгө алга, явах газраар нь яв” гэж хэлсэн, тэгээд би эгчээрээ гомдол гаргуулсан юм. ...Даагийн ахын гэрт байсан юм. Даагий ах бол унтаад өгсөн байсан юм, Алтангадас гэх хүн бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгээд л байж байтал намайг ямар ч шалтгаангүй цохиод авсан юм, би бол Алтангадас гэх хүнтэй маргалдаж, муудалцсан, зодолдсон зүйл байхгүй. ...Хамраа дахин янзлуулах, оёдол тавьсан газарт сорив үүссэн, тэр сорвыг арилгуулмаар байгаа юм, энд гарах зардлыг Алтангадас гэх хүнээс нэхэмжилж байна, хойшид учрах эрүүл мэндийн асуудал дээр гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч Д.Үүриймаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Түнхэл тосгоны төвд байрлах “Цагаан” дэлгүүрийн хажууд байдаг өөрийн хүргэн Далантайн засвар хийсэн байшинд Алтангадас, Батдорж, Далантай бид 4 цэвэрлэгээ хийж байсан чинь удалгүй нэг залуутай Далантай таараад юм яриад зогсож байгаад нөгөө залуу нь яваад өгсөн. Оройхон нөгөө залуу манай хүргэний гэрт нэг шил архи бариад орж ирээд ууж дуусаад Далантай, Алтангадас хоёр унтаад өгсөн. Батдорж унтаж байгаад сэрээд нөгөө орж ирсэн залуутай юм яриад суухаар нь би гайгүй байх гэж бодоод гэртээ харьсан чинь удалгүй манай охин Оюунболор 94049449 дугаараас миний 99542934 дугаар луу залгаад “ээж Далантай тэр хэд юу болоод байгаа юм бэ? зодоон болоод байгаа юм биш үү, та очоод шалгаад өгөөч” гэхээр нь яваад очсон чинь зодоон болоод дууссан нөгөө залуугийн хамраас цус гарсан байдалтай, унтаж байсан бүх хүмүүс сэрсэн байсан чинь цагдаа нар орж ирээд Алтангадасыг хайгаад олоогүй нөгөө залууг аваад явсан. Удалгүй миний утас руу нэг дугаараас залгаад “нөгөө залуу эмнэлэгт үзүүлчхээд гарч яваад төөрчихсөн байна. Та уулзаад өгөөч. Хаан банкны урд байна гэнээ” гэхээр нь урдаас нь тосож авч уулзаад буцаад Далантайгийн гэрт авч очсон чинь Далантай “дахиад зодолдчих байх” гэж бодсон байх машиндаа суулгаад нөгөө залууг аваад Улаанбаатар хот руу явсан. ...Зодоон болох үед нь би хажууд нь байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Н.Урангоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Б.Мөнххуяг хүнсээ цуглуулчхаад гарч ирээд “Даагий ахтай таарсан чинь намайг явчхаад хүрээд ирээрэй гэсэн” гэж надад хэлсэн. Б.Мөнххуяг бид хоёр буцаад хашаа байшиндаа очиж засвараа хийж байгаад “би Даагий ах руу явлаа" гэж хэлээд Б.Батхуяг, Золбадрах нартай Б.Мөнххуяг Түнхэлийн төв рүү буцаж явсан. Би гэртээ үлдээд засвараа хийж байгаад утасныхаа дууг хаагаад унтаж байгаад 23:00 цагийн орчимд сэрсэн чинь манай ээж Ц.Бямбасүрэн өөрийн 99291028 дугаараас миний 99050061 дугаар луу нэлээн олон залгасан байхаар нь буцаад ээж руу залгаад ярьсан чинь “Б.Мөнххуяг хүнд зодуулчихсан байна” гэж хэлэхээр нь утсаа таслаад Түнхэл тосгоны цагдаагийн хэсэг рүү яваад төлөөлөгчтэй уулзсан чинь “Б.Мөнххуягийг зодсон хүн нь зугтсан, гадуур хайгаад явж” байхаар нь би хамт зодуулсан газарт нь очиж үзэхэд байшинд нь хүн байгаагүй ээ. Ээж над руу залгаад “дүү чинь сураггүй болчихлоо. Түнхэлээс гарлаа гэж хэлээд утас нь холбогдохоо больчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Батсүмбэрт байдаг ахтайгаа холбогдоод “Б.Мөнххуяг очсон уу?” гэж асуусан чинь “ирээгүй байна” гэхээр нь “та ирвэл хэлээрэй” гээд хэлсэн чинь өглөө залгаад “Б.Мөнххуяг нэг залуутай гэртээ ороод унтаж байна” гэж хэлсэн. Хэд хоногоос ээж залгаад “Б.Мөнххуяг 2, 3 хагалгаанд орсон” гэж хэлэхээр нь цагдаад өргөдөл өгөхөөр очсон. ...Би сайн мэдэхгүй ээ. Б.Мөнххуягтай хамт байсан хүмүүсийг танихгүй. Алтангадас гэдэг хүн нь манай дүүг зодсон гээд Улаанбаатар хотод манай дүүтэй уулзаад “тохиролцъё” гэж хэлсэн гэсэн. Удалгүй “мөнгө төгрөг өгч чадахгүй ээ. Явдаг газраараа яв” гэж мессеж бичсэн байсныг манай дүү над руу явуулсан. Б.Мөнххуягтай байсан бүх хүмүүс Улаанбаатар хотод байдаг хүмүүс Түнхэл тосгонд заримдаа ирдэг гэсэн. ...Б.Мөнххуяг Улаанбаатар хотод байгаа, яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Улаанбаатар хотод хагалгаанд орсон гэсэн. Тодорхой сайн мэдэхгүй байна. ...Манай дүү Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Мөн манай дүүг зодсон хүн болон хамт байсан хүмүүс нь ч бас Улаанбаатарт байдаг учраас Улаанбаатар хотод энэ хэргийг шийдүүлэх санал хүсэлтэй байна. Миний дүүгийн биед учирсан гэмтэл, учирсан хохирлыг нөхөн барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Шүүгдэгч А.Алтангадас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгсэн үдээс хойш Далантай дахиад “дэлгүүр ороод пиво аваад ирье” гэж яваад өөрийн “таньдаг дүү Мөнххуягтай тааралдлаа” гэж ярьж байсан. Тэгтэл би Далантайтай хамт тэр пивоо уугаад тасраад унтаад өгсөн. Тэгсэн орой 20 цагийн орчимд Далантайн гэрт, Далантайн таньдаг дүү болох Мөнххуяг гэдэг залуу 1 шил архитай ирээд, Батдорж ах, Далантай, Мөнххуяг бид дөрөв тэр архийг хувааж уусан. Тэгсэн Далантайн гэрт өнгөрсөн зун засвар хийгээд, тогийг нь залгаагүй, харанхуй, тоггүй байсан болохоор Мөнххуяг цахилгаанчин дуудаад хоёр хүн ирсэн. Тэгсэн Мөнххуяг жаахан архи уучхаад тэр хоёр цахилгаанчин залууд томроод, маргалдаад байсан. Тэгээд би унтаж байгаад сэрээд босож ирээд Мөнххуягийг барьж аваад “чи яасан далжганасан бацаан бэ” гээд хоёр удаа нүүрэнд нь цохисон. Тэгсэн Мөнххуяг цагдаа дуудаад, цагдаа нар ирэх үед Батдорж ах гайгүй эрүүл шахуу байсан болохоор намайг нуучихсан. Тэгээд Далантай Мөнххуягийг аваад Улаанбаатар хотод очоод гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би Батдорж ахтай Далантайн хадмынд хоноод, маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явсан. Гэтэл 2 хоногийн дараа Мөнххуяг гэдэг залуу над руу утсаар яриад “ахаа Түнхэлд та намайг цохисон, хоёулаа уулзъя” гэхээр нь би уулзсан. Тэгсэн Мөнххуяг надад “ахаа миний хамар мурийчихсан байна, та миний хамрыг тэгшлүүлээд эмчлүүлээд өгчих” гэхээр нь би “за” гээд уучлалт гуйгаад, маргааш өглөө нь эмнэлэг яваад, Мөнххуягийн хамрыг эмчлүүлж өгөөд, нүднийх нь оёог гоёлын косметик оёдол тавиулж өгсөн. Тэгээд эмнэлгээс гараад уулзтал надаас Мөнххуягийн эхнэр нь 5000000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд би эхнэрт нь “надад тийм их мөнгө олдохгүй, ах нь бололцоогоороо мөнгө хайя” гэж хэлээд салсан. Тэгээд би нэг хэсэг мөнгө хайгаад надад мөнгө олддоггүй. Гэтэл нөгөө Мөнххуяг над руу байн, байн залгаад байхаар нь би уурласан. “Мөнгө олдохгүй байна” гэдгийг хэлээд самарт явсан. Тэр хойгуур Түнхэлийн цагдаагаас миний утас руу олон удаа залгасан байсан. Тэгээд би самарт явж ирээд Түнхэлийн цагдаатай ирж уулзаад тухайн болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Тийм л зүйл болсон. ...Батдорж ах, Далайтай хоёр харж байсан. ...Далантай, Батдорж ах бид гурав нэлээн их хэмжээний согтолттой байсан. Мөнххуяг дунд зэргийн согтолттой байсан. ...Би Мөнххуягийг нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №180 дугаартай “1. Б.Мөнххуягийн биед хамрын ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, шарх эдгэрч сорви тогтсон гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 42-8 тоотод А.Алтангадас оршин суудаг тухай засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 55 дугаар тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 65 дугаар тал/, Шүүгдэгч А.Алтангадасын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 56 дугаар тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 53 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч А.Алтангадасыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч А.Алтангадас нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн төвд байх иргэн Б.Далантайн гэрт Б.Мөнххуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч Б.Мөнххуягийн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч Д.Үүриймаагийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, Гэрч Н.Урангоогийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,шүүгдэгч А.Алтангадасын мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.Алтангадас нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Алтангадас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Алтангадаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч А.Алтангадасын үйлдсэн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнххуягийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, шарх эдгэрч сорви тогтсон хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгч А.Алтангадас нь хохирогч Б.Мөнххуягт 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Сайн сайхан медикал” эмнэлгийн мэс заслын төлбөрт 600000 төгрөг /хх-ийн 54 дүгээр тал/, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Гранд мед” эмнэлгийн төлбөрт 145000 төгрөг /хх-ийн 54 дүгээр тал/, нийт 745000 төгрөг төлсөн байна.
Хохирогч Б.Мөнххуяг нь шүүгдэгч А.Алтангадасаас “Баясал” гоо сайхны эмнэлгийн гоо сайхны хагалгаанд ороход шаардлагатай төлбөр 7000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хавтаст хэрэгт “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Баясал” гоо сайхны эмнэлгийн санал болгосон эмчилгээний жагсаалт, үйлчлүүлэгчид санал болгосон эмчилгээ, үнийн санал зэрэг /хх-н 71-74 дүгээр тал/ баримтуудыг хавсаргасан боловч дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Алтангадасаас 7000000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнххуягт олгох боломжгүй, уг эмчилгээ, үйлчилгээг хохирогч тус эмнэлгээр болон өөр бусад эмнэлгээр хийлгэсэн талаар бодит нотлох баримт байхгүй буюу гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж “Баясал” гоо сайхны эмнэлгийн санал болгосон эмчилгээний төлбөр болох 7000000 төгрөгийг шүүгдэгч А.Алтангадасаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хохирогч Б.Мөнххуяг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч А.Алтангадаст оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Алтангадас нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл 5 дугаар багийн төвд байх иргэн Б.Далантайн гэрт Б.Мөнххуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Алтангадас нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Алтангадаст эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Алтангадас нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Аварзадын Алтангадасыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтангадасыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Алтангадас нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.Алтангадас торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт А.Алтангадас нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Алтангадасаас “Баясал гоо сайхны эмнэлгийн санал болгосон эмчилгээний төлбөр болох 7000000 төгрөгийн гаргуулах” тухай нэхэмжлэлийг хохирогч Б.Мөнххуяг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, мөн хохирогч Б.Мөнххуяг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Алтангадаст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.