Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 

2023              02           01                                       2023/ШЦТ/153

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн , дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо  тоотод оршин суух, урьд Ч.Э

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: яллагдагч Ч.Э нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О нэртэй үйлчилгээний төвийн гадна хохирогч С.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Улсын яллагчаас “хохирогч С.Гын мэдүүлэг хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлуулна” гэв.

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл;

Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” нэртэй үйлчилгээний төвийн гадна иргэн С.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

               - Хохирогч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О караокед хуурай ах Тын хамт орсон. Нэг шил “Эдин” нэртэй архи хувааж ууж, караокед дуулсан...тамхи татах гээд гадаа гараад үүдэнд зогсож байсан чинь тус караокед үйлчлүүлж байсан Э гэх залуу гал асуугаад яваад байхаар нь өгсөн тэр залуу намайг хүрээд ир гээд байхаар нь чи яах гээд байгаа юм гэхэд Э гэх залуу чамд ямар хамаатай юм бэ гээд миний хацарт гараараа цохих шиг болохоор нь би урдаас нь түлхээд бид хоёр хоорондоо ноцолдсон чинь Э гэх залуу миний хоолойноос боож зүүн мөрний эгэм хэсгээс хазсан. Т ах салгасан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн чинь Э пивоны шил хагалаад миний зүүн дал хэсэгт нэг удаа зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

               - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод байрлах ертөнцийн зүгээр зүүн тийш харсан “караоке, цайны газар” гэсэн байшинтай улаан хүрэн өнгийн төмөр хаалгатай, тоосгоор барьсан байшин байв. Зүүн тийш харсан хүрэн бор өнгийн хаалганы ертөнцийн зүгээр урд зүгт цэнхэр өнгийн хашааны доод талд 10 см урттай хүрэн бор өнгийн шилтэй, хүзүү хэсэг дээр *** гэсэн бичиглэлтэй хаалт наалт наасан шилийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг тэмдэглэлд тусгав”  (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8508 дугаартай “(хэсэг газрын үзлэгээр зүүн даланд 5 см таван ширхэг оёдол бүхий шархтай, зүүн мөрөнд 3х2,5 см хүрэн өнгийн тавшсан зулгаралттай) С.Гын биед зүүн далны хатгагдсан шарх, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Шүүгдэгч Ч.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тухайн үед согтуу байсан. Тамхи татах гээд гадаа зогсож байхдаа хоёр залуутай маргалдсан. * гэх залуутай барьцалдаж аваад зүүн дал хэсэгт нь хазсан. Хажууд байсан хүн салгах гэхээр нь уурандаа газраас пивоны шил авч хагалан *ын нуруунд зоосон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Э нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр,  иргэн С.Гын эрүүл мэндэд халдаж (нуруун тус газарт шилээр цохих, хазах) гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тиймээс шүүгдэгч Ч.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” заасан эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Гд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “...эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаарх баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)-ийг өгсөн тул шүүгдэгч Ч.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ч.Э нь урьд дөрвөн удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон (хавтаст хэргийн 52-56 дахь тал) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдын биед халдан зүүн мөр хэсэгт хазах, архины шилээр нуруун тус газарт хатгасан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт гарсан, хохирогчоос нэхэмжлэхгүй зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн , дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн , тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР