| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/214 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/214
2023 02 14 2023/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт *********** ************ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308000000112 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***********оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ********* дүүрэг, *** дүгээр хороо, *********** тоотод оршин суудаг, урьд ********* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 439 дугаартай шүүгчийн захирамжаар /Өршөөлийн хуулиар/ суллагдсан, ********** овогт ************ *********** (РД:*************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Халгайтын задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа иргэн ***************** зодож зүүн зулай, дух болон зүүн шанаа, дээд зовхийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхан доорх цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....гэм буруугаа ойлгож байгаа, мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Халгайтын задгай тоотод бусадтай нийлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа иргэн ************ толгой руу гараараа цохих, шилэн аягаар цохих зэргээр зодож зүүн зулай, дух болон зүүн шанаа, дээд зовхийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхан доорх цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч ***************: “Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би нөхөр ********* хамт ********* гэр болох Гэмтлийн эмнэлгийн зүүн талд нь байдаг байшин руу 19 цагийн үед очсон. Нөхөр бид хоёр ************** хоол идчихээд 20-30 минутын дараа *********** гэрээс гарч манайд очихоор болсон. Манай гэр лүү явах замдаа бид нар дэлгүүрээс Экс нэртэй 0.75 литрийн архи нэг ширхэг, Нийслэл нэртэй 1 ширхэг хуванцар савтай 2.5 литрийн пиво худалдаж аваад 21 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд бид 4 хоол хийж идээд тухайн худалдаж авсан архиа задлаад бүгдээрээ хувааж уусан. Би архинаас амсаагүй зөвхөн пивоноос уусан. Тэгтэл бидний ууж байсан архи дууссан ба манай нөхөр “Машины түлхүүр хаана байна, нэмж архи авчирна" гэж хэлэхээр нь "Би шөнө орой болсон хойно хаачих гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл ************ эхнэр болох ********* манай нөхөр лүү хандаж “чи одоо унтаач” гээд нэг удаа алгадсан. Би тэр үед нь юм бодоогүй эгч нь дүүдээ юм хэлж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. Ганзориг тухайн үед унтаж байсан ба чимээнд сэрээд *********** ************* хоёрыг салгах гээд босоод ирсэн бөгөөд ************, ***********, ********* гурав хоорондоо барьцалдаад салахгүй байсан. Тэгээд би хажуу айлын хөрш айлын залууг дуудаад “Манай ороод ирээч ************ ахыгаа аваад гараараа” гэж хэлсэн, төд удалгүй хажуу айлын залуу орж ирээд *********** аваад гарсан. Тэгтэл ********** дүүгийнхээ араас гараад явсан. Тухайн үед *************хоёрыг гараад явсны дараа ********** шууд эргэж хараад баруун гараараа миний толгой руу хоёр удаа цохисон, мөн орны доод талд байсан плеткан дээрх бариултай шилэн бор том аягыг баруун гартаа барьж байгаад миний толгойн зүүн дух хэсгээр цохиж хагалсан. Тэгээд би та яаж байгаа юм бэ?, би цагдаа дуудлаа гэж хэлтэл ************** "дууд дууд" гэж хэлсэн. Төд удалгүй цагдаа нар ирсэн. Ийм л асуудал болсон юм. Тухайн үед *********** согтуу байсан учраас надад гар хүрсэн байх.Тухайн өдөр миний толгойн хэсгээс цус гарсан, толгойн дээр урагдал үүссэн. Маргааш өдөр нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлж толгойн дээрээ 30 гаруй оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
2. Гэрч *************: “... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ нөхөр *********** хамт ... *************** хонохоор болсон. ************* болон түүний нөхөр түрүүлээд машинтайгаа явсан ба нөхөр бид хоёр араас нь машинтайгаа гарсан. Тэгээд явах замдаа би дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Экс нэртэй архи, мөн нийслэл нэртэй 2.5 литрийн пиво худалдаж аваад ***********гэрт нөхөр бид хоёр 21 цагийн үед очсон. Тэгээд ***********, манай дүү ********** нар бид дөрөв хоол хийж идээд, тухайн худалдаж авсан архиа задлаад хувааж ууцгаасан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, бид нар архиа дуусгаад бүгд унтах байтал **************** нөхөр *************согтуу эхнэрээсээ машины түлхүүр нэхээд байсан. Би тэгэхээр нь уурлаад шөнө орой болсон хойно яах гээд байгаа юм гээд ************* дүүгээ баруун гараараа нэг удаа нүүр лүү нь алгадсан. Тэгээд дүүтэйгээ муудалцаад ноцолдоход байтал манай нөхөр ***************сэрж намайг өмөөрч ********** руу уурлаж салгах гээд голоор орж дайрсан. Тэгтэл ************* босож ирээд манай нөхрийг “Болиоч ээ” гээд хойноос нь татаж чангаасан. Би тухайн үед согтуу байсан учраас зарим зүйлсийг сайн санахгүй байна. Тэгээд би ************ гэрээс авч гараад байж байтал орилох чимээ гарсан. Би дотогшоо ортол ************* толгойноос цус гарч байсан. Төд удалгүй цагдаа нар ирсэн ба манай нөхрийг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 849 дугаартай шинжээчийн: “*************** биед зүүн зулай, дух болон зүүн шанаа, дээд зовхийг хамарсан зүсэгдсэн шарх, зүүн чамархайн хуйхан доорх цусан хураа, зүүн доод зовхинд цус хуралт, хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шарх сорвижиж эдгэрнэ, сорив нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь тал),
4. Шүүгдэгч ***************: “...би согтоод орон дээр унтаад өгсөн нэг сэрэхэд бөөн хэрүүл маргаан болж байсан ба манай дүү *********** нь эхнэр ************** хэрэлдээд байсан. Би тэгээд салгах гэж босоод голоор нь ороод байж байтал ************* миний араас татаад байхаар нь толгой руу нь хоёр удаа цохисон. Дараа нь би орны доод талд байсан плеткан дээр байсан бариултай шаазан том аягыг аваад ************* толгойн зүүн дух хэсгээр цохиж хагалсан. Тэгээд***********102 луу залгаж цагдаа дуудсан ба төд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тэрний дараа би ************** данс болох луу 1.841.200 төгрөг шилжүүлсэн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас үзвэл, шүүгдэгч ************ хохирогч ***********, гэрч *************, *************** нар нь нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар *********** машин түлхүүр нэхсэнээс үүдэн *************, *********** нарын хооронд үл ойлголцол үүссэн байх бөгөөд шүүгдэгч *********** нь ************ өмөөрч *************толгой, нүүр хэсэгт шилэн аягаар болон гараараа цохиж, гэмтэл учруулсан үйл явдлыг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн, уг асуудлыг гэрч ************* давхар гэрчилсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч *************нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч *************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *************эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь 77600 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж өгсөн (хавтаст хэргийн 58 дахь тал) байх бөгөөд шүүгдэгч ************ нь хохирогч *********** 1.841.200 төгрөг төлж барагдуулсан нь түүний дансны хуулга, хүсэлт зэргээр тогтоогдсон (хавтаст хэргийн 59-63 дахь тал) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч *************** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримт авагдсан/ зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ********* ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ