| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2019/0932/Э |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1055
2019 10 22 2019/ДШМ/1055
Ж.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч Ж.Б-гийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Б-д холбогдох эрүүгийн 1911016890689 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-113 тоотод байрлах өөрийн байшин дотор хохирогч Л.Доржтой үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар түүний цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Жамсрангийн Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 10 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-гаас нийт 5,976,460 /таван сая есөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-122 тоотод оршин суух бүртгэлтэй Д.Даваажаргал /ЦБ68071561/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 18 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урттай, ажлын хэсгийн урт 9 см урт, шовх үзүүртэй, хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн цагдан хоригдсон нийт 74/ далан дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн миний нас болон эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул гэртээ өндөр настай ээжтэйгээ болон эхнэрийн хамт байдаг. Б- миний бие нь хохирогчийн хохирол төлбөрийг тэтгэврийн хэдэн төгрөгөөр оршуулгын зардлыг төлөх болно. Иймд эрхэм шүүгч та бүхэн дээрх байдлыг харж үзэн хорих ялыг минь хөнгөлж, нээлттэй дэглэмээр сольж өгч туслана уу. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2019 онд өөрийн хань болох Л.Доржийг бусдын гарт алдсан. Надад учирсан энэ хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Гэвч оршуулгын зардал болон 2 хүүхдийн сургалтын төлбөр, бусад надад учирсан хохирлын 22,580,889 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл үүнээс 5,976,460 төгрөгийг Б-гаас гаргуулахаар болсныг би зөвшөөрөхгүй байна. Талийгаач бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд хоёулаа оюутан. Гэвч би Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 3 дугаар курсын оюутан хүүгийн төлбөрт 5,900,000 төгрөг төлдөг бөгөөд 2 жилийн сургалтын төлбөр 11,800,000 төгрөг шаардлагатай байгаа. Иймээс аргагүй эрхэнд 2019 оны 10 дугаар сарын 7-ноос Б.Цолмонг өмгөөлөгчөөр ажиллуулж эхэлсэн. Өмгөөлөгчөөр ажиллах ажлын хөлс 1.000.000 /нэг сая төгрөг/ бөгөөд уг мөнгө надад байхгүй учраас төрөл садангаасаа авч өмгөөлөгчид өгсөн. Энэ өмгөөлөгчийн зардлыг хохирол дээрээ гаргуулж авах хүсэлтэй байна. Өмгөөлөгчөөс хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг яагаад гаргахгүй байгаа талаар асуухад өмгөөлөгч дараах зөвлөгөөг өгсөн. 2017 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хор уршиг гэдэг шинэ ойлголт, нэр томъёог хуульчилсан байна. Хуучин Эрүүгийн хуульд хор уршиг гэдэг ойлголт огт байгаагүй бөгөөд зөвхөн хохирол гэдэг ойлголт байсан. Гэтэл шинэ хуулиар хор уршиг гэж нэрлэсэн нь чухал ач холбогдолтой болсон. Гэмт хэргийн улмаас үүссэнийг хохирол, хохирол учирсны улмаас цааш гарсан үр дагаврыг хор уршиг гэж үзэж байна. Миний нөхөр амьд сэрүүн байсан бол группийн мөнгө авдаг байсан ч гэсэн хажуугаар нь өөрт таарсан янз бүрийн ажил хийж, хоёр хүүхдийн төлбөр болон амьдралаа залгуулж мөнгө олдог байсан. Хэрэв Б-д алуулаагүй бол хоёр хүүхдийн төлбөрийг нөхөр маань олох бүрэн боломжтой байсан. Энэ бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг. Иймд миний нөхрийн амь насыг хохироосон этгээдээс гаргуулах боломжтой гэж өмгөөлөгч зөвлөсний дагуу хоёр хүүхдийн сургалтын төлбөр болон бусад зүйлийг хор уршиг гэж ойлгож байна. Иймд нөхрийн минь амь насыг хохироосон болон үүнээс үүдэн учруулсан хор уршгийг гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж, 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс хаалттай хорих ангид эдлүүлэхээр гаргасан шийдвэр үндэслэлтэй байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч Д.Даваажаргалын гаргасан гомдлын хувьд, 22.580.889 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 9.780.889 төгрөгийг оршуулгын зардалд, бага хүү Үржинбадамын сургалтын төлбөрт 12.880.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хавтас хэрэгт хохирлын 5.976.460 төгрөгийн нотлох баримт авагдсан учраас анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан. Хор уршгийн хэмжээг заахаар бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэл, түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар оршуулгын зардлыг гаргахаар тусгасан. Гэмт хэргийн хор уршгийн талаар хүний амь нас хохирно гэдэг нь нөхөж баршгүй хор уршиг учирсан гэж үзэж байна. Хүний амь нас хохирсон хор уршгийг мөнгөн хэлбэрээр төлөх асуудлыг шүүх тодорхой хэмжээнд харгалзаж үзэх болов уу. Учир нь мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй, хохирогч ямар хэмжээгээр хохирсон байдал, сэтгэл санаа ямар байдлаар хохирсон талаар тодорхойлогдох боломжгүй байдаг. Ийм учраас хор уршгийг гаргаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Ж.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-113 тоотод байх өөрийн байшинд хохирогч Л.Доржтой үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар түүний цээжин тус газар хутгалж алсан болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-14/,
талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 хх 15-18/,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 18 см урттай хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 2, 26/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргалын “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад миний утас руу манай гудамжны үзүүр дээр байдаг “Энэрэл” нэртэй дэлгүүрийн худалдагч гэх эмэгтэй утсаар залгаж “эгчээ Дорж ах нас барчихлаа. Б- гэдэг хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн. ...” /1 хх 30-34/,
гэрч Т.Пүрэвжавын “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байхад 14 цагийн орчим шиг санаж байна, манай хоёр бага насны 2-6 настай хүүхдүүд хашаан дотроо тоглож байгаад хашааны гадаа гарахад “хашааны үүдэнд хүн үхсэн байдалтай, цус гарсан хүн дээшээ хараад хэвтэж байна” гэж хэлсэн юм. Тэр үед гудамжинд танихгүй эрэгтэй хүн нас барсан байдалтай, дэргэд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Харин тэр хажууд нь зогсож байсан Б- хүн хутгалчихлаа гэж надад хэлсэн. ...” /1 хх 39/,
гэрч Т.Ишчунтын “...Ах бид хоёр хашаанаас гарах үед хажууд нь 50 орчим насны халамцуу архи уучихсан хүн байсан ба манай ах тэр хүнээс яасан юм бэ гэж асуусан чинь Б- хутгалчихсан гэж хэлсэн. Би талийгаач руу дөхөж очих үед футболк нь цээжний дээд хэсэг хүртлээ сөхөгдсөн, цээжний зүүн талын хэсэг жижиг зураас шиг шарх байсан ба цус гоожиж байсан. ...” /1 хх 40-42/,
гэрч Д.Төмөрийн “...Б- нааран дээр суугаад оймсоо ухаад байх шиг байсан. Тэгээд босоод үүдэнд байсан хөгжмийн залгуурыг татаж салгаад эргэж ирээд талийгаачийн цээж рүү 1 удаа л хатгасан. Тэр үед гартаа хутгатай байсан. Би харсан юм. Би бодохдоо оймсноосоо хутга гаргаж ирсэн гэж ойлгосон. ...” /1 хх 35-38/,
гэрч Д.Энхжаргалын “...Би тэр хураагдсан хар өнгийн иштэй хутгыг хурааж авах үед нь харж байсан. Тэр хутга нь манай гэрийн ногоо арилгадаг хутга байгаа юм. Манай гэрийн хоолны шүүгээн дотор л байдаг байсан. ...Энэрэл гэх дэлгүүр ороход дэлгүүрийн худалдагч болох Саруул гэдэг охин надад 2-3 удаа танай нөхөр Б- шөнө ирж үүд нүдээд байсан. Архи өгөхгүй болохоор хутга гаргаж ирээд үзүүлээд байдаг гэж хэлсэн. Би өөрөө хараагүй болохоор тэрэнд нь итгээгүй. ...Оймсондоо хутгаа нууж явдаг гэж хэлсэн. ...” /1 хх 51-52/,
Ж.Б-гийн “...Нэг мэдэхэд л би Доржийг 1 удаа хутгалж байснаа санаж байна. Тэр үедээ би Доржийг айлгая гэж л бодсон юм...” /1 хх 90-92/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач Л.Дорж нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж, үнхэлцэг хальсны хөндийд цусан хураа үүсч зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас гэнэт нас баржээ. …” гэсэн дүгнэлт /1 хх 130-131/ болон бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ж.Б-гийн амь хохирогч Л.Доржийн цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Б-гийн “...дэглэм болон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцсэн болно.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.
Шүүгдэгч Ж.Б- нь хохирогч Л.Доржийн цээжин тус газар нийт 18 см урттай, хутганы бариул хэсэг нь 9 см урттай, ажлын хэсгийн урт 9 см урт, шовх үзүүртэй, хар өнгийн бариултай хутгаар хутгалж, хохирогч нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл шүүгдэгч Ж.Б-гийн гэм буруугийн
хэлбэрт тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх, ял эдлэх байгууллагыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...оршуулгын зардал болон 2 хүүхдийн сургалтын төлбөр, хохирлын 22,580,889 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл үүнээс 5,976,460 төгрөгийг гаргуулахаар болсныг зөвшөөрөхгүй байна. ... оюутан хүүгийн төлбөрт 5,900,000 төгрөг төлдөг бөгөөд 2 жилийн сургалтын төлбөр 11,800,000 төгрөг шаардлагатай байгаа. ... Өмгөөлөгчөөр ажиллах ажлын хөлс 1.000.000 /нэг сая төгрөг/ бөгөөд өмгөөлөгчийн зардлыг хохирол дээрээ гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэсэн утга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг хуульчилсан байна.
Хэрэгт амь хохирогч Л.Доржийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Д.Даваажаргалыг тогтоож, түүнээс мэдүүлэг авахдаа хуульд заасан дээрх эрхийг тайлбарлаж өгсөн байна. /1 хх 29-34/,
Хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн талаарх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргалыг “...энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй...” болохыг анхан шатны шүүх дурдаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн бөгөөд хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй юм.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг...”-ийг гаргуулах давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдлэхдээ өмгөөлөгчийг сайн дурын үндсэн дээр сонгон авч, хууль зүйн туслалцаа авдаг учир өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүйгээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ