| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0113Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023 02 07 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Г,
хохирогч Н.Э /цахим/,
гэрч Б.О,
шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Гийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн -дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д овогт С.Г Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, кино механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгийг торгох ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Г нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай байранд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Этэй түрээсийн байрны асуудлаас шалтгаалан хоорондоо маргалдаж, улмаар түүний бугалга, шилбэн тус газарт цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч болон бусад оролцогч мэдүүлэхдээ:
- Шүүгдэгч С.Г “...Хохирогч Н.Э гэх хүн хэдэн сарын өмнө бид нарын түрээсэлж байгаа газрыг зарсан. Худалдаж авсан хүн нь түрээсээ миний данс руу хий гэж тохирсон. Түрээсэлж байсан байр Н.Э гэх хүнд хамаагүй болсон. Н.Э дараа нь ирж түрээс өгдөггүй гэж ярьсан байгааг гайхаж байна. Тухайн байрыг худалдаж авсан хүнд нь сар болгон түрээсээ тогтмол төлж байсан. Би Н.Э гэх хүнд гар хүрээгүй, худал мэдүүлэг өгсөн байсан...” гэв.
- Хохирогч Н.Э ”...Б.О эгчтэй түрээсийн гэрээгээ хийсэн. 6 дугаар сард манай объектоос гарах байсан. Би төрсөн эгчтэйгээ маргаантай байсан учраас тухайн газрыг итгэмжлэл хийж найздаа шилжүүлсэн. 06 дугаар сар болоход энэ хүмүүсийг гаргачхаарай гэж найздаа хэлэхэд хоосон байлгаж байхаар энэ хүмүүсийг түр байлгачихъя гэж хэлсэн. Энэ хүмүүсийг байр суллаад өгөөрэй гэж хэлэхэд 10 дугаар сард гарна гэж хэлээд гарахгүй байсан. Намайг шаардлага тавихад 2-3 удаа хэрүүл маргаан хийж байсан. 3 дахь удаагаа уулзахад эхнэртэйгээ нийлж намайг зодсон. Энэ хүмүүс дээд давхрын тогийг таслаад байсан учраас цахилгаанчин дуудаад засуулах гэж байтал хүрч ирээд “яах гэж байгаа юм бэ,” гэж асуусан “та нарыг гарахгүй бол танай тогийг ч гэсэн тасална” гэж хэлэхэд эхнэртэйгээ нийлж над руу дайрч зодсон. Эхнэр нь хоёр удаа миний нүүр лүү нулимсан. Тэр үйл явдлыг цахилгаанчин харсан. С.Г нь намайг зодсон учраас гар утсаараа бичлэг хийх гэж байсан боловч чадаагүй” гэв.
- Гэрч Б.О “...Тухайн объектыг үндсэндээ 7 жил гаруй хугацаанд түрээсэлж байсан. Сүүлийн 1 жилд нь Н.Э гэх хүнтэй гэрээ хийсэн. 6 жилд нь эгч Баярчимэг гэх хүнтэй гэрээ хийсэн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр хариуцлагатай ажиллаж байсан. Сүүлийн нэг жил байраа зарна гэхээр нь өөр түрээсийн байр хайж олсон байсан. Н.Эийн “Япон улс руу явах гэж байгаа учраас дахин 1 жил түрээслээд өгөөч” гэх хүсэлтийн дагуу ажиллаж байсан. Уг барилга 2022 оны 04 дүгээр сард Э гэх хүнд зарагдсан. Энэ хугацаанд манай гэрээний хугацаа дуусаагүй байсан. Өөр түрээслэх объект олоод хүсэлтээ өгөх гэтэл Э 10-р сарыг хүртэл байхыг санал болгосон. Би түрээсийн мөнгийг хэн рүү шилжүүлэх вэ гэхэд Э “энэ объект миний эзэмшил болсон учраас миний данс руу шилжүүлээрэй” гээд дансаа өгсөн. Би 09 сар хүртэлх түрээсийн мөнгийг Эын данс руу хийж байсан. 10-р сард Э “байр засварт орох гэж байх шиг байна, та дараагийнхаа байрыг хайгаарай, танаас 10 сарын түрээсийн мөнгө авахгүй” гэж хэлсэн. Энэ хугацаанд Н.Э ирээд намайг үйлчлүүлэгч нарын маань өмнө доромжлохоор нь би уурласан. Тухайн өдөр Н.Э бид хоёр үл ойлголцож, маргаан хурц байдалтай болсон. Би Н.Эийн нүүр лүү нь хоёр удаа нулимж, цаашлуулах гэж гараараа түлхсэн, өшиглөх гэж үзсэн. Манайх амортизатор гэх сэлбэг зардаггүй. Тэр хүнд төмрөөр хүнийг цохисон бол тэндээ сууж байх байсан. Би камерын бичлэгийг авчирч өгсөн. Тухайн үед С.Г Н.Эийг төмрөөс цохисон зүйл байхгүй. С.Г 3 килограммаас дээж ачаа өргөж даахгүй...” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1495 дугаартай яллах дүгнэлтэд тусгагдсан хохирогч Н.Эийн мэдүүлэг, гэрч Н.Ө, Г.З нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргийг шинжлэн судлуулна” гэв.
- Шүүгдэгчээс “байхгүй” гэв.
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “эд мөрийн баримтаар хураан авсан бичлэг бүхий сидийг шинжлэн судлуулна. Өөр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргав.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч С.Г нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай байранд “түрээсийн байрны асуудал”-аас шалтгааны улмаас иргэн Н.Эийн бугалга, шилбэн тус газарт цохих, өшиглөх зэргээр түүний бие махбодод “зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдов. Үүнд:
- Насанд хүрээгүй гэрч Г.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тус засварын газарт дадлагын хугацаанд гэрээгээр ажиллаж байсан. 2022 оны 10-р сарын 21-ний өдрийн 13 цагийн үед гэж санаж байна. Засварын газрыг түрээслэн ажиллуулдаг Б.О, С.Г, хоёр засварчны хамт засварын газар нь ажиллаад байж байхад тухайн газрын эзэн гэх эмэгтэй орж ирээд С.Г, Б.О хоёрт хандаж “...танайх одоо нүүх болж байна уу, гарахгүй юм уу” гэх мэтээр орилоод ороод ирсэн. Б.О, С.Г нар чи эхлээд мөнгөө өг тэгээд манайх нүүнэ гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байхад С.Г ахын толгой хэсэг рүү нөгөө гаднаас орж ирсэн эмэгтэй гараараа хоёр удаа цохиод авсан чинь С.Г ах тэр эмэгтэйн хөл рүү нь нэгээс хоёр удаа өшиглөж байхыг би харсан. Мөн төмрийн хог тушаах гээд машиндаа гаргаж аччихаад буцаж орж ирэхдээ үүдний хэсэгт байсан буйдангийн дээрээс амортизатор авч байхыг нь харсан. Харин цохисон эсэх талаар нь би хараагүй. Тэгээд л хэсэг хэрэлдэж маргалдаж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дугаар хуудас)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14582 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр (хэсэг газрын үзлэгт зүүн бугалга гадна доод хэсэгт 4х2см захаараа шимэгдэж буй ногоон хөх өнгийн цус хуралттай, баруун шилбэний ар дунд хэсэгт 13х8см хөх өнгийн цус хуралттай) “...Н.Эийн биед зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Эийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзсэн.
Шүүгдэгч С.Гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Эийн халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г, гэрч Б.О нарыг мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15455, 15454 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “С.Г, Б.О нарын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23,28-29 дугаар хуудас)-ээр үгүйсгэгдэж байна. Харин Н.Э, Б.О нарын хооронд маргаан үүссэн, хохирогчийн биед С.Г халдан хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэв.
Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.
Тухайлбал, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.
Эрүүгийн хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч С.Гийг хохирогч Н.Эийн биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээр дурдсан гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шалтгаант холбоотой, хэргийн бүрдэл, зүйлчлэл тохирсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
1.4 Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хавтаст хэрэгт эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч С.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.Э нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч “...шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...тус зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгож ял оногдуулж өгнө үү“ гэсэн дүгнэлтийг танилцуулж, мэтгэлцсэн болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хавтаст хэргийн 38 дахь тал)-аар С.Г нь урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль бус үйлдэл/харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг хэл амаар доромжилсон/-ээс шалтгаалан гэмт хэрэг гарсан шалтгаан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (харилцан ойлголцож, асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад бусдын биед халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан), шүүгдэгчийн хувийн байдал (1985 онд төрсөн, 65 настай, тэтгэвэрт, эрүүл мэндийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтогдсон) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн -дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчС.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн -тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Н.Э нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР