Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2019/00082

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- З.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- И.Г-д холбогдох,

гэм хорын хохиролд буюу хөөрөгний их бие, халбага, нуухны үнэнд 13.392.000 төгрөг, замын зардалд 697.000 төгрөг, шинжилгээний зардалд 100.000 төгрөг, нийт 14.189.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э, хариуцагч И.Г, иргэдийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөхморьт сумын иргэн И.Г нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хөхморьт сумын төвд З.Эминий үе дамжиж ирсэн шүрэн толгойтой халтар манан хөөргийг хулгайлан авсан хэрэг цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдаж явсаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалаар И.Г-ыгминий хөөргийг хулгайлсан болох нь тогтоогдож шийдвэрлэгдсэн. Хэргийн шалгалтын явцад хөөрөгний толгой олдсон бөгөөд хөөрөгний их бие, халбага, нуух нь олдоогүй. Хэргийн шалгалтын явцад хөөрөгний зургийг Улаанбаатар хот руу явуулж үнэлгээ тогтоолгоход 15.000.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн хөөрөгний толгойг олдоход гээгдсэн байсан эсэхэд шинжилгээ хийлгүүлэхээр Улаанбаатар хот руу явуулахад 100.000 төгрөгний шинжилгээний зардал төлсөн бөгөөд шинжилгээгээр 26,8 гр гэж шинжлэгдсэн. Зах зээлийн ханшаар 1 гр шүр 60.000 төгрөг байгаа бөгөөд хөөрөгний толгойны 1.608.000 төгрөгийг хөөрөгний нийт үнэлгээнээс хасаж, хөөрөгний их бие, халбага, нуухыг 13.392.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. Тухайн үед манай хүүхдүүд Ховд аймгийн Чандмань сумд сургуульд сууж тэнд амьдарч байсан бөгөөд хэргийн мөрдлөг, шүүхийн шатнаас шалтгаалж 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 13 удаа аймаг сумын хооронд зорчиж, 697.000 төгрөгний зардал гаргасан, үүний дотор 1 удаа машин хөлслөж 80 литр бензин зарцуулсан. Мөн хэргийн явцад хөөрөгний толгойг шинжилгээний газар шинжлүүлэхэд 100.000 төгрөгний шинжилгээний төлбөр төлсөн тул И.Гас нийтдээ 14.189.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна  гэв.

Хариуцагч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд хөөрөг алдагдсан хэрэг гарсан. З.Эманайхаас хөөргөө аваад гарч ирэхэд цагдаа ирж баривчлаад эрүүлжүүлэхэд хоносон юм байна лээ. Тэгээд хөөрөг нь байхгүй гэсэн. Энэ хөөрөг алга болсон хэрэг  гараад 4-5 жилийн хугацаа өнгөрч байна.  2018 оны 04 сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь намайг гэм буруутайд тооцоод давж заалдах гомдол гаргаад шүүхээс намайг 2 сарын хорих ялыг өршөөж оногдуулсан. 145.2 дахь хэсэгт зааснаар ялласан байсныг хууль зүйн үндэслэлгүй буруу зүйл анги хэрэглэсэн байна гэж үзээд шүүхийн тогтоол гарсан. Хөөргийг бүхэлд нь алга болгосон тул 15000000 төгрөг нэхэмжилсэн тул үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Дээд шүүхийн тогтоолоор хулгайн зүйл ангитай тохирохгүй байна гээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон юм.  Иргэний хэргийн шүүхэд хүсэлт гаргаад эд хөрөнгө үнэлдэг газруудад үнэлгээ хийлгэсэн юм. Сүүлд нь энэ хүн уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж дахин үнэлгээ хийлгэсэн байсан. Тэр үнэлгээ нь 1 хуудас бичиг байсан.  Би энэ хүнийг архи ууж яваад цагдаад баригдаад хөөргөө алдсан хүн гэж  ойлгож байна.  Цагдаагийн кубон баригдаж байсан газраас хөөрөгний толгой олдсон. Намайг дээд шүүх хөөргийг хулгайлаагүй гэж үзсэн. Би энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад З.Э-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч З.Энь хариуцагч И.Гд холбогдуулан 2015 онд хулгайд алдагдсан хөөрөгний их бие, халбага, нуухны үнэнд 13.392.000 төгрөг, замын зардалд 697.000 төгрөг, шинжилгээний зардалд 100.000 төгрөг, нийт 14.189.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Уг маргаж буй асуудал нь хууль зүйн хувьд гэм хор учруулсны улмаас учирсэн хохирол гаргуулах тухай шаардлага бүхий хэрэг байх ба шүүх гэм хорын хохирол гаргуулах маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гаадан овогт И.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Э-ийннэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг... дурдаж шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан ба Улсын дээд шүүхийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж хариуцагч тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл шат шатны шүүх И.Г-ыггэм буруутайд тооцсон байх ба шүүгдэгчийг цагаатгасан шүүхийн шийдвэр нотлох баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т ...зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан тул дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Нэхэмжлэгч нь “....И.Г-дхолбогдуулан 2015 онд хулгайд алдагдсан хөөрөгний их бие, халбага, нуухны үнэнд 13.392.000 төгрөг, замын зардалд 697.000 төгрөг, шинжилгээний зардалд 100.000 төгрөг, нийт 14.189.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж, хариуцагч нь “....  Би энэ хүнийг архи ууж яваад цагдаад баригдаад хөөргөө алдсан хүн гэж  ойлгож байна.  Цагдаагийн кубон баригдаж байсан газраас хөөрөгний толгой олдсон. Намайг дээд шүүх хөөргийг хулгайлаагүй гэж үзсэн. Би энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгө...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зохигчид эрүүгийн хэрэгт хөөрөг /их бие, халбага, нуух, толгой/-ийг бүхэлд нь 15.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа, хөөрөгний шүрэн толгой олдсон, одоо нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа, мөн хөөрөгний шүрэн толгой 26.8 грамм байсан талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ нэг грамм шүрийг 60.000 төгрөгөөр үнэлж хөөрөгний нийт үнэлгээнээс 26.8 грамм шүр толгойны үнэ 1.608.000 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас одоо хөөрөгний их бие, халбага нуухны үнэнд 13.392.000 төгрөгийг замын зардалд 697.000 төгрөг, шинжилгээний зардалд 100.000 төгрөг, нийт 14.189.000 гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч З.Э-ийнэзэмшил, өмчлөлд байгаа улаан ягаан өнгийн толгойн хэсгийг дамнасан 5 ширхэг цагаан од, нэг ширхэг хар өнгийн од мэт хонхорхойтой, халбаганд наадаг хэсэг нь цэвэрлэгдсэн гэх шинж байдал бүхий хөөрөгний шүрэн толгойн биет байдлыг фото зургаар бэхжүүлэн авч, тухайн фото зурагт байгаа шүрний 1 граммын зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Лэндс ХХК-ийг томилжээ.

“Лэндс” ХХК 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, З.Э-ийнөмч болох хөөрөгний шүрэн толгойн шүрний 1 граммын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 513.676 /таван зуун арван гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөг гэж дүгнэжээ.

Уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүсэлт гаргаснаар “Итгэлт-Эстимейт” ХХК-ийг дахин үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд 1 грамм шүрийг 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр үнэлжээ.

Дээрх шижээчийн дүгнэлтүүдийг зохигчдод танилцуулсан бөгөөд зохигчдын хэн аль нь дахин болон бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг шинжээчийн дүгнэлтдээ тусгасан байдал болон шинжээчийн дүгнэлтийг агуулга зэргийг харгалзан шүүх “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Харин “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, дүгнэлтийг гаргахдаа шүрний үнийг хэрхэн тооцоолж гаргасан болох нь тодорхойгүй байх тул үнэлэх боломжгүй байна.

Иймд хөөрөгний шүрэн толгойн шүрний үнийг 26.8*513.676=13.776.517 /арван гурван сая долоон зуун далан зургаан мянга таван зуун арван долоон/ төгрөгөөр тооцож, хөөрөгний нийт үнэ 15.000.000 төгрөгөөс шүрэн толгойны үнэ 13.776.517 төгрөийг хасч  хөөрөгний их бие, халбага, нуухны үнэнд 1.233.483 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун наян гурван төгрөг/-ийг гаргуулан /15.000.000-13.776.517=1.233.483/ нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс хөөрөгний үнийн үлдэх хэсэг 12.158.517 төгрөг, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа шаардлага болох замын зардалд 697.000 төгрөг, шинжилгээний зардалд 100.000 төгрөг, нийт 12.955.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Гантулгаас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 34.154 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан И.Г-аас 1.233.483 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун наян гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хөөрөгний үнийн үлдэх хэсэг 12.158.517 төгрөг, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа шаардлага болох замын зардалд 697.000 төгрөг, шинжилгээний зардалд 100.000 төгрөг, нийт 12.955.517 төгрөгийг / арван хоёр сая есөн зуун тавин таван мянга таван зуун арван долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 34.154 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОДОНЗУЛ

                                                                                       Н.ОЮУНБИЛЭГ