Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0028

 

 

 

 

 

 

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Р” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/**** дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0728 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б

Хэргийн индекс: 128/2020/0308/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Р” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/**** дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0728 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/**** дугаар захирамжийн хавсралтын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжаар нийт 57 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосон бөгөөд уг захирамжийн хавсралтын 32-д “Б” ХХК-д 862 м.кв газрын үйлчилгээний зориулалтаар 15 жил эзэмшүүлэхээр болсон билээ. Мөн уг захирамжийн 3 дахь заалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэгсийг хүчингүй болгосон байдаг.

“Б” ХХК нь анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар захирамжаар Сүхбатаар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр Автобус-* авто баазын зүүн урд талд байрлах 0.022 га газрын эзэмшиж байсан бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, орчны тохижилт хийсэн газар болон манай компанийн объектод нэвтэрч орох орц гарцыг хамааруулан 0.04 га газрыг нэмж олгон нийт 0.62 га буюу 620 м.кв газрын 2007 оноос хойш хууль ёсны дагуу эзэмшиж байсан.

Улмаар манай компанийн эзэмших эрх бүхий газрын ертөнцийн зүгээр хойд хэсэг нь “Ш” ХХК /нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын өмнөх эзэмшигч/ -ийн эзэмшил бүхий газрыг нэмсэнтэй холбогдуулан давхцал үүссэн байх тул газрын хэмжээг нэмэгдүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, мөн манай компанийн кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөн бүртгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн 620 м.кв газрын байршлыг албан ёсны зургийг үндэслэн газрын мэдээллийн санд оруулж бүртгэсэн байх тул эзэмшлийн байршлыг нь өөрчлөх байдлаар “Ш” ХХК-д 984 м.кв газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн 2 дахь заалтаар гуравдагч этгээд /Ш ХХК/ Сүхбаатар дүүргийг Засаг даргын 2007 оны *** дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн ... орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр заасныг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх бие даасан шаардлагаасаа татгалзсан болохыг баталж шийдвэрлэсэн байдаг.

Ингээд “Б” ХХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 421 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дах заалтад орхигдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг нэмсэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл “Б” ХХК-аас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ***, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ямар нэгэн байдлаар улсын байгууллагад газрыг мэдээллийн санд бүртгэх, зөвтгөн оруулахыг даалгах шийдвэр гараагүй, мөн “Б” ХХК-д нэмж олгосон 0.04 га газрын нийтийн эзэмшлийн газар гэж тогтоосон зүйл байхгүй юм.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа “Б” ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.3, 33.1.1-д заасны үндэслэн өөрийн эзэмших эрхийг хангах үүднээс өөрийн компанийн объектын урд болон зүүн хэсэг, мөн орц гарын хэсэг болох зайлшгүй хэрэгцээтэй газраа эзэмших хүсэлтийг гаргасан бөгөөд уг Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэж газар эзэмших эрх олгохоор зөвлөлийн дүгнэлт гарч уг дүгнэлт болон хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжаар 862 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Манай компанийн уг 862 м.кв газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, бусад газар эзэмших, ашиглах эрх бүхий этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй билээ.

Гэтэл анхан шатны шүүхээс “Түүнчлэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/** дугаар Шинжээчийн дүгнэлтээр “... дээрх 3 шатны шүүхийн шийдвэр нь 620 м.кв талбайтай газрыг зөвтгөн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байх боловч “Б ” ХХК-ийн нэр дээр 862 м.кв талбайтай газрыг бүртгэсэн”-ийг тогтоосон, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ***, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг шүүхээс хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон атал Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжаар нэмж 242 м.кв газрыг “Б” ХХК-д эзэмшүүлсэн нь хууль бус, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэж өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан бодит байдалд нийцэхгүй, нэг талыг барьсан шударга бус дүгнэлт хийж, мөн “Б” ХХК нь 620 м.кв газраас өөр газар эзэмших эрхгүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.          

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжийн хавсралтын 32 дугаарт “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж тодорхойлсон байдаг бөгөөд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна гэж зааж өгсөн бөгөөд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан нь шүүхээс маргаан бүхий актын хууль бус гэдийг хэрэгт авагдсан баримтаар тогтоож, үүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн бөгөөд түүнийг сэргээн тогтоох шийдвэр гаргахаар байна. Гэтэл шүүхээс маргаан бүхий акт нь ямар хууль журам зөрчсөн болон нэхэмжлэгчийн хуулиар олгосон ямар субьектив эрх зөрчигдөж байгаа талаар тодорхой дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” байх зарчимд нийцэхгүй байна. Шүүхээс “... “Ш” ХХК-д олгогдсон газрын эрхийг бүхэлд нь нэхэмжлэгч компани шилжүүлэн авсан, тус компанийн эзэмшил газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвээр байгаа, уг газрын хэмжээнд нийцүүлэн Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан, уг даалгаварт нэхэмжлэгчийн эзэмшлийн барилгын орц, гарцаар төлөвлөгдсөн байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга “Б” ХХК-д уг газрыг эзэмшүүлэхээр олгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын эрх нь анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны *** дүгээр захирамжаар 800 м.кв газрын “Ш” ХХК-д олгосон байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар захирамжаар газрын хэмжээг 984 м.кв болгож 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/** дугаар захирамжаар нэхэмжлэгч “Р” ХХК-д шилжиж 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулсан байна. Мөн кадастрын зургийг батлуулсан байдаг бөгөөд уг кадастрын зураг дээр “Б” ХХК-ийн эзэмших эрхий газрын зарим хэсэг нь орсон байгаа нь харагдана. Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа “Б” ХХК-ийн объектын урд болон зүүн тал хойд талд байрлах талбай болон зайлшгүй шаардлагатай манай компанийн орц гарцыг оролцуулан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий актаар газар эзэмших эрх олгосон бөгөөд энэ нь нэхэмжлэгч болон бусад газар эзэмшигч нарын газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

...Мөн “Р” ХХК-д 2018 онд газар эзэмших эрх олгосны дараа нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газраас эх загвар зургийг баталж өгөхдөө хоёр орц гарцтай байхаар баталсан байх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн эх загвар зургаар анхны архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу дахин баталсан байна. Уг 2022 оны зургаар “Б” ХХК болон нэхэмжлэгч “Р” ХХК-ийн орц гарцын зураглалтыг тодорхой хийсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр орц, гарцаар төлөвлөгдсөн байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга “Б” ХХК-д уг газрыг эзэмшүүлэхээр олгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан холбогдох баримтаар маргаан бүхий захирамжаар “Б” ХХК олгосон газар нь бусдын болоод нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй болох нь бүрэн нотлогдож, харин эсрэгээрээ нэхэмжлэгчийн хуульд заасан ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа, зөрчигдөж болзошгүй байгаа нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж авсан этгээдийг илтэд хохироосон шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Цаашлаад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 болон 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 32 дугаар зүйлийн 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.3.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 32.3.2-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.3.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №1/*** дугаар албан бичиг, загвар зураг, шинжээчийн дүгнэлт зэрэг бүхий л баримтаар нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий газар болон гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар нь хоорондоо ямар ч давхцалгүй болох нь бүрэн нотлогдож байхад давхцалтай гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн гуравдагч этгээдийн 2018 оноос эзэмшиж эхэлсэн 242 м.кв газартай холбоотойгоор уг газрыг эзэмших талаарх хүсэлтийг нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу хэзээ ч гаргаж байгаагүй.

Мөн шүүхээс “... 242 м.кв газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын хилийн зааг дунд, одоогоор “Б” ХХК-ийн хашаа руу орж гарах гарц дээр байрлаж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон болно” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч компани өөрийн барилга руу орох хоёр орц гарцтай болж, нөгөө талаар “Б” ХХК нь газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй болохоос гадна өөрийн барилга руу, газар луу орж гарах ямар ч орц, гарцгүй болж байгаа бөгөөд ийм шударга бус, хэт шийдвэр гаргаж байгаад туйлаас гомдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Гуравдагч этгээдээс “...Манай компанийг 862 м.кв газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, бусад газар эзэмших, ашиглах эрх бүхий этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ... анхан шатны шүүх өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан бодит байдалд нийцэхгүй, нэг талыг барьсан шударга бус дүгнэлт хийж, гуравдагч этгээд нь 620 м.кв газраас өөр газар эзэмших эрхгүй мэт дүгнэлт хийсэн... 2018 онд газар эзэмших эрх олгосны дараа нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газраас эх загвар зургийг баталж өгөхдөө хоёр орц гарцтай байхаар баталсан байх бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн эх загвар зургаар анхны архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу дахин баталсан, уг 2022 оны зургаар “Б” ХХК болон нэхэмжлэгчийн орц гарцын зураглалыг тодорхой хийсэн” хэмээн маргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/** дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[1] Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 8 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, ... Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр захирамжийн “Ш” ХХК-д..., хавсралтын 4-т “Ш” ХХК-иас “Р” ХХК-д Сүхбаатар дүүргийн * дугаар хороонд үйлчилгээний зориулалттай 984 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна.

4. Гуравдагч этгээд “Б” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар “Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” захирамжийн[2] 7-д “Б” ХХК-д зочид буудлын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автобус-*” баазын зүүн урд байрлуулан 0.022 га газрыг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх тухай” захирамжийн[3] 1-д “Дүүргийн Засаг даргын 2002 оны *** дугаар захирамжаар “Б” ХХК-д 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 0.022 га талбайн газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж эзэмшүүлжээ.

5. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” захирамжаар[4] Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 57 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгож, хавсралтын 32-д Дүүргийн Засаг даргын 2007 оны *** дүгээр захирамжийг үндэслэн “Б” ХХК-д Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, үйлчилгээний зориулалттай 862 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

6. Анхан шатны шүүх “...Б ХХК-иас “газрын хэмжээг нэмэгдүүлэх”-ээр хүсэлт гаргасан болон уг хүсэлтэд холбогдох баримтыг хавсаргаж өгсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа...” гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл[5] баримтын хурлын материалын бүрдэл хэсэгт 1 Кадастрын зураг, 2 Иргэн хуулийн этгээдийн хүсэлт /өргөдөл албан бичиг/ зэрэг баримтуудыг ирүүлсэн тухай тэмдэглэсэн тэмдэглэл Нийслэлийн Газрын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.В гарын үсэг зурсан, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт[6], кадастрын зураг /2017-06-11 огноотой/,  2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл[7], газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт[8] зэрэг баримтыг үнэлээгүй байх тул газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг “Б” ХХК гаргаагүй байхад газрын хэмжээг нэмэгдүүлсэн хэмээн шууд дүгнэх үндэслэлгүй, газрын хувийн хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасны үндсэн дээр маргаан бүхий захирамж гарсан байна.

7. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт архивт хадгалагдаагүй байхгүй байгаа нь гуравдагч этгээдийг буруутгах, улмаар нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хэмээн үзэх үндэслэлгүй.           

8. “Ш” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/**-** дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын[9] 9-д Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд “...зөвшөөрөлгүй хашаа хайс барьж, архитектур, хот байгуулалтын орон зайг алдагдуулахыг хориглох ба авто зам болон явган хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар төлөвлөлтийг боловсруулах” гэжээ.

9. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/*** дугаар албан бичгээр[10] “Б” ХХК-д “Сүхбаатар дүүргийн *-р хороо “Автобус-*” баазын зүүн урд талд баригдсан танай зочид буудал, үйлчилгээний барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу Нарны замаас орц гарц гаргахад уулзвартай хэт ойр учир норм дүрмийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна. Иймд усны гудамж талд уулзвараас 40м зайд орц гарц гаргахыг зөвшөөрч байна” гэх, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10/**** дугаар албан бичгээр[11] “...Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем дэх дэвсгэр зургаас харахад “Р” ХХК, “Б” ХХК-ийн орц, гарцын төлөвлөлт нь давхцаж байна” гэх албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

10. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна” гэж заасан.

11. Авто замын газрын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2/*** дугаар албан бичгээр “...Усны гудамж талд уулзвараас 40 метр зайд орц гарц гаргахыг ...” “Б” ХХК-д зөвшөөрч шийдвэрлэж байсны дагуу орц гарц гарган эзэмшиж байгаа, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшил газар давхцалгүй, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг “Р” ХХК гаргаж байгаагүй /орц гарц хаагдсан гэх тайлбар/ зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.   

12. Ийнхүү орц, гарц хаагдсан үндэслэлээр маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай байх тул нийслэлийн Засаг даргаас дараах баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

13. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлсэн газраас дээрх нийтээр ашиглах зам, талбайд авто тээврийн хэрэгсэл зорчих, нийтээр ашигладаг талбайд давхцуулан орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн эсэхэд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “Р” ХХК болон гуравдагч этгээд “Б” ХХК нарын архитектур төлөвлөлтийн даалгавар болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас лавлагаа тодруулга авах, тухайн газар дээр үзлэг, хэмжилт хийх замаар “Р” ХХК-ийн эзэмшил газрын зүүн урд хэсгээр орц, гарц хаагдсан эсэхэд дүгнэлт хийж захиргааны байгууллагаас дахин шинэ акт буюу “Б” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгээс 41.09 м.кв газар /Б ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийн[12] зүүн хойд хэсэг буюу 4-5 дугаар цэг хүртэлх 7 метр, 5-6 дугаар цэг хүртэлх 5.87 метр/ эзэмшүүлсэн хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “Б” ХХК-ийн эзэмшил газраас 41.09 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд нийслэлийн Засаг дарга захирамж буюу шинэ акт гаргаагүй бол 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/**** дугаар захирамжийн “Б” ХХК-ийн 41.09 м.кв газарт холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэсэн 2 дахь заалт нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, “3” дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 181-182 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 183-184 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 72-74, 146-163 хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 146-147 хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 155-156 хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 162-163 хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 176-185 хуудас

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 17 хуудас

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 135 хуудас

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 212-213 хуудас

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 134 хуудас