| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Т.З /ӨҮД-000/, М.Б /ӨҮД-000/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б-т холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б-ийн Б /РД:0000000/,
Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “****** ” ХХК-нд кузов засварт ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хөшгийн 9-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***** ам гэх газраас хохирогч С.Д эзэмшлийн “улаан хүрэн зүсмийн шүдлэн эм баруун талын чих тайрсан эмтэй”, “саарал зүсмийн шүдлэн эр зүүн талын чих нь тайрсан эмтэй” нийт 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2,400,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1. Шүүхээс тогтоогдсон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* ам гэх газраас хохирогч С.Д эзэмшлийн “улаан хүрэн зүсмийн шүдлэн эм баруун талын чих тайрсан эмтэй”, “саарал зүсмийн шүдлэн эр зүүн талын чих нь тайрсан эмтэй” нийт 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,400,000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон.
2. Нотлох баримтын үнэлгээ:
Талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагчаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-р хуудас/,
-Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө үхрээ нарийн ам руу бэлчээрт гаргаад орой 18 цагийн үед хөндлөнгийн 1 дүгээр гудамжинд байдаг гүний худаг дээр үхрээ услаад тэнд үлдээгээд явсан. Гэр рүүгээ явсан. Манай үхрүүд усаа уугаад гэрийнхээ үүдэнд өөрсдөө ирдэг юм. Тэгээд үхрээ тоолоход шүдлэн үхэр 2 дутаад байсан. Орой болсон байсан болохоор сайн хайж чадаагүй гэрийнхээ ойр орчмоор хайж байгаад унтсан. Тэгээд маргааш нь үргэлжлүүлээд үхрээ хайж байгаад партизаны цагдаад хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа нар руу залгаад танай үхэр айлын хашаанаас олдлоо гээд манай гэрт авчирч өгсөн юм. Ер нь бол манай тэр хавыг тэр чигт нь Нарийн ам гэдэг харин манай гэрийн хаяг буюу гудамны нэр нь хөндөн гэдэг юм. Үхрээ нарийн амнаас алдсан гэсэн үг ...Би хоёр тооны үхрээ буцаагаад авсан. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,
-Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед энэ хэргийн талаар мэдээгүй байсан. Сүүлд хэд хоногийн дараа Б-аас сонссон. Б надад хэлэхдээ ажлынхаа хөлсөндөө хоёр үхэр авсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь ямар учиртай яагаад цагдаагаар яваад байгаа юм бэ гээд асуухад үнэнээ хэлсэн ба танихгүй хүний хоёр үхрийг авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “***************” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2174 дугаартай:
“...алдагдсан гэх 2 тооны шүдлэн үхрийг нийт 2.400.000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б-ээс:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол гаргасан С.Д, тэмдэглэл үйлдсэн н.М, гарын үсгийн тайлал байхгүй. Х.Н-т шалгаж шийд гэсэн байгаа юм, тасгийн даргын гарын үсэг байхгүй, тухайн гомдол мэдээлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж бэхжүүлнэ гэснийг зөрчсөн, Х.Н-т цохих эрх бүхий албан тушаалтан гэдэг нь тодорхойгүй байна, мөн гомдол мэдээллийн хугацаа сунгасан он, сар өдөр байхгүй /хавтаст хэргийн 1-р хуудас/,
-Эрүүгийн цагдаа н.С мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримт буюу эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл, эргүүлийн цагдаа н.С мөрдөн шалгах ажиллагаа хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдсэн, ахлах дэслэгч С.Ш хэргийн газарт үзлэг хийсэн байдаг /хавтаст хэргийн 4-6-р хуудас/,
-Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаа хийсэн, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
-Гэрч С.Д-ын мэдүүлэг, Х.Н мэдүүлэг авсан, Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийг танилцуулсан, энэ нь Монгол улсад байхгүй хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хууль тайлбарлаж сануулсан байгаа, Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гээд Монгол улсад байхгүй, урьд хэрэгжиж байгаагүй хуулийг танилцуулсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг танилцуулсан. Энэ нь мөн Монгол улсад байхгүй хууль /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
-Гэрч Б.Б-ын мэдүүлэг, Б.Э мэдүүлэг авч ажиллагаа хийсэн байдаг, ингэхдээ мөн адил Монгол улсад байхгүй хуулийг сануулж авсан /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
-Гэрч С.Д-ын мэдүүлэг, Монгол улсад хэрэгжээгүй Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн танилцуулж мэдүүлэг авсан, мөрдөн шалгах эрхгүй М.Хишигдалай мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 14-16-р хуудас/,
-Гэрч Т.Б-ын мэдүүлэг, Монгол улсад байхгүй хууль танилцуулсан, мөрдөн шалгах эрхгүй этгээд Х.Н мөрдөн шалгах ажиллагаа хийсэн /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
-Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тогтоол, мөрдөн шалгах эрхгүй этгээд Б.Э хийсэн, үнэлгээг Б.Э хүлээн авсан эсэх нь тодорхойгүй гарын үсэггүй, хэрэгт Б.Э-ийг томилсон даргын тогтоол байхгүй /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
-Эд хөрөнгийн үнэлгээ, мөрдөн шалгах албаны даргын тодорхойлолтгүй ахмад Х.Н ажиллагаа хийсэн /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэсэн байгаа, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй заалт, мөн яллагдагч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэж яллагдагчаар татах санал гаргасан, албаны даргын тодорхойлолт байхгүй Х.Н дээрх саналыг гаргасан /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, мөрдөн шалгах эрхгүй этгээд мөрдөн шалгах ажиллагаа хийгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж саналаа өгсөн /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
-Тогтоол танилцуулсан баримт, Б.Б тогтоолтой танилцсан боловч цагдаагийн хэн гэдэг албан тушаалтан танилцуулсан нь тодорхойгүй, гарын үсэг байхгүй /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,
-Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг байхгүй /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,
-Яллагдагчийн мэдүүлэг, мөрдөн шалгах эрхгүй этгээд мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 31-33-р хуудас/,
-Ял шалгах хуудас /хавтаст хэргийн 36-р хуудас/,
-Мөрдөгчийн тогтоол, гомдол мэдээллийг хэрэгт хавсаргасан тогтоол бөгөөд мөрдөн шалгах эрхгүй этгээд тогтоол үйлдсэн /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,
-Мөрдөгчийн тогтоол, хэргийг шилжүүлэх саналтай тогтоол бөгөөд мөрдөн шалгах эрхгүй этгээд санал гаргасан /хавтаст хэргийн 56-р хуудас/,
-Хохирогч С.Д-ын хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 58-р хуудас/,
-Яллах дүгнэлт /хавтаст хэргийн 59-62-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай хашаанд өвс буусан байсан. Хашаанд үхэр орж ирээд өвс идээд байсан. Би тухайн үхрийг хөөж гаргасан боловч саравчийн хойгуур 2 үхэр орсныг би анзаараагүй юм. Өглөө цагдаа ирээд ийм зүйл болсон. Цагдаа ирээд байцаалт авахад би яах вэ гэж хэлэхэд ингэж мэдүүлэг өгчих, би чамайг 500,000 төгрөгөөр торгуулаад салгаад өгнө гэсэн. Тэгээд явцын дунд ийм зүйл болсон гэв.
Улсын яллагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нь 2 тооны шүдлэн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б: С.Д-ыг хохирогч гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гарал үүслийн бичиг, ойролцоо байдаг гэрчийн мэдүүлгийг үндэслэх ёстой байхад н.З гэж хүний нэр дээр байдаг гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа хийсэн мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-4, 9.6-4-д заасны дагуу тайлбар мэдүүлэг аваагүй. Ямар хуулийг сануулж мэдүүлэг авсан нь тодорхойгүй байгаа. Хохирогч болон гэрч худал мэдүүлэг өгсөн бол ямар хуулиар хариуцлага хүлээлгэх тодорхойгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-6-д зааснаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нотлох баримтуудыг энэ хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул дээрх нотлох баримтуудыг тооцохгүй байх саналыг гаргасан. Үүнтэй холбогдуулж мөрдөгч нарын шалгаж бэхжүүлсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурорын дагуу энэ хуулиар мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан байгаа. Хэргийг нөгөө мөрдөгчид шилжүүлэх ёстой байгаа. Даалгасан шинжтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тодорхойлолт бөгөөд хуульд заасан эрх, үүрэг үүснэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан эрх үүсээгүй, цуглуулж шалгуулж бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлаар тодорхойлсон. Мөрдөгч энэ хуульд заасны дагуу цуглуулж, шалгуулж бэхжүүлнэ гэж заасан. Үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх үүрэг үүсээгүй буюу мөрдөгч нарын цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтуудыг хуулийн зорилтод нийцэж байгааг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-2-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх хууль зүйн дүгнэлт үүснэ. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай. Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу бодит байдлыг тогтоож чадаагүй. Мөрдөгч нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарах юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр: Санал нэг байна гэв.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дээрх нотлох баримтыг шинжлэн судлах боловч тухайн нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ...энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхой заажээ. Тодруулбал эрүүгийн ************ дугаар хэрэгт:
1. Хавтаст хэргийн 4-5-р хуудаст 2022 оны 10 сарын 20-ны өдөр эргүүлийн цагдаа ахлах дэслэгч Б.С-ын үйлдсэн “улаан шүдлэн үхэр 1 ширхэг, цагаан сартай ягаан шүдлэн үхэр 1 ширхэг хураан авч хүлээлгэн өглөө /хүлээн авсан: З/” гэх агуулгатай илтгэх хуудас хэрэгт авагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2-т “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн түүнчлэн яллагдагчаар татсан тогтоолд гэмт хэргийн хохирлыг хохирогч С.Д-ын эзэмшлийн улаан хүрэн зүсмийн шүдлэн, саарал зүсмийн шүдлэн гэсэнтэй тохирохгүй байх төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагаанд нотолж чадаагүй нөхцөл байдал гэж үзэхээр байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг” мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-д “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” 1.3-д “шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх” гэж заасан.
Энэ нь хуулийн 10.9 дүгээр зүйлд заасан мөрдөгч оролцогч болохгүй тохиолдлоос сэргийлэх болон мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангуулах ач холбогдолтой юм.
Харин гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд цагдаагийн ахмад Х.Н-т уг хэргийг шалгаж шийдэх талаар албаны даргаас мөрдөгчийг томилсон атал цагдаагийн дэслэгч Б.Э 2022 оны 11 сарын 6-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үйлдэж, Хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байгаа төдийгүй, өөр мөрдөгч томилсон шийдвэр хэрэгт байхгүй байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
3. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь 2 тооны шүдлэн үхэр алга болсон талаарх үйл баримтыг нотолж тогтоосон байх ба бусад баримт болох гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Б-ыг хохирогчийн эзэмшлийн 2 тооны үхэрийг хууль бусаар авсан гэх гэмт хэргийн нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан хуулийн заалтыг зөрчсөн дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүй нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй төдийгүй тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгч...-д ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах нь зүйтэй.
4. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох.” гэж хуульчилсан байна.
Уг хэрэгт хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Бусад асуудлын талаар
Шүүгдэгчийг цагаатгасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн ********* дугаар яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, эрүүгийн ********** тоот хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Мөн шүүгдэгч Б.Б нь битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийн шүүгдэгч Х овогт Б-ийн Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгасугай.
2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн **** дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн ************ дугаартай хэргийг прокурорт буцаасугай.
3. Шүүгдэгч Б.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА