| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/031 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Энхтөр,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: Д.Шонхор, түүний өмгөөлөгч С.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Долоод овогт Доржбатын Шонхор / РД:ВЭ75072873 / ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Шонхор нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам 3 дугаар багийн нутагт иргэн Б.Мягмарсүрэнгийн биеийн баруун хөхний доод хэсэгт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Шонхорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо бол өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг / хх-ийн 61-62 /,
2. Шүүгдэгч Д.Шонхорын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед Өлзийт сумын 3 дугаар баг намын өвөр гэх газраас үхрээ тууж яваад эхнэрийн дүү Мягмарсүрэнгийн гадуур малаа туугаад явж байтал эхнэр Дэлгэрмаа нь гарч ирээд туулцсан. Тэгээд би гэртээ ирээд эхнэр Долгорт би дүү нар чинь гадуур нь гарч байхад үхэр туулцаад өгөхгүй юм гэж хэлээд мотоциклоо асаагаад Мягмарсүрэнгийнд очоод гэрт ороод чи үхэр туулцаад гаргаад өгөхөд яадаг юм гэхэд чиний гутал нойтон юм чинь яадаг юм би эхнэрээ гаргасан биз дээ гэж хэлэхээр нь би өмнөөс чи эр хүн юм байгаа биз дээ би 2-3 өдөр гутал өмссөн миний гутал нороогүй юм чинь чиний гутал нороод байхдаа яадаг юм гэж хэлээд хуванцар цагаан сав байхаар нь би аваад Мягмарсүрэн рүү шидсэн чинь босож ирээд намайг барьж аваад -үүр нь тус газар нэг удаа цохихоор нь зөрүүлж цохиод бид хоёр ноцолдсон чинь гэрт 5айсан Т.Санжидмолом, Т.Насанбат нар нь салгах гээд намайг нэг нь татаад хойшоо болгохоор нь би хүний олон хүнээ барьдаггүй, нохойн олон нохойгоо барьдаг гэж элтэл намайг барьсан хүн тавихаар нь би эд нар олууллаа намайг бөөрлөх гээд байна гэж бодоод карманд байсан бор иштэй эвхмэл хутгыг гаргаж ирээд баруун талын цээжний доод хэсэг рүү нэг хатгаад буцаагаад кармалсан. Тэгээд Мягмарсүрэн газар ухаан алдаад унасан тэгээд эхнэр нь түргэн дуудахаар нь би цагдаа аваад ирээрэй гэж хэлсэн. Манай хөрш айл Тогтохынд хадам ах Сүхбат хүнс гаргахаар нь би хамт гаргалцсан тэгээд хутгаа кармадаа авч явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шонхорын мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хохирогч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2022 оны 11 дүгээр. сарын 21-ний орой 22 цагийн үед эхнэр М.Дэлгэрмаа, Насанбат, Санжидмолом нарын хамт байж байхад манай хүргэн ах Д.Шонхор мотоциклтой ирээд ууртайгаар чи амьд байсан юм уу гээд жижиг цагаан хувин аваад над руу шидээд архи байвал ууя гээд хэрүүл маргаан хийсэн. Би тэгэхээр нь очоод барьж авсан чинь өмнөөс боогоод үснээс зулгаагаад доош нь дарахаар би толгойгоо сэжиж гаргаад нүүрэн тус газар нь 2 удаа мөргөөд би зөрүүлээд заамдаад авсан чинь манайд байсан 2 хүүхэд салгасан тэгээд уур нь гарах байх гэж бодоод өөдөөс нь хараад зогсож байтал баруун талын хөхний доод хэсэгт халуу түүгээд явчихаар нь би хутгалчихсан юм байхдаа гээд хартал цус гараад хутгалчихсан байсан. Тэгээд би ухаан алдаад унасан. Тэгээд сэрээд удаагүй байтал цагдаа эмнэлгийнхэн ирсэн байсан. Юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Миний баруун талын мээмний доод хэсэгт нэг удаа хутгалсан. Явахаар цээж тэр чигтээ хөндүүрлэн өвдөж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,
5. Гэрч Т.Санжидмоломын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчимд ах Т.Насанбатын хамт сүлжээн дээр гарах гээд Мягмарсүрэн ахынд ирсэн. Тэгээд байж байтал Шонхор ах ирээд хэрүүл нэхээд жижиг цагаан сав ширээн дээрээс аваад Мягмарсүрэн ах руу шидсэн чинь ах яаж байгаа юм гээд босоод иртэл Шонхор ах тэр хоёр заамдалцаж аваад Шонхор ах эхлээд Мягмарсүрэн ахын нүүр лүү нь цохиод авсан чинь зөрүүлээд адилхан цохисон мөн Мягмарсүрэн ах Шонхор ахын дух руу мөргөхөөр нь бид хоёр салгаад нэг холдуултал Мягмарсүрэн ах ёолоод газар суугаад ахыг нь хутгалчихлаа гэхээр нь хартал баруун талын хөхний доод хэсгээс цус гарсан тэгээд Мягмарсүрэн ах ухаан алдаад унасан Дэлгэрмаа эгч эмнэлэг дуудах гэтэл Шонхор ах цагдаад хэлээрэй би хүн хутгалсан гэж хэлээд гэр лүүгээ яваад удаагүй буцаад ирсэн. Шонхор ах эхэлж сав авч шидсэн, мөн түрүүлж гар хүрсэн. Хутгалчихлаа гэж хэлсэн хутгаа харуулаагүй. Биеийнхээрээ ороод ах дүү гээд сүрхий байдаг. Шонхор ах Мягмарсүрэн ахын төрсөн эгчтэй нь суусан...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,
6. Гэрч Т.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчимд дүү Т.Санжидмоломын хамт сүлжээн дээр гарах гээд Мягмарсүрэн ахынд ирсэн. Тэгээд байж байтал Шонхор ах ирээд хэрүүл нэхээд жижиг цагаан сав ширээн дээрээс аваад Мягмарсүрэн ах руу шидсэн чинь ах яаж байгаа юм гээд босоод иртэл Шонхор ах тэр хоёр заамдалцаж аваад Шонхор ах эхлээд Мягмарсүрэн ахын нүүр лүү нь цохиод авсан чинь зөрүүлээд адилхан цохисон мөн Мягмарсүрэн ах Шонхор ахын дух руу мөргөхөөр нь бид хоёр салгаад нэг холдуултал Мягмарсүрэн ах ёолоод газар суугаад ахыг нь хутгалчихлаа гэхээр нь хартал баруун талын хөхний доод хэсгээс цус гарсан тэгээд Мягмарсүрэн ах ухаан алдаад унасан Дэлгэрмаа эгч эмнэлэг дуудах гэтэл Шонхор ах цагдаад хэлээрэй би хүн хутгалсан гэж хэлдээ гээд гэр лүүгээ яваад удаагүй буцаад ирсэн. Шонхор ах эхэлж сав авч шидсэн, мөн түрүүлж гар хүрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,
7. Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Насанбат, Санжидмолом нар ирчихсэн гар утсаар тоглоод байж байхад Д.Шонхор ах мотоциклтой ирсэн. Тэгээд манай нөхрийг чи амьд байсан юм уу гээд гарч ирээд үхэр туугаад өгчихгүй гэхээр нь би нойтон гуталтай гутлаа тайлчихсан байж байгаад эхнэрээ гаргасан гэж хэлээд байж байтал Шонхор ах хувин аваад манай нөхөр лүү шидсэн тэгэхээр нь манай нөхөр босч ирээд тэр хоёр барилцаж авсан тэгээд би айгаад гэрт байсан хоёр хүнийг наад хоёроо салга гэж хэлчхээд гараад хонио эргэж байтал Насанбат гарч ирээд танай нөхрийг хутгалчихлаа гэхээр нь гэрт ортол газар хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн. Шонхор ах тэр орой 7-8 цагийн үед үхрээ манай гаднаас тууж явахаар манай нөхөр гараагүй намайг гаргасан. Тухайн үед юм яриагүй сүүлд манайд ирэхдээ үхэр гаргаж өгсөнгүй гэж хэрүүл хийсэн. Тэрнээс болсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /,
9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 727 дугаартай шинжээчийн:
1.2. Б.Мягмарсүрэнгийн биед баруун хөхний шарх, цус хуралт, хамар , эрүү, баруун эгмийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх баруун хөхний шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна. Дээрх бусад хамар, эрүү, баруун эгмийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх баруун хөхний шарх, цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн дээрх бусад хамар, эрүү, баруун эмэгний зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 / болон шүүгдэгч Д.Шонхорын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Шонхор нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Ёлын ам” 3 дугаар багийн нутагт иргэн Б.Мягмарсүрэнгийн гэрт түүнтэй үл ялих зүйлээс болж маргалдаж түүний биеийн баруун хөхний доод хэсэгт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч Б.Мягмарсүрэн, гэрч Т.Санжидмолом, Т.Насанбат, М.Дэлгэрмаа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 727 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Шонхорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Д.Шонхорт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мягмарсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Шонхор нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Д.Шонхорт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Д.Шонхор нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Харин хохирогч Б.Мягмарсүрэн нь шүүгдэгч Д.Шонхорт хутгалуулсны улмаас Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн зардлыг Прокурор нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгч Д.Шонхорын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Долоод овогт Доржбатын Шонхорыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Долоод овогт Доржбатын Шонхорыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Шонхорт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Шонхор нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Шонхор нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Шонхороос хохирогчийн эмнэлгийн зардлыг Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зардлыг нэхэмжлэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Шонхорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Шонхорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ