Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

             Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2017/00892 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Тогоонтөмөрийн Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Нэргүйн Баттөрд холбогдох

Гэрлэлт цуцлаж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Н.Баттөрийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч Н.Баттөр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Тогоонтөмөрийн Эрдэнэтуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Баттөр бид хоёр нь 2015 оны 08 сарын 26-нд нэг гэр бүл болоод амьдарч байх хугацаанд хадмуудын дарамт, нөхөр ажил төрөл ойлгохгүй хардаж, зодож нүддэг байсан. Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа цаашид амьдрах хүсэлгүй тул охин Б.Энхсаруулаа өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлттэй байна. Иймд охинд минь тэтгэмж тогтоолгож өгнө үү. Хуулийн дагуу бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би нөхөр Н.Бөттөр түүний эцэг, эх, ах, дүү нарын байнгын хүчирхийлэл дарамтаас болж миний эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол үзүүлж болзошгүй гэж үзэн гэр бүл цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хоёр 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон. 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Энхсаруулыг төрүүлсэн. Манай нөхөр ажлын газрын хүмүүстэй хардаж 3 удаа зодсон. Нэг удаа миний гарыг 2 хөлтэй нийлүүлж уяж байгаад зодсон. Түүнээс болж ажил руугаа доголж явдаг байсан. Би байнгын хүчирхийлэлд байдаг байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж тэтгэлгийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баттөрөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4-р багт охин Энхсаруулын хамт оршин суудаг. Би Т.Эрдэнэтуяатай 2015 оны 08 сард гэр бул болж, бидний дундаас 2016 оны 08 сарын 23 ны өдөр охин Б.Энхсаруул төрсөн. Т.Эрдэнэтуяа бид хоёр түүнийг ажилд орох хүртэл хугацаанд сайхан харилцаатай байсан. Гэтэл Т.Эрдэнэтуяа соёлын төвд үйлчлэгчээр ажилд орсноосоо хойш архи, дарс байнга ууж, гэртээ согтуу ирж охин бид хоёрыг байнга айлгаж, дарамтлах болсон. Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийг миний асрамжид шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баттөрөөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Аав, ээж бид нар Т.Эрдэнэтуяаг дарамталсан зүйл байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ өөр дээрээ авна. Хүүхдээ 3 сартайгаас нь угжиж өсгөсөн. Сумын соёлын төвд ажилд ороод архи, дарс хэрэглээд шөнө согтуу ирдэг байсан. Согтуу нүүр ам нь хөхөрсөн орж ирчихээд өглөө нь намайг хөхрүүлсэн гэдэг байсан. Нэг согтуу орж ирээд халуун савтай цай цацсан. Хүүхэд орон дээр унтаж байхад хүүхдийн наана агсарсан. Хүүхдээ өөрөө авч өсгөмөөр байна гэжээ.

Хариуцагч Н.Баттөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Т.Эрдэнэтуяатай 2015 оны 08 сард гэр бул болж, бидний дундаас 2016 оны 08 сарын 23 ны өдөр охин Б.Энхсаруул төрсөн. Бид 2015 оны 08 сараас 2016 оны 09 сарыг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4-р багт мал маллаж амьдарч байсан. Гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Т.Эрдэнэтуяагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Т.Эрдэнэтуяа архи их уудаг. Ийм хүнд хүүхдээ өгмөөргүй байна. Иймд охин Б.Энхсаруулыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Ренчинжав овогт Тогоонтөмөрийн Эрдэнэтуяа, Чойдорж овогт Нэргүйн Баттөр нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Энхсаруулыг эх Т.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Энхсаруулыг 11 нас хүртэл нь тухайн бүснутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 насхүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Н.Баттөрөөс гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамж 24.313 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Баттөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би Т.Эрдэнэтуяатай эхнэр нөхөр болж амьдарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлийн ямар ч хэлбэрээр хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Охин Б.Энхсаруулыг 3

сартайгаас нь угжиж хүн болгосон. Охин маань одоо миний асрамжид эсэн мэнд эрүүл саруул өсөн бойжиж байна. Т.Эрдэнэтуяа 2016 оны 11 сард Эрдэнэцогт сумын Соёлын төвд ажилд орж түүнээс хойш ажлаараа шалтаглаж архи дарс ууж шөнө оройн цагт гэртэй ирж охин бид хоёрыг элдэв бусаар хэлж, бид хоёрыг гай боллоо гэж ална, хядна гэдэг байсан. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт Т.Эрдэнэтуяаг архи уудаг гэдэг, Цагдаагийн Ерөнхий газрын цахим мэдээллийн бүртгэлээс гарсан зөрчлийн талаарх мэдээлэлд Т.Эрдэнэтуяаг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч захиргааны арга хэмжээ авсан гээд байхад шинжээчийн гэх дүгнэлт нь түүнийг архи огт уудаггүй, архины хамааралгүй гэсэн илт илэрхий баримтыг нотлох баримтаар үнэлсэн байгаад гомдолтой байна.

Үр хүүхэддээ хайр халамжаар дутаадаг, хүүхэд Т.Эрдэнэтуяагийн хүчирхийлэлд өртдөг байсан нь тухайн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар илт харагдаж байгаа, миний бие ч үүнийг удаа дараа тайлбартаа бичиж өгсөн, мөн шүүх хуралдаанд ч тайлбарласан, сөрөг нэхэмжлэлдээ ч дурдсан. Хүүхэд маань Т.Эрдэнэтуяа бид хоёрыг тусдаа амьдарснаас хойш илт өсөн торних болсон, ягаан дэвтрийн үзүүлэлтэд энэ нь харагдаж байгаа. Би хүүхдээ л өөрийнхөө асрамжид авмаар байна. Би ээжээс нь бүр салгах гээгүй, уулзах үедээ уулзаж байна биз, би өмнө ч тэгдэг байсан ч Т.Эрдэнэтуяа өөрөө ирж хүүхэдтэйгээ уулздаггүй байсан.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 14 ний өдрийн 131/ШШ2017/00892 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан үзэж тус гомдлыг хүлээн авч тухайн анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хэргийг хянан шийдвэрлээгүй.

Хариуцагч Н.Баттөрөөс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг /хх-ийн 127-128 дугаар тал/ шүүх хүлээн аваад нэхэмжлэгч талд гардуулах, хариу тайлбар авах зэргээр ажиллагаа хийсэн боловч шүүхийн шийдвэрт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагаас шүүхэд гаргасан хүсэлтэндээ Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн оршин суугч Д.Лхагвасүрэн, /шомбоон/, Ү.Болд нарыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан байхад шүүх Д.Лхагвасүрэн гэдэг хүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл байх боловч /хх-ийн 99-101 дүгээр тал/ Д.Лхагвадорж гэдэг хүнээс мэдүүлэг авсан гэж гарын үсэг зуруулсан нь шүүхэд Д.Лхагвасүрэн, Д.Лхагвадорж хоёрын аль нь гэрчээр мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй.

Мөн /хх-ийн 159-161 дүгээр тал/ гэрчээр мэдүүлэг өгсөн хүний биеийн байцаалт хэсэг дээр Бэх-Очирын Мөнхөө гэдэг эмэгтэй хүнээс мэдүүлэг авсан гэж тэмдэглэсэн мөртлөө тэмдэглэлийн төгсгөл хэсэгт Ү.Болдбаатар гэдэг хүнээр гарын үсэг зуруулсан нь хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг биелүүлээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс Н.Жаргал, О.Бодьхүү нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан боловч шүүх гэрч нарыг ирүүлэх, дуудах талаар ажиллагаа хийгээгүй /хэрэгт баримт байхгүй/ тул өмгөөлөгч гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан хүсэлт гаргасныг /хх-ийн 123 дугаар тал/ шүүх хүлээн авч дардас тэмдэг дараагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4-т заалтуудыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулах, хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг биелүүлээгүй, эсхүл хүсэлтэнд дурьдсанаас өөр хүнийг гэрчээр асуух зэргээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Н.Баттөрөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2017/00892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Н.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ    

                                              Г.УЛАМБАЯР