| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Р.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
2023 02 07 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Сэржмядаг, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
иргэдийн төлөөлөгч С.Ичинхорлоо,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********** оны ** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,** настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот *********** дүүргийн ***дугаар хороо ************* дугаар гудамж **** тоотод оршин суух хаягтай боловч одоо ************ дүүргийн *** дугаар хороо, ************** тоотод оршин суух хаягтай, урьд
-2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 585 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ************ овогт ************* *********** (регистрийн дугаар ***********),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1 дүгээр гудамжинд ************** эхнэртэйгээ хардаж түүний нүүрэн тус газар нэг удаа өшиглөж, тоосгоор нүүрэн тус газар нэг удаа цохиж эрүүл мэндэд “Дух ясны зүүн талд ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа“ бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 6 дугаар гудамжинд байрлах Бум хүнсний дэлгүүрийн ард байрлах түүхий эд авдаг цэгийн орчимд хохирогч *************** “авсан архинаасаа өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний толгойны баруун ар дагз хэсэгт тоосгоор цохиж, эрүүл мэндэд “тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйхны шарх“ бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ************** биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь түүнийг цохиж байснаа бүдэг бадаг санаад байгаа юм. Харин *************цохиж гэмтээсэн асуудлыг мэдэхгүй, эргэлзэж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.Хохирогч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр би Энхбаатартай гүүрний хойно уулзсан, тэгээд бид хоёр маргалдаад *************миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд, тоосгоор нүүр рүү цохисон, би тэнд ухаан алдаад унасан байхад намайг тэнд байх “Сондор” дэлгүүрийн *********** гэх хүүхэд эмээгийн гэрт хүргэж өгсөн, тэгээд манай ээж цагдаа дуудаад би эмнэлэгт хүргэгдсэн. Одоо толгой болон нүдний ухархайгаар өвдөж байгаа, эмчилгээнд 1,7 сая төгрөг зарцуулсан, энэ хохирлыг *************** нэхэмжлэхгүй гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
3.Хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022.9.15-ны өдрийн өглөө 11 цагийн орчим би *********, ***********, нийт 4-5 хүнтэй хамт архи уусан, дараа нь 1 дүгээр хорооллын ард талын газар шорооноос унасан төмөр аваад тушаах гэхэд ******* “хурдан тушаагаач” гээд намайг загнаад байсан, тэгэхээр би “чи хүн загнадаг хэн юм” гэсэн, тэгээд бид нар бүгдээрээ дэлгүүр орох гээд явж байтал араас тас гээд цохисон. Тэр үед ************* намайг “юун сүртэй юм архинаасаа өгсөнгүй” гээд уурлаад байсан. Маргааш нь тэр айлын хашаанд дахиад бид нар архи уусан, бид нар төмөр тушаагаад ирэхэд ********** дагаад яваад байсан. *************нь архины хамааралтай хүн байгаа юм. Одоо миний толгойны зулайгаар хатгуулж өвдөөд байгаа. Би өнгөрсөн шөнө үүрийн 4 цагт унтсан, өрөөсөн нүд бүлцийж хавдаад байгаа. 2022.9.15-ны өдрөөс хойш ************ өөр хүнд зодуулаагүй, би хүмүүстэй маргалдаад байдаггүй, ***********цохиулсны дараа би эмнэлэгт шууд хандаагүй, бариачид хандахад томографын зураг авхуул гэсэн. Би *************цохиулснаас хойш толгой өвдөж байгаа талаараа түүнтэй 2, 3 удаа таарч хэлсэн, гэтэл “юун сүртэй юм” гээд намайг загнаад байсан. Би ************* цохиулснаас хойш гэрээсээ гараагүй, гэртээ хэвтээд өнждөг байсан, би гэртээ байхдаа өдөрт 2 шил архи өдөр болгон уудаг байсан. Нүүрэнд учирсан зулгаралт шарх нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ухаан алдаж унахдаа юм мөргөж унаснаас үүссэн байх. Түүнээс өөрөөр бэртэж гэмтсэн, зодуулсан асуудал байхгүй. ...Би ГССҮТ-д даатгал төлөөд ор хоногийн 280,000 төгрөгийн төлбөр эмнэлэгт төлсөн, цаашид гарах эмчилгээнд 2 сая төгрөг **************** нэхэмжилж байна, би эмчилгээний баримтаа яарч байгаад гэртээ орхиод гарч ирсэн байна гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
4.Шинжээч *************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч ************* биед үүссэн гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаг хугацааны хувьд ************** биед үүссэн гэмтэл 2022.11.20-ны өдрөөс 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл, харин 2022.9.15-ны өдөр үүссэн байх боломжгүй. Учир нь, цусан хураа гэмтлийн үеийн мэс заслын тэмдэглэл байгаа, 2022.11.20-ны эмчийн үзлэгийн тэмдэглэлд “шингэн цус соруулж авсан” гэсэн байгаа, хэрэв 14 хоногоос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл бол цус нь хатуу барзгар болоод хагалгааны явцад цус алдаагүй гэж бичигдэнэ, 28 хоногоос дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд шаргал зөөлөн жижиг хэмжээтэй болдог, *************хувьд 9 сарын 15-ны өдөр гэмтэл авсан байх боломжгүй, би нэмэлт шинжилгээний дүгнэлт дээр бичсэн байгаа, эмнэлэгт хэвтэхээс 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн байгаа, 3-7 хоногийн хугацаанд хэлбэлзэнэ, ийм хугацаанд байж болно гэж, түүнээс 2 сарын хугацаанд хэлбэлзэнэ гэсэн утгатай биш. Энэ гэмтлийг авсан хүнд эхлээд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно, бага зэрэг толгой өвдөөд яваад байна, энэ гэмтэл цаг хугацааны хувьд 3-7 хоногийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ, мөн тархи дарагдаж эхэлж байгаа тул ухаан алдана, 3-7 хонгийн хугацаанд тархи дарагдаж эхэлнэ, энэ хугацаа нь цусан хураа үүссэн гэмтлийн онцлогоос хамаарна гэсэн үг. Хохирогч *************2022.9 сард гэмтэл аваад 2022.11 сар хүртэл эм угаад яваад байх боломжгүй, гэмтэл авснаас хойш шинж тэмдэг нь 3-7 хоногт л илэрнэ, өөр шалтгаанаар гэмтэл үүссэн байлаа гэхэд хагалгааны явцад цусан бүлгэм нь шимэгдсэн байна. Хохирогчид учирсан гэмтэл өөрөө унах үед үүсэх боломжгүй. 2022.11.23-ны өдөр мэс засалд орсны дараа хохирогч ************** үзлэг хийх үед зүүн хацрын төвгөрт 1х2 см тав, хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай байсан, тухайн зулгаралт нь тав тогтсон байсан учир 7 хоногийн дотор үүссэн зулгаралт гэж үзнэ. Тэгэхээр 2022.11.20-ны өдөр үүсээгүй, хэрэв 2022.11.20-ны өдөр байсан бол хүрэн улаан өнгийн зулгаралт байх ёстой” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч **************** нь хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч нь “...**************** нь хохирогч *************** биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул гэм буруутай гэж үзэж байна. Харин хохирогч ************** биед учирсан гэмтлийг шүүгдэгч учруулаагүй байна гэж үзсэн тул энэ үйлдэлд гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч нар “...ямар нэгэн хэлэх зүй байхгүй” гэцгээв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчийн хувьд *************учруулсан үйлдэл дээрээ маргадаггүй. Харин хохирогч ************ эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс болоогүй, хамааралгүй байна гэж үзэхээр байна. Учир нь хохирогч 2022 оны 9 сарын 15-ны өдөр ************* зодуулсан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл 9 сард авсан гэмтэл байх боломжгүй, харин өвчний түүхэд тэмдэглүүлсэн 2022 оны 11 сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтойг шинжээч мэдүүлсэн тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож, улмаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I.Шүүгдэгч ***********нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 1 дүгээр гудамжинд иргэн *************өөрийн эхнэртэйгээ хардаж түүний нүүрэн тус газар нэг удаа өшиглөж, тоосгоор нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд “дух ясны зүүн талд ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа“ бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч **************н “...Манай гэрийнхэн Төв аймагт амьдардаг болохоор би Төв аймаг Улаанбаатар хот хоёрын хооронд ирж очин байдаг. Би 2022 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод ирээд **********, ************, ************ нартай хамт ************** монгол гэрт 2 хоног согтууруулах ундааны зүйл ууцгаасан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой би жаахан архи уучихсан согтуу байхдаа ************** гэрийн баруун талын орон дээр унтах гээд тонгойгоод сууж байтал ************* нь гэртээ байсан мод хагалдаг сүхээр миний толгойн баруун хойд нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би тухайн үед ухаан алдаж унаад унтаад маргааш өглөө сэрсэн юм. Тэгээд ************ ах нь намайг эмнэлэг явах хэрэгтэй гэхээр нь би зүгээрээ гээд тоохгүй байсан учраас эмнэлэг яваагүй гэж манай найз Мөнхбаяр надад маргааш нь хэлсэн.
... Тэгээд би толгой өвдсөн чигээрээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө хүртэл явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ гэх нэртэй дэлгүүртэй дээрээ караокетой газрын арын гудамжинд найз ***********хамт сууж байхад Энхбаатар нь гэнэт миний нүүр лүү хөлөөрөө өшиглөөд, газар байсан тоосго авч миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж, миний нүүрийг гэмтээж үүдэн шүд хугалсан юм. Тэгээд би тэр үед бага зэрэг согтолттой байсан бөгөөд эмээ **********гэрт очиж гал тогооны өрөөнд нь таталт өгөөд ухаан алдаад унасан байсан. Тэгээд түргэн тусламжийн эмч нар ирээд намайг үзээд толгойдоо гэмтэл авсан байна, гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөө Гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж, маргааш нь тархины гэмтлийн улмаас хагалгаанд орж 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр эмнэлгээс гараад шууд ирж байгаа юм. Одоо миний бие анх байснаа бодох юм бол арай дээрдсэн, гэхдээ маш хүнд хагалгаанд орсон болохоор толгой маш их өвдөж байгаа. Тухайн үед *********** 3 сар архины эмчилгээнд явчхаад ирсэн байсан. Тэгээд намайг энэ хугацаанд эхнэртэй нь уулзсан гэж намайг хардаад над руу уурлаад намайг сууж байхад миний нүүрний хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж, дараа нь тоосгоор миний нүүрний хэсэгт 1 удаа цохисон. Миний толгойн арын гэмтлийг *********** учруулсан. Харин нүүрний урд талын гэмтлүүдийг бүгдийг нь ************* учруулсан. Миний биеийн байдал дээрдэж байгаа, маш их эмчилгээ хийлгэсэн, цаашдаа ч их мөнгө орохоор байгаа.Одоогийн байдлаар эмчилгээний зардал болон хагалгаа, эм тариа авсан мөнгө 1,800,000 гаран болсон байгаа бөгөөд цаашдаа хичнээн төгрөгийн эм тариа хэрэглэх эсэхээ мэдэхгүй байна. Би энэ хохирлыг ************биш ********* нэхэмжилж түүнд холбогдох хэрэгт нь хамар баримтаа хавсаргуулж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
2. Гэрч ************ “...Би охины том хүү ************** нэг хашаанд, тусдаа гэрт амьдардаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 08:00 цагийн үед ач хүү ************ манай гэрт орж ирж цай уучхаад гарсан. Манай гэрт орж ирэхэд нүүр аманд нь ямар нэг гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. Удалгүй ач хүү ************ нь гэрээс гараад явсан. Тэгээд 10:00 цагийн орчимд ************* эргэж манай гэрт архи уусан байдалтай Сондор дэлгүүрийн ***********гэдэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд гал тогооны өрөөнд сууж байгаад ************* татаад газар унасан, хамар амнаас цус гараад байсан. Би тэр үед гар утсаа аваад 103 дуудсан. Түргэн тусламж 10 цаг 30 минутад ирээд манай ач хүү ************ үзээд тархинд гэмтэлтэй, яаралтай эмнэлэг авч яв гээд үлдээгээд явсан. Тэгээд манай охин **************ага хүү ***********хамт эмнэлэг рүү авч явсан. Тэр үед би ач хүүгээсээ юу болсон талаар асуухад кадр буюу ********* намайг тоосгоор цохисон хэлсэн. Өмнө нь нэг хүнд бас сүхээр цохиулсан гэж хэлж байсан, яг ямар хүнд цохиулсан талаар мэдэхгүй. Манай ач хүү ******** бол гэрийнхээ ойр орчим амьдардаг хүмүүстэй архи уудаг. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
3. Гэрч **********: “...Энэ өдөр би өглөө 08 цагийн орчимд Хархорин захын орчмоор явж нэг шил архи уучхаад буцаад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 34-ийн гүүрний орчимд алхаж явахад 34-ийн гүүрний хажууд ***********ах нүүрээ дараад доошоо тонгойчихсон, нүүр нь цус болчихсон ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь “яасан бэ, ************* ахаа, зүгээр үү, хэн цохисон юм бэ” гэж асуусан чинь “************хаана байна” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй ш дээ, яасан, юу болсон юм” гэж ахиж асуусан чинь надад юм хэлэхгүй байж байснаа “ахыгаа гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би ************ ахыг гэр лүү нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн чинь хамраас нь гараад байгаа цус тогтохгүй байхаар нь хашаанд нь хамт амьдардаг эмээ дээр нь орж энэ тухай хэлчхээд би гэр лүүгээ явсан. ************* ************ гэдэг. ****************** нарыг танина. Хааяа нэг хамт архи уудаг л хүмүүс байгаа юм. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
4. ГССҮТ-ийн 12785 дугаартай өвчний түүх: “...************ нь 2022 оны 09 сарын 09-ны 2022 оны 09 сарын 19-ний өдөр хүртэл 10 хоног хэвтэж, хагалгаанд орж, эмчлүүлсэн. Толгойн томографид ...гавал ясны баруун зулайн ар хэсэгт 5.8см өргөн хэсэгт 0.6см гүн цөмөрхий үүсгэн, бяцарч сэтэрсэн ба гавлын хөндийд олон тооны 0.8см хүртэл хэмжээтэй ясны хэлтэрхийнүүдтэй хугаралтай. Мөн зүүн духны гадна дотор ялтас, ухархайн дээд хана дамжсан шугаман хугаралтай. Духны хөндийн зүүн этмойд хөндийн агааржилт буурсан цустай. Зүүн духны дэлбэнд 09см хүртэл гүн зузаантай. 3.2см өргөнтэй эпидурал цустай. Баруун зулайн ар доод хэсэгт 0.4см хүртэл гүн зузаан нимгэн эпидурал цустай. Баруун зулайн ар доод хэсэгт тархины эдэд 3.5х3.1см хэмжээтэй цус хуралт няцралын голомттой” гэж оношилсон тухай. (хавтаст хэргийн 100-113 дахь тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12752 дугаартай: “************ биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги адагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал)
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 886 дугаартай нэмэлт шинжилгээ: “...*************** биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах тархины баруун зулай, чамархай, дагзны дэлбэнгийн цусан хураа, мөн дух ясны зүүн талд ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Уг баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах тархины баруун зулай, чамархай, дагзны дэлбэнгийн цусан хураа гэмтэл нь тухайн хэсэг газарт хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлээр нэг удаа цохигдох үед, харин дух ясны зүүн талд ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь нүүрэн тус газарт мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн цохигдох (өшиглүүлэх, тоосгоор цохиулах, г.м) үед үүсгэгдэх боломжтой. Дээрх баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах тархины баруун зулай, чамархай, дагзны дэлбэнгийн цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, Дух ясны зүүн талд ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул уг журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтэл нь ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн толгойн компьютер томографыг дахин шинжлэхэд хоншоор ясны зүүн талын өмнөд хананы зөрүүгүй, хамар ясны тус тус хуучин хугарал гэмтэл тогтоогдож байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-59 дэх тал),
7.Шинжээч эмч ************: “********* толгойн зулайн баруун хэсэгт сүхээр 1 удаа цохиулсан тохиолдолд баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал нь үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нүүрний хэсэгтээ тоосгоор 1 удаа цохиулснаас дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал хамар ясны хугарал тархины зүүн духны дэлбэнгийн цусан хураа, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюулттай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
8. Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ************* биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь түүнийг цохиж байснаа бүдэг бадаг санаад байгаа юм” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, хохирогч ************, шүүгдэгч ************** нар нь бие биеэ таньдаг, хааяа нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь тэдгээрийн мэдүүлгээс харагдах ба хэрэг гарсан тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөн л хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, энэ үедээ маргалдаж шүүгдэгч Кадр хочтой ************** нь хохирогч ********* нүүр лүү өшиглөж, тоосгоор цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл, хохирогч *************нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* зодуулсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд нь ямар нэгэн эргэлзээгүй, тогтвортой, шууд зааж мэдүүлсэн шинжтэй, түүнийг бусдад зодуулсан, нүүр ам нь цус болсон байдалтай гудамжинд сууж байхыг гэрч ************ нь олсон байх төдийгүй хохирогч нь тухайн үед Кадраа хаана байна гэж өөрөөс нь асууж байсныг гэрчилсэн бол гэрч ************ нь өөрийн ач хүү ************ “Кадр хочтой *********** зодуулсан” болохыг өөрөөс нь асууж мэдсэн тухай дам байдлаар гэрчилж мэдүүлсэн, мөн шүүгдэгч *********** нь өөрийн үйлдлээ үгүйсгээгүй, эдгээр мэдүүлгүүд агуулгын хувьд ноцтой зөрүүгүй тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хохирогч ************ мэдүүлэгтээ “************* 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нүүр лүүгээ өшиглүүлж, тоосгоор цохиулсан, харин 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хамт архи уусан ********** гэх хүнд толгойн баруун ар хэсэгтээ сүхээр нэг удаа хүчтэй цохиулсан” талаар мэдүүлсэн байх ба ГССҮТ-ийн 12785 дугаартай өвчний түүх, шинжээчийн 12752, 886 дугаартай дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлгээр хохирогч *********** биед “баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах тархины баруун зулай, чамархай, дагзны дэлбэнгийн цусан хураа, мөн дух ясны зүүн талд ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон,
дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч **************** “хохирогч нь толгойн зулайн баруун хэсэгт сүхээр 1 удаа цохиулсан тохиолдолд баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал нь үүсэх боломжтой, энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг, мөн нүүрний хэсэгтээ тоосгоор 1 удаа цохиулснаас дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал хамар ясны хугарал тархины зүүн духны дэлбэнгийн цусан хураа үүсэх боломжтой, энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюулттай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг” тус тусад нь зааглаж мэдүүлсэн, иймээс шүүгдэгч **************** хийгээд яллагдагч *************** /эрүүгийн 2208000001644 дугаартай хэрэг/ нарын үйлдлийг тус тусад нь шийдвэрлэх боломжтой байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч **************** гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн болно.
Хүн оюун санаа, хүсэл зоригийн хувьд чөлөөтэй байж өөрийн хийх гэж буй үйлдлийн нийгэмд хортой, эсхүл ашигтай шинжийг ухамсарлан ойлгох чадвартай байхдаа хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч ************* нь тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа /хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаа үгүйсгээгүй/ хохирогчтой маргалдан нүүр лүү нь өшиглөх, тоосгоор цохих зэргээр хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон хэдий ч хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хүнд гэмтэл бүхий хохирол, үүнээс улбаатай хор уршиг учирсан байна. Иймээс шүүгдэгч ************ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.
II. Харин прокуророос **************2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 6 дугаар гудамжинд байрлах Бум хүнсний дэлгүүрийн ард байрлах түүхий эд авдаг цэгийн орчимд хохирогч ************* “авсан архинаасаа өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний толгойны баруун ар дагз хэсэгт тоосгоор цохиж, эрүүл мэндэд “тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйхны шарх“ бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх боловч дараах эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон тул ************* холбогдох хэргээс “хохирогч ************ эрүүл эндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тус хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэв.
Учир нь, дараах мэдүүлэг, дүгнэлт, баримтууд авагдсан ба хохирогчийн мэдүүлсэн ************* зодуулсан гэх цаг хугацаа нь түүний гэмтэл авсан цаг хугацаатай тохирохгүй, зөрүүтэй байна. Тухайлбал,
1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас: “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20:24:43 секундэд “********** нь хамт архи уусан Кадр хочтой эрэгтэй хүнд толгой руугаа тоосгоор цохиулсан” гэсэн агуулга бүхий дуудлагыг 8033... утаснаас бүртгүүлсэн (хавтаст хэргийн 144 дэх тал),
2. Хохирогч ************** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “....2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, нурсан грашнуудын орчим одоо ажиллахгүй байгаа караокетой дэлгүүрийн ард талд Доогий бид хоёр 2-догч түүхий эд болох төмөр түүгээд нэгдүгээр хороололд байх *********** түүхий эд авах цэг дээр очиж зарах гээд зогсож байхад гаднаас Кадр /Энхбаатар/ ганцаараа орж ирээд наад төмрөө өг гээд Доогий бид хоёрыг загнасан. Тэгэхээр нь би кадрт хандаж “Чи одоо намайг загнадаг хэн юм бэ" гээд хэлээд өөрийнхөө олсон төмрөө 3000 төгрөгөөр тушаасан. Хэсэг хугацааны дараа араас Доогийгийн нөхөр орж ирээд түүхий эдийн цэгт төмрөө мөн 4000 төгрөгөөр тушаагаад бид хэд тэндээс цуварч гараад төмөр тушаасан мөнгөнүүдээ нийлүүлээд Доогийгийн нөхөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бум нэртэй хүнсний дэлгүүрээс архи худалдаж авах гээд орсон. Энэ хооронд араас Кадр ирээд надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр шууд хатуу биетэй зүйлээр толгойны баруун талын дагз хэсэгт нэг удаа цохисон. Кадр тухайн үед юун сүртэй юм бэ, наад архинаасаа нэг балгуулаач гээд хэлэхэд нь чамд архи өгөхгүй, чи миний толгой руу хатуу зүйлээр цохичхоод яах гээд архи уух гээд байгаа нь гэж би түүнд хэлсэн. Ингээд бид хэд авсан архиа тойруулж ууж дуусгаад тэндээсээ тал тал тийшээ тарсан. Тухайн үед миний толгой өвдөөд байсан тул шууд гэртээ хариад унтаж амарсан. Гэртээ очоод тухайн шөнө унтаж амарч чадаагүй ба маргааш нь өглөө эрт Кадрыг олж уулзаад ингэж толгой руу цохихоор ямар байна, урд шөнө унтаж чадсангүй гээд гараараа түүний толгойны дагз хэсэгт нэг удаа цохиод, одоо чамайг цагдаад дуудаж өгнө гээд хэлэхэд надад хандаж намайг уучлаарай, цагдаад битгий хэлээрэй гээд гуйсан. Тэгээд би Кадрыг гуйсан болохоор цагдаад хандалгүй, тэр өдрөөс хойш би дахин зодуулчих байх гээд айгаад гэрээсээ огт гараагүй. ...Би үе үе архи уучихдаг юм, намайг архи ууж байх хугацаанд Кадр надтай үе үе таараад архиа хуваагаад уучихдаг байсан. Ойролцоогоор 2-3 жил үе үе таараад архи ууж байгаа. 2022.9.15-ны өдрөөс хойш Энхбаатараас өөр хүнд зодуулаагүй, би хүмүүстэй маргалдаад байдаггүй, Энхбаатарт цохиулсны дараа би эмнэлэгт шууд хандаагүй, бариачид хандахад томографын зураг авхуул гэсэн. Энэ хугацаанд би толгой өвдөөд аптекаас байнгын цитермон гэх эм худалдан аваад өвчнөө намдаадаг байсан, сүүлдээ өвчин намдаагч эм хэрэглээд ч болохгүй ухаан алдаж унадаг болсон. Намайг гэртээ ухаан алдаад унахад хамтран амьдрагч Баярсайхан эхлээд дүүргийн эмнэлэгт хүргэж өгөөд тэндээ нэг хоноод дүүргийн эмч нар ГССҮТ-т эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Нүүрэнд учирсан зулгаралт шарх нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ухаан алдаж унахдаа юм мөргөж унаснаас үүссэн байх. Түүнээс өөрөөр бэртэж гэмтсэн, зодуулсан асуудал байхгүй. Би ГССҮТ-д очоод 12 хоног ухаангүй эмчлэгдэж байгаад 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гараад одоогоор гадуур эмчийн зөвлөмжийн дагуу биеэ эмчлүүлж байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарах үед ор хоногийн мөнгө гэж 580,000 төгрөг авсан, эмнэлгээс гарсны дараа өвчин намдаах эм 48,000 төгрөгөөр авсан. Эмчилгээний зардал мөнгөнд 2000,000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157-159, 162 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэрч ***************: “...Би *********** гэх бүсгүйтэй 2021 онд танилцаж, очих гэр орон байхгүй, хамт амьдарч байх хугацаанд цахилгааны мөнгөнөөс чинь төлөлцье гэхээр нь зөвшөөрч хамт амьдрах болсон. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шиг санагдаж байна, оройны 19 цагийн үед гэртээ ирэхэд ************** гэрт нэлээд халамцуу байдалтай орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би Энхтуулыг чи гэртээ байсан байж хоол унд хийхэд яадаг юм бэ гэж хэлтэл би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Бумбат гэх хүнсний дэлгүүрийн арын хашааны түүхий эд авах цэгийн үүдэнд Кадр гэх хочтой залууд өөрийн авсан архиа өгөхгүй гэж хэлтэл миний толгойны арын дагз орчимд нэг удаа тоосгоор цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед цагдаад дуудаж тэмдэглүүл гэж хэлтэл миний толгой бага зэргийн хавдсан байгаа гэхээр нь би толгойнд хүрч үзтэл толгойн арын дагз хэсэгт бага зэрэг хавдчихсан байсан, ямар нэгэн байдлаар толгой хагарсан зүйл байгаагүй. Тэгээд тэр өдрөөс хойш ************ толгой байнга өвдлөө гэж хэлээд толгойны өвчин намдаах эм зэргийг эмийн сангаас худалдан авч хэрэглэх болсон. Кадр гэх залууд зодуулснаас хойш өөр ямар нэгэн хүнд зодуулж цохиулсан зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 172 дахь тал),
4. Гэрч ************: “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед миний төрсөн дүү ************ хамтран амьдрагч ************* нь утсаар холбогдоод “2022 оны 9 сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Эрчим төвийн хашаанд “кадр” гэх хочтой эрэгтэйтэй архи ууж байгаад маргалдан улмаар кадр нь *********** толгойн ар дагз хэсэгт нь тоосгоор цохисон. Тухайн үед толгойноос нь цус гараагүй гэх шалтгаанаар цагдаа болон гэмтэлд очоогүй гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр гэртээ хамт байж байх үед ухаан алдчихаар нь 103-руу залгаж дуудлага өгсөн” гэсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт явж очсон ба намайг очиход ************** нь гэртээ хэвтэж байсан. Тэгээд ************* уулзахад 9 дүгээр сард архи ууж байгаад “Кадр” гэх залууд толгойн дагз хэсэг рүү тоосгоор цохиулсан, тэр үеэс хойш толгой их өвдөөд байгаа, улмаар гэрээр толгойны эм уугаад байгаа гэж хэлсэн. Манай дүү *********** нь 2021 оноос эхлэн ************** гэх хүнтэй түүний гэрт нь хамтран амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165-167 дахь тал),
5.2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хохирогч ************* таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...тэрээр өөрийг нь зодсон хүн ***************** гэж заасан. (хавтаст хэргийн 186-187 дахь тал)
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 163 дугаартай нэмэлт шинжилгээ: “...**************** биед тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйхны шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба 2022.09.15-ны өдөр үүссэн байх боломжгүй, 2022.11.20-ны өдрөөс өмнө 3-7 хоногийн өмнө үүссэн шинэ буюу 2022.11.13-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл үүссэний дараа гавлын дотоод даралт ихсэх, тархи дарагдах хүртэл эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацаа нь хувь хүний бие махбодын онцлог, гэмтсэн судас болон гэмтсэн судаснаас алдаж буй цусны хэмжээнээс хамаарч хүн бүрт харилцан адилгүй байдаг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 260-263 дахь тал)
8.Шинжээч ***********: “...Хохирогч ********** биед үүссэн гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаг хугацааны хувьд ************ биед үүссэн гэмтэл 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл, харин 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжгүй. Учир нь, цусан хураа үүссэн гэмтлийн үеийн мэс заслын тэмдэглэл байгаа, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны эмчийн үзлэгийн тэмдэглэлд “шингэн цус соруулж авсан” гэсэн байгаа, хэрэв 14 хоногоос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл бол цус нь хатуу барзгар болоод хагалгааны явцад цус алдаагүй гэж бичигдэнэ, 28 хоногоос дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд шаргал зөөлөн жижиг хэмжээтэй болдог, ********** хувьд 2022 оны 9 сарын 15-ны өдөр гэмтэл авсан байх боломжгүй, би нэмэлт шинжилгээний дүгнэлт дээр бичсэн байгаа, эмнэлэгт хэвтэхээс 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн байгаа, 3-7 хоногийн хугацаанд хэлбэлзэж байгаа, ийм хугацаанд байж болно гэж, түүнээс 2 сарын хугацаанд хэлбэлзэнэ гэсэн утгатай биш. Энэ гэмтлийг авсан хүнд эхлээд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно, бага зэрэг толгой өвдөөд яваад байна, энэ гэмтэл цаг хугацааны хувьд 3-7 хоногийн дараа эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ, мөн тархи дарагдаж эхэлж байгаа тул ухаан алдана, 3-7 хоногийн хугацаанд тархи дарагдаж эхэлнэ, энэ хугацаа нь цусан хураа үүссэн гэмтлийн онцлогоос хамаарна гэсэн үг. Хохирогч **************2022 оны 9 сард гэмтэл аваад 2022 оны 11 сар хүртэл эм угаад яваад байх боломжгүй, гэмтэл авснаас хойш шинж тэмдэг нь 3-7 хоногт л илэрнэ, өөр шалтгаанаар гэмтэл үүссэн байлаа гэхэд хагалгааны явцад цусан бүлгэм нь шимэгдсэн байна. Хохирогчид учирсан гэмтэл өөрөө унах үед үүсэх боломжгүй. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэс засалд орсны дараа хохирогч ************ үзлэг хийх үед зүүн хацрын төвгөрт 1х2 см тав, хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай байсан, тухайн зулгаралт нь тав тогтсон байсан учир 7 хоногийн дотор үүссэн зулгаралт гэж үзнэ. Тэгэхээр 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүсээгүй, хэрэв 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байсан бол хүрэн улаан өнгийн зулгаралт байх ёстой” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
9.ГССҮТ-ийн 16466 дугаартай өвчний түүх: “...************** нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 12 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Уг түүхэд “...2022 оны 11 дүгээр сарын 13-нд хүнд тархиндаа цохиулж гэмтсэн гэж бичигдсэн. Бодит үзлэгээр ... ухаангүй, амнаас эхүүн үнэр үнэртэнэ, нүүрээр зулгарсан шархтай, дагзанд анхдагч цэгцэлгээ хийгдсэн шархтай гэж, Мэс заслын бичлэгт “...Зүүн зулайн чамархайн хуйханд том тах хэлбэрийн зүслэг хийж цахилгаан төөнүүрийн тусламжтай цус тогтоолтыг хийн хуйхыг дээш сөхөж бэхлэн ...цооног гарган ...цооногийг томруулсаар 10х8 см орчим трепенаци хийв. Ясны ирмэгүүдэд воскоор цус тогтоолт хийв. ...Хатуу хальс чинэрэлт ихтэй байсан тул хатуу хальсны дээрх судаснуудад бикоагуляцаар тогтоон нум хэлбэртэй зүсэж нээн субдураль зайг шалгаж сайтар угаав. Тархины хаван ихтэй байв. Зүүн чамархай суурь хэсгийн хатуу хальсан доорх цусыг соруулан авч гемостатик губкийн тусламжтайгаар цус тогтоолт хийж мөн тархи нилэнхүйдээ наалдац ихтэй зүүн чамархай хэсэгт тархины хальс задарсан цус алдаж байсныг бикогуляци болон гемостатиз губкээр цус тогтоолт хийв. Мэс заслын үед цус шүүрэмтгий байв” гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 228-243 дахь тал) зэрэг болно.
Хохирогч ************** нь мөрдөн байцаалтад 2 удаа, шүүхийн хэлэлцүүлэгт 2 удаа тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр эдгээр мэдүүлгүүддээ “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***********цохиулсан буюу толгойн ар хэсэгт хатуу биетэй зүйлээр цохиулж гэмтсэн, түүнээс хойш хэн нэгэнд цохиулж гэмтсэн зүйл байхгүй, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл гэртээ өвчин намдаах цитормон эм уугаад хэвтэж өнждөг байсан” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн төдийгүй хохирогч ************ нь таньж олуулах ажиллагаагаар өөрийг нь цохиж гэмтээсэн хүн нь *********** гэж заасан, улмаар энэ асуудлыг өөрийн хамтран амьдрагч **************, төрсөн эгч ************ нарт ярьсныг эдгээр гэрч нар дам байдлаар, өөрсдийн сонсож мэдсэн асуудлын хүрээнд мэдүүлцгээсэн.
Гэтэл хохирогч ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ухаангүй байдалтайгаар ГССҮТ-д хүргэгдэн эмнэгийн тусламж авч, мэс засалд орсон байх бөгөөд ГССҮТ-ийн 16466 дугаартай өвчний түүхэд “...2022 оны 11 дүгээр сарын 13-нд хүнд тархиндаа цохиулж гэмтсэн гэж /ар гэрийн зүгээс/ тэмдэглүүлсэн ба улмаар бодит үзлэгээр хохирогчийн нүүрээр зулгарсан шархтай, дагзанд анхдагч цэгцэлгээ хийгдсэн шархтай гэж, мөн мэс заслын тэмдэглэлд “...Хатуу хальс чинэрэлт ихтэй, зүүн чамархай суурь хэсгийн хатуу хальсан доорх цусыг соруулах, зүүн чамархай хэсэгт тархины хальс задарсан цус алдаж байсныг цус тогтоолт хийсэн, мэс заслын үед цус шүүрэмтгий байдалтай байсан нь бичигдсэн,
- мөн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15981 дугаартай, 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 163 дугаартай нэмэлт шинжилгээ, шинжээчийн мэдүүлэг зэрэгт ************* биед “тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйхны шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, цээжний цус хуралт, зулгаралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд учирсан, уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2022.11.20-ны өдрөөс өмнө 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, харин 2022.09.15-ны өдөр үүссэн байх боломжгүй, өөрөөр хэлбэл, гэмтэл авснаас хойш хүний биеийн онцлогоос хамаарч 3-7 хоногийн дотор тархи дарагдал үүсэх тул 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэмтэл авснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 сар 05 хоногийн хугацаанд өвчин намдаагч эм хэрэглээд удаан хугацаагаар яваад байх боломжгүй болохыг тусгасан байна.
Түүнчлэн шинжээч нь хохирогчид учирсан гэмтэл нь шинэ эсхүл хуучин эсэхийн ялгаа заагийг гарган тайлбарлахдаа “хохирогчид мэс засал хийх явцад шингэн цус соруулж авсан, энэ нь шинэ гэмтэл учирсан болохыг илтгэх бөгөөд харин хуучин удсан гэмтэл байгаа тохиолдолд, тухайлбал, 14 хоногоос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл бол цус нь хатуу барзгар болоод хагалгааны явцад цус алдахгүй, 28 хоногоос дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд шаргал зөөлөн жижиг хэмжээтэй болдог талаар шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт болон мэдүүлэгтээ дурдсан байна.
Хохирогчид учирсан хүнд гэмтлээс гадна бусад гэмтлүүдийн талаар хохирогч ************ мэдүүлэхдээ “2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ухаан алдаж унахдаа юм мөргөж унаснаас нүүрэнд зулгарсан гэмтэл үүссэн, өөрөөр гэмтээсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн боловч шинжээч ************** нь тус гэмтлийн талаар тайлбарлахдаа “...************* үзлэг хийх үед зүүн хацрын төвгөрт 1х2 см тав, хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай байсан, тухайн зулгаралт нь тав тогтсон байсан учир 7 хоногийн дотор үүссэн зулгаралт гэж үзнэ. Тэгэхээр 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүсээгүй, хэрэв 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүссэн байсан бол тав тогтоогүй, хүрэн улаан өнгийн зулгаралт байх ёстой. Харин хохирогчид учирсан гэмтлүүд нь түүний өвчний түүхэд тусгагдсан “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусдад зодуулсан” гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтойг дурдсан байна.
Энэхүү өвчний түүх, КТГ шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, харилцан бие биеэ нотолсон шинжтэй байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Харин хохирогч ************, түүний мэдүүлгийг дам байдлаар мэдүүлсэн нэр бүхий гэрч нарын “...************ нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зодуулсан” гэсэн мэдүүлэг нь дээрх өвчний түүх, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэгт дурдагдсан цаг хугацаанаас зөрсөн, тэдгээрийн мэдүүлэг нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдсэн тул хохирогч ************ учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч ************* үйлдэлтэй хамааралгүй, шалтгаант холбоогүй байна гэж дүгнэхээр байна.
Иймээс хохирогч ************** мэдүүлэг, түүнтэй холбоотойгоор хийгдсэн ажиллагааг /таньж олуулах ажиллагаа/ нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй гэж заасан.
Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсэгт “...Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж, арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Нэгэнт шүүгдэгч **************үйлдлээс шалтгаалж хохирогч ************** эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх, гэм буруутайд тооцох боломжгүй байна.
Харин хохирогчид учирсан хүнд гэмтэл нь цаг хугацааны хувьд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, уг гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй, гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болохыг дээрх дүгнэлт, мэдүүлэг зэрэгт тодорхойлсон байх тул хохирогчид учирсан гэмтлийг хэн, хэрхэн, ямар байдлаар учруулсан болохыг шалгуулахаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хохирогч *********** эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтийн 220800000 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
улмаар *********** холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ************ “хохирогч ************** эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч ************** үйлдлээс болж хохирогч ************** эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх боловч хохирогч нь эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч ************* нь эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************* нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин хохирогч ************* хувьд шүүгдэгч **************** үйлдлээс шалтгаалж ************* эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд ************ эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой холбоотой асуудлыг шалгуулахаар хэрэг бүртгэлтийн 220800000 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаатай холбогдуулан түүний нэхэмжлэлийн асуудлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 3 жилийн хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай” дүгнэлтийг,
Хохирогч *************, ************* нар “ямар нэгэн саналгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************** “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *************** “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *********************үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын аль алин нь тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, тэрээр бусдын биед халдахдаа тоосго, чулуу гэх мэт зүйл ашигладаг нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид хүнд хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй/ зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “прокуророос санал болгосон хорих ялын хэмжээг багасгаж өнгө үү” гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, харин дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч **************** нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 54 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************** холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч ************ эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 220800000 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3.Шүүгдэгч ************* овогт ************** ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ цагдан хоригдсон 54 (тавин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************** нь эмчилгээ үйлчилгээний зардалтай холбоотой шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хохирогч ************* нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.СЭРЖМЯДАГ
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР