Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: С.Энхням,

шүүгдэгч: Ч.С, түүний өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ч.С-д холбогдох эрүүгийн ************ тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б овогт Ч-ын С  /РД:***********/,

 Монгол Улсын иргэн, ********-ны өдөр *********** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,   

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 0-0 тоотод өмнө нь гар утсаар хоорондоо хэрэлдэж байсан асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж, иргэн Э.О-ийн баруун талын нүдрүү өшиглөх, толгой, хамарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо,  0-0 тоот гэрийнхээ гадаа хамтран амьдрагчийнхаа хуучин нөхөр Э.О-тэй  маргалдаж, түүнийг дэгээдэж унаган баруун талын нүдрүүнь  өшиглөх, толгой, хамарт гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

        -Иргэн Э.О-өөс “2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** сургуулийн хойно үл таних хүнд зодуулсан гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

          -Хохирогч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн********** 0-0 тоотод 17 цагийн үед очсон...манай хуучин гэрээс нэг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн ба надруу дөхөж ирээд шууд намайг заамдаад авсан. Тэгэхэд нь би өөдөөс нь зөрүүлж заамдаад хоолойг нь гараараа боосон. Тэгтэл тухайн залуу намайг хөлөөрөө дэгээдэж унагаагаад баруун нүдрүү баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн ба би босоод иртэл миний толгойруу баруун гараараа 2 удаа цохисон ба би машин налаад байж байтал миний хамарлуу 2 удаа баруун нүдруү 2-3 удаа цохьсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

         -Гэрч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын дундуураас С  гэх залуутай хамтран амьдарч байгаа юм. О  бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй, манай нөхөр надаас салахдаа 2 хүүхдээ аваад, би 1 хүүхдээ өөр дээрээ авч салсан юм. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цаг өнгөрч байхад хуучин нөхөр болох О рүү залгаад би 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна, санаад байна гэж уйлж гуйтал тэгтэл О  2 хүүхэдтэй маань уулзуулахаар болоод 18:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн гадна талд О  2 хүүхэдтэй маань ирээд тэгээд машин дотор би 2 хүүхэдтэйгээ 1 цаг гаран уулзсан. Тэгээд уулзаж дуусаад би гэртээ харих гэхэд О  намайг гэрт хүргэж өгсөн, манай 2 хүүхдийн дулаан хувцас гэрт байсан болохоор бас хүүхдүүддээ хувцсыг нь өгье гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороонд хүргүүлсэн тэгээд би гэрийнхээ наана буучихъя чи аягүй бол С тэй хэрүүл маргаан хийгээд асуудал болно гэтэл О  зүгээрээ би хэрэлдэж зодолцохгүй ээ хүүхдийнхээ хувцасыг аваад явна гэхээр нь би яг гэрийнхээ үүдэнд буугаад гэрлүүгээ ороод хүүхдүүдийнхээ хувцсыг авч өгчихөөд О ийг одоо яваа гэж хэлтэл О  хөөе пизда минь гараад ир гээд орилтол манай нөхөр С  гэрээс гарч ирээд яасан бэ, юу болсон бэ гэж асуутал О  шууд С гийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод хоолойг нь боотол С  бас зөрүүлээд О ийн хоолойг боогоод бас нүүр рүү нь цохисон, тэгээд хоорондоо барьцалдаж авч цохилцоод газарт унасан тэгэхээр нь би больцгоо, муу ч гэсэн 2 хүүхдийн эцэг, нэг нэгнийгээ алах гээ юу гээд ууралтал С , О  2 зодолдохоо болиод салцгаасан тэгэхээр нь би С г аваад гэртээ орсон. Тэгээд ойролцоогоор 20-30 минутын дараа С  бид 2 цэцэрлэг орох ажилтай байсан болохоор гэрээсээ гараад явж байтал О  манай гэрийн ойролцоох дэлгүүрт байж байснаа намайг дуудахаар нь очтол цагдаа нар ирчихсэн байсан, тэгээд С  бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13-р хуудас/,

        -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Э.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний **** дугаартай:  

               “...1. Э.О-ийн биед баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

               5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 24-25-р хуудас/,  гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ч.С гийн яллагдагчаар өгсөн: “...Би Ц гэх эмэгтэйтэй 2022 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа юм. Ц өмнө нь нөхөртэй 3 хүүхэдтэй байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цаг өнгөрч байсан байх цагийг нь сайн санахгүй байна, манай эхнэр Ц 2 хүүхэдтэйгээ уулзчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан юм тэгээд орой 17:00 цагийн үед хүүхдүүдтэйгээ уулзчихаад ирлээ, гэрт байгаа дулаан хувцаснуудыг нь өгье гээд гэрээс тортой хувцаснууд аваад гарсан тэгэхээр нь би араас нь гартал ******** хуучин нөхөр гэх үл таних залуу намайг дуудаад орилоод байсан тэгэхээр нь би яасан бэ, яах гэж байгаа юм гэтэл нөгөө үл таних залуу намайг шууд цамцнаас заамдаж аваад хоолой боохоор нь би тухайн үл таних залууг хөлөөрөө дэгээдээд газар унагаатал намайг хөлөөрөө унахдаа миний толгой хэсэгрүү өшиглөсөн, тэгэхээр нь би тухайн залуугийн баруун талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон чинь тухайн залуугийн хамарнаас нь цус гарчихсан тэгтэл манай эхнэр Ц бид 2-ын голоор орж салгаад намайг гэрлүү дагуулаад орсон. Тэгээд ойролцоогоор 20-30 минутын дараа Ц бид 2 цэцэрлэг орох ажилтай байсан болохоор гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн ард талд байх цэцэрлэг ороод сандал угсарч байтал манай эхнэр надруу залгаад гараад ирээч гэхээр нь цэцэрлэгийн гадаа гараад очтол Ц-ийн хуучин нөхөр цагдаа нар дагуулаад ирчихсэн байсан тэгээд Ц бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...” гэж /хавтаст хэргийн 62-64-р хуудас/ мэдүүлж байсан.

-өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 46-р хуудас/, нийгмийн халамжийн лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/, зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би өшиглөөгүй гараараа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Э.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.О-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ч.С нь хохирогч Э.О-ийн нүүр рүү өшиглөж, гараараа цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.С г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.О  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.С г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Ч.С нь гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ч.С гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан бий болсон гэж үзэж байна. Ам бүл 5, хамтран амьдрагч 3 хүүхдийн хамт амьдардаг, хамтран амьдарч ажил хийдэггүй байдал, гэмт хэргийн шинж, хор уршгийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.С г гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Ч.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн; /харилцан маргалдан, улмаар шүүгдэгчийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан нөхцөл байдал тогтоогдсон/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Ч.С гийн ам бүл /5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг/-ийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Ч-ын С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.С д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА