Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2019/00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/00348/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 08-15 тоотод оршин суух Хөхнохой овогт Данаажавын Бадралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржпүрэв нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Д.Бадрал нь 2008 оны 7 дугаар сард Хас банкнаас долларын зээл авч бизнес хийж байсан боловч долларын ханшны хэт өсөлтийн улмаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Улмаар банк шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 18.088,80 доллар /үндсэн зээл, хүү, алданги, хүүгийн хүү/-ыг гаргуулахаар шаардлага гаргасныг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн захирамж гарсан. Захирамж гарснаас хойш өөрийн боломжоор зээлээр төлж байтал банкнаас үлдсэн зээлийг хурдан төлүүлэх арга хэмжээ авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан байсан тул бид шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан график, хуваарийн дагуу төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулж дууссан. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул Мөрөн сумын 3-8-15 тоотод байрлах миний өмчлөлийн Ү-1723001703 дугаартай 680 м2 газартай хашаа, байшинг битүүмжлэлээс чөлөөлж, энэ тухай албан бичгийг Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэс болон Мөрөн сумын газрын албанд хүргүүлсэн байтал Хас банк нь өнөөдрийг хүртэл миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын гэрчилгээг хууль бусаар өөрийн барьцаанд байлгаж, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, бичиг баримтаа ашиглан аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцох боломжийг минь хааж хохироож байна. Иймд Хас банкны Хөвсгөл аймаг дахь салбараас миний өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгч Д.Бадралын хүсэлтээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Д.Бадрал нь 2008 оны 07 сард Хас банкны Хөвсгөл салбараас долларын зээл авсан боловч зээлээ төлж чадаагүй байдаг. Хас банкны Хөвсгөл салбараас зээлээ төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 551 тоот шүүгчийн захирамж гарсан байдаг. Тус шүүгчийн захирамжид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дууссан байхад банк өөртөө давуу байдал бий болгож нэхмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрхийг нь хохироож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж энэ асуудал дуусгавар болсон. Хас банкны зүгээс программын алдаанаас болж төлбөрөө дутуу авсан гэж тайлбарладаг. Энэ алдаа нь Д.Бадрал гэдэг хүнээс болж гарсан зүйл биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн хэлтэс, Мөрөн сумын Газрын алба руу 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/417 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт Данайн Бадрал өр төлбөрөө бүрэн барагдуулсан тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 8 дугаар гудамжны 15 тоотод байрлах өмчлөлийн Ү-1723001703 дугаартай 680 м2 газартай хашаа, байшинг битүүмжлэлээс чөлөөлсөн болохыг мэдэгдье гэсэн байдаг. Тэгтэл Хас банк нэхэмжлэгчийн хашаа байшинг чөлөөлж өгөхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа тул Хас банк ХХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжлэгч Д.Бадралын хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Хас банк нь Д.Бадралтай 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №65000037 дугаар барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 18.088,80 долларыг Д.Бадралаас шаардаж 2010 онд Хөсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд Д.Бадрал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 551 дугаар захирамжаар Д.Бадралаас 18.088,80 долларыг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Хас банк нь тус шүүхийн шийдвэр гарсны дараа Д.Бадралд төлбөрөө төлөх боломж олгож шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхгүйгээр хугацаа олгосон боловч Д.Бадрал нь 2010 оны 4 сараас 2010 оны 10 сар хүртэл хугацаанд төлбөрийг бага, бага хэмжээгээр төлж байсан тул Хас банк нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрийг барагдуулах ажиллагааг хийлгүүлэхээр хандсан. Хас банк нь Д.Бадралын төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо шүүхийн шийдвэрт заасан 18.088,80 доллараас нь 2010 оны 4 сараас 2010 оны 10 сар хүртэлх хугацаанд төлсөн төлбөрийг хасч үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахдаа программын алдаанаас болж 15.939,34 долларыг 13.651,19 доллар гэж буруу тооцон шийдвэр гүйцэтгэлд хандсаны улмаас 13.651,19 долларт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, ажиллагаа дуусгавар болсон. Банк Д.Бадралаас гаргуулах төлбөрийг буруу тооцсон болохоо мэдээд Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд дууссан тул дахин ажиллагаа хийх боломжгүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий боловч Шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой, төлбөр төлөгдөж дууссаны дараа барьцааны харилцаа дуусгавар болдог учраас Банк зээлийн төлбөрийн зөрүү төлбөр болох 2.288,15 долларыг Д.Бадралаас гаргуулсны дараа барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдэх юм. Хас банкны хувьд уг зээлийн төлбөрийн үлдэх дүнгээр дахин шүүхэд хандах боломжгүй, мөн нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин хандах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. 2010 оны 4 сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрт заасан 18.088,80 долларын үүрэг өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөж дуусаагүй 2.288,15 долларын үлдэгдэлтэй байгаа учраас Хас банк барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Банк нь зээлийн эрсдэлийн сангаасаа 2.288,15 доллар буюу тухайн үеийн ханшаар 1.773.234 төгрөгийг төлсөн. Хэрвээ нэхэмжлэгч Д.Бадрал нь үлдэгдэл төлбөр болох 2.288,15 доллар буюу тухайн үеийн ханшаар 1.773.234 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд банк барьцаа хөрөнгө Ү-1723001703 дугаартай 570 м.кв газар болон хашаа байшинг чөлөөлж өгөхөөс татгалзах зүйлгүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бадрал нь хариуцагч Хас банкинд холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэгч Д.Бадралаас гаргуулах төлбөрийг программыг алдаанаас болж буруу тооцсоны улмаас шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй 2.288,15 доллар буюу тухайн үеийн ханшаар 1.773.234 төгрөг дутуу төлөгдсөн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Бадрал нь Хас банкны Хөвсгөл салбараас 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн 65000037 дугаар гэрээ байгуулан 17.315 долларын зээлийг 36 сарын хугацаатай авч, өөрийн өмчлөлийн Ү-1723001703 дугаар үл хөдлөх хөрөнгийн  улсын бүртгэлийн дугаартай 680 м2 газартай, хашаа, байшинг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч Д.Бадрал нь тухайн зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас хариуцагч Хас банк нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр  сарын 16-ны өдрийн 551 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 18.088,80 долларыг Хас банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр  сарын 16-ны өдрийн 551 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр бөгөөд энэхүү шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл  гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Бадрал нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн болох нь   Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр  гүйцэтгэх албаны 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/417 дугаар “...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Д.Бадралын өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул Мөрөн сумын 03 дугаар багийн 08 дугаар гудамжны 15 тоотод байрлах Ү-1723001703 дугаартай 680м2 газартай хашаа, байшинг битүүмжлэлээс чөлөөлсөн болохыг мэдэгдье...” гэх албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржпүрэв нь Хас банкны программын алдаанаас болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахдаа 2.288,15 доллар буюу тухайн үеийн ханшаар 1.773.234 төгрөгийг дутуу тооцсон, Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компаний журамд заасны дагуу төлбөрийн чадваргүй болсон зээлдэгч Д.Бадралын зээлийн дутуу төлбөр болох 2.288,15 доллар буюу тухайн үеийн ханшаар 1.773.234 төгрөгийг банкны зээлийн эрсдэлийн сангаас төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд банкны программын алдаанаас гарсан зээлийн төлбөр буюу зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд зээлийн эрсдэлийн сангаасаа төлж барагдуулсан зээлийн төлбөрийг зээлдэгч хариуцан барагдуулах үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хариуцагч Хас банкны программын алдаанаас дутуу бодогдсон 2.288,15 доллар буюу тухайн үеийн ханшаар 1.773.234 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бадрал хариуцан төлөх ёстой болох нь үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Бадралын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 8 дугаар гудамжны 15 тоотод байрлах Ү-1723001703 дугаар үл хөдлөх хөрөнгийн  улсын бүртгэлийн дугаартай 680 м2 газартай, хашаа, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг ХАС банк хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “... Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас банк хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бадралд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: