Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2018/00009

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2017/00932 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Хууль бус зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний нөхөр ******* нь 2015 онд зуурдаар нас барсан. Тэрээр амьд сэрүүн байхдаа 2013 оны 08 сарын 19-ний өдөр ******* гэх хүнээс 20.000.000 төгрөг зээлсэн гэсэн. Би нөхрийнхөө ажил төрөлд оролцдоггүй, ямар учраас яах гэж авсан мөнгө болохыг мэдэхгүй. Нөхрийг маань нас бараад 10 хонож байхад ******* нь өр нэхэж ирсэн бөгөөд би 3 жилийн хугацаанд 2015 оны 06 сард 4.000.000 төгрөг бэлнээр, 2017 оны 06 сард 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Тухайн үед 15.000.000 төгрөгийн үнэтэй автомишиныг буцааж зарахад 3.000.000 төгрөг болсон. ******* гуай 2017 оны 09 сарын 04-ний өдөр ирж зээлийн гэрээн дээр үсэг зур тэгэхгүй бол шүүхэд хандана гэсэн. Үлдэгдэл мөнгийн тань төлнө гэхэд тэр хамаагүй гарын үсэг зур гэхээр нь 5.000.000 төгрөг үлдсэн гэхэд 18.000.000 төгрөг үлдсэн гэж хэлээд зээлийн гэрээн дээр хүчээр гарын үсэг зуруулах гээд тулгахаар нь би яаж ч чадаагүй. Би ******* гэх хүнээс ямар ч мөнгө аваагүй тул уг Зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай гэр бүлийн хүн болох ******* нь 2013 оны 08 сарын 19-ний өдөр *******өөс 20.000.000 төгрөг зээлж аваад 5 сая төгрөгийг нь Эрдэнэцогт сумын нэг хүнээс пургон автомашин авахад зарцуулсан. Ингээд манай нөхөр 2015 онд нас барсан.

Би *******ийн 20.000.000 төгрөгийн өрийг дарах гэж маш их хичээсэн. Увуулж цувуулаад 15.000.000 төгрөгийг нь төлчихсөн байгаа. 5 сая төгрөгийг нь би төлөх бодолтой байсан бөгөөд энэ байдлаа хэлэхэд ******* нь баталгаа бичүүлнэ гэж хэлээд сумын тамгын газарт дагуулж очоод 18.000.000 сая төгрөг гэж бичээд гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш би 10.000.000 сая төгрөгийг нь төлсөн байсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч *******өөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь надаас зээлж авсан мөнгөө түүний нас барсан нөхөр ******* ганцаараа зээлж авсан гэж худал нэхэмжлэл гаргажээ. Би түүнтэй гэрээ байгуулахдаа нэхэмжлэлд дурдсан шиг загнаж зандарч шахсан, хүчээр гэрээ хийсэн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин *******аас зээлүүлсэн мөнгө болох 18.000.000 төгрөгийг гаргуулж авах талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэлдээ бичсэн зүйлүүд нь бүгд худал байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* би *******ын нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* нь 2013 оны 08 сарын 20-нд манай аав Төмөрөөс 20 сая төгрөг жилийн 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм. Ингээд 2014 оны 07 сард 4.000.000 төгрөг хүү гэж өгөөд 1 жил сунгаад 2015 онд өгөх ёстой байгаад өгөхгүй 2016 оны 06 сард өгөхөөр тохирсон боловч бас л өгөөгүй. Ингээд 2016 онд 1.000.000 төгрөг, мөн 2017 онд 10.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд 2017 оны 09 сарын 04-нд дахин зээлийн гэрээ байгуулж үлдсэн 18.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлийбаяраас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Энэ мөнгийг авахдаа ******* нь өөрөө ирж гуйж байгаад авсан, нөхөр нь дуу муутай ноомой хүн байсан тул хамт явсан. Энэ мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул гэр бүлийн гишүүд хамтран үүрэг хүлээх нь ойлгомжтой юм. Ингээд зээлдэгч нар нь мөнгөө өгөхгүй байсаар хүү болон үндсэн мөнгөнд 15 сая төгрөг өгсөн байна. Улмаар 2017 оны 09 сард дахин зээлийн гэрээ хийж 18.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхдээ хариуцагч талаас хуурч мэхлэн, айлган сүрдүүлсэн, дүр үзүүлсэн зэргээр хэлцэл хүчин төгөлдөр бус байх шинж нөхцөлүүдийг бүрдүүлээгүй, гэрээг бодитойгоор хийсэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын хооронд хийгдсэн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177750 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчид нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Гэтэл маргаан бүхий талууд эд хөрөнгө шилжүүлэх үйлдэл хийгээгүй атал гэрээнд 18.000.000 төгрөг өгч авсан. 18.000.000 төгрөгийг бодитой зээлдүүлсэн мэтээр дүр үзүүлсэн гэрээг хийж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчсөн гэжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 2013 онд 20.000.000 төгрөгийг бэлнээр өгч тухайн үедээ хүү өгч авалцахаар харилцан тохирсон байх бөгөөд мөнгийг буцаан өгөх үүргээ хариуцагч ******* биелүүлэхгүй байсан тул зохигчид харилцан тохирч зээлийн гэрээг 2017 онд бичгээр байгуулсан байдаг.

Тухайн зээлийн гэрээ нь агуулгын хувьд хуульд хориглосон хэм хэмжээг агуулаагүйгээс гадна нийгмийн зан суртахуунд харшлаагүй, иргэний хуулийн тодорхой харилцаанд тулгуурласан гэрээ юм, Өөрөөр хэлбэл ямар нэгэн хуульд заасан нөхцөл, заалтыг зөрчөөгүй гэрээ байна.

Мөн дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй байдаг бол хүчин төгөлдөр хэлцэлд талууд харилцан тохиоч үр дагаварыг ул суурьтай тооцоолсон байдаг. Дээр дурьдсанчлан нэхэмжлэгч ******* нь зээлдэн авсан мөнгөний хүүг төлж үүргээ хүлээж байснаас гадна мөнгийг зээлдэж авсан гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл эрх үүрэг хариуцлагаа ухамсарласан.

Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тооцож зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

******* гуай намайг арван найман сая төгрөг зээлсэн гэж бичээд гарын үсэг зур гэсэн би танд арван найман сая төгрөг өгөх ёсгүй шүү дээ гэхэд таван сая төгрөг гэхээр бага мөнгө учраас чи төлөхгүй. Арван найман сая төгрөг гэвэл чи тооноос нь айгаад өгчих байх би чамаас арван найман сая төгрөг авахгүй, тэгж байгаад болох байх гэх мэтээр айлгаж дарамталж байгаад надаар гэрээн дээр гарын үсэг зуруулсан.

Би тэр үед нь ******* гуайгаас салахын түүс болоод зур гэсэн газар нь зурсан. Энэ талаар анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******аас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь нөхөр Я.Содномдоржийн хамт *******өөс 2014 оны 8 дугаар сарын 25-нд 20.000.000 төгрөгийг зээлж авсан болох нь тогтоогддог бөгөөд зохигч талууд энэ тал дээр маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь нь энэ 20.000.000 төгрөгнөөс нийт 15.000.000 төгрөгийг төлсөн одоо 5.000.000 төгрөг дутуу гэж тайлбарладаг байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын хооронд өмнө амаар тохиролцож мөнгө зээлэх үйл ажиллагаа болсон байна. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийг гэрээ нь өмнөх амаар тохиролцож өгч авсан ззэлийг бичгээр зээлийн гэрээ болгож баталгаажуулжээ.

Зохигч талууд нь зээлийн гэрээг байгуулахдаа нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан өдрөөс хойш зээлийн биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хүү, алданги тооцож авах эрх үүсэх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр зээлдүүлэгч *******, ******* нараас зээлдэгч *******д 18.000.000 төгрөг зээлсэн гэж гэрээ хийснийг зээлдэгч ******* нь үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа боловч одоо зээлийн биелүүлээгүй үүргий үнийн дүн нь хэд болох, хэдийг төлөх талаараа зохигч талуудын хооронд маргаан үүссэн нөхцөлд шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШШ2017/00932 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын

“…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын хооронд хийгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай..” гэснийг

“…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэж, 2 дугаар заалтын

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177750 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай..” гэснийг

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар өмгөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж *******т олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР