| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
2023 01 12 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч А.Ариунаа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Болормаа,
Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гт холбогдох 2203 00561 0562 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын 7 дугаар гудамжны 4-А тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт ЦГ /РД: /.
Хэргийн товч агуулга:
Ц.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Honda Fit” маркийн 70-22 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын төмөр хайс мөргөж, зорчигч Ц.Гантөгс /эрэгтэй, 9 настай/, М.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Ганзулын /эмэгтэй, 12 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Мишээлийн /эмэгтэй, 3 настай/ эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Сая цэрэг байхдаа үнэмлэх авсан. Хэдэн сар болж байна. Тухайн үед би унтаж, амраагүй машин жолоодож явж байсан юм. Миний буруугаас болсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал өгсөн мэдүүлэгтээ: “... Би Мишээлийн аав байна. 09 дүгээр сарын 17-ны өдөр явж байгаа зам тээврийн осолд орсон. Би тухайн орой 08 цагт мэдээд гэмтэл явсан. Тухайн үед элэг нь бяцарч хоёр хуваагдсан байсан. Ерөнхийдөө элэг нь амархан төлждөг болохоор гайгүй гэсэн. Тэгээд эмч нь шинжилгээнд ор гэхээр оны өмнө орсон юм. Шинжилгээний хариугаар элэг нь буцаад хэвийн хэмжээндээ очсон байна гэсэн. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа. Эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлж байсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болормаа өгсөн мэдүүлэгтээ: “... Манай охины шууны хэсгээр хугарсан байсан. Толгойндоо бага зэрэг гэмтэл авсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Болормаа өгсөн мэдүүлэгтээ: “... Гомдолгүй. нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.03-06/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.07/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,
Өвчний түүх /хх.14-29/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай төлбөрийн мэдээлэл /хх.31-32, 37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Болормаагийн өгсөн: “... Налайх дүүрэг орох гээд өөрийнхөө “Honda Fit” маркийн 70-22 УАЕ улсын дугаартай автомашинтай гарсан, автомашинаа би төрсөн хүү Ц.Гоор бариулаад явсан, жолоочийн хажуугийн урд суудал дээр би өвөр дээрээ дүү М.Солонгын охин Б.Мишээл суулгаад, арын суудал дээр өөрийн төрсөн охин Ц.Ганзул, хүү Ц.Гантөгс нар суусан байсан. Баянзүрхийн товчоо өнгөрөх үед би жаахан зүүрмэглээд унтсан байсан, энэ хооронд хүү жолооч Ц.Г мөн адил зүүрмэглээд замын хажуугийн хашлага мөргөсөн байсан... Ц.Ганзулын гарын шууны яс хугарсан, Ц.Гантөгсийн эрүү хэсэгт хавдаж шалбарсан... Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Ослын дараа Ц.Г надад хэлэхдээ ээжээ намайг уучлаарай хүү нь жаахан зүүрмэглээд замын хажуугийн хашлага мөргөсөн гэж хэлсэн...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.34, 47/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх.42-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч А.Цэрэн-Очрын өгсөн: “... би автомашин жолоодох зөвшөөрөл өгсөн байсан. Би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй, хүүдээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд мөнгө гаргасан байгаа. уг зардлын төлбөрийн мэдээлэлд байгаа мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн төлөөлөгч О.Санчирийн өгсөн: “... Манай байгууллагын гүйцэтгэсэн төслийн автозамын ган туузан хашлага шон холбогч хавтан боолтыг машин мөргөж эвдэлсэн... Автозамын ган туузан хашлага шон холбогч хавтанд учирсан эвдрэлийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.61/,
“Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн хохирол нэхэмжлэх тухай баримт /хх.64-65/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12934 дугаартай:
“1. Б.Мишээлийн биед элэг, дэлүүний няцрал, хэвлийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.75-77/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12928 дугаартай:
“1. Ц.Гантөгсийн биед хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.81-82/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12930 дугаартай:
“1. Ц.Ганзулын биед зүүн богтос, шуу ясны хугарал, дух, баруун чамархай, зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.87-88/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12936 дугаартай:
“1. М.Болормаагийн биед хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.93-94/,
Мөрдөгчийн магадалгаа /хх.98/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.107-109/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.111/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Гийн яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 09-р сарын 17-ны өглөө 05 цаг өнгөрч байхад би Хонда Пит маркийн 70-22 УАЕ маркийн дугаартай автомашиныг унаад Налайх дүүрэг орох гээд явж байхдаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны зам, Шунхлай ШТС-ын хойд талын замд осол гаргасан. Тухайн үед би өглөө эрт унтсан байсан ба хэсэг зүүрмэглээд замын хайс автомашинаараа мөргөсөн. Тухайн үед автомашинд жолоочийн хажуугийн урд суудал дээр ээж М.Болормаа, өвөр дээр нь Б.Мишээл /2 настай, эмэгтэй/ арын суудал дээр дүү Ц.Ганзул /12 настай, эмэгтэй/, Ц.Гантөгс/9 настай, эрэгтэй / нар сууж явсан. Ослын улмаас автомашины баруун урд купер, их гэрэл зэрэг эвдэрсэн. 2022 оны 09-р сарын 16-ны шөнө би нойргүй гадуур цэргээс халагдсан гээд явсан, тэгээд өглөө нь автомашин жолоодож яваад зүүрмэглээд осол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.112/,
Хохирогч М.Болормаа, иргэний нэхэмжлэгч А.Цэрэн-Очир, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал нарын шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр гаргасан хүсэлт, тайлбар /хх.113-115/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ү/х-х-028 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.121-130/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.69-73/,
Хохирол нөхөн төлсөн баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Ц.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Honda Fit” маркийн 70-22 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын төмөр хайс мөргөж, зорчигч Ц.Гантөгс /эрэгтэй, 9 настай/, М.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Ганзулын /эмэгтэй, 12 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Мишээлийн /эмэгтэй, 3 настай/ эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ц.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч М.Болормаа, насанд хүрээгүй хохирогч Ц.Гантөгс нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Ц.Ганзулын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлийн биед хүнд зэргийн гэмтэл тус тус учирсан байна.
Гэм буруугийн талаар:
Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч нарт эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Ц.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн:
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал, М.Болормаа нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч тэдгээр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Ц.Гоос жич нэхэмжлэх эрхтэй юм.
Иргэний нэхэмжлэгч “Сино Хайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн баримтаар нэхэмжилсэн замын хашлаганы эвдрэл хохирлын 6.187.565 төгрөгийг шүүгдэгч Ц.Г нөхөн төлсөн байх бөгөөд харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн баримтаар нэхэмжилсэн 3.633.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Ц.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын төлөөлөгч нарын санал хүсэлтийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гт 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Ц.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах зорилгоор жолоочийн үнэмлэхийг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхээр тогтоож, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Цэрэн-Очрын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гт 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч Ц.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах зорилгоор 1441916 дугаартай жолоочийн үнэмлэх Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Гоос 3.633.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал, М.Болормаа нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Ц.Гоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР