Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0504

 

 

 

 

 

 

     2021         08           02                                   128/ШШ2021/0504              

                                                      

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Я

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖСын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг БОАЖСад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7 330 000 /долоон сая гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... БОАЖСын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажилдуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг БОАЖСад даалгах. Нэхэмжлэгч Б.ЯБОАЖСын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр Б.Я даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Улмаар БОАЖС-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/54 дүгээр Б.Я албан тушаалд томилох тухай тушаалаар Б.Я Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилсон юм. Тус албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Б.Я нь албан үүргээ хангалттай сайн биелүүлж, ажлын үр дүн нь хангалттай сайн үнэлэгдэж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй юм.

Гэтэл, БОАЖСын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар Б.Я төрийн албанаас чөлӨөлөх тухай тушаалаар Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Я төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Тус Б/02 дугаар тушаал нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байдаг ба Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл байгаа тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэсэн.

Өөрөөр хэлбэл, Б.Я Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан үүргээс буюу төрийн албанаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхой бус байна. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 46 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд төрийн албанаас чөлөөлж, хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон байна. Түүнчлэн, Б/02 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж буй Б.Ялалтбаярт ямар нэг байдлаар шийдвэр гаргах гэж байгаа талаар мэдэгдээгүй, тайлбар аваагүй байдаг.

Харин гэнэт 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүний нөөцийн мэргэжилтэн утсаар холбогдож ажлаа хүлээлц гэж хэлээд, улмаар Усны газрын хүний нөөцийн мэргэжилтэн И.Н гэдэг хүний мэйл хаягаас тушаалын зургийг дарж явуулсан байдаг. Улмаар Б.Я нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд БОАЖСын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар Б.Я төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба энэхүү гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолоор БОАЖСын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож хүчингүй болгож, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, а|^ал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөн Гөрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04/947 дугаар тогтоол хүргүүлэх тухай албан бичгийг БОАЖС Н.У хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотод Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг даалгасан байдаг. Гэтэл, БОАЖС өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлээгүй буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай ямар нэг шийдвэр гаргаагүй, мөн энэ тухайгаа 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 8мар нэг байдлаар Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлээгүй эс үйлдэхгүй гаргасаар байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу БОАЖСын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг БОАЖСад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Я Төрийн албаны зөвлөлийн тогтоол хүчингүй болсон байна би буцаад орох уу гэхэд ковид гээд алга болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбар нь үйлд явдлын тухай ярьж байна яг ийм үйлдлүүд гарсан бол төрийн алба нь дампуурсан байгаа. Үнэхээр 15 сая төгрөг авсан бол цагдаад хэлээд шийдүүлэх байсан. Төрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны акт гаргах гэж байна. Хууль дээдэлнэ,үндэслэлтэй байна, бодитой байна гээд Үндсэн хуулиар заагаад өгсөн. Чөлөөлсөн тушаалд үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “...Тус шүүхэд Б.Я нь БОАЖСын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг БОАЖСад даалгах гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаал хүчингүй болгох тухай 116 дугаар тогтоолыг Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу яам Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3582 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Шүүх дүгнэлт хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 3 дугаар зүйлийн 3.1.3 нэхэмжлэл гэж хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэсэн заалтын тал гэдгийг эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд гэж ойлгож хэрэглэхээр байна. Гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байгаа ба Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргаар одоо ажиллаж байгаа албан хаагчийн эрх ашиг мөн хөндөгдөж байна. БОАЖС 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн цогцолбор газарт ажиллах үеэр суурьшлын бүсийн иргэд ундны усны чанар муу байгааг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байдаг.

Уг хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Хөөтийн өрөмдөл худагт цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд шилжүүлсэн. Гэтэл Б.Я нь цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болж байгаа бөгөөд үүний улмаас нутгийн иргэдийг чанартай усаар хангах асуудал шийдэгдээгүй, мөн Дорноговь аймгийн Засаг Даргын захирамжаар Зээгийн хөтлийн газар доорх усны хяналт шинжилгээний цооногт хамгаалалтын барилга барих 9,5 сая төгрөг гаргаж барилга бариулсан боловч стандартын дагуу баригдаагүйн дээр 5 сая төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн, байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж машины кроб эвдсэн, мост ажиллагаагүй болгосон зэрэг удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар гомдол мэдээлэл тус яаманд ирсэн.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүЙлийн 39.1.11-т албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэг, 37.1.13 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргийг тус тус хүлээх, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах зэргийг зөрчсөн байна хэмээн үзэж Б.Я төрийн албанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

 Гэтэл Төрийн албаны зөвлөл нь маргаан бүхий 116 дугаар тогтоолыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.11 болон Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1, 3.1-т заасан ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн шаардлагаас гадна дүрмийн 3.1.2-т төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах гэж тус тус заасныг анхаарч үзэж, баримтлалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 116 дугаар тогтоолыг агуулга, хэлбэрийн хувьд алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-т заасан бодит нөхцөл байдал, эрх зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд хугацааг заах гэсэн үндсэн шаардлагуудыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага захиргааны актыг бичгээр гаргаж байгаа тохиолдолд хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн, яаж зөрчөөд байгаа талаар тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй шийдвэр гаргасан байдаг. Иймд Б.Я төрийн албанаас чөлөөлөх тухай БОАЖСын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Б.Я нь тус шүүхэд хандан “БОАЖСын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг БОАЖСад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7 330 000 /долоон сая гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч Б.Я БОАЖСын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар тус яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.[1]

1.2. БОАЖСын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар түүнийг тус яамны харьяа Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд жинхлэн томилсон.[2]

1.3. БОАЖСын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар түүнийг төрийн албанаас чөлөөлсөн.[3]

1.4. Маргаж буй Б/02 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг үзэхэд “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт” байна.

1.5. Маргаж буй Б/02 дугаар тушаалыг нэхэмжлэгч Б.Ялалтбаярт мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд улмаар Усны газрын хүний нөөцийн мэргэжилтэн И.Наранчимэгийн хувийн цахим шуудангийн хаягаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тушаалын зургийг дарж явуулсан.[4]

1.6. Нэхэмжлэгч Б.Я нь цахим шуудангаар тушаалыг мэдээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.[5]

1.7. Төрийн албаны зөвлөл түүний гомдлыг хэлэлцээд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаар тогтоол гаргасан бөгөөд тус тогтоолоор “маргаж буй Б/02 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Б/02 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэх ажиллуулахыг БОАЖСад даалгаж” шийдвэрлэсэн.[6]

1.8. Гэвч тус яамны сайд Төрийн албаны зөвлөлийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгч Б.Я нь тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:” гээд мөн зүйлийн 46.2.1-46.2.5 дахь заалтад “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон; тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; хуульд заасан бусад үндэслэл” гэж заажээ.

2.2. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:” гээд мөн зүйлийн 47.1.1-47.1.4 дэх заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон; Монгол Улсын харьяатаас гарсан; энэ хуульд заасан бусад үндэслэл[7]” гэж заажээ.

2.3. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн байна.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс авч үзвэл хууль тогтоогч нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, халах эрх зүйн үндэслэлийг эрх зүйн харилцаа үүсэх фактаар нь ялгамжтай зохицуулсан байна. Тодруулбал, ямар нэг зөрчлийн шинжгүй үйл баримт буюу Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон; тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх зэрэг үйл баримт тогтоогдвол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, харин зөрчлийн шинжтэй үйл баримт буюу хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй гэх зэрэг үйл баримт тогтоогдвол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах шийдвэр гаргахаар зохицуулжээ.

2.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллаж байсан Б.Янь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч мөн[8] байх ба тэрээр 2018 оны Үр дүнгийн гэрээний жилийн эцсийн тайлангийн биелэлтээр 92.9 оноо авч “А” үнэлгээ авсан[9], 2019 оны Үр дүнгийн гэрээний жилийн эцсийн тайлангийн биелэлтээр 92.2 оноо авч “А” үнэлгээ авсан[10] болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт “Б.Я“Хөөтийн өрөмдөл худаг”-т цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах 15 сая төгрөгийн санхүүжилтийг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд шилжүүлсэн байхад тус төхөөрөмжийг ашиглалтад оруулалгүй 2 жил болгож байгаа, Зээгийн хөтөлийн газар доорх усны хяналт шинжилгээний цооногт хамгаалалтын барилга барих 9.5 сая төгрөг гаргаж бариулсан боловч стандартын дагуу баригдаагүйн дээр 5 сая төгрөгийг өөрөө авч хэрэглэсэн, байгууллагын автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж, кропка эвдсэн, мост ажиллагаагүй болгосон зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар гомдол мэдээлэл тус яаманд ирсэн” гэх зэргээр нэхэмжлэгч Б.Янь төрийн албанд ажиллаж байхдаа зөрчил дутагдал гаргаж байсан гэх үйл баримтуудыг дурддаг боловч тэрхүү зөрчлийг бодит байдал дээр үнэхээр гаргасан гэдгийг маргаж буй Б/02 дугаар тушаалыг гаргахдаа тогтоогоогүй, түүндээ тухайлан дурдаагүй болох нь тогтоогдож байна.

2.6. Мөн хариуцагч БОАЖС нь Б.Я тийнхүү зөрчил гаргасан гэж үзсэн бол маргаж буй Б/02 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн, эсхүл 48 дугаар зүйлийн аль тохирох үндэслэлийг баримталж, төрийн албанаас халах учиртай байхад ямар нэг зөрчлийн шинжээс хамааралгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг, тодруулбал, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.5 дахь заалтыг баримталснаас харахад Б.Я дээр дурдсан зөрчлийг гаргасан учраас төрийн албанаас чөлөөлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байгаагаас гадна маргаж буй Б/02 дугаар тушаалыг гаргахдаа дээр дурдсан байдлаар хууль хэрэглээний хувьд ноцтой зөрчил гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

2.7. Түүнчлэн, өмнө дурдсанчлан хуульд заасан үндэслэлийг буруу хэрэглэсэн, Б.Я төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй буюу сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, гаргасан захиргааны актаа хуульд заасны дагуу хаяглагдсан этгээдэд гардуулж мэдэгдээгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гарган Төрийн албаны зөвлөлийн  2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн гаргасан эдгээр зөрчлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан “хуульд үндэслэх”, 4.2.6 дахь заалтад заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

2.8. Нэхэмжлэгчийн гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7 330 000 /долоон сая гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасан аргачлалаар Б.Я ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах хүртэл буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргахад 9,459,057.60 төгрөг /есөн сая дөрвөн зуун тавин есөн мянга тавин долоон төгрөг жаран мөнгө/ болсон бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан 7,330,000.00 /долоон сая гурван зуун гучин мянган/ төгрөгийн шаардлагаа дэмжсэн болохыг дурдаж байна.

2.9. Нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гомдлыг хангаж, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаар тогтоолыг гаргасан байх бөгөөд тус тогтоолоор маргаж буй Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн (энэ шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй[11]) төдийгүй уг шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас хэн нэг гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шүүхээс зайлшгүй тодруулах нь ач холбогдолгүй бөгөөд шаардлагагүй, түүнчлэн энэ нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн талаар:

3.1. Шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2021/5370 дугаар захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлосон.

3.2. Дээрх шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд товыг шүүгчийн туслах холбогдож сануулсан, мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэд хэдэн удаа утсаар холбогдох оролдлого хийсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утас “холбогдох боломжгүй” хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.

3.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 37 дугаар зүйлийн 37.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Я гаргасан “БОАЖСын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа буюу Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Б.Я өмнө ажиллаж байсан Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг БОАЖСад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7 330 000 /долоон сая гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 202,430.00 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 6 дахь тал

[2] Хх 7 дахь тал

[3] Хх 8 дахь тал

[4] Хх 9 дэх тал

[5] Хх 19 дэх тал

[6] Хх 21 дэх тал

[7] Тухайлбал, үүнд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарна

[8] Хх 7 дахь тал

[9] Хх 10-13 дахь тал

[10] Хх 14-18 дахь тал

[11] Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн нөйруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.4 дэх хэсэг