Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/179

 

 

2023              02           08                                       2023/ШЦТ/179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч П.Эрдэнэбат,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Н.Гг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Н.Г, Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа тээвэрт явдаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт -Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  тоотод оршин суух, урьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Н.Г нь согтуугаар Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо  дугаар байрны тоотод 2022 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Лыг зодож биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, баруун, зүүн гуя, баруун алга, зүүн бугалга, баруун тохойн хонхор, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар дух, зүүн гуянд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал,баруун шилбэнд зүсэгдсэн шарх гэмтлийг учруулж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ “...Тухайн шөнө би 2 цагийн үед гэртээ ирээд эхнэр хүнтэй чаталсан байсан чатыг хараад асууна гэж бодож байсан. Тэгээд найзтайгаа уулзаад нэг, хоёр пиво уугаад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаад баруун гараараа зүүн нүд рүү нь 2-3 удаа толгой руу нь цохисон. Доошоо суухад нь өшиглөсөн...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Улсын яллагчаас “2023 оны 01-р сарын 18-ны өдрийн 37 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлуулна” гэв.

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл;

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дугаар байрны  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Лыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Лын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн “...Би нөхөр Н.Гтай 2015 онд танилцаж дотносоод 2017 оны сүүлээр нэг гэрт орсон. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Албан ёсны гэр бүл биш гэрлэлтийн баталгаа байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Н.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээвэрт явчхаад ирлээ гэж орж ирсэн. Намайг жолооны курст цуг явдаг залуугаасаа “Жолоондоо хэзээ гарах уу, багштай уулзсан уу” гэх зэргээр харилцан хоорондоо фейсбүүк чатаар харилцсан байсныг Н.Г хараад надад уурлаад “Энэ хэн юм бэ” гэхээр нь “жолоонд хамт цуг явдаг залуу” шүү дээ гэхэд “чи уулзаж учирдаг байсан юм уу” гэж асуусан. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. Тэгсэн нөхөр уурлаад баруун гараараа зүүн талын нүд орчим 1-2 удаа цохиж авахаар нь боль гэж хэлтэл миний үгийг сонсоогүй. Миний хамраас цус гартал гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсон...Миний зүүн талын нүд хөхөрсөн, хамар хугарсан, баруун зүүн гуяны хэсгүүд хөхөрсөн байдалтай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-10 дугаар тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 403 дугаартай “...Б.Лын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, баруун, зүүн гуя, баруун алга, зүүн бугалга, баруун тохойн хонхор, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, дух, зүүн гуянд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралт зулгаралт гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шилбэнд үүссэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтлүүд нь нэг цаг үед үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь 2022.12.16-наас 2022.12.17-ны шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан бөгөөд тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч Н.Г, хохирогч Б.Л нар хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлэг(хх-7,79)-ээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн...үйлчлэлд хамаарах хүний...эрүүл мэндэд гэм хор учруулсан...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тус тус хуульчилсан. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Г нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Н.Н.Гг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Н.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.4 Хохирол, хор уршиг

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт(хавтаст хэргийн 86 дахь тал)-ийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Н.Н.Гг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь зүйтэй юм.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Н.Г нь урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон (хавтаст хэргийн 45 дахь тал) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Н.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 87 дугаар тал) гаргасныг прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаар тогтоол (хавтаст хэргийн 90-91 дэх тал)-оор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэв.    

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийг бусадтай хардаж, улмаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал/үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог нь дансны хуулгаар тогтоогдсон/-ыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Гд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд прокурор, оролцогчид шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАРПН