| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
2023 02 10 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: О овогт Н.Э, Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр У.Нтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу хардалтын улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгийг шинжлэн судлуулна” гэв.
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл;
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Уулын дугаар гудамжны тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр У.Нтэй хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч У.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой гэртээ ирэхэд нөхөр Н.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай намайг хаагуур, юу хийж явсан гээд хардаад уурлаад байсан. Би ажил дээрээ ажлаа хийж байгаад найзуудтайгаа жаахан сууж хоёр пиво уусан. Гэртээ ирэхэд шөнийн 04 цаг бараг болж байсан...Маргалдаад надтай зууралдаад тавихгүй байхаар нь бухимдсандаа “намайг тайван байлга” гээд нөхрийгөө түлхсэн, зүүн гарынх нь булчин хэсэгт нь хазсан. Тэгтэл намайг “зүгээр бай, тайван бай” гээд миний хацар руу олон удаа алгадсан. Эрүүний хоёр талд хавдсан, зүүн нүд хөхөрсөн. Харин баруун гарын шуу хэсэгт хөхөрсөн, чигчий, долоовор хуруу шалбарсан, хөхөрсөн байгааг би өөрөө юм цохиж гэмтээсэн. Өмнө миний биед халдаж зодож байгаагүй. Харин байнгын хэрүүлтэй, хардалттай, маргалдаж байсан. Биед халдаж зодож байгаагүй учраас цагдаад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16232 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “У.Нийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
- Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэр У.Н гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг “таксины мөнгө өгчих” гэхээр нь “би чамд мөнгө өгөхгүй. Чи хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэсэн чинь “би тэгвэл гэртээ ирэхгүй байх ёстой байсан юм” гэхээр нь эхнэрээ хардаад “чи ер нь гадуур хэнтэйгээ, хаагуур яваад байгаа юм бэ” гээд маргалдсан. У.Н нь сүүлийн үед гэртээ оройтож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд байх болсон. У.Нтэй маргалдаж байтал миний хоёр гараас хазахаар нь би “зүгээр бай” гээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Нийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзсэн.
Шүүгдэгч Н.Эын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч У.Нтэй хувийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас биед нь халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч Н.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Э, хохирогч У.Н нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа(хавтаст хэргийн 33 дахь тал), 2009 оны 11 сарын 14-ны өдөр төрсөн Н.Эын Маралын төрсний гэрчилгээний хуулбар(хавтаст хэргийн 36 дугаар тал), тэдний мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн боловч тэд хамт амьдрах хугацаанд хэн аль нь гэрлэгчдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн эсхүл хязгаарласан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт үндэслэл бүхий баримт нотолгоо авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл; Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний (гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай) эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай.
Хэрэг гарсан тухайн өдөр Н.Э нь эхнэр У.Нийг “...гадуур явлаа, хаагуур юу хийж явсан...” гэх мэтээр хардаж харилцан маргаан үүсгэж, улмаар түүнийг цохисон үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Нөгөөтээгүүр Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаарт явагдах ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг
Тус гэмт хэргийн улмаас хохирогч У.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба “...надад гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)-ийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (эхнэрээ хардаж улмаар биед нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирч, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтогдсон) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР