| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/00100/и |
| Дугаар | 135/ШШ2019/00431 |
| Огноо | 2019-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2019/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00100/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, .Ч.М / /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух О.С, Р.М нарт холбогдох,
186,462,194 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч нарын өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******.Ч.М миний бие О.С болон түүний эхнэр Р.М нарыг олон жилийн өмнөөс таньдаг байсан ба 2016 оны 6 дугаар сард надтай уулзаж ахиухан хэмжээтэй зээл олоод өгөөч, богино хугацаанд эргүүлээд төлчихнө гэж итгэж үнэмшүүлсэн тул гуйлтын дагуу өөрийн нэр дээр Хаан банкнаас зээл авч О.С, Р.М нартай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан 84,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй , 4 сарын хугацаатайгаар, мөн тэдний хүсэлтийн дагуу дахин 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “нэмэлт гэрээ” байгуулан өмнө авсан зээл дээр нь нэмж 27,600,000 төгрөг, нийт 111,600,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, тус зээлийн барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь авч, бусдаас авах авлагыг гэрээнд тусгаж мөнгө зээлдүүлсэн. Зээлийн гэрээг тухай бүрт нь бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж, зээлдүүлсэн мөнгийг иргэн Р.М Хаан банк дахь 5046312647 тоот харилцах дансанд гэрээ байгуулсан өдрүүдэд шилжүүлж зээлдүүлсэн.
Гэрээний хугацаа дууссан боловч О.С, Р.М нар нь янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор зээлийн төлбөрөө төлөхгүй хугацааг нь сунгаж явсаар 2018 оны 5 дугаар сарыг хүргэсэн. Мөн зээлийн барьцаанд үлдээсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худал хэлж буцаан авсан тул Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт санаатайгаар залилан мэхэлж зээл авсан, авсан зээлээ төлөхгүй 2 жил гаруй хугацаанд хохирол учруулж байна гэж 2018 оны 5 дугаар сард өргөдөл өгч хандсан. Тус хэрэгт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад Б.Е 181800392 тоот дугаартай хэрэг үүсгэн шалгаж, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд нотлох баримтуудыг цуглуулан, мэдүүлэг, байцаалтууд авч хэргийг шийдвэрлэсэн. Тус хэргийн материалд зээлдүүлэгч Ч.М миний өөрийн нэр дээр Хаанбанкнаас гэрээ байгуулж авсан зээлийн гэрээ, иргэн О.С, Р.М нартай байгуулсан гэрээ, О.С, Р.М нарын зээл авсан талаарх болон төлбөр огт төлөөгүй талаарх байцаалт, мэдүүлгүүд зээлийн мөнгийг шилжүүлсэн дансны хуулга, лавлагаа, зээлдэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн лавлагааг Улсын бүртгэлийн газраас авч хавтаст хэрэгт баримтжуулсан байдаг. Дээрх хэргийн материалаас энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулж бүх нотлох баримтууд, байцаалт, мэдүүлгүүдийг аймгийн прокурорын газраас татан авч хянан үзэхийг нэхэмжлэгчийн зүгээс хүсч байна. Хэргийг шалгах хугацаанд 112 сая төгрөгийн төлбөр төлөгдсөн, иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй маргаан байх тул гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 287 тоот Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэлгүй хэргийг хаах болсон. Энэ талаар мөрдөн байцаагч надад тайлбарлахдаа хэрэгт авагдсан мтериалуудтай биечлэн танилцсан ба Цагдаагийн байгууллага нь бодит хохиролд аливаа бусад зардал, гэрээний үүргийн дүнг оруулж тооцох боломжгүйг тайлбарлаж гэрээний үүргийн дагуух төлбөрийг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэйг тайлбарласан. Хохирогч миний зүгээс хэргийн материалд санал дүгнэлтээ бичгээр илэрхийлэхдээ зээлдэгч О.С, Р.М нарын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохироосон хохирлыг цаашид иргэний журмаар шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлэх талаар тодорхой тусгаж гарын үсгээр баталгаажуулсан болно.
Иймд иргэн Ч.М миний бие иргэн О.С, Р.М нарт гэрээ байгуулан зээлдүүлсэн 111,600,000 төгрөгийн үндсэн зээл, 2 жил 5 сарын хугацааны хүү болох 124,708,129 төгрөг, нийт 236,308,129 төгрөгийн гэрээний дагуух төлбөрөөс төлсөн 112,000,000 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэгдэл болох 124,308,129 төгрөгийг хугацаандаа төлөөгүй алданги 62,154,065 төгрөгийн хамт нийт 186,462,194 төгрөгийн хариуцагч О.С, Р.М нараас гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.С нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“******.О.С миний бие Ч.М ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Би Ч.Мтай тааралдаад юу хийж байгаа вэ? гэж асуухад Төрийн банкинд дэд захирлаар ажиллаж байгаа гэсэн, удалгүй Ч.Мтай очиж уулзаад мөнгө зээлэе гэж гуйсан. Ч.М хадгаламжнаасаа 100,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шиг санагдаж байна Ч.М бичгийн цагаан цаасан дээр 4,0 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай мөнгө зээлэе гэж өөрөө гараараа бичсэн бичгэн дээр бид хоёроор машин дотор гарын үсэг зуруулсан. Тухайн үед Ч.М ярихдаа би мөнгө зээлдэх эрхгүй банкны хүүгээс илүү зээлдүүлж байгаа юм. Өөртөө баримт авч үлдэхгүй бол болохгүй, цагдаа, шүүхээр явбал хүчингүй баримт гэж ярьж байсан. Тэр оройдоо манай эхнэр Р.М5046312697 тоот дансанд 84,000,000 төгрөг шилжүүлж, 16,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 4 сарын хүү гэж бодож авч үлдсэн. Би нэмж 30,000,000 төгрөг 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдүүлэхийг гуйхад Ч.М зөвшөөрч хүү 2,400,000 төгрөг авч үлдээд 27,600,000 төгрөг эхнэр Р.Мданс руу шилжүүлсэн. Гэтэл одоо Ч.М компьютероор шивсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бид хоёртой хамтран ажиллах гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах нэмэлт гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хамтран ажиллах нэмэлт гэрээний сунгалт гэсэн 3 гэрээ шүүхэд өгсөн байна. Эхнэр бид 2 хамтран ажиллах ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй, бидний зурсан гарын үсэг биш, ийм гэрээ огт үзээгүй, нотариатчаар гэрчлүүлээгүй, барьцаа хөрөнгө тавиагүй. Бид хоёр Ч.М аас зээлдэж авсан мөнгөө төлж, өгч чадаагүй байтал 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ч.М Цагдаагийн газарт гомдол гаргаж залилангийн хэрэг гэж шалгуулсан. Энэ хугацаанд 112,000,000 төгрөгийг төлж барагдуулж, аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 287 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Иймд нэхэмжилсэн 186,462,129 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч О.С, Р.М нарт холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги нийт 186,462,194 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч О.С, Р.Мнарт 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 84,000,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 27,600,000 төгрөгийг нийт 111,600,000 төгрөгийг зээлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар /хх-9-10/,
Хариуцагч О.С, Р.Мнар нь 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн шилжүүлгээр зээлийн төлбөрт нийт 112,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М т өгсөн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 287 дугаартай тогтоол зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигч талууд дээрх үйл баримтуудын талаар маргадаггүй ба харин зээлийн гэрээний хүү, алдангийн талаар маргасан болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “******.2016 оны 06 дугаар сарын 17, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус Хамтран ажиллах гэрээ гэх нэртэйгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр өмнөх хоёр гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүү, алдангийг гэрээндээ тусгасан. Дээрх Хамтран ажиллах гэх нэртэй зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 186,462,194 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна******.” гэж тайлбарласан,
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “******.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар хуульд заасан. Талууд анх 111,600,000 төгрөгийг зээлдүүлэхдээ 4 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон. Бичгээр уг зээлийн гэрээг хийгээгүй учир хүү авах эрхээ алдсан. Алдангийн төлөх талаар болон алдангийн хувь хэмжээний талаар талууд тохиролцсон бичгээр байгуулсан зүйл байхгүй. Хариуцагч нар нь зээлсэн үндсэн мөнгөө буцаан өгсөн учир төлөх төлбөр байхгүй******.” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
Талуудын хооронд байгуусан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр “******.нэг талаас Ч.М /хөрөнгө оруулагч/, нөгөө талаас О.С, Р.М/ хамтран ажиллагч, нар харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав.
Компаний үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд богино хугацаанд шаардлагатай байгаа хөрөнгө болох 100,000,000 төгрөгийг хөрөнгө оруулагч талаас хөрөнгө оруулах, нөгөө талаас хамтран ажиллагч нар харилцан тохиролцсон хугацаанд хөрөнгө оруулагч талаас оруулсан хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, буцаан төлөх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Гэрээний нөхцөл: оруулсан хөрөнгө оруулалтын дүн 100,000,000 төгрөг, ашиглах хугацаа 4 сар буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл******.” гэж,
2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд “******.Компаний үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд богино хугацаанд шаардлагатай байгаа хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг хөрөнгө оруулагч талаас хөрөнгө оруулах, нөгөө талаас хамтран ажиллагч нар харилцан тохиролцсон хугацаанд хөрөнгө оруулагч талаас оруулсан хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, буцаан төлөх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Гэрээний нөхцөл: Хөрөнгө оруулсан анхны үнийн дүн 100,000,000 төгрөг, ашиглах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, нэмж оруулах хөрөнгийн дүн 30,000,000 төгрөг, нийт хөрөнгө оруулалтын дүн 130,000,000 төгрөг,
Хамтран ажиллагч тал компаний үйл ажиллагаад шаардлагатай хямд өртөгтэй хөрөнгийн эх үүсвэр /төслийн зээл/ ашиглах нөхцөл хөрөнгө оруулагчид дээрх оруулсан хөрөнгийг буцаан төлнө******.” гэж
2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хамтран ажиллах нэмэлт гэрээний сунгалтад “******.Талуудын 2016 оны 06 дугаар сарын сарын 17-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээнд дараах сунгалтыг оруулахаар харилцан тохиролцов.
Гэрээний нөхцөл: хөрөнгө оруулсан нийт дүн 130,000,000 төгрөг, ашиглах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 сар, Хамтран ажиллагч тал компаний үйл ажиллагаанд шаардлагатай хямд өртөгтэй хөрөнгийн эх үүсвэр /төслийн зээл/ ашиглах нөхцөлд хөрөнгө оруулагчид дээрх оруулсан хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлнө. /Хүүгийн хувь сарын 4,0 хувь/******.” гэж тус тус тохиролцсон бөгөөд дээрх хамтран ажиллах гэрээнүүдийг 2.3-т “Хэрэв хамтран ажиллагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол хуулийн дагуу алдангийг хөрөнгө оруулагч тал нэмж төлнө” гэж тусгасан байна. /хх-5-7/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ******.шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ******.буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор хуульд заасан байхад нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэх нэртэйгээр байгуулсан гэрээнд заасан нийт 130,000,000 төгрөгийг хариуцагч О.С, Р.М нарт хүлээлгэж өгөөгүй байгаа нь дээрх 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг тус тус байгуулагдаагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Ч.М нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч нарын өмчлөлд 111,600,000 төгрөгийг төгрөгийг шилжүүлэхдээ талууд дээрх зээлийг үндсэн төлбөрийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай байхаар амаар тохиролцсон боловч дээрх зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг тусгасан зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч нараас зээлийн хүү болон алдангийг шаардах эрхгүй болно.
Хариуцагч О.С, Р.М нар нь үндсэн зээлийн төлбөр 111,600,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч Ч.М ын гаргасан хариуцагч нараас 186,462,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М ын гаргасан хариуцагч О.С, Р.Мнараас 186,462,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,090,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА