Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2019/00090/и |
Дугаар | 133/ШШ2019/00138 |
Огноо | 2019-04-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2019/00138
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Л.Д-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ГАА МСҮТ-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн, дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4.101.622 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч Ж.н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Х.Д, М.С, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д миний бие ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Миний бие 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймаг дахь ***д барилгын сантехникийн багшаар ажилд орж байсан. Энэ ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр захирал намайг ажлаас түр чөлөөлсөн тушаал гаргаад бичиг хэргийн ажилтанд үлдээгээд Улаанбаатар хот явсан байсан. Манай байгууллагын 4 хүнийг ажлаас түр чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Бид нар тухайн үед уг тушаалыг аваагүй, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс өдий хүртэл ажилгүй байгаа. Бид хуулийн хүнээс зөвлөгөө аваад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд хандахаар болж ажлаас түр чөлөөлсөн тушаалаа 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр авсан юм. Миний бие хийсэн ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, намайг ямар ч хуулийн үндэслэлгүйгээр ажлын ачаалалгүй болсон гэж ажлаас түр чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Л.Д намайг Говь-Алтай аймаг дахь ***д барилгын мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн томилж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ГАА *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус ***-ийн барилгын мэргэжлийн багш Л.Дг 2018-2019 оны хичээлийн жилд барилгын мэргэжлийн ангиудад элсэлт байхгүйн улмаас хичээлийн жилийн цагийн ачаалал нь /танхимын болон танхимын бус сургалтаар гүйцэтгэх/ хүрэлцэхгүй болсон тул 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь түр хугацаагаар /2019-2020 оны хичээлийн жил хүртэл/ чөлөөлж, ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 1.2-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог ***ийн захирал тогтоох бөгөөд захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалаар ***-ийн 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог батлан, тогтоосон юм. ***ийн 2018-2019 оны хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо Хөдөлмөрийн сайдын 201З оны А/251 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам"-ын 4.1-ийг үндэслэн тухайн мэргэжлийн ангиудын элсэлт, уг элсэлтээс үндэслэн баталсан сургалтын төлөвлөгөөг баримталдаг болно. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам"-ыг үндэслэн багш Л.Д багшийн ур чадварын түвшин "багш" зэрэглэлд тогтоогдсон учир Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжпийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 1.8-д заасны дагуу жилийн цагийн ачаалал нь 20 багц цаг буюу 17 багц цагийг танхимын сургалтаар, 3 багц цагийг танхимын бус сургалтаар гүйцэтгэх ёстой. /Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/А215 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 3.1. Онол, лаборатори, сургууль дээрх дадлагын 45 цагийн бодит гүйцэтгэлийг, үйлдвэрлэлийн ба төгсөлтийн өмнөх дадлагын 72 цагийн бодит гүйцэтгэлийг, танхимын бус сургалтын 72 цагийн бодит гүйцэтгэлийг тус тус нэг багц цаг гэж тооцно. Багш Л.Дгийн заадаг "хий шингэний системийг судлах" хичээл нь 54 цаг буюу 1.2 багц цаг, "гидравликийн системийн хэвийн ажиллагааг хангах" хичээл нь 36 цаг буюу 0.80 багц цаг, нийт 90 цаг буюу 2 багц цагийн хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилд заахаар хуваарилагдсан байна. Энэ нь тухайн багшийг ажлаас чөлөөлөн, цагийн багшаар томилох үндэслэл болох бөгөөд багш Л.Дг ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гардуулан өгсөн боловч, заах ёстой хичээлүүдээ заагаад, ирэх хичээлийн жилийг хүртэл түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөнө гэдэг санал гаргасан. ***ийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 11.2, 11.2.1-д "Байгууллагын салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн /Үүнд: Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам"-ын 1.3-т заасны дагуу тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоосон захирлын тушаалыг үндэслэл болгоно./ гэж заасны дагуу 2017-2018 оны хичээлийн жилд барилгын мэргэжлийн багш нарын орон тоо 6 байсныг 2018-2019 оны хичээлийн жилд 5 болгон тогтоосон. Мөн багш Л.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4-д багшийн цагийн ачаалал хүрэлцэхгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно хэмээн тусгасан учир багш Л.Д нь ажлаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй юм. Харин ажил олгогчийн зүгээс ажилтанд давуу байдлыг үзүүлэн 2018-2019 оны хичээлийн жил хүртэл түр хугацаагаар чөлөөлсөн. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага буюу тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүждэг юм. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив"-аар Говь-Алтай аймагт нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив 591600 төгрөг байна. Тус ***-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлт харьцангуй бага байгаа тул мэргэжлийн багш, ерөнхий эрдмийн багш нар цагийн ачаалалгүй буюу хичээлийн цаггүй болж байгаа ба 5 багш түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа болно. ***-ийн 2018-2019 оны хичээлийн жилд /2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар/ нийт 17 мэргэжлээр, 22 бүлэгт, 245 суралцагч суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны батлагдсан төсөвт нийт суралцагчдын тоог 619 байхаар тооцсон юм. Багш Л.Д нь заах ёстой хичээлээ заагаад түр хугацаагаар чөлөө авна гэж санал гаргасан боловч, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл чөлөө авах өргөдлөө өгөөгүй юм. Мөн багш Л.Д 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 цагийн хичээл заагаагүй ч цалингаа бүрэн авсан, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 90 цагийн хичээл заан, цалингаа бүрэн авсан. Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам"-ын 4.3-т заасны дагуу багш Л.Д нь үндсэн багшаар ажиллах боломжгүй юм. Л.Д нь цагийн багшаар ажиллавал "багш" ур чадварын түвшинтэй багшийн 1 багц цагийн хөлс 168000 төгрөг тул, заасан 2 багц цагийн ажлын хөлсөнд 336000 төгрөг авах ёстой. Багш Л.Д нь 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд 4.389.622 төгрөгийн цалин авсан байна. Л.Дд олгосон цалингаас олгох ёстой цалинг хасч, 4053622 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно. Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв нь хичээлийн жилийн 2-р улирлаас ажлын ачаалалгүй болсон багш нарыг өмнөх жилүүдэд нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгч, ажлаас нь түр хугацаагаар чөлөөлдөг байсан ба энэ хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөггүй байсан. Харин 2018 онд ажлын ачаалалгүй болсон 2 багшийг түр хугацаагаар ажлаас нь чөлөөлж, энэ хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлж, 2 багш нь ажилдаа томилогдон, 2019-2020 оны хичээлийн жилд тухайн мэргэжлийн ангиуддаа элсэлт авч, одоо ажиллаж байна. Дээрх үндэслэлүүдийн дагуу барилгын мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй /мэргэжлийн хичээлийн цаггүй/ болсон тул багш Л.Дг үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлсөн юм. Л.Дгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй хуульд заасан Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д багш нь хичээл заах цаггүй болсон, өөрөө үүнийгээ мэдэж байгаа, жилд хэдэн багц цаг гүйцэтгэх ёстой байдаг билээ, тэр багц цаг нь гүйцэхгүй байгаа юм. Түр чөлөөлөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг төлж байгаа, тиймээс 5 жилийн тэтгэлэг зэргийг авах боломжтой. Ямар ч ажлын ачаалалгүй байж нэмж цалин аваад байх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч ГАА *** шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Журам батлах тухай" А/198/215 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад "Мэргэжлийн боловсролын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын онолын болон дадлагын багшийн сургалтын цагийн ачаалал, цалин хөлс, амралтын хоног нь адил тэгш байна гэж заасны дагуу онолын болон дадлагын багш, ерөнхий эрдмийн багшийн жилийн ачаалал ижил 20 багц цаг байхаар тусгажээ. Мөн "Журам батлах тухай" Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/251 дугаар тушаалын хавсралтын 4.3. /Сургалтын төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай нийт кредит цагийн 90-ээс доошгүй хувийг үндсэн багш нар гүйцэтгэхээр тооцно/, 4.4 /Энэхүү журамд заасан багшид тавигдах шаардлагын биелэлт, тухайн жилийн ажлын үр дүнгийн үнэлгээ 60-аас доош оноотой бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно/. Тус ***ийн Барилгын мэргэжлийн багш Л.Д нь 2018-2019 оны хичээлийн жилд Хүнд машин механизмын 1 жилийн сургалттай ангид 36 цагийн, Үйлдвэрлэлийн механикийн 1 жилийн сургалттай ангид 54 цагийн, нийт 90 цагийн танхимын сургалтын цаг гүйцэтгэсэн байна. Үүнийг багц цагт шилжүүлбэл 2 багц цаг болж байна. Л.Д багш нь "Дадлагажигч багш" ур чадварын түвшинтэй тул нэг багц цагийн хөлс нь 144.000 төгрөг болно. Гүйцэтгэсэн танхимын сургалтын цагийн хөлсийг тооцвол: 2 багц цаг*144.000 = 288.000 төгрөг болж байна. Иймд Багш Л.Дгийн дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4.389.622-288.000= 4.101.622 /дөрвөн сая нэг зуун нэг мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100050037009 тоот дансанд буцаан төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад цаг тухайд нь даалгасан ажлыг нь хийгээд явж байсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хий гээд даалгасан ажлын нь хийгээд явж байсан. Хийсэн хөдөлмөрөө үнэлүүлэх нь зүйтэй гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Л.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил буюу барилгын мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг, хариуцагч ГАА *** нь нэхэмжлэгч Л.Дд холбогдуулан дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4.101.622 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-д барилгын мэргэжлийн багшаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 тоот тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх тул уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Л.Д нь Говь-Алтай аймаг дахь ***-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 тоот тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь *** нь Л.Дтэй 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, ТҮМБ-3-2 шатлалаар цалинжуулан барилгын мэргэжлийн багшаар ажиллуулсанаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1 дэх заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.13, 5.16, 5.16.2, 5.23-ыг тус тус үндэслэн Л.Дг барилгын мэргэжлийн багшийн ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн байна.
Хариуцагч тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа барилгын мэргэжлийн багш нь ажлын ачаалалгүй /мэргэжлийн хичээлийн цаггүй/ болсон тул багш Л.Дг үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлсөн юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин ажлын ачаалал тогтоох журам”-ын 4.1 дэх заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.13, 5.16, 5.16.2, 5.23-ыг тус тус үндэслэн Л.Дг барилгын мэргэжлийн багшийн ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, Л.Дгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй хуульд заасан Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иймд нэхэмжлэгч Л.Дг ажлаас түр хугацаагаар чөлөөлсөн Говь-Алтай аймаг дахь ***-ийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хоорондох харилцааг зохицуулах бөгөөд уг хуулинд ажилтныг түр чөлөөлөх талаар тусгаагүй, ажилтныг ажлаас түр чөлөөлөх гэсэн ойлголт байхгүй юм.
Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх эрхтэй бөгөөд хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй буюу хуульд нийцээгүй ажлаас түр чөлөөлөх асуудлаар хөдөлмөрийн дотоод журамд тусгасан, түүнийгээ ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн сургалт боловсролын байгууллагын үндсэн багшийн кредит хангагдсан байх ёстой онцлогийг харгалзан хичээлийн жилийн эхэнд судалгаа тооцоогоо гаргаж орон тоогоо батлуулдаг байна. Нэхэмжлэгч Л.Дгийн тухайд 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлээд хичээллээд явж байсан, багшийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь батлагдсан, багшийн цалин төсөв нь төсөвт суугдсан үед ажлын ачаалалгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан “улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө” гэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан, мөн ***-ийг улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч Л.Дг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-ийн барилгын мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.Дгийн 2018 оны 12, 2019 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 933.291+741.107+697.687=2.372.085 төгрөг байна. 2.372.085:3=790.695 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 790.695:21.5=36.776 төгрөг байх тул 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 49 хоногоор тооцож 36.776*49=1.802.024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хэдийгээр ажлаас түр чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөөр заасан байгаа хэдий ч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг олгосон тул уг олговроос тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Дгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь ***-д үүрэг болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн ***-ийн нэхэмжлэгч Л.Дд холбогдуулан гаргасан дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4.101.622 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “танхимын ба танхимын бус сургалтын ажлын ногдол багц цагийг хүндэтгэх бус шалтгааны улмаас биелүүлээгүй нөхцөлд дутуу гүйцэтгэсэн багц цагийн хөлсийг тухайн цагт харгалзах хэмжээгээр багшийн цалин хөлснөөс хасаж тооцно. Иймд Багш Л.Дгийн дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4.389.622-288.000= 4.101.622 /дөрвөн сая нэг зуун нэг мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг Тус ***-ийн 100050037009 тоот дансанд буцаан төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарлаж байх бөгөөд уг үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр танхимын ба танхимын бус сургалтын ажлын ногдол багц цагийг дутуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй, зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалин ТҮМБ-3-2-оор цалинжуулахаар тохирсон, гүйцэтгэсэн багц цагаар цаоин авах талаар тохиролцоогүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн гарасан сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.802.024 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 43.782 төгрөг, нийт 113.982 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***-өөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны удаирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан /РД:***/, *** овогтой ***ын ***г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***ийн барилгын мэргэжилийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.802.024 /нэг сая найман зуун хоёр мянга хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Л.Дгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***д даалгасугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ***ийн нэхэмжлэгч Л.Дд холбогдуулан гаргасан дутуу гүйцэтгэсэн цагийн хөлс болох 4.101.622 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь ***өөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.629.264 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.018 төгрөг нийт 111.218 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН