| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0008/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.*******тунгалаг,
Улсын яллагч П.Даваасүрэн ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* холбогдох 2233001010004 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 12 сарын 04-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 28 настай, тусгай дунд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ******* хот ******* дүүрэг ******* хороо, “Зүүн наран” гудамжинд тоотод оршин суух хаягтай, ******* хот, дүүрэг хороо -д түр оршин суух хаягтай, ******* овгийн
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн 122-123 дахь км-т “Ниссан ванетте” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчин 1 тооны үхэр мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд 8,985,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн 122-123 дахь км-т “Ниссан ванетте” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин үхэр мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд 8,985,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хийш харанхуй болохоос өмнө ажлаа дуусгаад ******* хот орохоор албаны Ниссан ванетте маркийн УЕБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодоод би голд суугаад зүүн талын хаалганы хажууд ах суугаад явж байсан юм. Тэгээд аймгаас гараад явж байхад харанхуй болсон. Тэгээд харанхуйд явж байсан бөгөөд өндөр даваа давсан. Тухайн даваан дээр хөшөө байсан бөгөөд би хөшөө байна гэж бодсон. Тэгээд явж байхад би доошоо хараад утсаа оролдоод явж байсан чинь гэнэт ах чангаар үхэр гэж орилсон. Тэгэхээр нь би урагшаа харсан чинь нэг улаан хүрэн юм харагдсан тэгээд шууд мөргөөд би баруун гараараа тааз руу тулсан. Тэгээд үхрийг мөргөөд замын хажуу руу гарсан. ... тэгээд аймгийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хөлийн дунд чөмөг хугарсан , зүүн хөлийн эрхий хурууны хумс чихэгдсэн байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд миний баруун гар өвдөөд байна гэж хэлсэн бөгөөд эхлээд хөлийг чинь эмчлэх хэрэгтэй байна. Гар чинь гайгүй юм шиг байна гэж байсан. Тэгээд хагалгаанд ороод дараа нь гараа ЭХО-д үзүүлсэн чинь баруун гарын бугуй орчмоор цууралттай байна гэж хэлсэн. ... Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх, гаргаж өгөх баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-85-р хуудас)
2.Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр банк бус санхүүгийн байгууллага дээр гэрээ хийж зээлээр авсан юм Тухайн тээврийн хэрэгслийг 15 сая 500 мянган төгрөгөөр авсан бөгөөд 8 сая төгрөгийн урьдчилгааг нь бэлнээр өгөөд авч байсан юм. Тус тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын нэр дээр байдаг бөгөөд би тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр зээлээр авсан. Зээлийн эргэн төлөлт нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусах юм. ... ******* нь манай үеэл дүүгийн нөхөр бөгөөд 2022 оны 01 дүгээр сард танилцаад манай компанид энэ оны 9 дүгээр сард орсон. Одоогоор ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, тушаал гаргаагүй байгаа юм. ... Тухайн тээврийн хэрэгслийг тэр энэ жолоодох ёстой гэж хариуцуулсан хүн байхгүй. Хэн жолоодох боломжтой байгаа нь жолооддог юм. Манай хүмүүс бүгд жолоодох эрхтэй байдаг бөгөөд жолоочийн хариуцлагын даатгал нь хязгааргүй байсан.... 2022 оны 10 дугаар сарын 19-ний шөнө ******* хотоос аймагт баригдсан "" барилгын дүшний ажлыг хийхээр , , нар явсан юм. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед ажлаа дуусгаад хүлээлгэн өгөөд 18 цаг өнгөрч байхад би утсаар асуухад аймгаас гараад явж байна гэж хэлсэн. Тэгээд 19:17 цагийн үед манай нөхөр над руу утсаар яриад аваарт орчихлоо нөгөө хоёр хавчуулагдчихаад болохгүй байна гэхээр нь би хотоос гарсан юм. Тэгээд би шөнө аймгийн Эмнэлэг дээр очиход үүдэнд нь байсан бөгөөд гялбаад юу ч харагдахгүй үхэр мөргөчихсөн гэж хэлсэн. *******ийг жолоо барьж байсан гэж хэлсэн. ... Өөр гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт алга байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-р хуудас)
3.Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан. аймгаас ******* хот орохоор , гэх залуугийн хамт УЕБ улсын дугаартай Ниссан ванет маркийн тээврийн хэрэгсэлтэй оройн 18:21 цаг болж байхад аймгийн төвийи захын клонкоос түлш хийгээд хөдөлсөн. Тэгээд аймгийн сумын нутагт явж байтал өөдөөс нэг том машин гэрлээ шилжүүлэхгүй яваад байсан. Тэгтэл манай машины жолооч гэрлээрээ дохисон боловч гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэгээд тэр том машин хажуугаар зөрөөд өнгөрсөн чинь зам дээр гэнэт нэг үхэр зогсож байсан. тэр үхрийг мөргөөд л машин маань замаас гараад явчихсан. Ямар ч байсан машин зогссон , хоёр "хөл хөл" гээд орилоод байсан. Харин миний бие гайгүй байсан болохоор би машинаас буугаад хартал машины урд хэсэг хойш чихэгдээд , хоёрын хөлийг хавччихсан байсан. ... Би машины урд жолоочийн эсрэг талд хамгийн захад сууж байсан харин голд нь суугаад зорчиж явсан. Машиныг жолоодож байсан юм. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. хоёр мөн хамгаалах бүсээ зүүсэн байсан. ...Тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан. Тухайн Ниссан ванетте тээврийн хэрэгсэл нь ачааны зориулалттай болохоор хурдтай явдаггүй юм. ... Би бол зуу татчихсан байсан. Харин , хоёр архи огт хэрэглээгүй. ... Миний биед бага зэрэг шалбарч гэмтсэн боловч ноцтой гэмтэл бол учраагүй биеийн байдал сайн байгаа. ... Машин зөрөөд өнгөрсөн тэгтэл хар зам дээр нэг үхэр харагдсан. Тухайн үхэр 10-20 метр л зайтай байсан байх нарийн хэлж мэдэхгүй байна. Машины гэрэлд үхэр харагдсан. Урд үхэр байна гэж хэлээд хажуугийн бариулаас барьсан тэгээд л түс гээд явчихсан их ойрхон байсан хоромхон зуур л болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас)
4.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тухайн үхэрийг осол болсноос хойш 2-3 хоногийн дараа малаа эргүүлж яваад харсан хэний үхэр болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас)
5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 03-р хуудас)
6.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг (хх-ийн 9- хуудас)
7.Гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16-р хуудас)
8. аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 819 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1. биед баруун дунд чөмгөний ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй, сэлтэрхийт хугарал, баруун шууны ясны цууралт, баруун гуя, цавь, шилбэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно.
4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
5.Баруун дунд чөмгөний хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, баруун гарын шууны ясны цууралт болон зөөлөн эдийн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-ийн 29-30-р хуудас)
9. "" ХХК-ий хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ 8,985,000 төгрөг...гэх дүгнэлт (хх-ийн 36-40-р хуудас)
10.”” ХХК-ийн жолооны багш 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 09 дугаартай “...Ниссан ванетте маркийн УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр дугаар бүлэг. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна...” гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р хуудас)
11.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2022 оны 10 сарын 19-ний шөнө 2 цаг 45 минутад ******* хотоос “Дээдс товир” гэдэг компанид бид нар шилэн дүүшийн угсралт хийхээр гарсан. 10 сарын 20-ны 10 цагт “Дээдс товир”-т очоод эхлээд 4 ширхэг дүүш хийгээд маргааш нь үлдэгдэл 8 ширхэг банын хаалт хийх ёстой байсан тэрийгээ дуусгасан. Орой 5 цаг өнгөрөөгөөд бүх ажлаа хүлээлгэж өгөөд гарахад бэлэн болоод машин доторх бүх ачаа, бараагаа янзлаад гарахад бэлдсэн. 6 цаг 30 минутын үед гараад замдаа дэлгүүрт зогсож ууж идэх юм аваад цаашаа явж байгаад “Сод монгол” бензин колонкоос бензин авч банкаа дүүргэсэн. Тэгээд цаашаагаа гарсан. Замд явж байхад захирал залгасан. Одоо та хэд гарч байна уу яаж байна? энд ажил овоорчихлоо гэсэн. Тэгэхээр нь бид хэд одоо гарч байна гэсэн. Өмнөх 2 өдөр нь бид нар нойр хүрсэн ядарсан байсан. ах маань сүүлийн ажлаа 7 давхарт хийж байхдаа архи уусан байсан тул бид хоёр жолоо барихаас өөр аргагүй болсон. бид хоёр хэн машин барихаа тохиролцож би эхлээд жолоо баръя чи жолоо барь гэж тохиролцоод жолоогоо барьсан. Надтай 2 даваа даваад 1 ташуу зам тааралдсан. 3 дахь даваагаа даваад доошоо уруудаж байхад 3 том машин надтай зөрсөн. Гэрлээ ерөөсөө шилжүүлээгүй. Зогсох боломж байхгүй байсан. Замаа чөлөөлөөд зогсъё гэхээр зам нь аймар нарийхан. Тэгээд яг миний баруун тал руугаа зайчлаад зогсъё гэхээр ямар ч машинаа зогсоох зай байхгүй байсан. Араас машинууд явж байсан учраас зай байгаагүй. Жалга нь маш өндөр байсан. Тооромзоо гишгээд хаазаа багасгаад явж байсан. Аагий ах үхэр гэж орилсон. Яах ийхийн зуургүй тооромзоо гишгэх шиг болсон. Нэг мэдсэн замын хажуу тал руу бөөнөөрөө орсон байсан. гийн баруун талын хөл голын салоноор дарагдсан байсан. Миний зүүн хөл маань машины салонд тэр чигээрээ даруулсан баруун хөл маань хааз тооромз хоёрын голд хугарсан байсан. Эмнэлэгт очиход гийн дунд чөмгөний 1 хугарал гэж байсан. гийн баруун хөлийн дунд чөмөг 1 хугарсан байсан. Хохирлын 2,100,000 төгрөгийг тэдэн сарын тэднээс тэдэн сарын хугацаатай өгнө гэж бичгээр бичиж өгсөн гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтад эрхзүйн дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг аймгаас аймгийн чиглэлийн 122-123 дахь км-т “Ниссан ванетте” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчин үхэр мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд 8,985,000 төгрөгийн хохирол учруулсан нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.
Иймд *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг ******* хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч М., иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг ******* хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солхыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА