Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч П.Батхүү

Шүүгдэгч Ц.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Инжээ овогт Цоггэрэлийн Цогтбаярт холбогдох эрүүгийн 2321000000028 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Түргэний 6-5А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Инжээ овогт Цоггэрэлийн Цогтбаяр /РД: ЖЯ 93121417/.

Шүүгдэгч Цоггэрэлийн Цогтбаяр нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 41-26 тоотод иргэн П.Батхүүг зодож, түүний баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, доод салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацар, уруулын доод хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Цогтбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч П.Батхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Цогтбаярт зодуулж гэмтэл аваад эмнэлгээр явж үзүүлж чадаагүй. Надаас эмчилгээний зардал гараагүй. Цаашид эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас цаашид гаргах зардлыг нэхэмжилнэ...” гэв.

Хохирогч П.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд гэртээ ганцаараа байхад гаднаас найз Аргалдай, Содбилэг нар нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид гурав архиа уугаад сууж байхад хаалга тогшихоор нь тавьсан чинь хорооны танил дүү Цогтбаяр архи уучихсан байдалтай орж ирсэн. Бид Цогтбаярт эхлээд нэг хундага архи хийж өгөхөд уусан. Дараа нь дахиад нэг хундага архи хийж өгсөн чинь шалан дээр асгасан. Тэгэхээр нь би “чи архи асгалаа, болгоомжтой байхгүй, муу ч гэсэн айл шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь уурлаж босож ирээд намайг сууж байхад шууд эрүү рүү өвдөглөсөн. Аргалдай, Содбилэг хоёр салгах гэсэн чинь салахгүй намайг нүүр, толгой тархи руу өшиглөж цохиод байсан бөгөөд толгойг чинь бяцалчихъя гээд өшиглөөд байсан. Аргалдай, Содбилэг хоёр арай гэж салгаад авч гарсан. Би эмнэлэгт үзүүлэхэд уруул дотор хэсэгтээ язарсан шархтай гээд 3 оёдол тавиулсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 9-10/

Гэрч Ч.Аргалдай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Батхүү хаалга тавьсан чинь танил залуу Цогтбаяр архи уусан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь хундагаар нэг архи хийж өгөхөд Цогтбаяр эхлээд авсан, дахиад архи хийж өгсөн чинь хундагатай архиа газар шидсэн. Батхүүг сууж байхад нь шууд очоод эрүүн доороос нь өвдөглөсөн. Тэгэхээр нь салгаад гаргах гэсэн чинь гарахгүй Батхүүг нүүр рүү нь цохиод өшиглөөд байсан бөгөөд Содбилэг бид хоёр арай гэж Цогтбаярыг салгаад гэрээс нь гаргасан...” гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч П.Одмөнх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой гэртээ байхад ээж Янжин 19 цаг 20 минутын орчимд над руу залгаад “дүү Батхүү чинь хүнд зодуулсан байна, цагдаад хэлсэн, эмнэлгийн магадлагаа хэрэгтэй гэж байна, ирээд дүүгээ аваад яв” гэж хэлсэн. Би ээжийн гэр болох Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбатын 3-412 тоотод очиход дүү Батхүү архи уусан байдалтай, нүүр ам нь хөхөрч хавдсан, амнаас нь цус гарсан, завж нь сэтэрсэн байдалтай Цогтбаяр гэх хүнд зурагтай шар байранд зодуулсан гээд байж байсан. Би шууд эмнэлгийн хүлээн авах дээр авчрахад уруулынх нь дотор талд 3 оёдол тавьсан...” гэжээ. /хх-ийн 11-12/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 тоот дүгнэлтэд:

1. П.Батхүүгийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацар, уруулын доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

Ц.Цогтбаяр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би нэлээн архи уучихсан их согтсон байсан бөгөөд хаагуур юу хийж явснаа сайн санахгүй байна. Шар байшингийн 41-26 тоотод Бууяа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх айлд унтаж байхад орой 21-22 цагийн орчимд 2 цагдаа ирээд хүн зодсон байна гээд аваад явахад сэргэсэн. Тэрнээс хойш Батхүү ахтай уулзахад “чи намайг зодсон” гээд байсан. Би тухайн үед юу болсныг сайн санахгүй байна, гэхдээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/

Ц.Цогтбаярын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 29/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

П.Батхүүгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 57/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Инжээ овогт Цоггэрэлийн Цогтбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 41-26 тоотод хохирогч П.Батхүүг зодож, түүний биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацар, уруулын доод хэсгийн зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Шар байшингийн 41-26 тоотод Бууяа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх айлд унтаж байхад орой 21-22 цагийн орчимд 2 цагдаа ирээд хүн зодсон байна гээд аваад явахад сэргэсэн. Тэрнээс хойш Батхүү ахтай уулзахад “чи намайг зодсон” гээд байсан. Би тухайн үед юу болсныг сайн санахгүй байна, гэхдээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч П.Батхүүгийн “...би “чи архи асгалаа, болгоомжтой байхгүй, муу ч гэсэн айл шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь уурлаж босож ирээд намайг сууж байхад шууд эрүү рүү өвдөглөсөн. Аргалдай, Содбилэг хоёр салгах гэсэн чинь салахгүй намайг нүүр, толгой тархи руу өшиглөж цохиод байсан бөгөөд толгойг чинь бяцалчихъя гээд өшиглөөд байсан. Аргалдай, Содбилэг хоёр арай гэж салгаад авч гарсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Ч.Аргалдайн “...хундагаар нэг архи хийж өгөхөд Цогтбаяр эхлээд авсан, дахиад архи хийж өгсөн чинь хундагатай архиа газар шидсэн. Батхүүг сууж байхад нь шууд очоод эрүүн доороос нь өвдөглөсөн. Тэгэхээр нь салгаад гаргах гэсэн чинь гарахгүй Батхүүг нүүр рүү нь цохиод өшиглөөд байсан бөгөөд Содбилэг бид хоёр арай гэж Цогтбаярыг салгаад гэрээс нь гаргасан...” гэх, гэрч П.Одмөнхийн “...Би ээжийн гэр болох Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбатын 3-412 тоотод очиход дүү Батхүү архи уусан байдалтай, нүүр ам нь хөхөрч хавдсан, амнаас нь цус гарсан, завж нь сэтэрсэн байдалтай Цогтбаяр гэх хүнд зурагтай шар байранд зодуулсан гээд байж байсан. Би шууд эмнэлгийн хүлээн авах дээр авчрахад уруулынх нь дотор талд 3 оёдол тавьсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ц.Цогтбаяр нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ц.Цогтбаярын үйлдлийн улмаас хохирогч П.Батхүүгийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 тоот “...П.Батхүүгийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацар, уруулын доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ц.Цогтбаярт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Цоггэрэлийн Цогтбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Цогтбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.Цогтбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогтбаярт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч П.Батхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч нь шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор “...Цогтбаярт зодуулж гэмтэл аваад эмнэлгээр явж үзүүлж чадаагүй. Надаас эмчилгээний зардал гараагүй. Цаашид эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас цаашид гаргах зардлыг нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтийг гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч, хохирогч П.Батхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Ц.Цогтбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Цогтбаяр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Инжээ овогт Цоггэрэлийн Цогтбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цоггэрэлийн Цогтбаярт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогтбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Батхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Ц.Цогтбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Цогтбаяр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ93121417 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Цогтбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА