| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0632/3 |
| Дугаар | 221/МА2025/0044 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0044
“Т саплай” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т саплай” ХХК
Хариуцагч Нийслэлийн Татварын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №04/*** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Т саплай” ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу эрх шилжүүлсний татвар ногдохгүй талаарх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгөхийг Нийслэлийн Татварын газарт даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0808 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.М, Ч.О, Э.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц
Хэргийн индекс: 128/2024/0632/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т саплай” ХХК нь Нийслэлийн Татварын газарт холбогдуулж “Нийслэлийн Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №04/*** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Т саплай” ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу эрх шилжүүлсний татвар ногдохгүй талаарх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгөхийг Нийслэлийн Татварын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0808 дугаар шийдвэрээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т саплай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №04/*** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Т саплай” ХХК-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу эрх шилжүүлсний татвар ногдохгүй талаарх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгөхийг Нийслэлийн Татварын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б давж заалдах гомдолдоо:
“...Нийслэлийн Татварын газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04*** тоот албан бичиг болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хувьцаа шилжүүлэх замаар олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуй нэгжийн энэ хуулийн 10 дугаар зүйлийн орлогод тооцно гэсний дагуу татвар ногдуулах хуулийн зохицуулалттай байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т саплай” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нийслэлийн Татварын газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/*** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[1] “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Нэг үүсгэн байгуулагчтай зэргэлдээ компаниуд нь хуулийн дээрх зохицуулалтын “эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд” гэх нөхцөлд хамаарахгүй бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хувьцаа шилжүүлэх замаар олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан орлогод тооцно. Иймд Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ын дагуу газрын эрх шилжүүлсний албан татварыг төлж, газрын албанд тодорхойлолт авна уу” гэх хариуг “Т саплай” ХХК-д хүргүүлсэн байна.
3. Хариуцагчаас “...Тус аж ахуйн нэгжийн хувьд “Т сервис” ХХК, “Т саплай” ХХК нар нь тусдаа үйл ажиллагаа явуулах бие даасан хуулийн этгээд бөгөөд зэрэгцэн оршиж байгаа компаниуд… Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа шилжүүлэх замаар олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуй нэгжийн энэ хуулийн 10 дугаар зүйлд орлого тооцно гэсний дагуу татвар ногдуулах хуулийн зохицуулалттай” хэмээн маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т сервис” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04/** дүгээр “Компанид нэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр[2] “Т сервис” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Т” ХХК бөгөөд нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 274,803 ширхэг нийт 274,803,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болохыг дурдаж, тус компанийн үйл ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон компанийн эрх, үүрэг, хариуцлагыг “Т саплай” ХХК-д нэгтгэж,
4.1 “Т саплай” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 44/** дугаар “Компани нэгтгэж авах, компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай” хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр[3] “Т саплай” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Т” ХХК бөгөөд компани нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 296,271 ширхэг нийт 296,271,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй болохыг дурдаж, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Т саплай” ХХК-д 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон нэгтгэж тус тус шийдвэрлэсэн зэрэг баримтуудаас үзэхэд “Т сервис” ХХК-ийг “Т саплай” ХХК-д нэгтгэсэн болох нь, дээрх 2 хуулийн этгээдийн аль алиных нь хувьцааг бүхэлд нь буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Т” ХХК, “Т” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг иргэн Ц.Б эзэмшдэг болох нь тус тус тогтоогдож байна.
5. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д “эцсийн эзэмшигч” гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг”, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно”, 30.2-д “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно”, 30.8-д “Эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй” гэж тус тус заасан.
6. Маргаан бүхий тохиолдолд “Т сервис” ХХК, “Т саплай” ХХК гэх хоёр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь “Т” ХХК байх бөгөөд “Т сервис” ХХК-ийг “Т саплай” ХХК-д нэгтгэж, эрхийн улсын бүртгэлийн Э-2201******, Э-2201****** дугаартай эзэмших эрх бүхий газруудыг “Т саплай” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн энэ тохиолдолд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт хамаарахаар байна.
7. Анхан шатны шүүхийн “... “Т сервис” ХХК-ийг “Т саплай” ХХК-д нэгтгэснээр үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгч, эзэмшигч болох “Т” ХХК, иргэн Ц.Б-ны хувьцаа эзэмшлийн хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээ өөрчлөгдөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
8. Нэгэнт “Т” ХХК-ийн хувьд охин компаниудаа нэгтгэсэн, эзэмшил хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байхад Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан “хувьцаа шилжүүлэх замаар олсон орлого” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА