| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
2023 01 06 2022/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б,
Улсын яллагч Б.Бямбадагва,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Наранзул /ҮД:0840/, Б.Өлзийбаяр /ҮД:1165/,
Шүүгдэгч “М Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж /ҮД:1531/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “М Н” ХХК-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00260 0278 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “М Н” ХХК-ийн Чаналтын цехэд операторын ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 1 тоотод түр оршин суух, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнжийн 15 дугаар гудамжны 191 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Бовогт Бийн Б /РД:/,
2. 2000 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, 00000000000регистрийн дугаартай, Гадаад худалдаа, Хоол амтлагч цуу үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны, 64-1 тоотод бүртгэлтэй, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй, “М Н” ХХК;
Хэргийн товч агуулга:
Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 01 тоотод байрлах “М Н” ХХК-ийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан контейнерт нэвтэрч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийт 306 литр хэмжээтэй давсны уусмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “М Н” ХХК-д 6.395.400 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан “давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 01 тоотоос Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын шалган нэвтрүүлэх цэг хүртэл Ниссан Теана маркийн 32-47 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэсэн,
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны 19 дүгээр гудамжны 01 тоотод гадаад худалдаа, хоол амтлагч цуу үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 00000000000 хувийн хэргийн дугаартай 266298 регистрийн дугаартай “М Н” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 378 ширхэг хуванцар савтай 6804 кг буюу 6.804 тонн “давсны хүчил” гэх нэршилтэй шингэн бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “М Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Г өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие “М Н” ХХК-г 2000 онд үндэсний хүнсний үйлдвэрлэл, хүнсний гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад яваандаа импортолдог гаднаас зөөдөг байсан бараануудаа дотооддоо үйлдвэрлэе гээд манайх анх удаа хүнсний цуунаас эхэлж үйлдвэрлэл явуулж эхэлсэн юм. Тэгээд би өөрөө Чех улсад сургууль төгссөн болохоор Чех улстай холбоотой ажилладаг байсан юм. Би 2003 онд Чех улсад очоод хүнсний цуу үйлдвэрлэх технологийг худалдаж авсан юм. Тэгээд судалж байгаад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Хятадаас худалдаж авахаар болж, ингээд яригдаад байгаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 64 дүгээр байранд хүнсний цуу үйлдвэрлэхээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд үндсэндээ 2003 оноос 2014 он хүртэл манайх дотооддоо хүнсний цуу үйлдвэрлэсэн. Энэ яригдаад байгаа 18 тонн давсны хүчилтэй холбоотойгоор манайх 2011 оны 11 дүгээр сард Байгаль Орчин Аялал Жуулчлалын яаманд бүх бичиг баримтаа гаргаж өгч хүсэлтээ тавиад 18 тонн давсны хүчил Хятад улсаас импортлох тусгай зөвшөөрөл авсан юм. Улмаар 2011 оны 03 дугаар сард Монгол улсын хилээр давсны хүчил ирсэн. Энэ нь хэдэн сард Монгол улсын хилээр орж ирсэн гаалийн баримт, гаалийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байдаг юм. Тухайн үед манай цууны тогоо дэлбэрээд цууны тоног төхөөрөмж эвдэрснээс болоод 18 тонн давсны хүчлийг ашиглаж чадаагүй юм. Тэгээд бид нар 2, 3 жил цууны тоног төхөөрөмжийг засуулах гэсэн боловч тухайн үеийн ханшаар маш өндөр үнэтэй байсан, мөн манай компани тухай үед санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учраас чадаагүй. Тэгээд бид нар тоног төхөөрөмжөө засаж чадаагүй тул 2014 оноос хойш цуу үйлдвэрлэхээ зогсоосон. Тэгээд үлдсэн байсан 7 тонн орчим давсны хүчлийг байгаль орчны үнэлгээ хийгдсэн, тусгай тоноглогдсон агуулахад 2021 оны 11 дүгээр сар хүртэл манайх хадгалсан. Хадгалсан шалтгаан нь манай компанийн давсны хүчил ашиглах эрх дуусангуут өөр байгууллагад зарах, эсхүл устгах гэх асуудал яригдаж байсан. Тухайн үед манай компани зээлтэй учир санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учир давсны хүчлийг шийдэж чадахгүй байсаар байгаад ийм асуудалд орчихлоо. Яг болсон үйл явдлын хувьд 2021 оны 11 дүгээр сард давсны хүчил хадгалж байсан агуулах маань 10 орчим жил засвар хийгээгүй, мөн тухайн агуулах хэтэрхий том талбайтай байсан, тэгээд ашиглахгүй химийн бодис буюу давсны хүчлийг хадгалж байсан. Тэгээд агуулахын тал хэсэгт нь давсны хүчлээ хадгалахаар болж, тал хэсэгт нь агуулахаа түрээсэлнэ гээд үлдсэн байсан давсны хүчлээ агуулахаас гаргаад түр контейнерт хийсэн байсан юм. Тэгээд агуулахад засвар хийж байх хугацаанд Б.Б гэх хүн 04 дүгээр сард тухайн контейнерыг онгойлгож дотор нь байсан давсны хүчлийг авсан юм. Тэгээд би сая улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо. Манай компанийн агуулахын нярав тухайн контейнерыг түгжилгүй орхисон юм шиг байгаа юм. Тэгээд л Б давсны хүчлийг хулгайгаар авч зарсан үйлдэл үүссэн юм шиг байгаа юм...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.4-7/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.23/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.24-33/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.34-36/,
Хэргийн газрын дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.37-43/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.55/,
Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.56/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолууд /хх.1.59-60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнгөнтуулын өгсөн: “... манай компани нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 64-1 тоот хашаанд байх контейнерт өмнө нь хэрэглэж байсан давсны хүчлээс илүү гарсныг хадгалж байсан юм. Уг давсны хүчлээс манай компанийн ажилчин Б нь 2022 оны 04 сарын 12-ны өдөр хэн нэгний зөвшөөрөлгүй нууцаар тус контейнерт орж уг хадгалж байсан давсны хүчлээс 17 савыг авч зарж борлуулах гэж явж байгаад цагдаад баригдсан байсан. Манай компани нь 2011 онд 18 тонн давсны хүчлийг Хятад улсаас хоолны цуу хийхэд ашиглахаар оруулж ирсэн юм. Тухайн үедээ Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрлийг хууль журмынх нь дагуу аваад хил гаалийн бүрдүүлэлтийг нь хийлгээд оруулж ирж байсан. Цуу хийж байсан тоног төхөөрөмж нь эвдрээд давсны хүчлийг ашиглахаа болиод илүү гарсан давсны хүчлийг нь тэнд хадгалж байснаас Б авсан байсан. Быг тэндээс давсны хүчил авахаас өмнө манай нярав Цацрал бид 2 очихдоо контейнерын цоожийг нь эвдэж орсон, тэгээд явахдаа эвдэрхий цоожоо цүүнд нь зүүгээд явсан. Б тэр зүүсэн цоожийг аваад хаалгаар нь ороод давсны хүчлийг авсан байх. Манай компанид Б 2019 онд оператораар орсон. Бад давсны хүчлийг хүлээлгэн өгч хариуцуулсан зүйл байхгүй. Зарж борлуулахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Тухайн үедээ 17 сав давсны хүчил аваад цагдаад баригдаад авсан давсны хүчлийг нь буцааж байсан контейнерт хийсэн тул одоо миний болон манай компанийн зүгээс Баас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.65-66/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Чинзоригийн өгсөн: “... Би компанийн удирдлагаас асуухад тусгай зөвшөөрлөөр оруулж ирээд ашиглаж амжаагүй тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан. Тэгээд тэрнээс хойш ашиглаагүй хугацаа нь дууссан байна... Байгууллагаас тухай бодисуудыг устгалд оруулахаар ярьж байсан. Тэгсэн үнэ өртөг нь их байхаар хадгалаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.71-73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батгэрэлийн өгсөн: “... Ниссан тиана маркийн 32-47 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг юм. Би уг тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн дүү Быг түр унаж бай гээд 2020 оны 04 сарын эхээр өгсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цацралын өгсөн: “... Давсны хүчил гэх зүйлийг манай компани импортоор 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүнсний цууны чаналтад ашиглах гэж оруулж ирсэн. Цуу чанадаг тогоо нь 2014 онд байх эвдрээд түүнээс хойш ашиглаагүй. Тэрнээс хойш давсны хүчлээс ариутгал, бохирын бөглөөс гаргах зэрэгт жилдээ 1-3 савыг хэрэглэдэг байсан. Давсны хүчлийг тэр хашаанд байх тусгай зориулалтын агуулахад хадгалж байгаад 2021 оны 11 сард хадгалж байсан байранд засвар хийх зорилгоор тус хашаанд байх контейнер руу зөөсөн... Хадгалж байсан давсны хүчил гэх зүйлийг би хариуцаж байсан. Цуу хийдэг тогоо эвдрээд 7265,17 кг үлдсэн байсан. Тэрнээс ариутгал цэвэрлэгээнд 275 кг хэрэглэсэн. Мөн контейнер луу зөөвөрлөхөөр үзэхэд зарим савнаас нь дундарч 42,17 кг хорогдсон байсан. Тэгээд контейнерт 6948кг давсны хүчлийг хийж хадгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.88-89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батжаргалын өгсөн: “... 2017 онд шинэчлэн батлагдсан химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгахтай холбоотой 54/А/136А/2158 дугаартай журамд химийн хорт болон аюултай бодисыг хадгалах нөхцөл шаардлагыг тодорхой зааж өгсөн байдаг... Давсны хүчил нь химийн хорт болон аюултай бодис мөн. Химийн хорт болон аюултай бодисыг МNS-6458:2014 стандартын шаардлагыг хангасан агуулахад хадгалдаг. Мөн энэ стандарт дээр химийн бодисын агуулах хаана байрлах, ямар материалаар хийгдсэн байх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. 2017 онд шинэчлэгдэн батлагдсан Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгахтай холбоотой 54/А/136/А2158 дугаартай журамд Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах нөхцөл шаардлагыг тодорхой зааж өгсөн байдаг... Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас химийн хортой болон аюултай бодист тусгай зөвшөөрөл олгодог. Зөвшөөрлийн хугацаа дууссан бол, тухайн байгууллага нь цаашид уг бодисыг ашиглах шаардлагатай бол химийн хорт болон аюултай бодисын тухайд холбогдох материалаа бүрдүүлээд зөвшөөрлөө дахин авах шаардлагатай. Хэрэв цаашид ашиглах шаардлагагүй бол Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд материалаа бүрдүүлэн худалдах зөвшөөрлийг авч ашиглах аж ахуй, нэгж, байгууллагад шилжүүлэх шаардлагатай байдаг...” гэх мэдүүлэг /хх.1.92-94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Билэгтийн өгсөн: “Би сүүлийн 10 орчим жил утасны дугаар зардаг байсан юм. Би үүрэн телефоны операторуудаас утасны дугаар худалдаж аваад, Теди төв дээр хүмүүст худалддаг байсан. Дээрх дугаарыг би мэдэхгүй. Миний зарсан дугааруудын нэг байх. Хаана барьж байгаа талаар мэдэхгүй. Аль нэг салбараас авсан байх. Хаана ашиглаж байснаа санахгүй байна... 2022 оны 04 дүгээр сард ашиглаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.96/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаярын өгсөн: “Би Бөмбөгөр худалдааны төв дээр ачилт хийдэг. Хүмүүсийн бараа зааж өгдөг. 2022 оны 03, 04 дүгээр сар хавьцаа өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ачаа зөөж байхад нэг танихгүй залуу ирээд “би иргэний үнэмлэхгүй явж байна, өөрийнхөө нэр дээр дугаар аваад өгөөч” гэсэн. “Би чамд 5000 төгрөг өгье” гээд гуйгаад байсан. Хуучин Бөмбөгөр дотор Мобикомоос хүмүүс ирчихсэн, Мобикомын дугаар зарж байсан. Би тэр танихгүй залууд 99396469 дугаарыг авч өгсөн юм. Би 2022 оны 04 дүгээр сард ашиглаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.98/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уянгын өгсөн: “... Манай компани “Монтуулсервис” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөлд орчуулга хийж байсан талаар би мэдэхгүй байна. Харин саяхан Монтуулсервис” ХХК-й нэг хүн манай компаниар 2010 онд тусгай зөвшөөрлийн орчуулга хийгэж байсан гээд матераил явуулж байсан, тус материал дээр манай компаний тамга байна лээ. Харин хэн гэдэг орчуулагч орчуулга хийж байсан таг одоо мэдэхгүй байна, мөн манай компаний архивт Монтуулсервис” ХХК-й орч хийлгэж байсан материал байхгүй. Компютероо 2 удаа сольсон тул 2010 материал одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.100/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжаргалын өгсөн: “Б нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ. Б нь айлын хамгийн бага хүүхэд юм. 1989 оны 12 сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургууль төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Одоогоос 3 жилийн өмнө Хэнтий аймгаас эхнэртэй болсон. Б нь “М Н” ХХК-нд 10-аад жилийн өмнө орсон. Тэгээд дундуур нь гарч өөр ажиллаж байгаад 3 жилийн өмнө буцаж орж ажиллаж байгаа. Эднийх 2 настай болон 6 сартай хоёр нялх хүүхэдтэй. Эхнэр нь одоогоор ажил хийгээгүй байгаа. Зан байдлын хувьд дуугай, томоотой, нуруутай, ааш зан сайтай залуу байгаа. Б нь архи, тамхи хэрэглэдэггүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургууль төгссөн. Урлаг, спортын авьяас байхгүй. “М Н” ХХК-д ажиллаж байсан. Одоогоор ажиллаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.102/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Алтжины өгсөн: “... 2019 оноос хойш амьдарч байгаа. Би хүүхэд хараад ажилгүй байгаа. Манайх 2 настай болон 6 сартай хоёр хүүхэдтэй. “М Н” ХХК-д чаналтын оператор хийдэг байсан. Зан байдлын хувьд томоотой, дөлгөөхөн, хорт муу зуршилгүй, сайн залуу байгаа юм. Өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.104/,
Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “... Давсны хүчил нь Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан байна...” гэх дүгнэлт / хх.105-116/,
Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх.1.111-116/,
“Ашид билгүүн” ХХК-й 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1001098 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх.1.124-126/,
“Дамно” ХХК-й алдагдсан давсны хүчлийн үнэлгээний тайлан /хх.1.135-137, 146-148/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би “М Н” ХХК-д ажиллаж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байдаг үйлдвэрийнх нь хашаанд өөрийн гэртээ амьдардаг юм. 2022 оны 04 сарын 11-ний өдөр би фейсбүүк дээр “хүчил авна” гэсэн зар байсныг уншаад фейсбүүкээр холбогдож нэг мобикомын дугаар аваад ярихад эмэгтэй хүн байсан. “Ямар хүчил авах гэж байгаа, надад давсны хүчил байна, та юунд ашиглах гэж байгаа юм” гэж асуухад “уурхайд тоног төхөөрөмж цэвэрлэхэд ашиглах гэж байгаа" гэж хэлж байсан. Маргааш манай нэг залуу холбогдоно гээд тасалсан. Тэгээд 2022 оны 4 сарын 12-ны өдөр буюу маргааш нь 21 цагийн үед байх над руу юнителийн дугаараас нэг эрэгтэй хүн холбогдоод “танаас давсны хүчил авах гэсэн юм” гэхээр нь би “одоогоор боломжгүй байна өөрсдөө ирээд авах боломж байна уу?” гэсэн чинь “боломжгүй байна. Та хонхор руу хүргээд өгөөч” гэсэн юм. Хонхорын “Сод Монгол” колонк дээр хүргээд ирээч гэхээр нь компанийн хашаанд байсан контейнер дотор байсан давсны хүчлээс 17 савыг аваад өөрийн төрсөн ах Батгэрэлийн Ниссан тиана маркийн 32-47 дугаартай машинд ачаад Хонхор руу явсан юм. Явж байх замд 2-3 удаа давсны хүчил авна гэж ярьсан юнителийн дугаартай залуу руу залгаж ярихад “Хонхрын “Сод монгол”-ын колонк дээр хүрээд ирээ” гэсэн. Тэр колонк дээр очоод зогсоход цагдаа нар ирж шалгаад барьсан юм. Би авсан хүчлээ хураалгаад буцааж өгсөн тул хохирогчид учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.67-68, 1.156-157/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч томилсон тухай “М Н” ХХК-ийн тодорхойлолт /хх.1.159/,
Мөрдөн шалгах ажиллагаанд “М Н” ХХК-ийнхууль ёсны төлөөлөгч Б.Гы яллагдагчаар өгсөн: “... Би 2000 онд “М Н” ХХК-г хүнсний үйлдвэрийн чиглэлээр байгуулсан, үүнээс хойш одоог хүртэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж 2003 онд Чех улсаас цуу хийх технологийг нь худалдаж авсан юм. Цууг хийж буурцгийг давсны хүчлээр чанаж гаргаж авдаг технологитой. 2003 онд судалж Хятад улсаас цуу чанах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч оруулан 2003 оноос хүнсний цуу үйлдвэрлэж эхэлсэн. Цууны чаналтын үндсэн түүхий эл хүчлийг Хятадаас оруулж ирдэг байсан. Оруулж ирэх бүрдээ тухайн үеийн тогтоомжийн дагуу импортын зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг авч оруулж ирдэг. Цууг 2014 он хүртэл хийгээд үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрснээс үйлдвэрлэхээ больсон. Хамгийн сүүлд 2011 онд тусгай зөвшөөрлийн дагуу "18 тонн давсны хүчлийг Хятад улсаас оруулж ирсэн юм. Энэ давсны хүчлийн гурвыг ашиглаад дуусаж байхад тоног төхөөрөмж эвдрээд ойролцоогоор 6.8 тонн давсны хүчил ашиглагдаагүй үлдсэн, тэгээд бид нар тухайн давсны хүчлийн асуудал яригдаж байсан боловч манай компаниас мэргэжлийн ажилчид гарсан байсан тул устгах ажил явагдаагүй юм. Уг 6.8 тонн давсны хүчлийг компанийн шар хаданд байдаг зориулалтын агуулахад хадгалагдаж байсан. 2021 оны 11 дүгээр сард тухайн объектын эзэмшигч нь агуулахын талыг өөр хүнд түрээслэх боллоо засвар хиймээр байна гэсний дагуу хадгалж байсан давсны хүчлийг би өөрөө гаргаад тус хашаанд байсан контейнерт шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр тухайн хашаанд амьдардаг байсан манай компанийн ажилтан Б уг давсны хүчлийг хулгайлж зарж байгаад баригдсан гэдэг асуудал үүссэн. 2010 онд Байгаль Орчны Яаманд тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалуудыг өгсний дагуу тусгай зөвшөөрөл авч уг 18 тонн давсны хүчлийг 2011оны 03 сард Хятад улсаас импортолж оруулж ирсэн. Оруулж ирэхдээ Улаанбаатар Төмөр замын “Олон улсын тээвэр зуучлалын төв” ХХК-р тээврээ хийлгэсэн, уг компани нь тухайн үед химийн хорт бодис тээвэрлэдэг цорын ганц компани байсан. 2010 оны зөвшөөрөл авсан, тусгай зөвшөөрлийн эх хувийг “Таван тив, дөрвөн далай” нэртэй орчуулгын компанид өгч орчуулга хийлгэсэн, энэ компани нь тусгай зөвшөөрөл хувийг харж орчуулга хийдэг юм байна лээ. Эх хувиас орчуулга хийлгэсэн орчуулгыг гаргаж өгсөн байгаа, тухайн компани одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа тэр компанийн ажилтнаас мэдүүлэг авахад хэлэх байхаа. Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч байсан, хугацаа нь 2013 оны сүүлээр дууссан байх. Давсны хүчлийг хадгалах явцад савных нь битүүмж алдагдсан давсны хүчлийг устгасан тохиолдол байгаа, устгахдаа 0.5 хувь болтол усаар шингэлээд үйлдвэрийн бохир луу устгаж байсан, хэр хэмжээтэй устгасан санахгүй байна, бага хэмжээтэй устгасан. Давсны хүчлийг устгахын тулд мэргэжлийн хүн хэрэгтэй байдаг, цууны тогоо эвдрээд засахын тулд хугацаа шаардсан энэ хугацаанд манай компанид байсан мэргэжлийн хүмүүс ажлаасаа гарсан яаж устгахаа мэдэхгүй хадгалж байсан юм, өөр шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.165-166, хх.3.104-105/,
Байгаль Орчин Аялал Жуучлалын Яамнаас “М Н” ХХК-д олгосон Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийн хуулбарууд /хх.1.171-172/,
Байгаль Орчин Аялал Жуучлалын Яамны албан бичиг /хх.1.178/,
“М Н” ХХК-ийнулсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх.1.180-181, 241-250, хх.2.01-132, 143-147/,
“М Н” ХХК-ийн2010 оноос хойших татвар төлөлтийн мэдээлэл /хх.1.184/,
“М Н” ХХК-ийн2010 оноос хойших гаалийн бүрдүүлэлт хийж Монгол улсад импортоор оруулж ирсэн барааны лавлагаа /хх.1.187-199/,
Мэргэжпийн Хяналтын Ерөнхий Газрын 2022 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн 02-02/1677 дугаартай албан бичиг /хх.1.201/,
“М Н” ХХК-ийн 2010-2022 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /хх.1.204-238/,
“М Н” ХХК-ийн нярав Б.Цацралаас гаргаж өгсөн баримтууд /хх.2.148- 210/,
“М Н” ХХК-ийн захирал Б.Гаас гаргаж өгсөн баримтууд /хх.2.211-227/,
“Мобиком корпораци” ХХК-с ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/4726 дугаартай албан бичиг, хавсралт /хх.2.231-233/,
“М Н” ХХК-ийнөр төлбөргүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /хх.2.134/,
“М Н” ХХК-ийнаж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /хх.2.152/,
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх.2.148, хх.3.90/,
“Юнител” ХХК-с ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05-01/4953 дугаартай албан бичиг, хавсралт /хх.2.235-242/,
Химийн хор болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /хх.3.91-92/,
Гаалийн Ерөнхий Газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-1/2760 дугаартай албан бичиг /хх.3.97/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Жагваралын өгсөн: “... Ачаа ачуулах талаар эхлээд ярилцахдаа тусгай зөвшөөрөл өгөөгүй, ачаагаа ачаад хөдөлсөн хойно Хятадын хилээр нэвтрүүлэхийн өмнө манайхаас аюултай ачааны зөвшөөрөл шаардсны үндсэн дээр “химийн хорт аюултай бодис экспортлох, импортлох, хил дамнуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах 2010/D-088 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хуулбарыг гарган өгсөн нь манай компанид хадгалагдаж байсан байна. Би тусгай зөвшөөрлийн хуулбарыг нь авс ирсэн. “Монтуулсервис” ХХК-наас манайхруу хандаж танай компаниар ачаа тээвэрлүүлэхдээ манайхаас тусгай зөвшөөрлийн хуулбар гаргаж өгч байсан байх, архиваа ухаад олоод өгөөч гэсний дагуу үзэхэд 2011 оны 02 сард явуулж байсан тусгай зөвшөөрлийн хуулбар байсныг би гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.3.101/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.3.37/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх.3.54/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.3.55-59, шинээр гаргасан 2 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.3. 60-61, 62/,
Шүүгдэгч “М Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.3.64/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэр.эг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 01 тоотод байрлах “М Н” ХХК-ийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан контейнерт нэвтэрч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийт 306 литр хэмжээтэй давсны уусмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “М Н” ХХК-д 6.395.400 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан “давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 01 тоотоос Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын шалган нэвтрүүлэх цэг хүртэл Ниссан Теана маркийн 32-47 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэсэн,
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны 19 дүгээр гудамжны 01 тоотод гадаад худалдаа, хоол амтлагч цуу үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 00000000000 хувийн хэргийн дугаартай 266298 регистрийн дугаартай “М Н” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 378 ширхэг хуванцар савтай 6804 кг буюу 6.804 тонн “давсны хүчил” гэх нэршилтэй шингэн бодисыг хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх хэргийн үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “М Н” ХХК-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж,
мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг тусган хуульчилж,
мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно. Харин хүн түр амьдрах зориулалттайгаар барьсан урц, майхан, түр амьдарч буй зуслангийн байр, зочид буудал, агуй, эмчилгээ, сувилгаа хийлгэж буй эмнэлэг, амралт сувиллын газар орон байранд хамаарахгүй.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, автомухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно.
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, химийн хог, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Хадгалсан гэж химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг ойлгоно.
Тээвэрлэсэн гэж химийн хорт, аюултай бодисыг нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлснийг ойлгоно. Шилжүүлэхдээ авто тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг ашигласан байж болно.
Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашиглах үйлдэл хийх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэнийг ойлгоно.
Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашиглах шийдвэрийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргасан байж болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Мөн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдах, авахыг завдсан талаар шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрснээс гадна учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хүндрүүлэх шинжтэй үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Б.Б нь “М Н” ХХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан контейнерт нэвтэрч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийт 306 литр хэмжээтэй давсны уусмалыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэх үндсэн болон хүндрүүлэх шинжийг,
Мөн Б.Б нь “давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн үйлдэл нь химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинжийг,
“М Н” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “давсны хүчил” гэх нэршилтэй шингэн бодисыг хууль бусаар хадгалсан үйлдэл нь химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“М Н” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.
Б.Б нь “М Н” ХХК-д ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64-01 тоотод тус компанийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан контейнерт нэвтэрч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийт 306 литр хэмжээтэй давсны уусмалыг бусдад зарж борлуулан ашиг олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “М Н” ХХК-д 6.395.400 төгрөгийн хохирол учруулжээ.
Дээр дурдсан 306 литр хэмжээтэй шингэн бодис нь Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр давсны хүчил гэх нэршилтэй бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан болох нь тогтоогдсон байна.
Химийн хорт болон аюултай бодисыг Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын дагуу аюулгүй байдлыг ханган тээвэрлэх ёстой.
Гэтэл Б.Б нь “давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт аюултай бодисыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар авч бусдад зарж борлуулахаар Ниссан Теана маркийн 32-47 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 64-01 тоотоос тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын шалган нэвтрүүлэх цэг хүртэл тээвэрлэн цагдаагийн байгууллагын алба хаагчид тээврийн хэрэгсэлд үзлэг хийснээр гэмт үйлдэл таслан зогсоогджээ.
Шүүгдэгч “М Н” ХХК-ийнхууль ёсны төлөөлөгч Б.Гы өмгөөлөгч Б.Бямбадорж дүгнэлтдээ: “... “М Н” ХХК нь хуульд заасан тусгай зөвшөөрлийн дагуу давсны хүчлийг оруулж ирж, хадгалж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалтай нотлогдсон гэж үзэж байна. Цуу үйлдвэрлэхтэй холбоотойгоор “М Н” ХХК нь 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2010 оны 10 дугаар сарын 04-ны өдрүүдэд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүсэж холбогдох албан бичиг материалуудыг бүрдүүлэн өгсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог... Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас материалыг 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2010 Д 088 дугаартай химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг “М Н” ХХК-д олгосон. Энэ тусгай зөвшөөрөл хэрэгт авагдсан байгаа. Тусгай зөвшөөрлийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 18 тонн давсны хүчлийг улс хоорондын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй “Ланд Бриджи” гэдэг компаниар улс хоорондын тээвэрлэлтийг хийлгээд Хятад, Монголын гаалиар гаалийн бүрдүүлэлтийг хийж, татвар хураамжийг хууль ёсных нь дагуу төлж, тухайн 18 тонн давсны хүчлийг Монгол Улсад оруулж ирсэн. Ингэснээр уг давсны хүчлийн өмчлөгч нь “М Н” ХХК болсон. “М Н” ХХК 18 тонн давсны хүчлийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 64-ийн 1-т байрлах агуулахад 2010 онд холбогдох байгууллагаар Байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээг хийлгэж, шаардлага хангасан агуулахад хадгалж байсан нь хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн хуулбар, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтад 18 тонн давсны хүчил тэмдэглэсэн зэрэг болон гэрч нар болон яллагдагч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Иймд хууль бусаар давсны хүчлийг хадгалж байсан гэм буруутай гэж санал дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Химийн хорт аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис нь экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно гэж зааж өгсөн байдаг. Хуульд зааснаар экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах гэсэн долоон төрлийн зөвшөөрлийг аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгож байсан нь дээрх хуулийн заалтаас харагдаж байна. Харин химийн хорт, аюултай бодисыг хадгалах зөвшөөрөл гэж хуульчлагдаагүй. Эрх бүхий байгууллагаас химийн хорт болон аюултай бодис хадгалах зөвшөөрөл авах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй байгааг анхаарч үзнэ үү. “М Н” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу авсан давсны хүчлийг 2011 онд Хятад улсаас оруулж ирэн, үйлдвэртээ ашиглах зөвшөөрөлтэй байсан. Оруулж ирсэн цаг хугацаанаас хойш хадгалж байгаа. Тусгай зөвшөөрлөөр оруулж ирсэн давсны хүчлийг химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх ашиглах, устгах журмын дагуу зориулалтын стандартын шаардлага хангасан агуулахад хадгалж байсан. Журамд заасны дагуу давсны хүчлийг хэдий хүртэл хугацаанд хадгалах хугацааг бол заагаагүй. Харин журмын 3 дугаар зүйлд химийн хорт болон аюултай бодисыг хадгалахад тавигдах шаардлагыг журамласан. “М Н” ХХК нь 2021 оны 11 дүгээр сард контейнерыг түр агуулахын зориулалтаар давсны хүчлийг хадгалсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж манай зүгээс үзэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 онд баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах” журамд заасан хадгалалтын үеийн аюулгүй байдлыг хангаагүй. Мөн уг журмын 5 дугаар зүйлийн 5.5 ж-д заасан химийн хорт болон аюултай бодисыг устгах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэх хүртэлх аюулгүй байдлыг хангасан газар хадгалах энэ заалтыг зөрчсөн. Мөн тухайн бодисыг ашиглах шаардлагагүй гэж үзсэн бол холбогдох материалаа Байгаль орчны яаманд хүргүүлэн худалдах зөвшөөрлийг авсны дагуу эрхтэй компанид шилжүүлэх эдгээр байдлуудыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Химийн хорт бодис хадгалах үндсэн шаардлага тухайн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн зөрчил байна гэж манай талаас үзэж байгаа. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг хуульчилсан. Үүн дээр “М Н” ХХК-ийнхадгалсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Учир нь хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг ашиглаж үйл ажиллагаа явуулсан. Хууль бус бодисыг худалдан авч хадгалсан үйл баримт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Иймд тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн бодисыг хадгалах журам зөрчсөн зөрчлийн шинжтэй. Харин тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бус бодисыг олж авч хадгалан, эргэлтэд оруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй хоёр өөр ойлголтыг шүүгч анхаарч үзээсэй. “М Н” ХХК-г төлөөлөн шийдвэр гаргах албан тушаалтан компанийн эрх ашгийн төлөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох ашиг олох, үүргийн гүйцэтгэлээс ашиг сонирхлын төлөө давсны хүчлийг авч улмаар эргэлтэд оруулсан үйл баримт хавтаст хэргийн хүрээнд нотлогдоогүй. Хадгалсан үйлдэл нь хууль бус этгээдийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн байх шаардлагатай гэж хууль тогтоогч хуульчилсан. Тус компани нь зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн давсны хүчлийг журмын дагуу хадгалж байсан. Үлдэгдэл давсны хүчлийг ашиглах шаардлага байгаагүй. Энэ нь тухай компанийн агуулгыг хадгалагдсан болон гэрч Чинбатын хэргийн тухайн үед бусад компанид шилжүүлэх талаар яригдаж байсан. Мөн яллагдагч “М Н” ХХК-ийнхууль ёсны төлөөлөгч Б.Гы өгсөн мэдүүлэг зэргээр тухайн бодисыг ашиглах, хэрэглэх санаа зорилго байхгүй байсан зэрэг нь нотлогдоно. Үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчин зэрэгт хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг анхаарч үзнэ үү. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруутай эсэхэд нь эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу “М Н” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, “М Н” ХХК-г цагаатгаж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай ангид заасан хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж хуульчилснаас үзэхэд “М Н” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06/2284 дугаартай албан бичгээр “М Н” ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 04-өөс 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “полиэтилен үрэл”, 2014 оны 02 дугаар сарын 07-ноос 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “полиэтилен” нэртэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй байжээ.
"М Н” ХХК-ийн агуулахад 378 ширхэг хуванцар савтай 6804 кг буюу 6,804 тонн “давсны хүчил хадгалагдаж байсан бөгөөд уг бодис нь Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр давсны хүчил гэх нэршилтэй бөгөөд Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан болох нь тогтоогдсон байна.
Мөн “М Н” ХХК нь Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулаагүй хэргийн газраас хураан авсан “давсны хүчил” гэх нэршилтэй химийн бодисыг хууль бусаар хадгалж байсан болох нь тогтоогджээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг эхэлсэн цаг хугацааг дээрх бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн цаг хугацаа буюу 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс гэж үзээд, дууссан цаг хугацааг гэмт хэрэг илэрсэн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл гэж дүгнэсэн тул шүүгдэгч хуулийн этгээдийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Б.Б нь “М Н” ХХК-ийн6.395.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Б.Б болон “М Н” ХХК-ийнүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч “М Н” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хадгалах гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
“М Н” ХХК-ийн эд зүйлийг шүүгдэгч Б.Б биет байдлаар буцаан хүлээлгэж өгсөн байх бөгөөд харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлийнх биш учир түүний үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.Б болон “М Н” ХХК гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б болон “М Н” ХХК-ийнүйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Б.Бад:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
“М Н” ХХК-д:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Б болон “М Н” ХХК-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд “М Н” ХХК-д ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бад Б.Бад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоож, нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгах нь зүйтэй.
Б.Бад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан химийн хорт, аюултай бодисыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Б.Бад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч “М Н” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хадгалах гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бад:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч “М Н” ХХК-д:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давсны хүчил ашиглаж үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Бад:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Бад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бад сануулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Шар хадны 19 дүгээр гудамжны 01 тоот “М Н” ХХК-ийн агуулахад хадгалж байгаа 378 ширхэг хуванцар савтай 6804 кг буюу 6.804 тонн “давсны хүчил” гэх нэршилтэй шингэн бодисыг хэрэгцээний дагуу Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР