Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2019/00051

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Баянговьд оршин суух, Их хойд овогтой Д.А-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч:  ГАА БСЗДТГт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Хнь сумын Засаг даргын тамгын газрын галчаар сумын ЗДТГ-ын даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан. 2018 оны 05 сарын 08-ны өдөр сумын ЗДТГ-ын даргын Б\06 дугаар тушаалаар ээлжийн амралтаа эдэлсэн боловч одоог хүртэл ажилд буцаан оруулахгүй байгаа юм. Сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б нь намайг өөрийн хүсэлтээр чөлөө авсан болгож тушаал гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар чөлөөлсөн байна. Миний бие өөрийн хүсэлтээр чөлөө хүсээгүй бөгөөд уг Б/18 дугаар тушаалтай танилцаагүй, ажилдаа орохыг хүлээгээд байсан боловч миний эрхэлж байсан ажлын байранд өөр хүн авсныг мэдээд очиж уулзтал уг тушаалыг танилцуулсан. Миний бие ажилдаа орохыг хүссэн өргөдөл 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын ЗДТГ-т гаргаж өгөхөд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3/340 дугаар албан тоотоор хариу ирүүлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагын галч нарыг ажилд оруулж нүүрс буулгах, орчны цэвэрлэгээ, сан техникийн засвар үйлчилгээний ажил эхэлсэн талаар дурьдсан байсан бөгөөд надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд санаатайгаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөө авсан болгож хууль бусаар өөрийн найзаа ажилд томилсон үйлдэл гаргасан байна. Миний бие хуулийн дагуу ээлжийн амралттай байсан, мөн захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд энэхүү Сумын засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заагдсаны дагуу хууль бус захиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2 дахь заалтын дагуу илт хууль бус акт бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй байгаа тул үнэн зөвийг тогтоон ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Хнь 2010 онд БС ЗДТГгалчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж  ажилд орсон. 2018 оны 05  дугаар сард Засаг даргын тамгын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ч.Б нь ээлжийн амралт олгосон тушаал гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд галч нарыг ажилд нь дуудаж ажил үүргийг нь өгөөд явсан. Гэтэл Д.Х-ыг  10 дугаар сарын 01-ний өдөр дуудаагүй. Нийт 4 орон тоотой. Хасбаатар нь ганцаараа үлдсэн.  Ч.Б нь  Д.Х-ыг  хэдийд ч дуудахад ирэх боломжтой байсан.  Хоёр ч удаа оронд нь өөр хүн ажиллаж байна гэхээр нь очиход ажлаас халсан тушаал өгсөн. Чөлөө хүсээгүй байхад чөлөө хүссэн тушаал гаргасан. Шүүхэд гомдол гаргаад явахаар нь ажилд нь эргүүлээд томилсон. Хуулиндаа бол ээлжийн амралттай  байхад ажлын байрыг нь хадгална гэж заасан байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Д.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Хнь  ГАА БСЗДТГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Хнь  ГАА БСЗДТГт галчаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн БС ЗДТГдаргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Хнь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа орохыг хүссэн өргөдөл өгөхөд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/340 дугаартай албан бичгээр ажил тасалсан тул оронд нь Р.Б-ыгтүр томилсон тул  чөлөөний хугацаа дуустал ажилд нь эгүүлэн томилох боломжгүй талаарх хариуг авснаар өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсан болохыг мэдэж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн БС ЗДТГдаргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар галч Д.Х-ыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажилд томилсон болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, уг тушаалын эх хувь зэргээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Х-ын нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны цалингийн зохих бичилтүүд хийгдээгүй байх тул 2017 оны 10, 11, 12 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 391.094 + 391.094 + 449.758 = 1.231.946 төгрөг, 1.231.946 : 3 = 410.648 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 410.648 : 21.5 = 19.099 төгрөг байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нийт ажлын 66 хоногийн цалинг тооцож 1.260.534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.260.534 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.803 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч  ГАА БСЗДТГ нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАА БСЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.260.534 /нэг сая хоёр зуун жаран мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Их хойд овогтой Д.А-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Х-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч  ГАА БСЗДТГт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.260.534 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.803 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН