Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2021/0070

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Х.Еы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ””-г хүчин төгөлдөр үйлчлэх эсэхийг буюу нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Е, хариуцагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Еаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Хомыт овогтой Ержан миний бие 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 0,32 га газрын дуудлага худалдаанд онлайнаар оролцож ялагч болсон. Тухайн үед Улаанбаатар хотод байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Ковид-19” өвчний халдвар авсан маань ПСР шинжилгээгээр батлагдсан тул гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэж эхэлсэн ба манай гэр бүлийн гишүүд мөн ойрын хавьтагч болж, улмаар халдвар авсан болох нь мөн ПСР-ын шинжилгээгээр батлагдсан. Миний биеийн байдал сайжрахгүй байсан тул 2 сар эмчилгээ хийлгэж, өөрийн биеэр гадагшаа гарч, олон нийтийн газар, банк орох боломжгүй болсон.

Ингээд би Баян-Өлгий аймагт байдаг өөрийн ах Х.Кадирбекээр өөрийгөө төлөөлүүлэн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг хийлгүүлсэн. Эрүүл мэндийн байдлаас болж Баян-Өлгий аймагт ирэх хугацаа хойшлох нь тодорхой болсон тул аймагт байдаг хүргэн ах С.М гэдэг хүнийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтан С.Бтай яриулсан. Намайг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн магадалгаагаар ажлаас чөлөөлсөн байсан юм.

Энэ хугацаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/660 тоот тушаалаар 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны хооронд 10 хоногийн хугацаатай бусад аймаг хотоос орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон. Тэгээд бид 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос гараад цаг агаарын байдлаас шалтгаалж, 8-р сарын 28-ны өдөр аймагт ирсэн. Гэвч ковид цар тахлын  хүндрэлээс шалтгаалан эхнэрийн шүд унахдаа тулсан тул 9 дүгээр сарын 1-нд эхнэрээ хот руу явуулж, 9 дүгээр сарын 06-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очсон. Ингээд гэрээ байгуулснаас хойш дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас хугацаандаа газрын үнийг төлж чадахгүй байгаагаа удаа дараа хэлж, сануулж байсан боловч тус аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийн дарга Ч.Б дахин дуудлага худалдаа явуулах  шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Түүний шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч хангаагүй тул шүүхэд хандаж байна.

Дуудлага худалдаагаар авч, ялагчтайгаа байгуулсан гэрээг хүчинтэйд тооцож өгнө үү. Яагаад гэвэл дуудлага худалдаа явуулах үед ч, дараа нь ч ямар нэгэн сонсох ажиллагаа явуулаагүй. Дуудлага худалдаа явуулах журмын 9.7 дугаар зүйлийн 2-д зааснаар дуудлага худалдааны бүх явцыг мэдээлж байгаад дуудлага худалдаа явуулах ёстой. Дуудлага худалдааг журмын дагуу хийгээгүй тохиолдолд журмын 9.10-д зааснаар Эрүүгийн хуулийн 190 дүгээр зүйл, эсвэл Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасны дагуу шийдвэрлэх ёстой гэж заасан. Тухайн үед ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй. Би төлбөрийн мөнгийг төлье гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиход, комиссын бүрэлдэхүүнээс надад хариу өгөөгүй. Газрын даамал “...та газрын төлбөрийн мөнгийг хугацаандаа төлөөгүй юм байна. Тиймээс  газрыг буцааж авах боломжгүй” гэсэн хариу өгсөн гэв.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Х.Е нь шүүхэд хандахаас өмнө дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийн дарга болох надад нэг ч удаа гомдол гаргаагүй. Дуудлага худалдаа явагдсаны дараа 14 хоногт багтааж газрын төлбөрийг барагдуулах ажлыг өдий хүртэл төлөөгүй хожимдуулж Ковид-19 цар тахлаас болж өвчин зовлон ярьж байгаа юм байна. Гэхдээ одоо үед цахим аргаар төлөх эсвэл учир шалтгаанаа албан бичгээр бичиж хандах ёстой байсан. Иймд Газрын тухай хууль журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэв Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хууль журмын дагуу газрыг олгоё гэж зөвшөөрөл миний зүгээс татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сээс шүүхэд гаргасан тайлбартаа:

Дуудлага худалдаа явагдсаны дараа 14 хоногийн дотор  газрын төлбөрийн  мөнгөн дүнг төлөх ёстой байсан. Нэхэмжлэгч маань сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Сонсох ажиллагааг хийх  ямар нэгэн захиргааны акт гараагүй. Зөвхөн дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдаа явагдсаны дараа хууль, журамд заасны дагуу 14 хоногийн дотор дэнчингийн мөнгөө байршуулах ёстой. Нэхэмжлэгч өөрөө энэ үүргээ биелүүлээгүй байсан. Нэхэмжлэгч тухайн үед өвчтэй байсан гэсэн тайлбар хэлж байна. Гэхдээ тухайн үед өвчтэй байсан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Цаашид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дуудлага худалдааг дахин явуулсан тохиолдолд нэхэмжлэгч дуудлага худалдаан оролцож, ялах боломж байна. Энэ тохиолдолд манай зүгээс татгалзах зүйл байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж, нэхэмжлэгч Х.Еаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан  гаргасан “2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчлэх эсэхийг буюу нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолыг[1] үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/185 дугаар  “Газар эзэмшүүлэх эрхийн дахин дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн[2] хавсралтаар  Өлгий сумын 10 дугаар багт /Цагаан хус/ байршилтай, аялал жуулчлалын бааз барих зориулалттай, 3207 м2 газрыг дуудлага  худалдаа явуулах журмаар бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,  Өлгий сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/200 дугаартай “Дахин дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар[3] дуудлага худалдаа явуулах ажлын хэсгийг байгуулсан, дуудлага худалдааны талаарх мэдээлэл, зарыг олон нийтэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим  болон фейсбүүк хуудсаар[4] мэдэгдсэн, дуудлага худалдааг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явуулсан, нэхэмжлэгч Х.Е нь  уг  дуудлага худалдаанд цахимаар оролцож ялагч болсон, улмаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр  нэхэмжлэгчийг төлөөлж түүний ах Х.Кадирбек нь биечлэн ирж хариуцагчтай 09 дугаартай  “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г[5] байгуулсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

 2021 оны 09 дүгэр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнийг төлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг авах тухай өргөдлийг[6] дуудлага худалдаа явуулсан ажлын хэсэгт гаргаснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр[7] Монгол Улсын засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.11-т зааснаар хүсэлтийг хангах боломжгүй гэж хариу өгчээ.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... дуудлага худалдаа явуулсны дараа Ковид-19 өвчнөөр өвчилсөн, 2 сар ажлаас чөлөөлөгдсөн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймагт ирэх хөл хорио тогтоосон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газрын төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй” гэж марган тайлбарлажээ.

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “”Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.3-т “Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө”,  11.9-т “Дуудлага худалдааны ялагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журмын 11.2, 11.3-т тус тус заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл дуудлага худалдааны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцно”, 11.10-т “Дуудлага худалдааны ялагчид хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд энэ журмын 11.2, 11.3-т тус тус заасан хугацааг ажлын 5 хоногоор тус бүр сунгаж болно. Энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д зааснаар ойлгоно”, 11.11-т “Дуудлага худалдааны ялагч хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэгт заавал мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнд тооцохгүй” гэж тус тус заажээ.

 

Мөн Татварын ерөнхий хуулийн 6.1.41. “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж,  6.1.41.a-д”эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа”, 6.1.41.б-д “эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан”, 6.1.41.в-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан”, 6.1.41.г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон”, 6.1.41.д-д “хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг” гэж хуульчилсан байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж заасан байх ба нэхэмжлэгчийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй байгуулсан “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах  гэрээ”-ний 3.1-т “Худалдан авагч нь дуудлага худалдаагаар тогтсон газрын үнэ болох 8517500 төгрөгөөс дэнчингийн үнийг хасч 7715750 /Долоон сая долоон зуун арван таван мянга долоон зуун тавин төгрөг/-ийг 100020000967 тоот дансанд гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 14 хоног дотор шилжүүлэх үүрэгтэй” гэж тусгажээ.

 

 Хуулийн болон журмын дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газрын дуудлага худалдааны ялагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газрын төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв уг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  төлж чадахгүй тохиолдолд энэ  талаар ажлын хэсэгт заавал мэдэгдэх, ажлын хэсгээс төлбөр төлөх хугацааг ажлын 5 хоногоор  сунгах, мэдэгдээгүй бол хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнд тооцохгүй  байх зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Х.Е нь Ковид-19 өвчнөөр 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 хоног өвчилсөн нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу олгогдсон эмнэлгийн магадалгаагаар[8] тогтоогдож байгаа ба энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Налайх дүүргийн Амь-Эрдэнэ ӨЭМТ-ийн эмчээс  2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгосон 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл 1 сар 21 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнийг магадалсан эмнэлгийн магадалгаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 3.2-т заасан “Амбулаториор эмчлүүлсэн иргэн /даатгуулагч/-д хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг 14 хүртэл, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногоор тус тус бичиж олгоно”, 3.3-т заасан “Амбулаториор тусламж үйлчилгээг 14 хоногоос дээш хугацаагаар үзүүлсэн .... тохиолдолд Эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрийг үндэслэн эмнэлгийн хуудас” олгоно” гэснийг тус тус зөрчин олгогдсон байх тул нэхэмжлэгчийг энэ хугацаанд  өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна  гэж дүгнэлээ.

 

Дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээний 1.2-т “Зохион байгуулагч нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Өлгий сумын 10 дугаар багт байршилтай, 0.32 га /3207 м2/ хэмжээний газрыг Аялал жуулчлалын бааз  зориулалтаар дуудлага худалдааны ялагчийн эзэмшилд шилжүүлэх, #2021-7711 дугаар бүхий дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаагаар тогтсон газрын үнийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад гэрээний гол зорилго оршино” гэж зааснаас үзэхэд уг гэрээ нь ялагчаас газрын төлбөрийг заасан хугацаанд төлөх, төлбөр төлснөөр эрх бүхий этгээдээс  ялагчид  газар эзэмших шийдвэр гаргуулах хүртэлх  үйл явцыг  зохицуулсан байна.

 

Нэгэнт нэхэмжлэгч нь ялагчийн хувьд  холбогдох хууль, журам, гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй,  гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөрт тооцох үндэслэл тогтоогдоогүй  гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч Х.Е нь уг газрын  дуудлага худалдаа дахин явагдах тохиолдолд  дуудлага худалдаанд   оролцох эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Еы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчлэх эсэхийг буюу нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                         

            

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 33, 35 дугаар хуудас

[2] Хэргийн 5 дугаар хуудас

[3] Хэргийн 6 дугаар хуудас

[4] Хэргийн 79-80 дугаар хуудас

[5] Хэргийн 8-9 дүгээр хуудас.

[6] Хэргийн 71-72 дугаар хуудас.

[7] Хэргийн 78 дугаар хуудас.

[8] Хэргийн 27 дугаар хуудас