Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0249/Э |
Дугаар | 2017/ШЦТ/260 |
Огноо | 2022-11-28 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/260
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э*******д холбогдох эрүүгийн 2215002760256 дугаартай, 163/2022/0249/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* Э*******, Булган аймгийн Булган суманд .. оны .. дүгээр сарын .....-ний төрсөн, Булган аймгийн Булган сумын 3 дугаар ......оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 01-03 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, 21 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:........................./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт өөрийн найз Т.А******* хуурч Самсунг А-6 загварын гар утсыг нь утсаар ярьчхаад өгье гэж хэлж авч яваад П.Э******* 60.000 төгрөгөөр зарж борлуулан 168.000 төгрөгийн хохирол учруулан залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002760256 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн “А” хэсгийн 313 тоотод оршин суух найз Т.А******* гэрт очиж утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад буцаагаад өгье гэж хэлээд Самсунг А-6 загварын гар утсыг нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч яваад П.Э******* ээжийн эмийн мөнгө дуусчихлаа, мөнгө хэрэгтэй байна гэж худал хэлж 60.000 төгрөгөөр худалдан борлуулж 168.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын өгсөн: 2022 оны 08 дугаар сард найзаасаа зайлшгүй шаардлагаар мөнгө хэрэгтэй байсан болохоор утсыг нь аваад явчихсан. Өмнө нь мөнгө зээлж авсан найз хүүхэнтэйгээ ярьтал одоо мөнгө өгөх боломжгүй гэсэн учир ийм зүйл хийчихлээ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Т.А******* өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шиг санагдаж байна. Намайг гэртээ байж байхад гаднаас Э******* ганцаараа орж ирээд утсаа өгч байгаач хүнтэй яриадахъя гэсэн. Тэгэхээр нь би нэгжгүй ш дээ гэж хэлэхэд зүгээрээ би дохичихно гэсэн. Тэгээд миний утсыг аваад хүнийн утас руу дохисон. Улмаар нөгөө хүн нь эргээд залгатал Э******* утас аваад гэрээс гарсан. Тэгээд удаад байхаар нь би өөрийнхөө утас руу хүний утаснаас залгахад Э******* би Од дэлгүүрийн энд явна хүнээс мөнгө авчхаад таксидаад очъё гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би нэлээн хүлээж байгаад дахиад залгатал Э******* би Орхон аймаг руу явж байна нөгөө хүнээс мөнгөө очиж авахаар болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би утас авч ирээч ээ аав удахгүй ирэх гээд байна ш дээ гэж хэлтэл утас тасарсан. Түүнээс хойш дахиж залгатал миний утас холбогдоогүй. Улмаар миний утсыг өгөхгүй Э******* хаана байгаа нь мэдэгдэхгүй надаас зугтаагаад байхаар нь манай аав цагдаад өргөдөл гаргасан. Тэгтэл миний утсыг Улаанаа гэж дууддаг Э гэх ахад зарчихсан би удахгүй аваад өгчихнө ш дээ гэж өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
2. Гэрч П.Э өгсөн “...2022 оны 08 дугаар сарын дундуур шиг санагдаж байна Булган аймгийн Булган сумын төвд байдаг Татварын хэлтсийн барилга дээр ажиллаж байхад өдөр 16 цагийн орчимд Э******* гэх охин ирсэн. Тухайн охин нь надтай уулзах гэж ирсэн гээд надтай уулзаад гар утас харуулсан. Тэгээд тухайн утсыг барьцаалж мөнгө авъя манай ээжийн эм нь дуусчихлаа гэж хэлж байсан. Би болохоор Э******* гэх охины ээж болон аавыг нь харвачихсан эмчилгээ хийлгэдэг талаар мэдэж байсан. Гэхдээ тухайн үед болохоор би барьцаанд бол авахгүй гэж хэлсэн. Тэгтэл Э******* та 70.000 төгрөгөөр авчих гэж хэлэхээр нь надад байгаа нь 60.000 төгрөг байна уг мөнгөөр надад зарвал зар, зарахгүй бол болихгүй юу даа гэж хэлсэн. Тэгтэл Э******* нь зөвшөөрөөд тэгье гээд гар утсаа өгсөн. Би тухайн гар утсыг эргүүлж тойруулж үзэхэд хэвийн зүгээр утас шиг байсан. Тэгээд фейсбүүк рүү нь нэвтэрч үзтэл Э*******ын нөхрийнх нь фейсбүүк орчихсон байхаар нь Э*******ын гар утас мөн байна гэж бодоод авсан. Тухайн үедээ Э*******д бэлнээр 60.000 төгрөг өгөөд утсыг нь авсан. Миний хувьд одоо гомдол санал байхгүй 60.000 төгрөгөөр авсан гар утсаа хэрэглэж байгаад өөрөө эвдэлчихсэн...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 19 дэх тал/,
3. Тольдох оюуны өгөөж ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №222032 дугаартай “Samsung galaxy А6” загварын гар утсыг 168.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-29 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.А, гэрч П.Э нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Э******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын ................... тоотод оршин суух найз Т.А******* гэрт очиж утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад буцаагаад өгье гэж хэлээдТ.А******* эзэмшлийн Самсунг А-6 загварын гар утсыг худал хэлж, хуурч, эзэмшигч өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч яваад П.Э******* ээжийн эмийн мөнгө дуусчихлаа, мөнгө хэрэгтэй байна гэж хуурч мэхлэн 60.000 төгрөгөөр худалдан борлуулж 168.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэм буруутай нь нотлогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Б.Э******* нь тухайн үед утсаар яриад буцаагаад өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчийг эрхийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Э*******ыг хуурч, эзэмшигч, өмчлөлийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Ат 168.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******аас 168.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ат олгож шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э*******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 41-46 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь ам бүл 5, аав, ээж, 01-03 насны хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 8-821 тоот хаягт амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Б.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Э*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э*******аас хохирол 168.000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн “А” хэсгийн 313 тоотод оршин суух Булнай овогт Төрмөнхийн А /РД:ГЖ00281002/-д олгосугай.
8. Шүүгдэгч Б.Э*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ