Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

2023              02           09                                       2023/ШЦТ/184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: М овогт Д.Г, Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “-” ХХКомпанид сэрээт өргөгчийн оператор ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт -Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо дүгээр байрны  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Д.Г нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн хүү“гадагш гарах гэхэд бөгж, цаг нуулаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 02-р сарын 07-ны өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж оролцоно” гэв.

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах зүйл байхгүй” гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл;

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо дүгээр байрны тоот гэртээ “гадагш гарах гэхэд бөгж, цаг нуулаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү Г.Өн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.Өн мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн  “...Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны тоотод аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед дүү Эрхсар, Хангайсайхан нарын хамт гэртээ байсан. Аав Д.Г гаднаас их согтуу орж ирэхээр нь унтлагын өрөө рүү оруулаад унтуулсан. Аав унтаад 2-3 цаг болоод сэрээд ээжийг хэзээ ирэх, цалин өнөөдөр орох ёстой гэх талаараа ярьж байснаа буцаж гарна гээд хувцсаа өмсөөд байхаар нь би бөгж, цаг зэргийг нь нуусан. Тэгтэл миний юмнууд хаана байна гэж надаас асуухаар нь мэдэхгүй гэж хариулсан. Тэгсэн аав намайг дуудаад хүрээд ир гэхээр нь яваад очтол “чи эцгийгээ барахгүй, миний бөгж, цаг энэ тэр хаана байна” гээд миний өөдөөс уурлаад байхаар нь “та яагаад уурлаад байгаа юм” гэж хэлтэл аав миний нүүр лүү нэг удаа мөргөсөн. Миний хамраас цус гарахаар нь доошоо хэвтээд өгсөн. Аав шууд гал тогооны өрөө рүү яваад өгөхөөр нь би ариун цэврийн өрөө рүү орж хамраа харсан. Тэгээд буцаж гарч ирээд гар утсаараа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1411 дугаартай “Г.Өн биед хамар ясны хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

- Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найзуудтайгаа уулзаж архи уусан. Найзуудаасаа салаад 17 цагийн үед гэртээ харьж унтсанаа санаж байна. Тэгээд сэрээд буцаж гарах гээд том хүү Г.Өгээс карт, бөгж, энэ тэрээ асуусан. Тэгтэл нуучхаад өгөхгүй байхаар нь уур хүрээд Өсөхөөг дуудаж ирэхээр нь ааваасаа юм нуулаа, эцэгтэйгээ маргалдлаа гэж хэлээд Өсөхөөгийн нүүр лүү мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан бөгөөд тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч, хохирогч нар эцэг, хүү болох нь тэдний мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс” гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн...үйлчлэлд хамаарах хүний...эрүүл мэндэд гэм хор учруулсан...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тус тус хуульчилсан. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болно. 

 

1.4 Хохирол, хор уршиг

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Өн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 63 дахь тал)-ийг бичгээр гаргасан тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй” гэсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч “...Д.Гт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хавтаст хэргийн 42 дахь тал)-аар Д.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэснийг дурдах нь зүйтэй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт(хавтаст хэргийн 64 дэх тал)-ийг гаргасныг прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай тогтоол(хавтаст хэргийн 66 дахь тал)-оор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.    

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан төрсөн хүүгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлттэй, тэрээр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн), шүүгдэгчийн хувийн байдал(үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “-” ХХКомпанид сэрээт өргөгчийн оператор ажилтай, орлого олдог нь тус тус тогтоогдсон) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн - дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн - дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд прокурор, оролцогчид шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Гт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР