| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
2023 01 18 2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч, хохирогч Г.С, П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Сг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Сыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2206 05613 0008 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Угтаалцайдам суманд 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхны 8 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Гын С /РД:/,
2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цээл суманд 1971 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын гудамжны 1а тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхны 8 дугаар гудамжны 189 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял ял шийтгэгдэж байсан, Х овогт Пын С /РД:
Хэргийн товч агуулга:
Г.С нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч П.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар газарт мушгин унагаж бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
П.С нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ залуу машины урд талын номерыг чихэж оруулсны дараа машиндаа ороод явах үед нь би очиж энэ залууд хандан “чи энэ номерыг янзалж өг, хүн уучилж гуйж байхад яагаад ингэж байгаа юм” гэсэн. Тэгсэн энэ залуу машинаас бууж ирээд надтай барьцалдаж аван газар унагааж, цээжин дээр өвдөглөж, цохин толгойны дагз хэсгээр газар мөргүүлсэн. Тэгсэн хүмүүс боль гээд бид хоёрыг салгаад босгосон. Тэгээд босож ирэх үед миний сэтгэл зүй асар их цочролд орсон байсан учир бие салгалсан байсан. Тэгээд би энэ залууд хандан “чи миний машиныг янзалж өг” гэхэд миний өөдөөс “хохино” гэхээр нь би энэ залууд хандан “адилхан чиний машиныг эвдэлнэ” гэсэн чинь миний үгийг тоолгүй машин руу дөхөх үед нь ард талаас чулуу шидсэн. Тэр үйлдэл нь миний буруу. Би гэм буруугаа хүлээж байна. Би гарын алга шиг хэмжээтэй жижиг чулуугаар зүүн талын чихний дээд хэсэгт цохисон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С өгсөн мэдүүлэгтээ: “Би 10 дугаар сарын 28-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад гэрээсээ машинтайгаа гараад явсан. Тэгээд Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвийн уулзвар дээр би шар хадны эцэс талаас баруунг гар талаас эргээд явж байтал хоёрдугаар эгнээнээс шахаж орж ирсэн. Тэгэхэд огцом тоормос гишгэснээс болж манай эхнэрийн нуруу нь эвгүй боллоо гэхээр нь би за, зүгээр ээ гэж хэлчхээд цааш 2 буудал өнгөрөөд явж байхад дахин урдуур орж ирэхээр нь би энэ одоо эрүүл юм уу, согтуу юм уу гэж бодсон. Тэгээд цааш явж байтал Хаан банкны АТМ-ийн тэнд миний машины урдуур шахаж орж ирээд байсан машин зогсож байсан. Тэгээд хажууд нь очсон чинь энэ ах машин жолоодож байсан. Тэгээд би жоохон уурлаад “та яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь “ах нь яаж явсан юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “та толиндоо хараад болгоомжтой яв” гэж хэлсэн чинь “ах нь чамайг харсангүй ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “жоохон болгоомжтой яв” гэж хэлээд цааш явахдаа машиных нь урд талын номер хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд машиндаа суугаад цааш явж байгаад толиндоо хартал энэ ах машинаасаа бууж ирээд газраас чулуу авч байсан. Тэгэхээр нь би энэ хүн чинь араас чулуу шидээд машины шил хагалчих байх гээд зогсоод би машинаас буусан. Тэгээд ах ирээд бид хоёр барьцалдаж аваад газар унасан. Тэгээд босож ирэхэд миний толгой руу чулуугаар цохисон. Тэгээд би толгойгоо бариад доош суутал ах дээрээс нэлээн хэд цохисон. Тэгээд би босож ирээд хоёр машиныхаа голд зогсоод номерын талаар ярьсан. Тэгээд сүүлд машины хаалганы тэнд бид хоёр дахин барьцалдаж аваад ноцолдож байхад энэ ахын гар нь миний дотуур хувцсан дотор орсон байсан. Тэгэхээр нь би өөрөө цаашаа болж, ахыг ч цааш нь түлхсэн. Тухайн үед би малгайтай байсан малгайгаа авахад цус болчихсон байсан. Тэгээд би эргэж хараад ахад хандан “та миний толгойг хагалчихсан байна шүү дээ” гэхэд ах “миний нуруу болохоо байлаа” гээд дээшээ хараад хэвтсэн. Бид хоёр ярилцаж байгаад хохирлыг барагдуулах тал дээр 5.500.000 төгрөг дээр тохиролцсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.С өгсөн мэдүүлэгтээ: “ 10 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед хүүхдээ 79 дүгээр сургууль дээр хүргэж өгчхөөд “Цайз” модны зах руу мод авах гэж явсан юм. Тэгээд явж байх замдаа буюу “Да-Хүрээ” захын урд талын зам дээр машинтайгаа явж байхдаа хурд сааруулагч дээр тоормос гишгээд нэг дүгээр эгнээ рүү шилжиж орох үед араас машин сигналдсан. Тэгээд би нэг дүгээр эгнээгээрээ явж байгаад Хаан банкны урд талын замын хажууд нэг хүн такси барих гээд гар өргөж байхаар нь зогсож аваад хөдлөх гэсэн чинь хажуу талаар Приүс 30 маркийн машин шахаж орж ирээд цонхоо онгойлгон “хөөе пизда минь наад машиныхаа цонхыг онгойлго” гээд маш хүчтэй хашгирахаар нь намайг таньдаг хүн ингэж байгаа юм болов уу гээд тоормос гишгэн зогсоод харсан чинь миний машины урдуур хөндөлдөж орж ирэн зогсоод машинаасаа бууж ирээд миний машины жолооч талаар ирээд “пизда минь цонхоо онгойлго” гэсэн. Тэгээд би цонхоо онгойлгосон чинь “хүн сигналдаад байхад чинь чи муу пизда минь яаж яваад байгаа юм” гэхээр нь би энэ залууд хандан “уучлаарай, ах нь сонссонгүй ээ” гэсэн чинь энэ залуу надад хандан “машиныхаа шил, толийг арчиж бай” гэхээр нь би “за, ойлголоо” гэсэн чинь намайг “Аятайхан яваарай” гэхээр нь би “Уучлаарай“ гэсэн. Тэгээд цааш явахдаа нэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь дутуу сонссон юм шиг байна лээ, энэ залууд хандан “Баярлалаа, миний дүү” гэсэн чинь энэ залуу “Чи муу тавлаад байна уу” гээд миний машины урд талын номерыг 2 удаа өшиглөхөөр нь буугаад харсан чинь машиныг номерыг цааш нь чихээд оруулсан байсан. Тухайн үед миний машины ар талын суудал дээр суусан байсан хүн “Энэ яасан даварсан залуу вэ” гэж хэлж байсан. Тэгээд би энэ залууд хандан “уучлалт гуйж байхад чи яаж байгаа юм бэ, хүний машиныг ийм болгочихлоо” гэсэн чинь “хохино” гэж надад хэлээд машинаа асаагаад хөдлөх гэхээр нь би газраас чулуу аваад энэ залууд хандан “миний машины эвдрэл, гэмтлийг янзалж өгөхгүй хөдлөөд явбал би чиний машины цонхыг хагална гэж хэлсэн. Энэ залуу машинтайгаа хөдлөөд удалгүй зогсоход нь эхнэртэйгээ очсон. Манай эхнэр тухайн үед хамт явж байсан. Тэгээд би энэ залууд хандан “Би чамаас уучлалт гуйж байхад яаж байгаа юм бэ” гэсэн чинь энэ залуу “чи муу яах гээд байгаа пизда вэ” гэж хэлээд машинаас бууж ирэхээр нь бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд намайг замын хажуу руу түлхэж унагаагаад дээрээс дараад цээжин дээр өвдөглөсний улмаас миний цээжний аюулхай хэсэгт хонхойчихсон байгаа. Тэгээд над руу цохиход нь би нүүрээ хамгаалсан. Тэгээд өндийх гэсэн чинь миний толгойны дагз хэсгээр нь газар луу мөргүүлээд байсан. Тухайн үед энэ залуугийн эхнэр нь хүртэл машин дотроосоо болиоч гэж байсан. Мөн тэнд байсан хүмүүс болиоч гээд хэлж байхад энэ залуу намайг учир зүггүй цохиж, зодож байсан. Тэгээд хүмүүс салгаад намайг босгож ирсэн. Миний бие их салганасан байсан. Энэ залуу явах гэхээр нь би “миний машиныг янзалж өгөөч” гэхэд энэ залуу эргэж хараад “чадахгүй, хохино пизда минь” гэж хэлсэн. Би тухайн үед нимгэн хар цамцтай явсан байсан. Тэгээд энэ залууд хандан “чиний машиныг адилхан ийм болгоно” гэсэн чинь энэ залуу “наад машин чинь улсын өмч” гэж хэлсэн. Тэгээд явах гэхлээр нь би жижиг чулуу аваад толгой руу нь цохисон. Тэгээд би буцаад зугтаасан чинь миний араас гүйцэж ирж барьж аваад цээжин дээр дараад унагаасан. Тэгсэн миний ууц хавиар эвгүй болчихсон. Тэгээд би энэ залууд “миний ууц хугарчихлаа” гэсэн чинь энэ залуу “чи муу яасан бааштай гар вэ” гээд миний толгой дээрээс босоогүй. Тэгэхээр нь би салтай руу гараараа хатгасан. Тухайн үед өглөө эрт байсан болохоор хүний хөдөлгөөн их бага байсан. Тухайн энэ залуугийн эхнэр ирээд боль гээд болиулсан. Тэгээд би арай хийж дөрвөн хөллөөд босох гэхэд энэ залуу замын хажуу талаас чулуу аваад “чи муу хүний толгой руу цохидог овоо гар байна” гээд миний чихний дээд хэсэг рүү гарт багатахгүй том чулуугаар цохисон. Тухайн миний толгой болон мөр лүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би “болиоч ээ, миний ууц хугарчхаад байна” гэхэд намайг хэн ч дэмжээгүй, би өөрөө арай хийж босоод замын хажуу талын хашлаганы тэнд зогсож байхад энэ залуу “чи муу яасан бааштай юм бэ” гээд дахин намайг өшиглөсөн. Тэгээд би машин луугаа арай хийж орж ирээд суусан. Тухайн машин асаалттай байсан ба их хүйтэн байсан болохоор паараа нэмэх гэтэл араас машин дотор орж ирээд “чи муу зугтаах гэж байна уу” гээд машин унтраагаад хундактор дээр зоолттой байсан машины түлхүүрийг авахдаа түлхүүрийн оосор тасалсан. Тэгээд миний машины түлхүүрийг хоёр хурууныхаа завсар атгаж байгаад 4 удаа цохиод, миний гуя дээр шүрүүпдэж эргүүлээд “чи муу их бааштай гар байна” гэсэн. Одоо миний гуя дээр сорви нь байгаа. Тэгээд миний машины түлхүүрийг аваад цаашаа явахдаа “чамд илүү түлхүүр байдаг биз дээ, тэр түлхүүрээрээ машинаа асаагаад унаад яваарай гэж хэлэхэд нь би машины голын хайрцаг дээр байсан утсаа аваад бичлэг хийсэн чинь “чи муу наад утсаа аваад ир, бичлэг хийгээд байгаа юм уу, бичлэг хийдэг ямар овоо гар вэ” гээд буцаж машинд орж ирээд миний утсыг булааж аваад цээжин дээр дарсан. Тэрнээс болж миний нуруун дээр даралт үүссэний улмаас миний нуруу дахин хугарч няцралт үүссэн байна. Тэгээд миний утсыг аваад эхнэр нь цаанаас нь ирээд аваад явсан. Би тэгэхээр нь утсаараа 102 болон 103 руу залгаж цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд түргэн ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Түүнээс хойш 2 сар гаруй хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан. Үүнээс болж миний амьдрал ахуй хүнд болсон. Би өмнөх долоо хоногт эмнэлгээс гарсан. Ийм л хүнд нөхцөл байдалтай байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сын өгсөн: “... Би 2022 оны 10 сарын 27-ны өдөр 08 цаг 05 минутад Да хүрээ захын 1 дүгээр хаалганы Хаан банкны АТМ-н урд талаас хүн суулгаад хөдөлсөн чинь зүүн гар талаас приус 30 маркийн автомашин шахан ирж цонхоо буулгаач гэж хөндөлсөн зогсож “пизда минь сигналдаад байхад яаж яваад байх юм” гээд маш ууртай хашхиран орилоод хагас буулгасан цонхноос хажуугаар атгасан гараараа цохиход нь би “сонссонгүй уучлаарай” гэхэд “пизда минь толиндоо харахад яадаг юм бэ?” гэсэн би “харсангүй, ахыгаа уучлаарай” гэхэд “толиныхоо шороог арчаач пизда минь” гэсэн “за баярлалаа” гэхэд ахин над руу ирээд “чи муу тавлаад байна уу?” гээд миний машины урд тал руу өшиглөсөн “яаж байгаа юм бэ?” гэхэд ахин өшиглөсөн... Тэгэхээр нь би газраас жижиг чулуу аваад нөгөө залуугийн толгойд нэг удаа цохисон. Тэгэхэд зууралдахаар нь би цааш нь түлхээд машин руугаа явсан. Нөгөө залуу ирээд “пизда чамайг ална, улаан нялга болгоноо” гээд дайрахад би зугтаахад зугтах гээд гүйхэд миний араас хөөж барьж аваад арагш нь гуд татаад хөл алдахад тэр чигт нь намайг түлхээд сөхрөөд суухад толгой уургалж барьж аваад зүүн тал руу мушгиж дээрээс дарсан тэр үед миний нуруу шар хийтэл дугараад халуун оргиж маш хүчтэй өвдсөн. Би ёо гэж дуу алдаж арай хийж “чи нуруу хугалчихлаа” гэхэд “чи намайг цохидог хэн бэ?” гээд толгой дээр бүх биеэрээ дараад яг нуруу хэсэгт гараа атгаж цохиж байсан... “миний нуруу хугарчихлаа” гэж дахин дахин хэлсэн боловч толгой дээр дарж суугаад босохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.16-20/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Г.Энхбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14844 дугаартай:
“1. П.Сын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сгийн яллагдагчаар өгсөн: “... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа хохирогчоос уучлалт гуйж хохирлыг барагдуулсан цаашид ахин гэмт хэрэг үйлдэхгүй....” /хх.66/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сгийн өгсөн: “... би машиндаа суух гээд алхах хооронд “баярлалаа ахын дүү” гэж хэлсэн, тэгээд би машиндаа суух үедээ нөгөө машины урд талын куперт санамсаргүй хөлөөрөө хүрчихсэн, тэгсэн чинь нөгөө жолооч ах бууж гарч ирээд газраас чулуу авахад нь би хөдлөх гэж байгаад “за энэ ах араас чулуу шидчих байх” гэж бодоод зогсоход ирээд намайг цонхоор гараараа 2-3 удаа толгой хавьцаа цохиход нь би машинаас буугаад “яаж байгаа юм бэ? Ахаа” гээд бид хоёр барьцалдаж аваад зууралдаж газар цуг унаад босож ирээд зогсож байтал нөгөө ах миний машины ард талын улсын дугаарыг авах гээд байхаар нь “ахаа наад дугаар чинь миний өмч биш, улсын өмч байдаг шүү” гэхэд нөгөө ах барьж байсан чулуугаар миний толгойд нэг удаа цохиход нь би толгойгоо бариад доош тонгойх үед дээрээс хэд хэдэн удаа гараараа нуруунд цохиод байсан... нөгөө ах цаашаа гүйж байхад нь араас нь очоод 7 дугаар хаалганы тэнд ахин барьцалдаж байх үед нөгөө ах миний дотуур өмд дотор гараа хийхэд нь би цааш түлхэж өөрөөсөө холдуулахад ах арагшаа зам дээр нуруугаараа унаж байсан, тэр үед миний толгойноос цус гарахад нь “та миний толгойг хагалсан байна шүү дээ” гэсэн чинь нөгөө ах” миний нуруу эвгүй болчихлоо” гээд дээш хараад хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14857 дугаартай:
“1. Г.Сгийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “... би газраас гарын алганд багтах хэмжээний жижиг чулуу аваад толгой зүүн чихний дээд хэсэгт нь нэг удаа цохисон... хохирлыг бүрэн барагдуулсан...” /хх.55-56/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.48-49, 57-59/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.54, 64/,
Шүүгдэгч Г.Сгийн хохирол нөхөн төлсөн тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хх.68-71/,
Хохирогч П.Сын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх.73-78/,
Хохирогч, шүүгдэгч П.Сын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.79/,
Хохирогч, шүүгдэгч Г.Сгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.80/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.84-85/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч П.Сын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.21-29/,
Шүүгдэгч Г.Сгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.38-43/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Г.С нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч П.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар газарт мушгин унагаж бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
П.С нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” худалдааны төвийн орчимд хохирогч Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Сг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Сыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч П.Сын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун тохойд зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт,
Хохирогч Г.Сгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байх тул хохирогч П.Сын биед эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.Сгийн биед эрүүл мэндийн хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.С нь хохирогч П.Сын биед эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч П.С нь хохирогч Г.Сгийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдлүүд нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.С, П.С нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.
Г.С нь хохирогч П.Сын эрүүл мэндийн эсрэг, П.С нь хохирогч Г.Сгийн эрүүл мэндийн эсрэг тус тус халдсан нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.Сгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч П.Сын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шүүгдэгч П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч П.С 281.790 төгрөг баримтаар нэхэмжилсэн байх бөгөөд “... хохиролд 5.500.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэсэн, хохирогч Г.С “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэжээ.
Гэвч хохирогч П.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Г.Сгаас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Г.С, П.С нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу П.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч нар тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, тэдэнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Г.С, П.С нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Г.С, П.С нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Г.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, П.Ст оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С, П.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Г.С, П.С нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Гын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Х овогт Пын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С, П.С нарт сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С, П.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч П.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Г.Сгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.С, П.С нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР