Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Болор

Улсын яллагч: Н.Мөнгөнсүх

Шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овгийн Мандахбаярын Ган-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625022418  дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт ухааны бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, ээж, ах нарын хамт, Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1-150 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овгийн Мандахбаярын Ган-Эрдэнэ /РД:УК93122419/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Ган-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лакс баарны хойд талын автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Д.Адъяасүрэнг зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч М.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Лакс бааранд үйлчлүүлж байгаад ТҮЦ-нээс тамхи авах гэж явж байгаад хохирогчтой таарсан. Би юунаас болж маргалдаж, яаж цохьсноо мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйлгүй…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Мийтинг бааранд найз Гантөгс, Хонгор нарын хамт ороод тус тус хоёр пиво, дараа нь нэг шил виски уугаад гадаа тамхи татах гэж гарсан. Гадаа гараад явж байхдаа хүнтэй муудалцаж байгаад цагдаагийн албан хаагчид баригдсан. Би хохирогч Д.Адъяасүрэнг баруун гараараа 1-2 удаа нүүрэн тус газар нь цохьсноо хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудалд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг \хх-30\,

 

хохирогч Д.Адъяасүрэнгийн “…2016 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Лакс” баарнаас ганцаараа гарч хойшоо автобусны буудал явж байсан чинь үл таних залуу /Ган-Эрдэнэ/ намайг мөрлөхөөр нь би “яасан хөгшөөн” гэсэн чинь намайг баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар цохиод миний урд талын доод шүдийг хугалсан. ...тухайн үед ямар ч маргаан болоогүй байхад намайг мөрлөөд “яасан” гэсэн чинь шууд нүүрэн тус газар цохиод авсан...” гэсэн мэдүүлэг \хх-11\,

гэрч Б.Цэрэнжамцын “...2016 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Лакс бааранд Адъяасүрэн, Тэмүүжин нарын хамт ороод тал шил архи хувааж уусан. Тэгээд шөнө 02 цагийн орчим Адъяасүрэн нь “гадагшаа гараад юм идээд ирье“ гээд гарсан. Тэгээд над руу жоохон байж байгаад залгаад “...намайг хүн цохичихлоо, хурдан гараад ир...” гэсэн. Тэгэхээр нь Тэмүүжин бид хоёр гараад ирсэн чинь шүдээ цохиулсан, ам болон чихний ар тал нь цус болсон байдалтай байсан. ...намайг очиход 3 залуу байсан ба биерхүү бүдүүн залуу нь Адъяасүрэн рүү “та нар ийм том болсон юм уу, олуулаа нийлж хүн зоддог юм уу? Бүгдэнтэй чинь цуг үзнэ шүү” гээд фудболкаа ураад дайраад байсан. Адъяасүрэн надад хэлэхдээ “нарийхан аркаар гарахдаа мөрлөөд шууд үгийн зөрүүгүй цохисон…” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг \хх-14\,

 

гэрч Л.Тэмүүжингийн “...Адъяасүрэн Цэрэнжамц руу яриад “гараад ир” гэхээр нь гарсан чинь Адъяасүрэнгийн уруул нь цус болчихсон байсан. Тэгээд Адъяасүрэн нь сандал дээр сууж байх үед махлаг, том биетэй шар царайтай залуу нь Адъяасүрэнгийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж байсан…” гэсэн мэдүүлэг \хх-15\,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13036 тоот актын “…Д.Адъяасүрэнгийн биед баруун, зүүн доод 1 дүгээр шүднүүдийн хугарал, доод уруулын салстад язралт, зүүн чихний омог, доод уруулын доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-21/,

 

Шүүгдэгч М.Ган-Эрдэнийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-39/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-32-38/, М.Ган-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-45/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-46/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-48-49/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч М.Ган-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лакс баарны хойд талын автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн Д.Адъяасүрэнг зодож түүний бие махбодид “баруун, зүүн доод 1 дүгээр шүднүүдийн хугарал, доод уруулын салстад язралт, зүүн чихний омог, доод уруулын доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Адъяасүрэн, гэрч Б.Цэрэнжамц, гэрч Л.Тэмүүжин нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹13036 тоот актын дүгнэлт, шүүгдэгч М.Ган-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч М.Ган-Эрдэнийн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг дошгин авирлаж буюу хохирогч Д.Адъяасүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйчлэл тохирсон байх тул энэ зүйл хэсгээр М.Ган-Эрдэнэд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

Хохирогч Д.Адъяасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч М.Ган-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ган-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Мандахбаярын Ган-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар М.Ган-Эрдэнэд 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Ган-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201625022418 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. .

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Ган-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ган-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР