| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0186/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/211 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Р |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/211
2023 02 14 2023/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *************овогт ************* ************ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308000000164 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны **** дугаар сарын ****-ны өдөр ********** аймгийн ****** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, *********** ХХК-д тэсэлгээчин, ам бүл 2, эмээгийн хамт ******** аймгийн ******* сумын 2 дугаар багийн ********* тоотод оршин суух хаягтай боловч одоо *********** дүүргийн **** дугаар хороо, ********** дугаар гудамжны ***тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ овогт ************** ***************(РД:*************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” ресторанаар үйлчлүүлж байхдаа иргэн ************ тавьсан “бусдын ширээнээс босох” тухай шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар толгойн хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би мэдүүлэг өгөхгүй, буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” ресторанаар үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхдаа иргэн ****** тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар толгойн хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч ***********: “Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байранд байдаг Дэлгэрэх рестораныг ажиллуулдаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 00 цаг болж байхад тухайн үед гурван эмэгтэй ширээн дээр сууж үйлчлүүлж байхад нөгөө ширээн дээр үйлчлүүлж байсан хоёр залуугийн нэг залуу нь нөгөө гурван эмэгтэй дээр очоод суусан. Тэгтэл үйлчлүүлж байсан эмэгтэйчүүд “энэ хүнийг аваарай” гээд уурласан. Тэр үед манай зөөгч ************ очоод “бос” гэж хэлэхэд тэр эрэгтэй үгэнд ороогүй, босохгүй байсан тул би очоод “босоорой манай байгууллага одоо хаах” гэж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуугийн хамт явсан нөгөө залуу нь найздаа хандаж “намайг цохь” гээд байсан. Ингээд би тэр хоёр залууг авч үүдэнд гаргасан. Тэгтэл эмэгтэйчүүдийн ширээн дээр сууж байсан залуу надтай барьцалдаж аваад нүүр лүү нэг удаа мөргөхөд нөгөө залуу нь намайг татаж унагаасан, энэ үед үйлчлүүлж байсан гурван эмэгтэй болон гурван өөр эрэгтэй, бас манай зөөгч ************гарч ирж салгасан. Тэгээд би буцаад ресторан луугаа ороод зогсож байхад эмэгтэйчүүдийн ширээн дээр сууж байсан залуу чулуу барьж орж ирээд миний толгой руу 2 удаа цохисон. Миний толгойны орой хэсэг хагарсан өөр гэмтэл шарх байхгүй...
2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Дэлгэр ресторанд болсон асуудалтай холбогдуулан компьютер томографын хариуг харсан чинь ноцтой гэмтэл байхгүй учраас гомдолгүй. Миний хохирол болох 350,000 мянган төгрөгийг миний Хаан банкны 5019833888 дугаарын данс руу шилжүүлж гомдлыг минь барагдуулсан... Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг ********* гэх залуу надад учруулсан, өөр хэн нэгэн хүн надад гэмтэл учруулаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 26-27 дахь тал),
2. Гэрч **********: “2022 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед 4 эрэгтэй орж ирээд манай байгууллагаар үйлчлүүлж байгаад 2 эрэгтэй нь гараад явчихсан, харин 2 эрэгтэй нь үлдсэн. Тэр үед текний хажууд 3 эмэгтэй ширээн дээр үйлчлүүлж байсан юм. Тухайн үед үлдсэн хоёр эрэгтэй манай ресторанаас гарч яваад 5 минут орчим гадаа байж байгаад буцаад орж ирээд намхан залуу нь 3 эмэгтэйн ширээн дээр очиж суусан. Тэгтэл тэр 3 эмэгтэй уурлаад “энэ хүнийг аваарай” гэж хэлэхээр нь би очоод “энэ хүмүүс уурлаад байна. Та энэ ширээнээс босоорой” гэж хэлсэн чинь тэр хүн огт босохгүй байсан ба би эрэгтэй зөөгч буюу *********** дуудсан чинь ********* ирээд тэр намхан залууд хандаж “босоорой” гэж хэлэхэд тэр намхан залуу босоод *********руу дайраад байсан... Тэгтэл тэр хоёр эрэгтэй манай зөөгч ********** хамт ресторанаас гарсан. Удалгүй 3 эмэгтэй нойлоос гарч ирээд цонхоор гарснаа “хүүе ээ танай нөгөө эрэгтэй зөөгчийг чинь гадаа зодоод байна” гэж хэлэхээр нь би гараад очих үед манай зөөгч Билгүүн намхан залуутай барьцалдаад маргалдаад зогсож байсан. Харин ардаас үйлчлүүлж байсан гурван үл таних эрэгтэй гарч ирээд ********** болон намхан залуу хоёрыг салгасан. Тэр үед гарч ирсэн гурван залуу бол хэнтэй ч зодолдоогүй, нөгөө хоёр өндөр, намхан залуучууд тэр хүмүүс рүү дайрч байснаа цаашаа явчихсан. Тэгээд ***********тек дээр зогсож байхад **************** маргалдсан нөгөө намхан залуу гаднаас орж ирээд чулуугаар ************** толгой руу 2, 3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
3. Гэрч *************: “2022 оны 12-р сарын 26-ны 24 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Дэлгэрэх ресторанд доор подволын давхарт нь байж байсан чинь дээр хүмүүс маргалдаад пижигнээд байхаар нь гараад очтол үүдэн хэсэгт үл таних 2 залуу манай хүүхэд болох ************ бариад авчихсан ноцолдоод байхаар нь би очоод салгаад ************ аваад дотогш орсон. Тэгсэн чинь ардаас нөгөө 2 залуу орж ирээд жижиг биетэй залуу нь гартаа чулуу барьчихсан байхаар нь би оруулахгүй гээд хориглосон боловч намайг түлхэж орж ирээд манай хүү болох ************ толгойд 2 удаа цохисон. Тэгээд тэнд ажилладаг зөөгч ************* цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
4. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 730 дугаартай “************* биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
5. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “Сонгинохайрхан дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байр Дэлгэрэх нэртэй рестораны ...үүдний хаалгаар ороход үүдний хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйл шалаар цацагдаж арчсан байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд үүдний хаалганы хананы хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон чулуу байсныг эд мөрийн баримтаар хураан авав.” (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
6. Шүүгдэгч ************: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 хороо Дэлгэр паб-д архи согтууруулах ундаа уучихсан байсан учраас бухимдаад тухайн үед толгой руу нэг удаа чулуугаар цохисон ба би энэ хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас үзвэл, шүүгдэгч ************ тус пабаар үйлчлүүлж байхдаа бусдын ширээнд зөвшөөрөлгүйгээр очиж суусан асуудал нь бусдын дургүйцлийг хүргэж улмаар энэ хүнээ аваач гэсэн шаардлыг ширээний хүмүүсээс тавьсан, уг асуудлыг зохицуулахаар очсон **************** шаардлагыг шүүгдэгч нь үл хүлээн авч, өөдөөс нь маргасан төдийгүй тэдгээр нь гадагш гарч хоорондоо барьцалдаж авсныг тэнд байсан хүмүүс салгацгаасан байна. Улмаар ************** нь паб дотор байх үед нь шүүгдэгч ************* нь гаднаас чулуу барьж орж ирэн түүний толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар харилцан зөрүүгүй мэдүүлцгээсэн байх тул хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж үүссэн, тухайн гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч *********** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ******** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******** нь хохирогч ***********д 350.000 төгрөг төлж барагдуулсан болох нь **************** эзэмшигчтэй 5897227571 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй байх гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 77 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ********* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) *********** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тухайн үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********овогт ****** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ