Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01183

 
 

Ворлдкуайлати ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02006 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар магадлалтай,

 

Хүсэлт гаргагч: Ворлдкуайлати ХХК

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

 

Төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг

Ворлдкуайлати ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн хяналтын журмаар 2020.02.12-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ворлдкуайлати ХХК-ийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Ворлдкуайлати ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ворлдкуайлати ХХК нь 2010.04.02-ны өдөр байгуулагдаж, 2013.03.02-с барилга угсралтын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байгууллагын тайлан тооцоог хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудад гарган өгч үйл ажиллагаа явуулж байсан боловч барилгын салбарын уналт, төлбөр төлөгч байгууллага төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс тухайн санхүүжилтийг банк, ББСБ-аас өндөр хүүтэй зээлж үр ашиггүй зардал гаргаж тодорхой нөхцөл шалтгааны улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж татварын 82,000,000 төгрөгийн өр хуримтлагдсан. ЧДИХАШШ-н 2016.12.02-ны өдрийн 1230 тоот шийдвэрээр 77,171,429 төгрөг гаргуулж Татварын албанд олгохоор шийдвэрлэсэн. Дампуурлын тухай хуулийн 4.1, 5.1.2-т заасны дагуу Ворлдкуайлати ХХК-ийг төлбөрийн чадваргүйг тогтоож, дампууруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс тайлбартаа: Ворлдкуайлати ХХК нь 2010.04.02-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авч гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2013-2016 оны тайлангийн 59,273,529 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2013-2016 оны тайлангийн 14,049,650 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 2014 оны тайлангийн 9,130,005 төгрөг нийт 82,453,189.9 төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй. Шүүгчийн захирамжийн дагуу өр төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байтал дампуурлын хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Ворлдкуайлати ХХК нь Голомт банк дахь харилцах дансаар 174,628,800 төгрөгийн орлого, Төрийн банк дахь харилцах дансаар 224,338,774.77 төгрөгийн орлого, Хаан банк дахь харилцах дансаар 787,240,905.26 төгрөгийн орлого олж байсан атлаа татварын өр төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байна. Иймд татварын өр 82,453,189.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 182/ШШ2019/02006 дугаар шийдвэр гаргаж, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн Ворлдкуайлати ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ворлдкуайлати ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

 

Ворлдкуайлати ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ маргааны бодит байдал, хүсэлт гаргагчийн эдийн засгийн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй бөгөөд Дампуурлын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу дүгнэлт гаргасан дампуурлыг хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үнэлж үзэлгүй шийдвэрлэсэн ба шүүхийн дээрх шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. 1. Хууль зөрчиж, нэхэмжлэл хүлээн авсан тухай. Хариуцагч буюу хүсэлт гаргагч Ворлдкуайлати ХХК нь анх 2019.12.27-ны өдөр компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг 2019.01.25-ны өдөр хүлээн авч дампуурсанд тооцож, татан буулгах тухай хэрэг үүсгэсэн ба шүүгчийн 2019.02.14-ний өдрийн захирамжаар хүсэлт гаргагч компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон байдаг. Энэхүү захирамжийн дагуу компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаар мэдээллийг 2019.02.19-ний өдрийн Өдрийн сонинд зарлуулсан бөгөөд компаниас авлагатай иргэн, хуулийн этгээдийг 2019.03.11-ний дотор нэхэмжлэлээ гаргах талаар тодорхой дурдсан байдаг. Шүүгчийн захирамжид дурдсан, өдрийн сонинд гарсан нэхэмжлэл гаргах хугацааг Дампуурлын тухай хуулийн 15.1-т Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана. гэж заасны дагуу 21 хоногийн хугацаа тогтоосон бөгөөд уг хугацаанд ямар ч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Харин уг хэргийн цорын ганц нэхэмжлэгч болох Чингэлтэй дүүргийн татварын алба 2019.03.27-ны өдөр гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд хугацааг сэргээх үндэслэл бүхий нөхцөл байдал дурдаагүй байсан боловч шүүгч уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын хүсэл зориг болон хууль тогтоомжоор тогтоож өгсөн хэм хэмжээ, хугацааны дотор явагддаг бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд төрийн байгууллага нь хугацаа хэтрүүлсэн гэх яг ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгааг тодруулж үзэлгүй хүсэлтийг хангасан нь ХХША-ны зөрчилд тооцогдохоор байна. 2. Хэрэг гүйцэтгэгчийн хууль тогтоомжийн дагуу гаргасан дүгнэлтийг үнэлээгүй тухай. ХХША-ны явцад дампуурлын тухай хуульд заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн зүгээс Дампуурлын тухай хуулийн 13.1-т заасны дагуу дүгнэлт гаргаж шүүхэд өгсөн байдаг. Дампуурлын тухай хуулийн 13.1.1-т хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт гэж заасны дагуу гаргасан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадварын дүгнэлт хэсэгт Дампуурлын тухай хуулийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу Ворлдкуайлати ХХК-ийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүү буюу өөрийн хөрөнгө үлдээгүй байх тул компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй болсноор дампуурсан гэж дүгнэлээ гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд компанид өөрийн хөрөнгө гэх зүйл үлдээгүй, бусад этгээдэд төлөх ёстой төлбөрөө төлөх чадваргүй болсон учир дампуурсан талаар дурдсан байдаг. Гэтэл шүүгч хэргийг шийдвэрлэхдээ өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Ворлдкуайлати XXК нь шүүхэд дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлт гаргасан 2018.12.27-с өмнөх нэг жилийн хугацаанд буюу 2017.04.30-ны өдөр хүртэлх хугацаанд 787,240,905.26 төгрөгийн орлого олж, 2017.12.31-ний өдрийн байдлаар нийт хөрөнгийн дүн 166,100.5 төгрөг гэж тайлагнасан байжээ. Гэвч дээрх мөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй, анхан шатны бүртгэл хангалтгүй байгаа нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3 дах хэсэгт заасныг зөрчсөн байх ба энэ талаар хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ тусгажээ. гэсэн маш ойлгомжгүй дүгнэлт хийж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гомдол гаргагчийн зүгээс шүүгч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг буруу ойлгож маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүгчийн дүгнэлтээс харвал хүсэлт гаргагч компани нь хүсэлт гаргахаас нэг жилийн өмнө буюу 2017.04.30-ны өдөр 787,240,905.26 төгрөгийн орлого олсон гэж ойлгож, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь 166,100.5 мянган төгрөг байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах, төлбөрийг барагдуулах боломжтой гэж үзсэн байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэр үндэслэлтэй учир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь мөн маргааны нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй шийдвэрлэсэн гэж үзэх боломжтой юм. Учир нь дээрх нөхцөл байдлын талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тодорхой дурдсан бөгөөд Ворлдкуайлати ХХК нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж 2016 оноос үйл ажиллагаа явуулахаа больсон байна. Тус компанийн үйл ажиллагаа нь үнэн хэрэг дээрээ ашиг орлогогүй ажиллаж байсан боловч тайлан баланс дээрээ тусгах ёстой зарлагыг хуулийн дагуу тусгаагүй байна гэж мөн дүгнэлтэд Ворлдкуайлати ХХК нь 2010 онд байгуулагдан хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн харьяалагдах татварын хэлтэст тайлан балансаа гаргаж байсан боловч 2017 оноос хойш орлого, зарлага, мөнгөн гүйлгээний тайланг тайлагнаагүй нь хариуцагч үйл ажиллагаа огт явуулж байгаагүй нотолж байна, мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн Санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төлбөр хариуцах чадвар хэсэгт Ворлдкуайпати ХХК-ийн тайлант үеийн 2017.12.31-ний өдрийн байдлаар нийт хөрөнгө 166,100.5 мянган төгрөг гэж тайлагнасан боловч өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө болох үндсэн хөрөнгө эргэлтийн бус хөрөнгө, бараа материал, мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө байхгүй байгаа доорхи баримтаар тогтоогдож байна. гэж холбогдох нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч компани нь ямар нэг хөрөнгөгүй болохыг тогтоосон байдаг. Гэвч шүүхийн зүгээс хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг эсрэг байдлаар тайлбарлан, хүсэлт гаргагч компани эд хөрөнгөтэй, боловч бусад этгээдэд төлөх ёстой өр төлбөрөө төлөөгүй байна өрөөсгөл дүгнэлт хийж хүсэлтийг хангалгүй орхисон нь үндэслэлгүй байна. 3. Компанийн нөхцөл байдал болон компанийг татан буулгах үндэслэлийн тухай. Хүсэлт гаргагч Ворлдкуайлати ХХК нь 2013-2016 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд барилгын салбарын уналт, ажил гүйцэтгүүлэгч компаниуд цаг хугацаандаа төлбөрөө төлж санхүүжилтээ оруулаагүй, өдөр тутмын үйл ажиллагаа явуулахаар ББСБ-аас өндөр хүүтэй зээл авч үр ашиггүй зардал гаргасан зэрэг тодорхой нөхцөл шалтгаан улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдагдсан компанид бусад этгээдээс орж ирсэн орлогыг бүртгэдэг боловч компаниас гарч буй зардлыг бүртгэдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй зэрэг нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн татварын албанд өглөг үүссэн бөгөөд хүсэлт гаргагч компани нь тус татварын өрийг төлж барагдуулах ямар нэг боломжгүй байгаа болно. Энэ талаарх нөхцөл байдал нь Ворлдкуайлати ХХК-д холбогдох нэхэмжлэгч байгууллагын төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас тодорхой харагдах бөгөөд компанид өөрийн гэсэн хөрөнгө байхгүй учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж татварын албанд төлөх ёстой өр төлбөрийг барагдуулах боломжгүй байдал үүссэн байдаг. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн Компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал хэсэгт Иймээс шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж, Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нар нь дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэлээ, гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Дампуурлын тухай хуулийн 4.1-т Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. мөн хуулийн 33.1-т Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана:, мөн зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй,, мөн зүйлийн 33.1.2-т шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, гэж заасны дагуу компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тохиолдолд шүүх дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах зохицуулалттай юм. Гэтэл анхан шатны шүүх хууль тогтоомжид заасан зохицуулалт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн аваагүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хүсэлт гаргагчийн гаргасан энэхүү хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ворлдкуайлати ХХК 2018.12.27-ны өдөр шүүхэд хандан, төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргахдаа ...компанийг 2010.04.02-ны өдөр байгуулж, 2013.03.02-с барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч барилгын салбарын уналт, байгууллагууд төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс зардал гарч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон.. татварын өр хуримтлагдсан... гэсэн үндэслэл заасан байна.

 

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс шүүхэд хандахдаа ...нийт 82,453,189.9 төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй... ажиллагаа явуулж байтал дампуурлын хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.... орлого олж байсан атлаа татварын өр төлбөрөөс санаатайгаар зайлсхийж байгаа... гэжээ.

Анхан шатны шүүх Ворлдкуайлати ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ворлдкуайлати ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдоогүй тул түүний хүсэлтийг ханаагүй нь Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.4-т нийцжээ.

Хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт шүүхэд ирээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана.

Хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад хуулийн этгээдийг дампуурсанд тооцох, улмаар татан буулгах шийдвэр гаргах нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчинө.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Ворлдкуайлати ХХК-ийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай хуулийг зөрчөөгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн дүгнэлт, хууль хэрэглээ оновчтой болсон, шийдвэр гаргасан үндэслэлээ тодорхой дурдсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, Ворлдкуайлати ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/02006 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан Ворлдкуайлати ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ