Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

      Ж.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00824 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч Жамсрангийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Маамуухүүгийн Чулуунчөдөрт холбогдох

 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч М.Чулуунчөдөрийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, хариуцагч М.Чулуунчөдөр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Жамсрангийн Энхцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2009 оны 10 сарын 06 ны өдөр М.Чулуунчөдөртэй гэр бүл болж, гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан, хоорондоо таарамжгүйн улмаас 2016 оны 06 дугаар сарын 10 ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, би 2 хүүхдээ өөрийн асрамжид авсан. Гэтэл М.Чулуунчөдөр нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш үр хүүхдээ тоохгүй, эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байгаа билээ. Бид хоёр хэдийгээр гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж эцэг, эхийнхээ үүргийг биелүүлэх ёстой гэж бодож байна. Иймд 2010 оны 02 дугаар сарын 09 ний өдөр төрсөн охин Ч.Мөнхзул, 2011 оны 10 дугаар сарын 14 ний өдөр төрсөн охин Ч.Мөнхболор нарт хүүхдийн тэтгэлэг тогтоон М.Чулуунчөдөрөөс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Энхцэцэгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би М.Чулуунчөдөртэй 2009 оны 02 дугаар сарын үед танилцаад 2009 оны 10 дугаар сард гэр бүл болсон. Тэгээд 2 жил амьдраад 2012 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Тэгээд 2016 онд шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Мөн 2016 онд гэрлэлтээ цуцлуулах үедээ М.Чулуунчөдөр нь хүүхдүүдээ харж хандана гэж хэлсэн учраас би өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ харж, хандаж байх гэж харсан. Харин М.Чулуунчөдөр нь хүүхдүүддээ анхаарал тавиагүй учраас би хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Хариуцагч М.Чулуунчөдөрөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2009 онд Ж.Энхцэцэгтэй гэр бүл болж бусад гэр бүлийн адил сайхан амьдарч байсан. Ингээд 2012 онд манайх Улаанбаатар хот руу ажил хийхээр гэр бүлээрээ гэрээ нүүлгээд хот руу орсон юм. Бид хоёр бусдын адил хоёулаа ажил хийгээд сайхан амьдарч байтал Ж.Энхцэцэг нь гэртээ оройтож ирэх, архи пиво үнэртүүлж ирэх болсон. Ж.Энхцэцэг нь 2016 онд шүүхэд хандсан байсан ба би салахгүй гэж хичнээн гуйсан боловч миний хэлсэн үгийг авч хэлэлцээгүй. Би Ж.Энхцэцэгтэй буцаж нийлэх гэж олон удаа гуйсан. Ингээд бид 2016 оны 06 сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдийг Ж.Энхцэцэгийн асрамжид үлдээх шийдвэр гарсан. Би эцэг хүний хувьд хоёр охиноо юмаар дутаахгүйн тулд ажил хийж охиддоо хувцас эд зүйлээр дутаахгүй байхыг хичээдэг гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргалаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч надад хэлэхдээ хоёр хүүхдээ өөр дээрээ авах талаар ярьсан. Нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтээ байнга илэрхийлж байгаа болно. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2011 оны 10 сарын 14-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхболор, 2010 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхзул нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Сэд овогт Маамуухүүгийн Чулуунчөдөрөөс тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуагч М.Чулуунчөдөрөөс улсын тэмдэгтийн хураамж 47152 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Чулуундорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие нь тус шүүхэд хандан нэхэмжлэгч Ж.Энхцэцэгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг зарлах үед би эрүүл мэндийн шалтгаанаар хот явж эмчлүүлэх шаардлага гарсан тул хот руу явж эмчлүүлж байсан. Тэгээд тус шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулах хүсэлт хүргүүлсэн байсан юм. Ингээд дараагийн шүүх хуралдаан хэзээ болохыг надад шүүхээс мэдэгдээгүй. Би хотоос наашаа 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хотоос ирэхэд шүүх хуралдаан болсон, чиний эзгүйд хянан хэлэлцсэн гэж хэлэхэд нь надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж хэлж байсан. Нөгөө талаар би хүүхдүүдээ өөр дээрээ авах талаар сөрөг нэхэмжлэл өмнө нь өгсөн боловч тэмдэгтийн хураамж тушаагаагүй байна гэж татгалзсан тул шаардлагыг нь хангаад дахин шүүхэд сөрөг нэхэмжлэл өгөх гэж байсан. Гэтэл энэ боломж хангагдаагүй тул миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Би Ж.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дахин шүүхээр хэлэлцүүлэх боломжоор хангуулахын тулд энэхүү гомдлыг гарган шүүхэд хандаж байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг 2017 оны 12 сарын 14-ны өдөр шүүхээс гардаж авсан. Иймд: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн дугаар 131/ШШ2017/00824 тоот шийдвэрийг хүчингүй болгож. дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жамсрангийн Энхцэцэгээс хариуцагч Маамуухүүгийн Чулуунчөдөрт холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарлаж шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн боловч хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02729 тоот шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Хойшлуулсан шүүх хуралдааны товыг хариуцагч М.Чулуунчөдөрт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 80213336 холбогдож мэдэгдсэн талаар тэмдэглэл хийгдсэн байна. Иймд анхан шатны шүүх хуралдааны товыг М.Чулуунчөдөрт албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд М.Чулуунчөдөрийн өмгөөлөгч Н.Энхжаргал оролцсон байх тул хариуцагч талыг шүүх хуралдаанд биечилэн оролцох эрхийг шүүх хангасан байна гэж үзнэ.

Өмнө нь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр Ж.Энхцэцэг, М.Чулуунчөдөр нарын гэрлэлтийг цуцлаж, охин Ч.Мөнхзул, охин Ч.Мөнхболор нарыг эх Ж.Энхцэцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэжээ. Хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад хариуцагч М.Чулуунчөдөрөөс “…хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл дахиж гаргах байсан..” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Ж.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж охин Ч.Мөнхзул, охин Ч.Мөнхболор нарт Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Чулуунчөдөрийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч М.Чулуунчөдөрөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Чулуунчөдөрийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч М.Чулуунчөдөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                                                                 ШҮҮГЧИД                                                   Л.НЯМДОРЖ    

                                                                                                      Г.УЛАМБАЯР