Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А*******, Ц.Г******* нарт холбогдох эрүүгийн 2215000000246 дугаартай, 163/2022/0232/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н******* овогт Ц******* А*******, Дундговь аймгийн Дэлгэрхаан суманд .... оны ... дугаар сарын ........-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Урт гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 53 настай, эрэгтэй, урьд

Дундговь аймаг дахь анхан шатны шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /Р......./.

Монгол улсын иргэн, Б******* овогт Ц******* Г*******, Говь-Алтай аймгийн Цээл суманд ... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Зөөхий гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ....../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Цуврай” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.5788 м3 хуурай шинэс төрлийн модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид 207.108 төгрөгийн шууд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн  2215000000246 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Цуврай” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.5788 м3 хуурай шинэс төрлийн модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид 207.108 төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу заасны дагуу 3 дахин өсгөсөн үнэлгээгээр нийт 621.324 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

1. Үзлэг явуулж байгаа газар нь Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт орших “Цуурайн эх” гэх газар байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн ойн сан бүхий газар байв. Уг газар нь төв суурин газраас алслагдсан учир хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй тул зураг, дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлж авав.  №1 гэж дугаарласан модны диаметр 40 см, газраас 70 см өндөр, №2 гэж дугаарласан модны диаметр 45 см, газраас 95 см өндөр байсныг гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,

2. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 4 хоногийн хугацаанд цэвэрлэгээний зориулалтаар 10м3 мод бэлтгэх БУА22-075204 дугаартай эрхийн бичиг / хавтаст хэргийн 116 дахь тал/,

 

  1. Иргэний нэхэмжлэгч С.Ц******* “...97-06 ОРО улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг би 2013 оны 04 дүгээр сард 4.0 сая төгрөгөөр худалдан авч түүнээс хойш өдийг хүртэл унаж хэрэглэж байна. Би одоогоор Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг Мэргэний ам гэдэг газарт өөрийн төрсөн хүү Ц.Г*******ын хамт мал маллаж айл саахалтаар зусаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 10-аас хойш өнөөдрийг хүртэл Орхон аймгийн Жаргалант сумын Их хөшөөт гэх газар руу хадландаа явж байгаад ирсэн хойгуур манай хүү модонд явсан юм байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

  1. Шинжээчийн №16 дугаартай “...шинэс /хуурай/, 2.5788 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 207,108 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

  1. Яллагдагч Ц.А*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эхнэрийн талын хамаатны хүргэн болох Г*******той очиж уулзсан. Тухайн үедээ уулнаас мод хиймээр байна. Тухайн модыг Орхон аймаг руу оруулж дүүдээ өгөх талаар хэлж байсан. Тэгээд нөгөөдөр нь модоо бэлтгэх талаар хэлээд салж байсан. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г*******ын хамтаар Хангал сумын Цуурай гэх газраас 2 ширхэг босоо мод бэлтгэж ачихад бэлдэж тааруулж хөрөөдөөд уулнаас Г*******ын аавынх нь машинд ачаад гэрийн гадаа буулгасан. Тэгээд би маргааш өдөр нь мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд чадаагүй болохоор нөгөөдөр нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр модоо ачаад гарал үүслийн гэрчилгээгээ замаараа аваад Орхон аймгийн зүг хөдөлсөн. Улмаар замд явж байх үед цагдаа нар зогсоож шалгасан. Тэгээд цагдаа нартай уулзаж байх үед Г******* нь эхлээд бэлдчихээд дараа нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/,

 

  1. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 222017 дугаартай гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөнд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 76-81 дэх тал/,

 

  1. Яллагдагч Ц.Г*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...2022 оны 09 сарын 12-ны өдөр эхнэрийн хамаатан болох А******* ах над дээр ирээд уулнаас хамт мод бэлтгэх санал болгосон. Тухайн үедээ болохоор эхлээд модоо уулнаас бэлтгээд оруулаад ирье дараа нь би мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиг аваад Орхон аймаг руу модоо манай дүүгийнд аваачиж өгье гэж хэлсэн. Мөн чамд түлшний мөнгийг нь өгье гэхээр нь би таньдаг хүн учир зөвшөөрч улмаар Булган аймгийн Хангал сумын Цуурай гэх газраас очиж босоо 2 ширхэг модыг унагааж ачихад тааруулж хөрөөдөж бэлдсэн. Тэгээд 2022 оны 09 сарын 14-ний өдөр би аав Ц******* эзэмшлийн тээврийн хэрэгслээр А*******ын хамтаар ачиж гэрийнхээ гадаа модоо буулгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Б, С.Ц нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хялганат сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахилгаан хөрөө, мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг нь шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх бөгөөд шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Цуврай” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.5788 м3 хуурай шинэс төрлийн модыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэснээс хойш 2 хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10м3 мод бэлтгэх эрхийн бичгийг нөхөж авсан болох нь БУА22-075204 дугаартай эрхийн бичгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарын санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай тус тус оролцсон болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарыг бүлэглэж Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Цуврай гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 93 ширхэг мод буюу 2.5788 м3 хуурай шинэс төрлийн модыг хууль бусаар бэлтгэж байгаль экологид 207.108 төгрөгийн шууд, нийт 621.324 төгрөгийн шууд бус хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 207.108 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 621.324 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна. /хавтаст хэргийн 68 дахь тал/

Уг хохирол, нөхөн төлбөрийг шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн 100900013040 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г улсын яллагчийн ялын саналыг дэмжиж оролцов.

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарыг бүлэглэн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 18, 102-114 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Г*******ын жолооны үнэмлэхийн хуулбар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Зохион байгуулагчийн тодорхойлолт, малын “А” дансны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Зөөхий гэх газарт 117 толгой мал маллан амьдардаг, анхан шатны Шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолын хуулбар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар Ц.А******* нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 97-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар иргэний нэхэмжлэгч С.Ц*******х /хавтаст хэргийн 18 дахь тал/ болох нь тогтоогдож байна.

Иймд мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож,  хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 97-06 ОРО улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч, иргэний нэхэмжлэгч С.Цид үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.478.720 төгрөгийг шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 93 ширхэг 2.5788м3 хэмжээтэй хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн модыг хурааж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 152.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, хар өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н******* овогт Ц******* А*******, Б******* овогт Ц******* Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ж.Б нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.478.720 /хоёр сая дөрвөн зуун далан найман мянга долоон зуун хорь/ төгрөгийн үнэлгээ бүхий 97-06 ОРО улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч, иргэний нэхэмжлэгч С.Цид буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Ц.А*******, Ц.Г******* нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 1.239.360 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 93 /ерэн гурав/ ширхэг буюу 2.5788 м3 хэмжээтэй хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ