Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр;

Улсын яллагч: Ш.Насанжаргал;

Шүүгдэгч: С.Давгасүрэн, С.Батцэнгэл, Н.Ганчулуун, тэдний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранцэцэгийн Ганчулуун, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сумъяагийн Батцэнгэл, Содномдаржаагийн Давгасүрэн нарт холбогдох эрүүгийн 201625021035 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:       

                                                            

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Роял Кинг констракшн” ХХК-д сантекникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 280 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжны 11 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чавдартай, ЖЮ87012016 регистерийн дугаартай, Боржигон овогт Наранцэцэгийн Ганчулуун,

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 15А гудамжны 429 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-ын 8-8 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 751 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, УМ90090476 регистерийн дугаартай, Шаадай овогт Сумъяагийн Батцэнгэл,

 

3. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудал зоогийн газрын ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон 3 дугаар гудамж 31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, У390100933 регистерийн дугаартай, Цэцэн сартуул овогт Содномдаржаагийн Давгасүрэн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 20 дугаар байрны 2 тоот байрны вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтрэн орж 12 ширхэг мөнгөн аяга, 4 ширхэг гуулин домбо, 1 ширхэг ipad, 1 ширхэг орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч Н.Жанцанноровт 6.110.000 /зургаан сая нэг зуун арван мянган/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Н.Ганчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүгдэгч С.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүгдэгч С.Давгасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

                                                                                                         

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-14/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн  39/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 42-44, 226-227/, хохирогч Н.Жанцанноров /1хх-ийн 46-48, 247/, гэрч Г.Баярхүү /1хх-ийн 49/, Ж.Шагжцэрэн /1хх-ийн 50/, Б.Баярбат /1хх-ийн 51/, Г.Мөнхтуул /1хх-ийн 52/, Э.Амар /1хх-ийн 53/, Г.Цэцэгдэлгэр /1хх-ийн 54/ нарын мэдүүлэг, С.Батцэнгэл, С.Давгасүрэн, Н.Ганчулуун нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх-ийн 98-111, 248-250/, С.Давгасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 129-138/, С.Батцэнгэлийн иргэний үнэмлэхний лавлагаа, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 120-122/, Н.Ганчулууны иргэний үнэмлэхний лавлагаа, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 118, 123, 139-142/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 149-152/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 155-162/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 213-214/, хохирол төлсөн баримт /2хх-ийн 6-8/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ганчулуун нь С.Батцэнгэл, С.Давгасүрэн нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 20 дугаар байрны 2 тоотод буюу орон байранд нэвтэрч хохирогч Н.Жанцанноровын гэрээс нийт 6.110.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн,

шүүгдэгч С.Батцэнгэл, С.Давгасүрэн нар нь Н.Ганчулуунтай бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 20 дугаар байрны 2 тоотод буюу орон байранд нэвтэрч хохирогч Н.Жанцанноровын гэрээс нийт 6.110.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлахад унаагаар хангаж, Н.Ганчулууны хулгайлсан эд зүйлийг зарж борлуулж, нуун далдалж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

 

хохирогч Н.Жанцанноровын /1хх-ийн 46-48/ : “… 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг БНХАУ-ын Хөх хотод байж байхад миний охин Уугантуяа над руу интернет ашиглан “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн юм. Тэгээд би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн эд зүйлс эмх замбараагүй болчихсон, гэрээс 12 ширхэг мөнгөн аяга, 4 ширхэг гуулин домбо, шар эрээн өнгөтэй орны бүтээлэг, 1 ширхэг I pad зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд би Цагдаагийн хэлтэст ирэхэд 4 ширхэг гуулин домбо, 10 ширхэг модон тагш, 1 ширхэг I pad зэргийг надад хүлээлгэн өгсөн… ” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Баярхүүгийн /1хх-ийн 49/: “…2016 оны 04 сард /өдрийг нь санахгүй байна/ байж байтал зүс таних Батцэнгэл гэх залуу хүрч ирээд “машинаа өгч байгаач, би виз хөөцөлдөж байгаа юм. Хүнтэй уулзах хэрэгтэй байна, 2-3 хоногоос буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд л би машиныхаа түлхүүрийг машинтайгаа хамт өгөөд явуулсан. Уг өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Батцэнгэлийн гэрт нь ороход Батцэнгэл гэртээ байж байхаар нь би “машинаа авъя” гэж хэлэхэд миний машины түлхүүрийг машинтай хамт өгсөн. Миний машин бол  07-39 УНР улсын дугаартай цагаан өнгөтэй, 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2008 оны 10 сарын 02-ны өдөр Монгол Улсад орж ирсэн “Верна аксент” маркийн автомашин юм…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Баярбатын /1хх-ийн 51/: “…Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Алтангэрэл гэх байцаагч дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар шалгагдан дуудагдаж очоод гэртээ харих гээд байж байтал С.Батцэнгэл 91828080 дугаарын утаснаас залгаад “хаана байна” гэж асуухаар нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр байна”  гэж хэлэхэд “за за” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй дахин залгаад “гараад ир” гэж хэлсэн. Тэгээд би гараад очтол хар өнгийн тортой зүйл надад өгөөд “чи энэ зүйлийг гэртээ тавьчихаач” гэж хэлсэн… ” гэх мэдүүлэг,

 

С.Батцэнгэлийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: /1хх-ийн 96-102/:  “…2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед над руу Давгасүрэн, Ганчулуун нар утсаар залгаад “Сансрын” энд хүрч ирээд авчих гэсэн. Би найз Баярхүүгийн 39-07 дугаартай Верна аксент маркийн машиныг гуйж унаад Сансрын тунель дээрээс тэр хоёрыг очиж авсан. Тэгээд Ганчулуун, Давгасүрэн хоёр машинд пиво уусан. Пиво ууж дуусаад “Багшийн дээдийн” тийшээ явж Спортын ордны аркны хажууд улаан тоосгон дэлгүүрээс пиво аваад машинаа МУИС-ын 2 дугаар байрны зогсоол дээр тавиад тэр хоёр машин дотор пивоо уусан. Тухайн үед машинаа баруун тийш харуулж тавьсан байсан. Гэтэл урдаас харагдаж байгаа 2 давхар байрыг “хүнгүй байна” гэж Ганчулуун хэлсэн. Тэгээд Ганчулуун “би гарчихаад ирье” гээд машинаас буугаад явсан. Ганчулуун тэр байрны 2 давхар руу гараад цонхоор нь орсон. Гарч ирэхдээ даавуунд юм ороочихсон гарч ирсэн. Машинд орж ирээд даавуутай зүйлээ үзүүлтэл мөнгөн аяга 7-8 ширхэг, домбо 2-3 ширхэг байсан. Тэгээд бид машинаа асаагаад зугтаасан. Бид зугтаагаад манай гэрт ирж хоноод маргааш нь хулгайлсан зүйлээ Урт цагаан дээр аваачиж зарсан. Зарсан мөнгөө бид гурав тэнцүү хавааж аваад гэр гэртээ харьсан. Би 330.000 төгрөг авсан. Энэ мөнгө одоо надад байхгүй үрээд дууссан. Би Ганчулууныг хулгай хийх гэж байгааг мэдэж байсан. Би найзыгаа бусдын эд зүйлийг хулгайлахыг болиулаагүй дэмжсэнээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

 

С.Давгасүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: /1хх-ийн 103-108/: “… Гэтэл Ганчулуун Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн урд “та хоёр эндээ байж бай” гээд машинаас буугаад явсан. Батцэнгэл бид хоёр хүлээгээд байж байтал 10-15 минутын дараа Ганчулуун ширээний бүтээлэг шиг юманд боочихсон боодолтой юмтай ирсэн. Бид гурав шууд Батцэнгэлийн гэр рүү явсан. Батцэнгэлийнд очоод боодолтой юмаа задалхад 9-10 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс юм уу, гуулин домбо, гарч ирсэн. Бид тэдгээрийг далд хийгээд унтсан. Өглөө нь Урт цагаан руу таксигаар явж нөгөө эд зүйлийг Батцэнгэл, Ганчулуун хоёр аваад буусан. Тухайн үед би гадаа зогсож байсан. Тэр хоёр 30-40 минутын дараа 1.000.000 төгрөгтэй гарч ирсэн. Бид мөнгөө хувааж авсан. Тэр мөнгөнөөс Ганчулуун 330.000 төгрөг, би 120.000 төгрөг үлдсэнийг нь Батцэнгэл авсан. Бид гурав тэндээсээ салсан. Ганчулууныг хулгай хийснийг би мэдэж байсан. Учир нь бид гурав явж байхад Ганчулуун “эндээ зогсож бай, би эндээс юм авна” гэхээр нь би гадарласан. Надад мөнгө хэрэг болсон байсан тул би хулгайн талаар Ганчулуунаас асуугаагүй…” гэх мэдүүлэг,

 

Н.Ганчулууны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: /1хх-ийн 109-112/ “… Би машин дотор пиво ууж сууж байгаад 20 дугаар байр руу харахад нэг давхарт байрлах нэг айл гэрэлгүй байсан тул надад хулгай хийх сэдэл төрсөн. Давгасүрэн, Батцэнгэл хоёрт би хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй. Би шууд машинаас буугаад 20 дугаар байрны хажуу талд дөхөж очиход төмөр хашаа байхаар нь даваад нөгөө гэрэл нь асаалтгүй байсан айлын вакум цонхыг нь баруун мөрөөрөө 2 удаа хүчтэй түлхэхэд вакум цонх нь онгойсон. Би тэр айл руу ороод том өрөө рүү нь ороход харанхуй байсан. Би асаагуурын гэрэл асаагаад харахад том өрөөний шүүгээн дээр 10 орчим мөнгөн аяга, 4 ширхэг эртний гуулин эдлэл байхаар нь ойролцоох ширээний бүтээлгийг нь аваад бүтээлгэнд ороогоод авсан. Хулгайлж авсан эд зүйлсээ аваад гарах гэж байтал төгөлдөр хуурны орчим хар өнгийн гэртэй айпад 1 ширхэг байхаар нь аваад нөгөө эд зүйлс хийсэн байсан бүтээлэг рүүгээ хийгээд түлхэж орсон цонхоороо буцаад гарсан. Хулгайлсан эд зүйлээ аваад Батцэнгэлийнх рүү явцгаасан. Тэндээ хоноод маргааш нь Урт цагаан дээр хулгайлсан эд зүлээ авч очоод зүс үл таних эмэгтэйгээс “мөнгө авах уу” гэж асуухад “авна” гэхээр нь граммлаад 1.000.000 төгрөгөөр зараад бид мөнгөө хувааж авсан. 3 ширхэг гуулин эртний эдлэлийг Батцэнгэлд үлдээгээд салсан. Давгасүрэн 1 ширхэг ipad-г авсан…” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 6.110.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ганчулуун нь урьд ял шийтгүүлж, ялтайд тооцогдох хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Гэвч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа өршөөлд хамаарагдсан гэж үзэв.

 

 Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч С.Батцэнгэлийн хувьд тэрээр урьд ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцогдсон байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл нар ялгүйд тооцогдсон тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон тэдний гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

            Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нар хохирогчийн гэрээс хулгайлсан нийт 1.710.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг (гуулин домбо, сав, орны бүтээлэг, “Айпад”) хохирогчид биет байдлаар буцаан өгч, 12 ширхэг мөнгөн аяганы хохирол 4.400.000 төгрөгийг “Улаанбаатар хотын банк” дахь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дансанд тушааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна. Ийм учраас шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “Улаанбаатар хотын банк” дахь 2617002285 дугаар дансанд байршуулсан 4.400.000 төгрөгийг уг данснаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 0739 УНР дугаартай "Хьюндай Аксент Верна” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байх тул 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов. 

           

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар 0739 УНР дугаартай "Хьюндай Аксент Верна” маркийн тээврийн хэрэгслийн үнийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч тус бүрээс 666.666,67 төгрөгийг хураахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан зүйлгүй болохыг дурьдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Ганчулуун, Шаадай овогт Сумъяагийн Батцэнгэл, Цэцэн сартуул овогт Содномдаржаагийн Давгасүрэн нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганчулууныг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батцэнгэлийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Давгасүрэнг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нарыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл нар 21 /хорин нэг/ хоног, шүүгдэгч С.Давгасүрэн 3 /гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нараас тус бүр 666.666,67 төгрөгийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 0739 УНР дугаартай "Хьюндай Аксент Верна” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай. 

 

8. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “Улаанбаатар хотын банк” дахь 2617002285 дугаар дансанд байршуулсан 4.400.000 төгрөгийг уг данснаас гаргуулан хохирогч Н.Жанцанноровт олгосугай.

 

9.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ганчулуун, С.Батцэнгэл, С.Давгасүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ