Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

  2023        02         14                                   2023/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н,

Шүүгдэгч: Б.Гыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ч овгийн Бын Гд холбогдох 2235001890014 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 199... оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Увс аймгийн Мал эмнэлгийн газарт Мал эмнэлгийн ....... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг 2-60 айл ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Ч овогт Бын Г /РД:........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө иргэн Б.Бтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө иргэн Б.Бтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодсон болох нь:

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн үед өөрийн найз Б, Б, Ц нартай хамт хадлангийн талбай дээр очиж хадлан, малын ажил хийнгээ “Экс” нэртэй 0.75 литрийн архинаас 2 шилийг хувааж уусан ба би уг архинаас нэг их уугаагүй. Тухайн өдрийн орой хадлангийн талбай дээр байхад 22 цаг 15 минутаас 22 цаг 57 минутын хооронд Мэргэжпийн хяналтын газар ажилладаг Г гэх найз над руу 5 удаа залгаж надтай утсаар ярьж манай гэрт хүрээд ир уулзъя гээд дуудаад байхаар нь Б, Б, Ц бид хэд Гын гэрт ороод гаръя гэж ярилцаж тохироод Гын гэрт ороход Г архи уучихсан халамцуу байсан ба бид нарт “Данзка” нэртэй төмөр савтай архи гаргаж ирж бид нар хувааж ууж дуусгасан. Уг архи дууссаны дараа Б, Б, Ц нар ар араасаа цуваад Гын гэрээс гараад явсан. Би Гтай ойр зуурын юм яриад үлдсэн ба Г бид хоёр хоёулаа архи уугаад согтчихсон байсан тул яриа нь дундаасаа болж маргалдаж эхэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад би харих гэж Гын гэрээс гарахад Г араас гарч ирээд байрны гадна шууд миний баруун нүд рүү хүчтэй цохисон тул би газар унасан. Би газар унаад босож ирээд Гтай зууралдахад Г хувцас ураад хаячихлаа гээд миний шүд хэсэг рүү цохиход миний шүд хугарч, сэтэрсэн түүний дараа толгойны дагз хэсэг болон бие рүү хэдэн удаа цохисон болохын мэдэхгүй нэлээн олон удаа цохисон. Г нь миний найз учир өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагийн үед Г руу залгаж өчигдөр чи намайг яах гэж зодож байгаа юм бэ гэж асуухад Г надад хандаж чи миний хувцас ураад хаячихсан байна гэж хэлэхээр нь би нүд, шүд болон толгой өвдөөд байна гэж хэлэхэд Г чи хаана байгаа юм бэ очиж уулзъя гэж хэлээд миний байсан газарт ирж уулзчихаад Г надаас уучлалт гуйхын оронд, би чамайг зодоогүй гэж хэлчихээд яваад өгсөн. Г надад хандаж би чамайг цагдаад өгнө гэж хэлэхээр нь тоглож байна гэж бодсон чи цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих гэж гуйсан. Би Б.Гаас өөр хүнтэй зодолдоогүй. Би Б.Гад хандаж Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэмээр байна гэж хэлэхэд би эмчилгээтэй холбоотой мөнгө төгрөг өгнө, өөрийнхөө малаа зараад мөнгө өгнө, Улаанбаатар хотод манай нэг эгч байдаг чамайг Улаанбаатар орохоор эгчид хэлж эмнэлгээр хамт явуулна гэж хэлсэн. Би Б.Гд хандаж би өөрөө Улаанбаатар хот ороод эмнэлгийн байгууллагад үзүүлчихнэ харин чи мөнгө төгрөгийн асуудал шийдэж өгөөрэй гэж хэлэхэд Б.Г за гэж хэлээд үлдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Г руу залгаж эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлэхэд Б.Г за би ажил дээр очиж байгаад шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн өдөр 140.000 төгрөг миний данс руу гүйлгээний утга дээр 1 гэж бичиж хийсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал),

Гэрч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уг архиа дууссаны дараа Б.Г, Б.Б хоёр архиндаа халж морины тухай Б.Б эрлийз морь баяр наадмаар уралдуулах ёстой гэхэд Б.Г ерөөсөө эрлийз морь баяр наадмаар уралдуулж болохгүй гэх мэт ярьж Б.Б явах шинжгүй байхаар нь Б, Ц бид гурав Б.Гын гэрээс гарч явсан. Б.Б нь Б.Гын гэрт Б.Гтай хоёулаа үлдсэн маргааш өглөө нь Б.Б бид нар руу залгаж өчигдөр та нарыг явсаны дараа Б.Г намайг зодсон гэж хэлсэн. Б.Г, Г.Б нар нь эрлийз морь баяр наадмаар уралдуулах ёстой, ёсгүй гэж ярилцаж санал зөрөлдөөд байсан. Түүнээс биш илт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Гэрч Я.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“А.Б, Ц бид гурав Б.Гын гэрээс гарч явсан. Би Б.Гын байрны гадна гараад Б.Гын цонх онгорхой байсан тул цонхоор нь Б.Бийг дуудаж явах уу гэж асуухад Б.Б надад би эндээ хонолоо гэж хэлээд үлдсэн. Б.Б нь Б.Гын гэрт Б.Гтай хоёулаа үлдсэн маргааш өглөө нь Б.Б над руу утсаар залгаж өчигдөр та нарыг явсаны дараа Б.Г намайг зодсон гэж хэлсэн. Б.Г, Б.Б нар нь эрлийз морь баяр наадмаар уралдуулах ёстой, ёсгүй гэж ярилцаж санал зөрөлдөөд байсан. Түүнээс биш илт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүйгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Я.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б, А.Б, Я.Б бид нар Улаанбаатар хот руу ачуулах гэж байгаа бог малаа хадлангийн талбай дээр хариулж өнжсөн. Тухайн өдрийн орой 23 цагийн үед гэр гэрлүүгээ явах гэж байхад Б.Г нь Б.Б рүү утсаар залгаж манай гэрт хүрээд ир гэж дуудаад байсан тул Б.Б нь А.Б, Б бид нарт хандаж Б.Г гэрт хүрээд ир гэж дуудаад байна гэрт нь хамтдаа ороод гаръя гэж хэлэхээр нь А.Б, Я.Б, Б.Б бид нар Б.Гын гэрт очсон. Б.Г нь “Данзка” нэртэй 0.75 литрийн архи задалсан уг архинаас Б.Г, Б.Б, А.Б бид нар хувааж ууж дуусгасан. Б.Г, Б.Б хоёр салах шинжгүй ойр зуурын юм ярилцаад Б.Б явахгүй байхаар нь Бийг Б.Гын гэрт үлдээгээд А.Б, Я.Б бид нар явсан. Маргааш нь Б.Б над руу утсаар залгаж өчигдөр та нарыг явсаны дараа Б.Г намайг зодсон гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бтэй уулзах үед бие болон нүүрэндээ ямар нэгэн бэртэл гэмтэлгүй эрүүл зүгээр байсан. Бид нар Б.Гын гэрт Б.Бийг үлдээгээд гарахад Б эрүүл саруул зүгээр үлдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б, Б бид нар уулзахад Б.Б хүнд зодуулж нүд нь гэмтсэн байсан, юу болсон талаар Б.Бээс асуухад 2022 оны 9 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 19-ний өдөр лүү шилжих шөнө Б.Гтай уулзаж архи уусан ба түүний дараа Б.Г намайг зодож, миний баруун нүдийг гэмтээсний улмаас миний баруун нүдний хараа муудаад байгаа учир Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байна гэж хэлэхээр нь Б бид хоёр Б.Бийг эмчилгээнд сайн яваад ир гэж хэлээд тухайн өдрийн 16 цагийн үед “Хан хөхий” ресторан орж хоол идсэн. Энэ үед Б.Г нь Б.Б рүү гар утсаар залгаж хаана байгаа талаар нь асуусан бололтой Б.Б “Хан хөхий” ресторанд байна гэж ярилцаж байсан. Удалгүй Б.Б нь Б.Гтай дахин утсаар ярьж “Хан хөхий” рестораны гадна ирчихсэн байна, гараад ир гэж хэлэхээр нь Б, Б бид гурав ирсэн, үгүйг нь харах гэж "Хан хөхий” рестораны 2 давхрын ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цонхоор харахад Б.Г нь явган “Хан хөхий” рестораны гадна ирчихсэн зогсож байхаар би Б.Бэд өөрийн автомашины түлхүүрийг өгөөд автомашинд сууж байгаад тухтай уулзчихаад ороод ир гэж хэлээд гаргасан. Б.Б, Б.Г хоёр ойролцоогоор 15 минут орчим байх уулзчихаад Б.Б орж ирээд Б.Г цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих эмчилгээний мөнгө, зардлыг бүгдийн даана, намайг уучлаарай гэж хэлж уулзчихаад явлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Э бид хоёр Б.Бийг эмчилгээнд сайн яваад ир гэж хэлээд тухайн өдрийн 16 цагийн үед Ханхөхий ресторан орж хоол идсэн. Энэ үед Б.Г нь Б.Б рүү утсаар залгаж хаана байгаа талаар нь асуусан бололтой Б.Б Ханхөхий ресторанд байна гэж ярилцаж байсан. Удалгүй Б.Б нь Б.Гтай дахин утсаар ярьж Ханхөхий рестораны гадна ирчихсэн байна, гараад ир гэж хэлэхээр нь Б, Б.Э бид гурав ирсэн үгүйг нь харах гэж Ханхөхий рестораны 2 давхарын цонхоор харахад Б.Г нь явган Ханхөхий рестораны гадна ирчихсэн зогсож байсан. Б.Э Бэд өөрийн автомашины түлхүүрийг өгөөд автомашинд сууж байгаад тухтай уулзчихаад ороод ир гэж хэлээд гаргасан. Б.Б Б.Г хоёр ойролцоогоор 15 минут орчим байх уулзчихаад Б.Б орж ирээд Б.Г цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих эмчилгээний мөнгө, зардлыг бүгдийн даана, намайг уучлаарай гэж хэлж уулзчихаад явлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай Мэргэжлийн хяналтын газар хамт ажилладаг Б.Г гэх залуу 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн ...... дугаарын данснаас миний ............ дугаарын данс руу "g" гэх утгатай 141.000 /нэг зуун дөчин нэгэн мянган/ төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө ............ дугаарын данс руу шилжүүлээд өг гэж гуйсан учир би өөрийн ................ дугаарын данснаас ................ дугаарын данс руу 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг шилжүүлж утга дээр нь юу гэж бичих вэ гэж Б.Гаас асуухад “1” гэх утга бичээд хийчих гэж хэлсэн учир “1” гэж утга бичээд мөнгө шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө, хэн гэдэг хүн рүү шилжүүлж байгаа талаар би асуугаагүй, Б.Гч ямар нэгэн зүйл хэлээгүй учир би мэдэхгүй байна. Б.Г нь өөрөө мөнгөтэй хэрнээ, өөрөө шууд ............. дугаарын данс руу шилжүүлэлгүй, миний .................... дугаарын данс руу шилжүүлээд надаас .............  дугаарын данс руу хийлгэсэн надад хачирхалтай санагдаж байна. Б.Г бид хоёрын дунд өр зээл болон мөнгө, төгрөг нэг нэгэндээ өгдөг авдаг ямар нэгэн асуудал байхгүй. Б.Г над руу мөнгө шилжүүлэх ямар нэгэн шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед байх гэртээ ганцаараа байх үедээ Б.Б рүү залгаж бид хоёр манай гэрийн гадна уулзахаар болсон бөгөөд Б.Б гэрийн гадна ирэх дээ хажуудаа Б, Ц, Б гэх хүмүүстэй ирсэн бөгөөд би уг хүмүүсийн таньж мэддэг найз нөхдийн холбоотой учир манай гэрт ороод цай уугаад яв гэж хэлсэн. Б.Б, Б, Ц, Б нар явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Б.Б манай гэрт үлдэж бид хоёр морины тухай ярилцаад үл ялиг маргаж байсан, түүнээс цааш би архиндаа согтоод юу болсныг нь санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө Б.Б надруу залгаж чи намайг цохиж, миний нүдийг гэмтээсэн гэж хэлсэн бөгөөд би Б.Бээс “Хан Хөхий” рестораны гадна уучлалт гуйж, Улаанбаатар хот эмчилгээнд явахад нь ажлын газрын хүний данс руу мөнгө хийж байгаад 140.000 төгрөг шилжүүлсэн. Б.Б бид хоёрын дунд ямар  нэгэн өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй, найз нөхдийн сайхан харилцаатай хүмүүс бөгөөд согтуу байсан болохоороо маргалдсан. Б.Б миний биед халдаж цохиогүй. Би өөрийн эхнэр Д.Жд Б.Бтэй маргалдсан гэж хэлээгүй байсан бөгөөд Б.Б Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байх үедээ над руу мөнгө хэрэгтэй байна гэж ярих үед нь эхнэртэй хамт ажилладаг Г.Б гэх хүний дансны дугаарыг өгч өөрийн ........... дугаарын данснаас Г.Бийн ............. дугаарын данс руу 140.000 төгрөг шилжүүлж, эхнэрээс ирсэн мөнгийг Б.Бийн данс руу хийсэн. Би Б.Бийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 444 дугаартай:  “Үзүүлэгч Б.Бийн биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний алимны өмнөд камерт цус хуралдалт, шилэнцэрт цус харвалт, баруун нүдний алимны салстад, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 2 дугаар шүдний хугарал үүдэн баруун 3 дугаар шүдний сэлтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний алимны өмнөд камерт цус хуралдалт, шилэнцэрт цус харвалт, баруун нүдний алимны салстад, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 2 дугаар шүдний хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх баруун нүдний битүү гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Өөрөөр хэлбэл Б.Бийн баруун нүдний хараа одоогоор 16 хувьтай харж байгаа ба цаашид харааны сэргэлт болон бууралт үүсэх эсэх нь тодорхойгүй байгаа тул баруун нүдний харааны бууралтыг одоогоор үнэлж дүгнэлт гаргах боломжгүй байна. Дээрх гэмтлийн хөнгөн зэрэгт баруун нүдний хараа бууралтыг үндэслэж тогтоогоогүй болно. Иймд баруун нүдний хараа тогтворжсоны дараа нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах боломжтойг сануулж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-43 дахь тал),

шинжээч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг амбулаториор эмчлүүлэгчийн карт, Улаанбаатар хотод нүдний эмчилгээ хийлгэсэн баримт болон Б.Бийн биед үзлэг хийж гаргасан. Тухайн үеийн үзлэгээр нүдний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 20% хараатай байгааг тогтоосон байсан тул 20%-иар нүдний хараа нь тогтсон гэж үзэж дүгнэлтийг гаргасан. Одоогийн байдлаар Б.Бийн баруун нүдний хараа буурах эсвэл нэмэгдэх эсэхийг тогтоосон нотлох эмнэлгийн баримт бичиг байхгүй тул тогтоох боломжгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал)-үүдээр хохирогч Б.Бийн баруун нүдний хараа 80 хувийн бууралттай, уг харааны бууралт нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээрээ хүндэвтэр зэргийн гэмтэл хамаарах гэмтэл болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол хор уршиг

Хохирогч Б.Бийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд “Б.Г намайг зодож миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Надад 4.000.000 төгрөгийн хохирлыг Б.Г бүрэн төлж барагдуулсан. Надад цаашид нэхэмжлэх хохирол, төлбөр санал хүсэлт байхгүй тул Б.Гад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 127 дахь тал), Мөн Г.Бийн “миний эзэмшлийн ............ дугаартай дансны 2022.09.22-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт хавсаргаж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 118-120 дахь тал)-ыг тус тус үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Г урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гын хувийн зан байдлын талаар гэрч Х.Гын өгсөн:Б.Г эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний  үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедэээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэгэн муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), гэрч Д.Жгийн өгсөн:Нөхөр Б.Г нийгмийн идэвх сайтай, урлаг спортод авьяастай учир ажлын газрын хамт олон, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний  үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедэээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэгэн муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Ч овогт Бын Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуу мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт  зааснаар талууд, оролцогч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ