| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0578/3 |
| Дугаар | 221/МА2025/0042 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0042
Б.П-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч ЦЕГ
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.П
Хариуцагч ЦЕГ
Нэхэмжлэлийн шаардлага: ЦЕГ-ын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/**** дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0787 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, Э.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б, Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н
Хэргийн индекс: 128/2024/0578/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.П нь ЦЕГт холбогдуулж “ЦЕГ-ын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/**** дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0787 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын Үндсэн Арван дөрөвдүгээр зүйлийн 14 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ЦЕГ-ын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/**** дүгээр Б.П-д сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл 1 /нэг/ сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ЦЕГ-ын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/**** дүгээр тушаал хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч ЦЕГ давж заалдах гомдолдоо:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Т аймгийн цагдаагийн газрын З сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ашигт малтмал хууль бусаар олборлох хүсэлтэй иргэдтэй үгсэн тохиролцсон цагдаагийн ажилтнуудтай нэгдэж хууль бус үйл ажиллагаанд оролцсон, дээрх асуудлыг мэдсээр байж удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасан “шударга бус үйл явдалтай эвлэрэхгүй байх” хэм хэмжээнүүдийг зөрчсөн нь түүнд явуулсан албаны шалгалтын хүрээнд бүрэн тогтоогдсон байдаг.
Тухайн алба хаагчдын хууль бус үйлдлийн улмаас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Т аймгийн З сумын нутаг Х баг “А” гэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 /Ашигт малтмал хууль бусаар олборлох/-д заасан гэмт хэрэг үйлдэгдэж, байгаль экологид 22 сая төгрөгийн хохирол учирсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзээгүй” гэж дүгнэж, түүний гаргасан ямар үйлдлийг “ноцтой зөрчил” гэж үзсэн нь тодорхойгүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Учир нь цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий тусгай алба бөгөөд уг албанд ажиллаж буй алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 9.1-т заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин чин шударгаар ажиллахаа тангараглаж, тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээр тангараг өргөсөн байдаг. Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж, завдаж буй этгээдүүдтэй эс үйлдэхүйгээр нэгдэж, тэдний хууль бус үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй нуун дарагдуулж байгаа үйлдэл нь өргөсөн тангаргаа зөрчсөн ноцтой зөрчил гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Маргаан бүхий захиргааны актыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг цагдаагийн албан хаагчийн хувьд ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэж гаргасан атал анхан шатны шүүх хариуцагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/**** дугаартай албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул гомдолд дурдсан асуудлыг хянан хэлэлцэх үндэслэлгүй талаар хариу өгсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-т нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдлын талаар заасан бөгөөд мөн хуулийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн тул захиргааны хэргийг шийдвэрлэсэн талаар дурдсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд гомдолд дурдсан асуудлыг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3. ЦЕГ-ын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/**** дүгээр “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаалаар[1] “Т аймаг дахь цагдаагийн газрын З сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б-ны П нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.8, 2.3.10 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хурааж” шийдвэрлэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Илтгэх хуудас”-аар[2] Т аймгийн З сумын “Х” 3 дугаар багийн нутаг “С” гэх газар хамгаалалтад авагдсан А гэдэг газарт 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд марк, улсын дугаар нь тодорхойгүй 2 экскаватор очиж ашигт малтмал олборлох зорилгоор газар ухсан гэх мэдээллийн дагуу тухайн газар Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч М.Ч, экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Э, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.С нар шалгалтаар очиж, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Э нь батлагдсан томилгооны дагуу 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Цагдаагийн хэлтсийн жижүүрт цаг бүр холбогдож нөхцөл байдал тайван байгаа талаар танилцуулжээ.
5. Энэ үйл явдалтай холбогдуулан Т аймаг дахь Цагдаагийн газраас албаны шалгалт явуулахад,
-Б.П-ын хувьд “...цагдаа жолооч, цагдаагийн ахлагч В.Б нэг ажил байна гэхээр нь ямар ажил гэсэн чинь цагдаагийн хамгаалалтад байгаа “А” руу хүмүүс оруулж газар ухуулъя, ухуулаад гарцаасаа шалтгаалан хувь өгнө гэж ярьсан ба ахлах ахлагч Б.Э би 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралтай тэрнээс өмнө хамгаалалтын постод гарах байх гэж ярилцаад салцгаасан... би жижүүрийн мөрдөгчөөр гарах ээлж таарсан гарч байхад ахлагч В.Б яриад өнөөдөр ухуулъя чи “А” гэх газраас дуудлага мэдээлэл ирэх, Цагдаагийн хэлтсээс эргүүл шалгалт гарвал над руу залгаж хэлээрэй гэж хэлсэн...” гэж[3],
-В.Б-ийн хувьд “...Б “А” гэх газрыг Монгол гэрийн буйр шиг нээгээд 6-8 метр ухмаар байна, 4 цаг л ухна тэгээд гарсан юмнаас нь чамд хангалттай хувь өгнө... 2022 оны 7 сарын 29-ний өдөр барилгын материалын үүдэнд Б-ай дахин таарахад Б наадах чинь ямар ч асуудал гарахгүй, чи “А”-ийн постод гарах найдвартай нэг цагдаа л гаргачих гээд байхаар нь... тэр орой жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Д бид гурав Б.П-ын гэрт уулзсан... Б.П наадах чинь асуудал үүсвэл бөөн асуудал болно, дэмий юм биш үү... Ажлаас өөр оролцсон, алба хаагч байхгүй, Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Д, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Э бид 4 л оролцсон...” гэж[4],
-Б.Э-ын хувьд “...Т.Д, Б.П, В.Б бид дөрөв ярилцаж байхад эхлээд урьдчилгаа 30 хувийг авна гэхээр би 30 хувь нь хэдэн төгрөг юм гэсэн чинь 30.000.000 төгрөг үлдсэн мөнгийг нь дараа болно гэсэн... Т.Д, Б.П, В.Б нар л ярилцаж тохиролцсон би хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа постоо орхиж яваад оруулахаар тохиролцсон... ” гэж[5] тус тус мэдүүлсэн байна.
6. Ийнхүү “...албаны шалгалт явуулж мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн ... дээд шатанд гомдол гаргасан” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал гаргасан боловч энэ талаар нотлох баримт авагдаагүй, дээрх өгсөн мэдүүлгүүд хуурамч гэж үзэх үндэслэлгүй болно.
7. Албаны шалгалт явуулсан Т аймаг дахь Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.Ж-ын үйлдсэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 45/01-** дугаар танилцуулгад[6] “...З сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П, жижүүрийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Т.Д, эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Э, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч В.Б нар Цагдаагийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийн 2.3.8, Цагдаагийн албан хаагчийн Сахилгын дүрмийн 2.1.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар “албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах саналтай” талаар дурджээ.
8. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж,
8.1 Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 69 дүгээр зүйлийн 69.1.7-д “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, 69.1.13-т “хуулиар хориглосон бусад”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж,
8.2 ЦЕГ-ын даргын 2022 оны А/*** дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3-д “Алба хаагч шударга ёсны зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.3.10-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 3.4-т “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж,
8.3 Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.1.5-д “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, танил тал харах, аливаа этгээдийн өмнө хууль бус үүрэг хүлээх, албан үүргээ хэрэгжүүлсний төлөө бэлэг, дурсгал, шан харамж авахгүй байх” гэж тус тус заасан.
9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “З СДСДЦХ-ийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон НХЖС, ЗЦ-ийн эргүүлд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо”-оор[7] Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүрийн мөрдөгчийн үүргийг Б.П-д өгчээ.
10. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Т аймгийн З сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Э, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч В.Б, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Д нар нь хууль бусаар алт олборлож, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч тус сумын “А” ууланд шөнийн цагаар 2 ширхэг экскаватор оруулж иргэдээр ухуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
11. Т аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Б.Э, В.Б нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.П-ын хувьд зөрчил гаргасан болох нь 2022*********** дугаартай Албаны шалгалтын материал, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар Б.П-ыг Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох ёс зүйн дүрэм, журмыг зөрчсөн зөрчил гаргасан болохыг нотолж байна.
12. Өөрөөр хэлбэл Б.П-ын гаргасан нь зөрчил нь Б.Э, Т.Д, В.Б нартай үгсэн тохирч албан тушаал болон хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглан, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, амлалт өгөх зэргээр ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул түүнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу албанаас халсан шийдвэр хуульд нийцсэн байна.
13. Хариуцагчийн “...гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж, завдаж буй этгээдүүдтэй эс үйлдэхүйгээр нэгдэж, хууль бус үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй нуун дарагдуулж байгаа үйлдэл нь өргөсөн тангаргаа зөрчсөн ноцтой зөрчил” гэх гомдол үндэслэлтэй.
Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгч Б.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0787 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.П-ын нэхэмжлэлтэй, ЦЕГ-т холбогдох “ЦЕГ-ын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/**** дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “3” дахь заалтыг “2” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА