| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч И.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос И.Аийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И.А
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: яллагдагч И.А нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т.Т дэлгүүрийн үүдэнд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.Тийг зодож, эрүүл мэндэд нь бүсэлхийн дөрөвдүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.А “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 01-р сарын 16-ны өдрийн 29 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлуулна” гэв.
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл;
Шүүгдэгч И.А нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т.Т дэлгүүрийн үүдэнд иргэн Т.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11-12 цагийн орчимд “Т.Т” хүнсний дэлгүүрээс “Хараа” 0.75 граммын архи 1 ширхэг, “клаб элдэ” тамхи 1 ширхгийг авах гээд дэлгүүр ортол 5000 төгрөг дутаад дэлгүүрийн худалдагчаас зээлээч гээд гуйсан. Дэлгүүрийн худалдагч “чадахгүй, солиор, хуц, чамд өгөхгүй” гээд намайг дэлгүүрээс гаргаад толгой тархи руу цохиод өшиглөөд бас өшиглөөд дээрээс дэвссэн. Тэгээд дэлгүүр лүүгээ буцаад орчихсон. Би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэртээ ороод байж байтал цагдаа ирээд намайг үзээд И.А ахыг дуудаж оруулж ирээд эмнэлэг цуг яваад зургийг нь авхуул гэж ярьж байтал түргэний эмч ирээд намайг үзээд эмнэлэг рүү авч явна очиж зураг авхуулах шаардлагатай гээд И.А ахтай цуг түргэний машинтай хамт гэмтэл рүү явах замд удаан хэвтэж чадахгүй дотор муухайраад байна гэж хэлээд бид хоёр буугаад такси барьж Гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг дээр зургаа авхуулаад буцаад гэртээ ирсэн. Бид хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй. Дэлгүүрийн худалдагч гэдгийг нь л мэднэ. И.Атэй өмнө маргалдаж байгаагүй. Тэр дэлгүүрээс өмнө зээлээр бараа авч байсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 215 дугаартай “Т.Тт бүсэлхийн дөрөвдүгээр нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн байсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл И.А нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, иргэн Т.Тийн эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тиймээс шүүгдэгч И.Аийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч И.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” заасан эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тт хөнгөн хохирол учирсан ба “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 7-8 дахь тал)-ийг өгсөн тул шүүгдэгч И.Аийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч “...шүүгдэгч И.Аийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай...” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүгдэгч И.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал) тогтоогдсон ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан эмчилгээний зардал(500.000 төгрөг)-ыг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 62 дахь тал) байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд И.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 63 дахь тал) гаргасныг прокурор “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоол (хавтаст хэргийн 64-67 дахь тал)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /үл ялих зүйлээр шалтаглан хохирогчид халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол барагдуулсан гэх хүсэлтийг илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог/ болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Аэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн 0 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, И.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.А-гийн И.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар И.Аэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн 0 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, И.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Аэд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР