Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Б.Батхишиг;

шүүгдэгч: Б.Элбэг, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаант овогт Бямбадоржийн Элбэгт холбогдох эрүүгийн 201624000768 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, Олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 15/2 дугаар байрны 5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УШ92022691 регистерийн дугаартай, Ухаант овогт Бямбадоржийн Элбэг.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Элбэг нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол зочид буудлын зүүн талын замд “Nissan Vannete” маркийн 3238 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг хойноос урагш чиглэлд жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Мөнхцэцэгийг мөргөж дух ясны зүүн талаас доош, духны хөндий зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, духны дэлбэнгийн тархины эдийн хий, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн таславч хоорондын цус харвалт, ууцны 1-р нугаламын хажуугийн сэртэнгийн хугарал, сүүжний тогооны сэлтэрсэн хугарал, дух, хамар, хацар, ташаа, гуянд цус хуралтууд бүхий хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Элбэг мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Баянгол зочид буудлын зүүн талын замаар явж байтал автобусны буудлын явган хүний гарцаар 3 хүн зам гарсан. Би машинтайгаа явган хүний гарц өнгөрөөд хөдөлтөл хохирогч гэнэт гарч ирсэн тул түүнийг мөргөсөн юм. Тэр даруй түргэн тусламж, цагдаа дуудсан. Хохирогч 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардлыг би төлсөн. Би хохирогчид нийт 3.379.000 төгрөг төлж хохирол барагдуулсан. Одоо хохирогч надад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 4/, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, хохирогч Х.Мөнхцэцэг /хх-ийн 13-16/, гэрч Х.Мөнхзул /хх-ийн 17/, Р.Мэндсайхан /хх-ийн 18/, М.Уянга /хх-ийн 19/, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Горлос /хх-ийн 20-22/ нарын мэдүүлэг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 28/, техникийн шинжээчийн 544 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11764 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, Х.Мөнхцэцэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 36-43/, Б.Элбэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-56/, Б.Элбэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69/, Б.Элбэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, Б.Элбэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 72-80/, хохирлын баримтууд /хх-ийн 81-83/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Элбэг нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Баянгол зочид буудлын зүүн талын замд А.Горлосын эзэмшлийн “Nissan Vannete” маркийн 6523 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Мөнхцэцэгийг мөргөж, бие махбодид нь  хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн болох нь:

 

хохирогч Х.Мөнхцэцэгийн /хх-ийн 13-16/:  “… 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг 20 минутын орчим төрсөн эгч Мөнхзулын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын зүүн талын замаар явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй гарч яваад машинд мөргүүлж толгойдоо хүнд гэмтэл авсан. Тухайн үед зам гарахад манай эгч миний урд талд 1, 2 алхам зайтай харин би ар талд нь явж байтал хойноосоо урагшаа чиглэлтэй явсан машин намайг мөргөсөн. Намайг ухаан ороход эмнэлэгт хүрэгсэн байсан…, гомдолтой байна нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Мөнхзулын /хх-ийн 17/: “… 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16
цаг 20 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр
Баянгол зочид буудлын зүүн талын зам дээр явган хүний гарцаар ертөнцийн
зүгээр зүүнээс баруун чиглэлтэй төрсөн дүү Х.Мөнхцэцэгийн хамтаар зам хөндлөн
гарсан. Зам гарах үед гэрлэн дохио ажиллахгүй байсан. Би дүүгээсээ 1-2
алхамын өмнө нь явж байтал ард “тас” гээд л явчихсан. Эргээд хартал манай
дүү Х.Мөнхцэцэг машинд мөргүүлээд газарт унаж байсан. Гүйгээд очтол
духнаас нь цус гараад “босож чадахгүй байна” гэсэн. Тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан…” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Горлосын /хх-ийн 21-22/: “… Б.Элбэг бид 2 хамтарч хувиараа ойр зуурын юм хийдэг юм. Машин нь миний нэр дээр байдаг. “Nissan Vannete” маркийн 6523 УНЯ дугаартай автомашиныг Б.Элбэг хаяа унадаг юм. Энэ машин нь 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн машин. Уг ослоос болж миний машинд нийт 372.000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ би энэ хохирлоо Б.Элбэгээс нэхэмжлэхгүй, энэ талаар гомдол санал байхгүй байна…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /хх-ийн 35/ “…Мөнхцэцэгийн биед дух ясны зүүн талаас доош духны хөндий зүүн нүдний ухархайн дээд хана, дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, духны дэлбэнгийн тархины эдийн хий, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн таславч хоорондын цус хуралт, ууцны 1-р нугаламын хажуугийн сэртэнгийн хугарал, сүүжны тогооны сэртэнгийн хугарал, дух, хамар, хацар, ташаа, гянд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн Шүүх эмнэлгийн 11764 тоот шинжээчийн дүгнэлтээр,

           

техникийн шинжээчийн /хх-ийн 31/: “Nissan Vannete маркийн 6523 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Б.Элбэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн..., Явган зорчигч Х.Мөнхцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 а-д заасан заалтыг зөрчсөн байх үндэстэй байна. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй” гэсэн 544 дугаартай дүгнэлтээр,

 

Шүүгдэгч Б.Элбэгийн буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч А.Горлосын “Nissan Vannete” маркийн 6523 УНЯ дугаартай автомашинд 302.000 төгрөгийн шууд, 372.000 төгрөгийн нийт хохирол учирсан болохыг тогтоосон “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ний 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ /хх-ийн 28/ болон зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал /хх 4/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5/, зам тээврийн осол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7/, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9/, хохирогч Х.Мөнхцэцэгийн авчний түүхийн хуулбар /хх-ийн 36-43/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Элбэгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Элбэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй  байна.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр Б.Элбэгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн дугаарыг 3238 УБЛ гэж бичсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Элбэг, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Горлос нарын мэдүүлгээр тээврийн хэрэгслийн дугаар 6523 УБЯ болох нь тогтоогдож байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, залруулсан болно.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Элбэгт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзсэнээс гадна анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Х.Мөнхцэцэг нь “өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 3.379.000 төгрөг авсан, гомдол саналгүй”, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Горлос “автомашинд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй” /хх-ийн 21-22/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Элбэгийг дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Х.Мөнхцэцэг нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Элбэгийн В ангилалын ¹692083 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ухаант овогт Бямбадоржийн Элбэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Элбэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Элбэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Мөнхцэцэг, иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ А.Горлос нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Х.Мөнхцэцэг нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгт оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын буюу Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүдэгч Б.Элбэгийн В ангилалын ¹692083 дугаартай жолоочийн үнэмлэхийг    Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Элбэгт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ