| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0042/э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх
Шүүгдэгч М.Ганжигүүр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагшин овогт Моононгийн Ганжигүүрт холбогдох эрүүгийн 2321000000024 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дагшин овогт Моононгийн Ганжигүүр /РД: ЛГ 93090116/.
Шүүгдэгч Моононгийн Ганжигүүр нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Л.Лувсаншаравын малыг маллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс 5 тооны үхрийг завшиж, бусдад зарж борлуулан 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ганжигүүр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч Ж.Адъяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Жигүүр нь надад ачиж явуулсан 10 гаруй тооны үхрүүдтэй тааралдахад “энэ манай үхэр байна, эндээс холддоггүй юм” гэж яриад байсан. Би Лувсаншаравын гэрт очиж адуу нядалдаг өдөр дээрх үхрүүдтэй тааралдаад “манай үхрүүд гэр рүүгээ чиглээд явж байна, орой бид нарыг ирэхэд гэрт ойрхон байх нь байна” гэх мэтээр яриад байсан. ...Ингээд Жигүүр яг өмнө нь заагаад яриад байсан үхрүүдээ авчраад надад 5 тооны үхэр ачиж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Лувсаншарав над руу залгаад “эгчээ таны авч явсан үхрүүд манай үхрүүд юм шиг байна, та зураг хөргийг нь явуулаач” гэхэд нь би Лувсаншарав руу Жигүүрээс авсан үхрийн зургийг явуулахад Лувсаншарав “Таны явуулсан зураг дээрх үхэр манай үхэр мөн байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 21-22/
М.Ганжигүүр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оноос Лувсаншаравын 100 гаруй тооны үхрийг харж байгаа бөгөөд Адъяа гэх хүн хэдэн жилийн өмнө Бямбасүрэн ахынх дээр үхэр тавьсан байсан юм. Манай ээж 2021 оны 09 дүгээр сард нас барж тухайн үед надад мөнгөний хэрэг гараад Матад сумын иргэн Болдоо гэх хүнд 5 үхэр зарна гээд мөнгийг нь авчихсан байсан юм. Тэгээд Болдоо 2022 оны 10 дугаар сарын сүүлээр ирж үхрээ авахаар болсон бөгөөд би мөнгөнийхөө оронд Адъяа эгчийн үхэрнээс 2 үнээ, 3 бяруу өгчихсөн юм. Адъяа эгч 2022 оны 12 дугаар сарын 10-д гаргаад үхрээ авна гээд ирэхээр нь би Лувсаншаравын үхэрнээс 2 үнээ, 3 бярууг өгчихсөн юм...” гэжээ. /хх-ийн 39-40/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/
“Damno” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ДЦ-22-106 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-35/
М.Ганжигүүрийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/
Л.Лувсаншаравын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Дагшин овогт Моононгийн Ганжигүүр нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Л.Лувсаншаравын малыг маллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс 5 тооны үхрийг завшиж, бусдад зарж борлуулан 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...манай ээж 2021 оны 09 дүгээр сард нас барж тухайн үед надад мөнгөний хэрэг гараад Матад сумын иргэн Болдоо гэх хүнд 5 үхэр зарна гээд мөнгийг нь авчихсан байсан юм. Тэгээд Болдоо 2022 оны 10 дугаар сарын сүүлээр ирж үхрээ авахаар болсон бөгөөд би мөнгөнийхөө оронд Адъяа эгчийн үхэрнээс 2 үнээ, 3 бяруу өгчихсөн юм. Адъяа эгч 2022 оны 12 дугаар сарын 10-д гаргаад үхрээ авна гээд ирэхээр нь би Лувсаншаравын үхэрнээс 2 үнээ, 3 бярууг өгчихсөн юм...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Л.Лувсаншаравын “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн үхрээ Зам анги гэх газрын ойролцоогоос татаж авахад нийт 5 тооны үхэр дутуу байсан. Би дутуу үхрээ тэр хавиар хайж байгаад олохгүй болохоор нь үлдэгдэл үхрээ гэр рүүгээ татаж аваачсан. Маргааш нь дахин дутуу үхрээ хайгаад олохгүй болохоор нь Адъяа эгчийг үхэр авч явна гэдгийг нь санаад Адъяа эгч рүү залгаад “Та эндээс үхэр авч явсан уу” гэж асуухад Адъяа эгч “авч явсан” гэхээр нь үхэрнүүдийнх нь зургийг харсан чинь манай үхрүүд мөн байсан. Адъяа эгч үхэр авсны маргааш нь манай үхрүүдийг нядалчихсан байсан. Адъяа эгч ярихдаа “Дээрх үхрүүдийг Ганжигүүр надад ачиж өгсөн” гэж хэлсэн. Би 2021 оны 07 дугаар сард Матад сумын нутагт мал маллахаар ирсэн бөгөөд Ганжигүүртэй танилцаж манай бас 100 гаруй тооны үхрийг малладаг юм. Би Ганжигүүртэй аман байдлаар тохиролцож малаа харуулдаг. Түүнээс гэрээ хийсэн зүйл байхгүй. Надад учруулсан хохирлыг Ганжигүүр бүрэн төлж барагдуулсан байгаа. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Ж.Адъяагийн “...Би Лувсаншаравын гэрт очиж адуу нядалдаг өдөр дээрх үхрүүдтэй тааралдахад “манай үхрүүд гэр рүүгээ чиглээд явж байна, орой бид нарыг ирэхэд гэрт ойрхон байх нь байна” гэх мэтээр Жигүүр яриад байсан. ...Ингээд Жигүүр яг өмнө нь заагаад яриад байсан үхрүүдээ авчраад надад 5 тооны үхэр ачиж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Лувсаншарав над руу залгаад “эгчээ таны авч явсан үхрүүд манай үхрүүд юм шиг байна, та зураг хөргийг нь явуулаач” гэхэд нь би Лувсаншарав руу Жигүүрээс авсан үхрийн зургийг явуулахад Лувсаншарав “Таны явуулсан зураг дээрх үхэр манай үхэр мөн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, “Damno” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ДЦ-22-106 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ганжигүүр нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч М.Ганжигүүрт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Моононгийн Ганжигүүрийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ганжигүүр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М.Ганжигүүрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганжигүүрт 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ганжигүүр нь хохирогч Л.Лувсаншаравын 6,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн 5 тооны үхрийг завшсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид учруулсан 6,200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.Ганжигүүр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дагшин овогт Моононгийн Ганжигүүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Моононгийн Ганжигүүрт 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганжигүүрийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.Ганжигүүр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Лувсаншарав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЛГ 93090116 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ганжигүүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА