Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

2023              02           10                                       2023/ШЦТ/189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Мижиддорж,

шинжээч Ц.Оюун-Эрдэнэ (цахим),

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч П.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн - дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т овогт З-ийн Б, Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “-” ХХКомпанид барилгын туслах ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч З.Б нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө -Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр  тоотод хохирогч В.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь дух ясны ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нар мэдүүлэхдээ:

- Шүүгдэгч З.Б “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найзындаа очсон. Тэдний хашааных нь үүдэнд таараад цай уучхаад явъя гээд гэр лүү нь орсон. Ороод байж байтал хохирогч, А.Л хоёр Өргөө гэх архи уугаад надад хийж өгсөн. Би ийм хямдхан архи уудаггүй гэж хэлэхэд “манай гэрээс зайл” гэж хэлсэн. “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд надад хийж өгсөн стакантай архиа над руу шидсэн. Би тухайн стаканыг өөр лүү нь буцааж шидчихээд гараад явсан...” гэв.

- Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ “...Хохирогчид учирсан гэмтэл архины шил, стакан шидэх хоёрын аль алинаар нь үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтад хамаарахгүй. Хохирогчид учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байсан. Таслал бүрээрээ хүнд зэрэгт хамаарна. Хохирогч нь суурь өвчин байгаагүй...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “...Яллах дүгнэлтэд тусгагдсан хохирогч В.Цийн мэдүүлэг, гэрч А.Л, Ц.Б нарын мэдүүлэг, Шүүх  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10267 дугаартай дүгнэлт, шүүгдэгч З.Бын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлуулна” гэв.

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчтай давхардаж байна. Шүүгдэгчийн ажлын газрын болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлуулна” гэв.

- Шүүгдэгчээс “байхгүй“ гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвээс шүүгдэгч З.Б нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн * тоотод хохирогч В.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь стаканаар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч В.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зүс таних *тай гэрийнхээ үүдэнд таарч гэрт ороод юм ярьцгааж сууцгаасан. Би ууж байсан дотоодын үйлдвэрийн архинаас хийж өгөх гэтэл “наад гомбо архинаас чинь уухгүй” гээд үг хаяад байхаар нь “ийм архи уухаа больчихсон юм уу” гээд маргаан үүсгэсэн. Би архи нэлээн уучихсан байсан болохоор унтаж амармаар байна гэрээс гар гээд хөөхдөө ширээн дээр байсан стаканыг шидсэн. Гэтэл З.Б уг стаканыг над руу маш хүчтэй шидсэн. Миний толгойн зүүн дух хэсэгт оносон. Тухайн үед толгойноос цус гараад эхнэр маань цусыг тогтоогоод унтсан санагдаж байна. Тэр цагаас хойш би ухаангүй эмнэлгийн өрөөнд сэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 15-16  дугаар хуудас),

- Гэрч А.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Бид хоёр кабелаа сунгуулах гээд гэрээсээ 23 цагийн үед гарсан. Цэргийн хотхоны АТМ дээр очоод сунгуулчхаад гэр лүүгээ явж байтал хашааны гадаа бид нартай заримдаа архи уудаг З.Б согтуу таараад манай гэрт унтана гэхээр нь бид хоёр гэртээ оруулсан. З.Б хэвтэж байтал В.Ц З.Быг бид хоёр унтмаар байна гар гэж хэлтэл З.Б юу ч хэлэлгүй ширээн доор байсан архины шилийг аваад нөхрийн духны зүүн талд нэг удаа цохиод гэрээс гарахдаа архины шилээ аваад гараад явсан. Духнаас гарсан цусыг алчуур маарлаар тогтоосон. Тэгтэл унтаад өгсөн. Би шөнийн 01 цагийн үед сэрээд хартал духнаас нь их цус гарсан, хурхираад унтаад байхаар цусыг нь тогтоочхоод унтаж байна гэж бодсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 19-ны өглөө 05 цаг 30 минут орчимд босоод хартал яг тэр чигээрээ унтаад хурхираад хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь түргэн дуудаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн ийн 18-19 дүгээр хуудас),

- Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эмнэлгийн хүлээн авах яаралтай тасаг дээр 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ванчин овогтой В.Ц нь бусдад цохиулсан асуумжтайгаар биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай Нийслэлийн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Шаардлагатай шинжилгээг бүрдүүлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмч нарын шийдвэрийн дагуу амь насны заалтаар яаралтай журмаар тархины мэс засалд орсон. Шинжилгээнд дух ясны ил хугаралтай, хугарал доор их хэмжээний хатуу хальсан дээрх цус хураатай, тархи дарагдал ихтэй байсан. Хурсан цусан хурааг авч тархины даралтыг чөлөөлөх, цус тогтоох хагалгааг хийсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10267 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр  “...В.Цийн биед дух ясны ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Д.Б холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хохирогч В.Ц, гэрч А.Л нарын дээрх мэдүүлгээр шүүгдэгч Д.Б нь үл ялих зүйлээр шалтаглан улмаар хохирогчийн эрүүл мэндэд шууд санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг зориуд хүсэж үйлдэн, эрүүл мэндэд дух ясны ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Тиймээс шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна”, өмгөөлөгчөөс “...хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болно.

 

1.4 Хохирол, хор уршиг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...,эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заажээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч В.Цэд хүнд зэргийн гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн хагалгаанд орж, эмчилгээ үйлчилгээ авч эм тариа, хоол ундны зардалд баримт(хавтаст хэргийн 37-76 дахь тал)-аар нийт 939.214 төгрөг, 2022 оны 09-р сарын 12-ны өдрийг хүртэл баримтгүй гарсан зардалд 2.573.394 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “...нийт 300.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 16 дахь тал)-ийг өгсөн ба 2022 оны 10-р сарын 20-ны өдөр А.Л/хохирогчийн эхнэр/-ийн Хаан бан тоот дансанд 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүгдэгч З.Б шинээр гаргаж өгсөн.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэж гаргуулж шийдвэрлэх учиртай тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд баримттай 939.214 төгрөгийг тооцож, шүүгдэгчээс бэлнээр 300.000 төгрөг, дансаар 1.100.000 төгрөгийг хохирогч В.Цэд төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, харин хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан санал гаргаагүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “0,91 хувийн” согтуурлын зэрэгтэй шүүх хуралдаанд ирсэн болох нь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Учралбаярын илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон нөхцөл байдал нь Монгол Улсын Хууль зүйн дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны А/116/65 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын 2.3-т “Шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж буй хамгаалалтын офицер, хамгаалалтын болон харуулын цагдаа, цагдаагийн алба хаагч дараах үүрэг гүйцэтгэнэ”, 2.3.1-т “шүүхийн байранд нэвтрэх иргэдийн биеийн байцаалт, холбогдох баримт бичгийг шалгаж, бүртгэн оруулахдаа...согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх, согтуурлын зэрэг тогтоох багаж/драгер/-аар шалгаж согтуурлын зэрэг нь 0.20-с дээш байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оруулахгүй, шүүхээр үйлчлүүлэхгүй байх арга хэмжээ авах үүрэг гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн.

Нөгөөтээгүүр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах шаардлагагүй” гэх тайлбарыг; улсын яллагчаас “мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг, гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлуулж оролцох боломжтой, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” санал гаргасныг Шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр эсхүл хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж прокурорын санал болгосон ялын төрлийг хүлээн авсан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийдвэрийн хуулбар(хавтаст хэргийн 130-158 дугаар хуудас)-аар З.Б нь урьд дөрвөн удаа эрүүгийн хариуцлага хүлээснээс хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 847 дугаартай шийтгэх тогтоолоор 1.300.000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж барагдуулсан нь Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/3028 дугаартай албан тоотоор тогтоогдсон тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч З.Б нь “-” ХХКомпанид барилгын туслах ажилтнаар ажиллах болохыг тодорхойлсон болохоос ямар ажил эрхэлж, хэдэн төгрөгийг цалин авдаг, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь эргэлзээтэй, эрх бүхий байгууллагын лавлагаагаар “үл хөдлөх эд хөрөнгө үгүй, түүний өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл мэдээллийн санд бүртгэгдээгүй, “*” ХХКомпани 2015 оны 08-р сараас 2018 оны 10-р сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн”, Хаан банкны дансны хуулга зэргээр өмгөөлөгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх ийнхүү ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг оногдуулах ёстой.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн үндсэн шалгууруудыг хангасан боловч анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан хорих ялыг оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тул хорих ялыг хөнгөрүүлэхээс татгалзсан болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүний биед халдаж хүнд хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирч, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан), шүүгдэгчийн хувийн байдал (1970 онд төрсөн, 53 настай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Б нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, эрүүгийн - дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Бд оногдуулсан хоёр жил, зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн - дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ЭЗ.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч В.Цийн баримтгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Бд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР