| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
-Улсын яллагчаар Н.Цэнгэлбаяр,
-Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн 2234000000570 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Тээл гэх газар У.Буянжаргалтай маргалдаж улмаар мотоциклоос татаж унаган толгойн тус газар нь хөлөөрөө дэвсэж гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Тээл гэх газар У.Буянжаргалтай маргалдаж улмаар мотоциклоос татаж унаган толгойн тус газар нь хөлөөрөө дэвсэж гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч У.Буянжаргалын “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед үхрээ хайгаад Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Номгон гэх газар Чак гэх хүний өвөлжөөний урд талд явж байхад машинтай хүмүүс өвс ачиж байхаар нь явж очиход н.Зоригоо гэх залуу, н.Жак гэх залуу, эхнэртэй хамт гурвуулаа байсан. Манай үхрийг харсан уу гэж асуухад танай үхэр энэ жил манай тариалангийн талбайд ороод миний тарьсан бүх өвс, тэжээлийг идчихсэн гэж хэлсэн. Манай үхэр танай талбайд ороогүй, гэрийнхээ гадна талд хашаатай байсан чи эвтэйхэн яриарай гэхэд чи тариалангийн талбайн гадна талын торыг тасдаад үхрээ оруулаа биздээ гэж гээд өвс ачиж байсан машин дээрээсээ бууж ирээд намайг мотоциклоос татаж унагаагаад толгой дээрээс бакалаараа дэвсээд, дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, намайг ална гээд лом бариад хөөхөд н.Зоригоо гэж залуу н.Жакийг хорьсон. Тэгээд би мотоциклоо унаад сумын төв рүү орж ирээд н.Оюунцэцэг гэх эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
-Гэрч Б.Батзоригийн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Өмдийн пойл гэх газар Д.Б, н.Булагмаа, н.Хосбаяр нарын хамт 8 тонны машин дээр ногоон тэжээл ачаад байж байтал н.Буянаа ах үхрээ асуугаад ирсэн. Тэгээд Д.Б ахтай юм яриад зогсож байсан. н.Булагмаа, н.Хосбаяр бид гурав ногоон тэжээл ачаад байж байгаад хартал н.Буянаа ах Д.Б хоёр дээр доороо орчихсон байж байсан. Тэгэхээр нь машинаас бууж очоод салгахад н.Буянаа ах мотоциклоо унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
-Шүүгдэгч Д.Бгийн гэрчээр өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Ихэр Номгоны Өмд пойл гэх газар ачааны машинд н.Булгамаа, н.Зоригоо, манай хүү н.Хосбаяр нарын хамт ногоон тэжээл ачаад байж байсан. Тэгтэл н.Буянаа гэх хүн ирээд надаас үхрээ асуухаар нь би машин дээр байхдаа энүүгээр үхэр ирсэнгүй гэж хэлсэн. Танай үхэр пойлонд ороод байсан сураг гарсан, энэ зунжингаа орсон гэх сураг дуулсан гэж хэлсэн чинь ганц нэг удаа орсон байх гэж хэлсэн. Мал чинь та нарын хөрөнгө бол энэ бас бид нарын хөрөнгө шүү дээ гэж хэлсэн. Тэгээд манай үхэр орсон, ороогүй гэдэг зүйлээс болж муудалцсан. Би машин дээрээс буугаад мотоцикль дээр сууж байхад нь бариад автал н.Буянаа зүүн талынхаа гараар миний баруун талын шанаа руу цохихоор нь би баруун гараараа зүүн талынх нь шанаа хэсэг рүү цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
-Гэрч Т.Булгамаагийн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумаас н.Батзориг гэх залууг аваад Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Ихэр номгон гэх газрын Өмд пойл гэх газар ногоон тэжээл ачихаар явсан. Тухайн өдрийн 15 цагийн үед очоод өвсөө ачиж байтал н.Буянаа гэх хүн ирээд Д.Бтай хэрэлдээд байсан. Би том машины нөгөө талд хүү н.Хосбаярын хамт портер дээрээс том машин руу өвс өгөөд байж байсан. Тэгтэл Д.Б, н.Батзориг хоёр буугаад явчихсан. Би портер дээрээс буугаад том машины нөгөө талд очтол н.Батзориг энэ хоёр барьцалдаж аваад байна гээл салгасан байртай зогсож байсан. Тэгээд н.Буянээ гэх хүн мотоциклоо унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 589 дугаартай “...У.Буянжаргалын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы зөрөө багатай хугарал гэмтлүүд тогтоогдлоо. У.Буянжаргалын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы зөрөө багатай хугарал нь шинэ гэмтэл, баруун нүдний дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 28-29 тал/,
-Шүүгдэгч Д.Бгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Ихэр Номтгоны пойл гэх газар ачааны машинд н.Булгамаа, н.Зоригоо, манай хүү н.Хосбаяр нарын хамт ногоон тэжээл ачаад байж байтал н.Буянжаргал гэх хүн надаас үхэрээ асуусан. Тэгээд би үхэр энэ хавиар харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд танай пойл руу маань энэ жил хэд хэдэн удаа орсон гэхэд ганц хоёр удаа л орсон байх би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцсан би машин дээрээс буугаад У.Буянжаргалыг мотоцикл дээр сууж байхад нь буугаад бариад автал намайг миний баруун шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би тэгээд У.Буянжаргалыг баруун талын гараараа зүүн талын шанаа хэсэг рүү цохисон өөр зодсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багийн нутаг Тээл гэх газар У.Буянжаргалтай маргалдаж улмаар мотоциклоос татаж унаган толгойн тус газар нь хөлөөрөө дэвсэж гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Бгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч У.Буянжаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Б нь хохирогч У.Буянжаргалыг цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр “Шүүхээс шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ял”- ын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэшт улсын яллагчаас шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасанг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч Д.Б хувиараа газар тариалан эрхэлдэг тодорхой хэмжээний орлогын эх үүсвэртэй тул торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар хэсэгчлэн төлүүлэхгүйгээр шүүгдэгч Д.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүх хуралдааны товыг хохирогч У.Буянжаргал нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хохирогч У.Буянжаргал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч Д.Б нь 1.300.000 төгрөг төлсөн, үлдэх 700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн 2234000000570 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг шүүхээс тогтоосон Төв аймгийн Цээл сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуут овогт Сүхбаатарын Мартад оногдуулсан 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б нь хохирогч У.Буянжаргалд 1.300.000 төгрөг төлсөнг дурьдаж, хохирогч У.Буянжаргал нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн 2234000000570 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА