| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0509/3 |
| Дугаар | 221/МА2025/0059 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0059
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ц” ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 6/**** тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060****** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн “Л” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусд тооцуулах, анхны өмчлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0826 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс:128/2024/0509/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 6/**** тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060****** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн “Л” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусд тооцуулах, анхны өмчлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0826 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо:
“...Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060****** дугаар үл хөдлөх нь 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үүсмэл хөрөнгөөр “Т” ХХК-ийн хөрөнгөөр анх бүртгэгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Т” ХХК-аас ** тоот Д.Д гэсэн хүсэлт “Л” ХХК-аас ** тоот Д.Д гэсэн хүсэлт тус тус дангаар гаргаж үл хөдлөх хөрөнгийг “Л” ХХК-руу шилжүүлсэн байна. Гэтэл Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060****** дугаар үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 сарын 12-ний өдөр бүртгэхэд тухайн үед “Т” ХХК Д.Д дангаар хувьцаа эзэмшигч харин хөрөнгө хүлээн авагч “Л” ХХК-ийг иргэн Д.Д миний бие 60 хувь, Ш.Т 30 хувь, Б.А 10 хувийг тус тус эзэмшдэг байсан.
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Т” ХХК-аас ** тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.2 дахь хэсгийг баримтлан/ “Л” ХХК-аас ** тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлийг зөрчиж/ тус тус хүсэлт гаргасан байгааг 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг зөрчиж улсын бүртгэгч бүртгэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Л” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Тодруулбал “Л” ХХК-аас 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу гурван хувьцаа эзэмшигчтэй ХХК-ийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байна. Шүүх дан ганц мэдүүлэг гаргагчийг үнэн зөв мэдүүлэх гаргах үүрэгтэй байсан гэдгээр захиргааны байгууллагын илт хууль бус анхан шатны хяналт шалгалт, тулгалт хийгээгүй өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчсөн бүртгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Захиргааны шүүх мөрдөн шалгах заримаа хэрэгжүүлээгүй хариуцагчийн тайлбар үнэн зөв эсэхийг огт нягтлаагүй, өмчлөгч нь огт оролцоогүй өмчлөх эрхийн бүртгэлийг илт хууль бус гэж үзээгүй зэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дахин хянан шийдвэрлүүлэхээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, 47.2 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлүүдийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060****** дугаартай үл хөдлөх хөрөнгийн ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Т” ХХК-аас “Л” ХХК-руу шилжүүлсэн буюу “Л” ХХК-аас 41 тоот илт хууль бус хүсэлтийг үндэслэн шилжүүлэн авсан бүртгэлийг илт хууль бусад тооцож хүчингүй болгож, анхны өмчлөгч “Т” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх “Ц” ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 6/**** тоот шийдвэрийг эс зөвшөөрч, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060****** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн “Л” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусд тооцуулах, анхны өмчлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С-аас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4850 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон хуралдуулсан бөгөөд 128/ТМ2024/3320 дугаар урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзвэл “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан...” гэж, Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх тухай Баримт №10-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
3. Мөн тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар оролцсон байх /шүүхийн шийдвэрээс зөрүүтэй/ бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Б.Т давж заалдах гомдол гаргасан нь тус тус тогтоогдож байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасанд нийцээгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг шийдвэрлэсэн байна.
4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.С байх бөгөөд түүнээс шүүхэд төлөөлөх эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Б.Т-д олгосон баримт хэрэгт авагдаагүй буюу энэ талаарх нотлох баримтыг гаргуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, улмаар эрхгүй этгээд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О /цахим/ нарыг оролцуулан...” хэмээн тус хэргийн оролцогч биш этгээдүүдийг оролцуулсан мэтээр тэмдэглэлд тусгасан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргажээ.
5. Иймд хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч “Ц” ХХК-ийг төлөөлөн оролцох эрх бүхий этгээд тодорхойгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА