Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2019/00091

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА ХХҮГ-т холбогдох

жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгасантай холбоотойгоор тус төвийн сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалинд 14.536.371 /арван дөрвөн сая таван зуун гучин зургаан мянга гурван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГАА ЖДҮДТнь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харъяанд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өр төлбөрийг барагдуулах тушаал гарсан боловч хэрэгжээгүй. Иймд дотооддоо зохион байгуулалт хийн орон тоог цомхотгон ажилтнуудыг ажлаас чөлөөлөн нягтлан бодогч нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааг хариуцан үлдэж албан газрын асуудлыг шийдвэрлэтэл одоог хүртэл ажиллаж байна. Байгууллагын санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсан ч үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ямар нэгэн шийдвэр гараагүй тул албан хаагчдад цалин, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Тус төвийн өрийн асуудал, байгууллагын санхүүжилтийн асуудлыг дээд газартаа уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яам болон бусад дээд холбогдох газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээг авахгүй байсаар өнөөг хүрсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоолын дагуу томилогдсон комисс гарч Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлж тус төвд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө ГАА ГХБХБГт очсон боловч бусад өр төлбөр болох ажилтнуудын цалингийн асуудлыг шийдвэрлээгүй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, томилогдсон комисс өрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37,288,262.15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14.457.303 төгрөг, татварын 4.495.988,8 төгрөгийн өрийн нийт 54,412,781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нэхэмжилсэн боловч Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч Б.Д нь тус төвийг төлөөлөх эрхтэй болох нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгазсан шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтыг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч, одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Монгол улсын иргэн би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалин болох 14.107.700 төгрөгийг  нэхэмжлэх нэхэмжлэл  шүүхэд гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд санхүүжилт орж ирээгүй. 2017 оны 08 дугаар сарын 17-нд татан буулгах Засгийн газрын тогтоол гарсан юм. Энэ хугацаанд санхүүжилтгүйн улмаас ямар нэг цалин хөлс тавигдаагүй. 2017 оны 10 сарын 03-нд ажлын хэсэг байгуулагдаж уг ажлын хэсэгт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн өр төлбөрийг барагдуулах шаардлагатай тооцоог хийж хаалтыг баланс хийж хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг зохих журмын дагуу шилжүүлэх ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсэг нь ажиллаагүйн улмаас өр төлбөр нь барагдаагүй. 2016 оны 12 сарын 27-нд ажлаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргасан юм. Энэ тушаалыг хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Мянганбуу нь гаргасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрийн хэлтсийн харьяа байгууллага гэж явдаг юм гэв.

Хариуцагч ГАА ХХҮГшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн иргэн Б.Дгийн нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажил олгогч биш, тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажилд авч, чөлөөлөөгүй. Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт уламжлахдаа тус төвийн нягтлан бодогч хийж байсан Б.Д нь “...дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарах тул өрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн. Иймд Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж өгөхийг харьяа яаманд уламжилж өгнө үү” гэжээ. Энэ хүсэлтийн дагуу манай байгууллага 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт уламжилсан болно. Иймд манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан цалинд 14.536.371 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч  шүүх хуралдааны явцад 14.107.700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгасныг хариуцагчид гардуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

         Нэхэмжлэгч нь “...Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч, одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байна. Иймд байгууллага татан буугдаж ажлын хэсэг байгуулагдах хүртэлх  буюу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалинд 14.107.700 төгрөг нэхэмжилж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.     

         Хариуцагч нь “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажил олгогч биш, тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажилд авч, чөлөөлөөгүй. Манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, уг ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана" гэж, 32.5.6-д "...хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс..." гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн тооцоог татан буулгах комисс нь барагдуулах үүрэгтэй байна.

Ингэхдээ Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан дарааллаар тооцоог барагдуулах бөгөөд мөн хуулийн 32.7 дахь хэсэгт "...Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно..." гэж заасан байна.

ГАА , Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв гэж нэршлийн хувьд өөрчлөгдөж ирсэн байх боловч Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа байгууллага бөгөөд үүнтэй холбоотойгоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон бусад ажилчдаас томилжээ.

Мөн түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг удирдлага зохион байгуулалтаар хангадаг, тухайлбал төвийн даргыг томилж, чөлөөлөх, бүтэц орон тоог батлах эрхтэй болох нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдож байх тул хариуцагч гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Д нь ГАА ийн нягтлан бодогч, /сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн/-оор томилогдон ажиллаж байсан болох нь тус төвийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 дугаар тушаал, хавсралтаар аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг захирал 1, нягтлан бодогч 1, сургалтын мэргэжилтэн 2, нярав 1, үйлчилгээний ажилтан 4, нийт 9 орон тоотой байхаар баталсан байна. Улмаар 2015 оны 08 дугаар сард тус төвийн санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс шалтгаалан цалингийн өр үүссэн, цаашид цалин олгох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тус төвийг захирал, сургагч багш 1, сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нийт 2 хүний орон тоотой байхаар бүтэц, орон тоог баталсан болох нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/20 дугаар тушаал, хавсралтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Д нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогчоор, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/20 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар тус төвийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 2 орон тоотойгоор баталсны дагуу тухайн өдрөөс сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажилласан гэж тайлбарлаж байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн нягтлан бодогч /сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн/-оор ажилласан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 05, 06, 07 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 522.582 + 518.582 + 510.582 = 1.551.746 төгрөг, 1.551.746 : 3 = 517.248 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 517.248 : 21.5 = 24.058 төгрөг байна.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт ажлын 304 хоногийн цалинг тооцож 7.313.632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус төв татан буугдах хүртэл хугацаанд цалин, хөлс аваагүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа” –г хавсаргасан байх боловч түүний 0373999 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн талаарх бичилтийг нягтлан бодогч хийж, нийгмийн даатгалын байцаагч шалгаж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймд нэхэмжлэгч нь нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан хугацааны цалинг аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл дээрх лавлагаа нь байгууллага нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн эсэх талаарх мэдээллийг агуулсан байх ба энэ нь цалин олгогдсон эсэх талаарх үйл баримтын нотолгоонд хамааралгүй юм.

Мөн нэхэмжлэгч Б.Д нь “би Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан” гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/41 тушаалын агуулга нь үүрэг гүйцэтгэгчээр томилсон биш захирлын ажлыг түр хариуцуулсан байгаа бөгөөд энэ үйл баримт нь Б.Дд олгогдох цалинг тооцох аргачлалд ач холбогдолгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг гаргаж өгөх талаар зохигчдод эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан боловч баримтын эх хувь нь байхгүй учраас эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх боломжгүй байна гэсэн шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.313.632 /долоон сая гурван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131.968 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран найман/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогчоор ажилласан хугацааны цалинд  7.313.632 /долоон сая гурван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.313.632 /долоон сая гурван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131.968 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран найман/ төгрөгийг хариуцагч ГХХҮГ-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН