Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2021/0704

 

                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “М” ХХК                                   

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖС2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:   “Манай компани 2016 онд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн Богины ам нэртэй газарт БОАЖ-ын сайдын А/189 тоот тушаалаар 1,0 га газар ашиглах 2016/365 тоот гэрчилгээ авсан юм. Уг газрын газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын Захиргаанд хүсэлтээ өгөх гэтэл танай газар ашиглах эрхийг 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр цуцалсан байна гээд хүсэлтийг хүлээн авсангүй.

Бид хууль журмын дагуу, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчийн тавьсан шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд төрийн байгууллагуудаас олгодог зарим зөвшөөрлүүдээ хүлээж байх хооронд газар ашиглах эрхийг бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсан байна.Газар ашиглах эрхийг цуцлахаас өмнө ямар үндэслэлээр цуцлах болсон тухайгаа хуулийн дагуу бидэнд мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Манай компани өнгөрсөн хугацаанд Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас олгосон зөвшөөрлийн дагуу газрын зарим хэсгийг тэгшлэх, орц гарц гаргах, зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах, цахилгааны шугам татаж, дэд станц суурилуулах, Архитектур төлөвлөлтийн даалгавар авах зэрэг зөвшөөрөгдсөн ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Сүүлийн 2 жилд газар шорооны ажил, цахилгаан дамжуулах шугам, дэд станц /КТПН/ суурилуулах, зураг төсөл боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Манай компани 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь бүрэн төлсөн бөгөөд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож 2020 оны төлбөрөө хугацаанд нь төлж амжаагүй боловч газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хугацаа болсон тул төлбөрөө бүрэн төлсөн. Манай компани одоогоор газрын төлбөрийн өргүй , ямар нэг зөрчилгүй байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас иргэн, аж ахуйн нэгжүүдийн татвар, төлбөр, зээл төлөлт зэрэг аливаа төлбөрийн асуудалд хүндрэл тулгарч байгааг харгалзан үзэж Ковид-19 цар тахлын нөхцөл нь давагдашгүй хүчин зүйл болох учраас УОК болон Засгийн газрын удаа дараагийн тогтоолоор татвар, төлбөрийг 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах зохицуулалт хийгдсэн бөгөөд одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Иймд 2020 оны газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй хойшилсон буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын дагуу газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компани өнгөрсөн хугацаанд уг газар дээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн... Уг төслийн гүйцэтгэлийн ажил тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд нийт 560 гаруй сая төгрөг зарцуулсан байтал үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг цуцалснаас шалтгаалан манай компани 560 гаруй сая төгрөгөөр хохирох болоод байна.

Төсөл хэрэгжүүлэхэд компанийн зүгээс хийж болох ажлуудаа цаг хугацаанд нь тасралтгүй хийж байгаа бөгөөд гурвалсан гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэрэг төрийн байгууллагуудаас авах зөвшөөрлийн ажлууд хуулийн хугацаандаа шийдэгдэхгүй өдийг хүрснээс төслийн ажил бүрэн хэрэгжиж чадаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна. Бид газар ашиглах эрхээ сэргээлгэхээр Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Манай компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтын дагуу цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хуулийн дагуу бидэнд урьдчилан мэдэгдэх ёстой, мөн цуцалсан тухай мэдэгдэл ирүүлээгүй зэрэг нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.29-д зааснаар төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах тухай заалтын дагуу бидэнд цахим хэлбэрээр мэдэгдэх тухай заалтыг зөрчсөн, эсвэл утсаар холбогдож мэдэгдэх боломжтой байсан боловч бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль бус гэж үзэж байна.

Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай БОАЖ-ын сайдын 2021 оны 02 сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалд:  ... Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны 2731 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 04-ны өдөр 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж , хүчингүй болгосугай..." гэжээ. Уг тушаалд дурдагдсан Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоот, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс ирүүлсэн зөвлөмж зэрэгтэй танилцахыг хүссэн хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна.

Иймд дээрх шалтгаануудыг харгалзан үзэж Хан - Уул дүүргийн 11-р хороо, Богдхан уулын ДЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутагт байрлах манай компанийн ашиглаж байсан 1,0 га газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн БОАЖ-ын сайдын 2021 оны 02 сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээхийг БОАЖ-ын сайдад даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М” ХХК-ийн газар ашиглах тусгай зөвшөөрөл  2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусах байсан. Үүнээс өмнө манайх газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргах гэтэл манай газар ашиглах эрхийг цуцалсан талаар анх олж мэдсэн. Ийнхүү цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй шууд цуцалсан байсан. Мөн цуцалсан тухай маргаан бүхий акт буюу БОАЖС50 дугаар тушаалыг манай байгууллагад хуулийн дагуу мэдэгдэж, албан ёсоор гардуулж өгөөгүй. Манай компаниас Богдхан уулын дархан цаазат газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж, сүүлд 2020 оны 05 дугаар сард тушаалаа гардаж авсан. “БОАЖС2021 оны 02 дугаар сарын 18-ны А/50 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр манай газар ашиглах эрхийг цуцалсан байдаг.

Гэтэл “М” ХХК нь газар ашиглах эрхээ авснаас хойш 2019 оны 4 дүгээр 25-ны өдөр гурвалсан гэрээг тухайн дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан. Гурвалсан гэрээг байгуулснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад манай компанид  газрын эрхийг цуцалж байгаа талаар мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийлгүйгээр цуцалсан байдаг. Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д “...тухайн хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэжээ. Гэтэл бид нар 2019 онд дөнгөж гурвалсан гэрээгээ байгуулаад, бэлтгэл үе шатандаа ажиллагаа хийж, холбогдох төрийн байгууллагуудаас тусгай зөвшөөрлүүдээ аваад яг зориулалтыг дагуу газраа ашиглах гэтэл Ковид-19 /цар тахал/ дэлхий нийтээр тархсан. Үүнтэй холбоотой төрийн байгууллагуудаас өгөх тусгай зөвшөөрлүүд удааширсан, газраа зориулалтын дагуу ашиглахад газар ашиглагчаас үл хамаарсан нөхцөл байдлууд үүсээд байсан юм.

Хариуцагч манай газрын эрхийг цуцлахдаа сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээд манай компанид тайлбар, санал гаргах боломж өгсөн бол бид Ковид-19 /цар тахал/-тай холбоотой ийм нөхцөл байдлууд үүссэн, тухайн газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа  явуулахтай холбоотой ийм ийм үйл ажиллагаанууд хийсэн гэдгээ тайлбарлах байсан боловч энэ эрхийг хангаагүй. Шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн. Одоогийн байдлаар газраа тэгшлээд, хөрс шорооны ажил хийж, байгаль хамгаалалт тогтоочихсон, цахилгааны шон байршуулж, цахилгаанаар хангачихсан байгаа. Манай компани  гурвалсан гэрээ, Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээд газрын төлбөрөө цаг тухайд нь төлсөн. Одоогийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл, үүргээ биелүүлээгүйтэй холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын нэхэмжлэгч “Мандал трейвэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...

Манай кампаниас газар ашиглах зардалд нийтдээ 560.000.000 төгрөг зарцуулсан. Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон үндэслэл нь нотлогдоогүй. Манай байгууллагаас хүсэлтээ өгсөн байж баталгаажуулж авах гэсэн боловч цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас одоогоор гаргах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч байгууллагаас манай газар дээр очиж шалгаагүй юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... БОАЖС2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар “Мандал трейвэл" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 1.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. "Газар ашиглах эрхийг цуцалж , хүчингүй болгох тухай" БОАЖС2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын гол үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн тур буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т "..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-т "... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ... " , 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...", 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 - д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно " гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн Дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх 13/5794 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хун тур буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах..." гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл "М" ХХК-д БОАЖС2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богины амны хязгаарлалтын бүсэд 1.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтууд нь нотлогдож байх тул БОАЖ-ын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

Иймд БОАЖС2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхныхаа саналыг дэмжиж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“М” ХХК нь тус шүүхэд хандан “Монгол Улсын БОАЖСгазар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай 2021 оны 02 сарын 18-ны өдрийн А/50 тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, манай компанийн газар ашиглах эрхийг сэргээхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсныг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “БОАЖС2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газар 1.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.[2]

1.2. Хэдийгээр аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хуульд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2017/179 дугаартай гэрээг байгуулах гэсэн боловч газрын төлбөрийн маргаантай асуудал Захиргааны хэргийн шүүх дээр байсны улмаас Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс уг гурван талт гэрээг баталгаажуулаагүй.[3]

1.3. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2019/169 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ” гэх гурван талт гэрээг байгуулсан.[4]

1.4. БОАЖСзүгээс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/50 дугаар тушаалыг гаргасан байх бөгөөд уг тушаалын хавсралтын 81-д “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалж, дуусгавар болгосон.[5]

1.5. “М” ХХК-ийн зүгээс Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан Богинын аманд аялал жуулчлалын зориулалттай цогцолбор барилга барих хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг тус газрын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр хурлаар хэлэлцэн дэмжсэн.[6]

1.6. Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргаж, “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй, хуульд заасан журмаар тушаалыг гардуулаагүй, газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй, өнгөрсөн хугацаанд “М” ХХК нь газар шорооны ажил, цахилгаан дамжуулах шугам, дэд станц суурилуулах, зураг төсөл боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн, дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал нөлөөлсөн, “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”-ний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болох байсныг хариуцагч анхаараагүй зэргээр А/50 дугаар тушаал хууль бус болсон” гэх зэргээр маргаж байна.

1.7. Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн гэдэг баримтаа ирүүлээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан” гэх зэргээр маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж заажээ.

2.2. Хариуцагч БОАЖСнь маргаж буй А/50 дугаар тушаалыг[7] 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байх бөгөөд тус тушаалаар “Мандал трейвэл” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.[8]

2.3. Тодруулбал, “М” ХХК-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэж үзжээ.

2.4. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

2.5. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

2.6. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.” гэж заажээ.

2.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийг өөрийн ашиглах эрх бүхий газраа огт ашиглаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна өөрөөс хамааралгүй шалтгааны улмаас буюу тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүрэн ашиглаж чадаагүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

2.8. Тухайлбал, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2019/169 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”-г байгуулснаас хойш тухайн газар дээрээ газар шорооны ажил хийсэн, цахилгаан дамжуулах шугам, дэд станц суурилуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар[9], газар дээр хийсэн үзлэг[10] зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тухайн газар дээр барих цогцолбор барилгын зураг төсөл боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар авах[11] зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.9. Мөн гурван талт гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч, энэхүү цар тахлын үр дагаврын улмаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон удаагийн хөл хорио, хязгаарлалт тогтоосон нь нэхэмжлэгчийн зүгээс газраа ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд саад учруулсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанд хамаарна гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.10. Түүнчлэн газар эзэмшүүлэх /ашиглуулах/ тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч /ашиглагч/ нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2019/169 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”-г байгуулсан байх бөгөөд үүнээс хойш хуанлийн бүтэн хоёр жилийг тоолбол уг гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болохоор байх бөгөөд хариуцагч уг хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутган газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

2.11. Хэргийн оролцогч талууд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2019/169 дугаартай “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ”-г байгуулсан талаарх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж зохицуулжээ.

2.13. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.11 дэх заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "... мэдэгдэнэ ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ.” гэж тайлбарласан байна.

2.14. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 296 тоот албан бичгээр[12] “Мандал трейвэл” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн гэх боловч тухайн мэдэгдэл нь нэхэмжлэгч “Мандал трейвэл” ХХК-д “хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүрээгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тогтоогдсон болно.

2.15. Тиймээс хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдээгүй байна гэж үзнэ.

2.16. Дээрх байдлаар хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар оролцогчийг сонсох, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хийгээгүй эрх зүйн алдаа гаргасан байх тул уг маргаж буй А/50 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус захиргааны акт болохоор байна гэж шүүх дүгнэв.

2.17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан” гэх агуулгаар маргасан.

2.18. Хэдийгээр төрийн холбогдох байгууллагуудаас аливаа санал, мэдэгдэл ирүүлсэн байж болох хэдий ч хариуцагч нь тухайн санал, мэдэгдэлд заасан үйл баримтуудыг нягтлах, Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бодит байдал дээр бүрдсэн эсэхийг шалгаж тогтоох, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах үүргээ биелүүлсний үндсэн дээр зохих шийдвэрийг гаргах учиртай.

2.19. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зөвшөөрөл олгохоор заасан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;”-ыг хориглохоор заасан атал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад бэхжүүлсэн “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчин хариуцагч өөрөө нэхэмжлэгч “М” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байх бөгөөд хариуцагчийн гаргасан уг шийдвэрт нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

2.20. Мөн маргаж буй А/50 дугаар тушаалаар хүчингүй болгосон газар ашиглах эрхийг олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/189 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хариуцагч анхнаасаа гаргах ёсгүй байсан буюу хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/50 дугаар тушаалдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан аль үндэслэл бүрдсэн болохыг тогтоон тодорхойлж, маргаан бүхий тушаалдаа тэрхүү үндэслэлийг зааж өгөх учиртай.

2.21. Гэтэл хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг тогтоогоогүй атлаа “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь шүүхээс шууд үнэлж дүгнэх боломжтой үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээргүй байна.

2.22.  Тодруулбал, хариуцагчийн зүгээс маргаан бүхий А/50 дугаар тушаалдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлийг хэрэглээгүй байх тул шүүх уг тушаалд үндэслээгүй хууль зүйн үндэслэлийг нөхөн тогтоох, тэр талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БОАЖС2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 78 дахь тал

[2] Хх 14-17 дахь тал

[3] Хх 153-154 дэх тал

[4] Хх 37-41 дэх тал

[5] Хх 81-83, 157дахь тал

[6] Хх 138, 142 дахь тал

[7] Хх 81 дэх тал

[8] Хх 83 дахь тал

[9] Хх 47-61 дэх тал

[10] Хх 95-99 дэх тал

[11] Хх 138-142 дахь тал

[12] Хх 92 дахь тал