Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэр-Од овогт Чинбаатарын Цэнгэлбаатарт холбогдох эрүүгийн 2321000290030 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнж 3-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сэр-Од овогт Чинбаатарын Цэнгэлбаатар /РД: ЖЮ90092771/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 3-13 тоотод 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим гурилын элдүүр модыг зууханд цохисны улмаас хугарсан модны хэлтэрхий нь 6 настай Ц.Анхбатын толгойн тус газарт онож баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Анхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед аав Цэнгэлбаатар архи уусан байдалтай орж ирээд ээжтэй маргалдсан бөгөөд ээж Оргилтуяа нь маргаж байгаад гэрээс гарсан. Энэ үед аав уурлаад уурандаа гурилын бүдүүн урт модон элдүүр авч төмөр зуух руу шидэхэд тухайн шидсэн элдүүр нь бутарч хэлтэрхий нь миний толгойны баруун хэсэгт оносон. Тухайн үед элдүүр оносон газарт их өвдөж байсан. Би тэр үед доошоо суухад толгой эргэж бөөлжис хүрч бөөлжсөн. Одоогоор миний биеийн байдал хэвийн байна. Би энэ гэмтлийн улмаас 10 хоног эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оргилтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Анхбатын биеийн байдал одоо хэвийн байгаа. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аав Цэнгэлбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зуух руу мод шидэж тухайн элдүүр нь хагарч бутарсан хэлтэрхий Анхбатыг онож улмаар толгойд гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь одоогоор бүрэн эдгэрч биед нь сөрөг нөлөө ямар нэгэн байдлаар үүсээгүй. Манай хүү Анхбат нь 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Ч.Цэнгэлбаатарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд хэрэг болсон өдөр яаж гэмтэл учруулсан талаар мэдээгүй. Дараа нь манай эхнэр болон хүүхдүүдийн ярьж байгаагаар миний уурандаа зуух руу цохисон гурилын модны хэлтэрхий нь манай хүү Анхбатын толгой хэсэгт нь онож гэмтэл учруулсан гэж хэлсэн. Тухайн үед миний цохисон гурилын мод хугарах нь хугарсан. Тухайн хугархай нь хаашаа үсэрсэн талаар харж чадаагүй. Энэ гэмтэл нь миний буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмтэл учруулсан гэж бодож байна. Миний энэ үйлдэл архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас болсон үйл явдал тул цаашид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 тоот дүгнэлтэд:

1. Ц.Анхбатын биед баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 37-38/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 05-07/

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/

-  Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 33-34/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39/

- Ч.Цэнгэлбаатар, Д.Оргилтуяа нарын гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 50/

- Ц.Анхбат, Ц.Итгэл нарын төрсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 51-52/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54, 57-60/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

- Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оргилтуяа нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51-52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 3-13 тоотод гэртээ гурилын элдүүр модыг зууханд цохисны улмаас хугарсан модны хэлтэрхий нь 6 настай Ц.Анхбатын толгойн тус газарт онож баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон насанд хүрээгүй хохирогч Ц.Анхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оргилтуяа нарын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 тоот “ Ц.Анхбатын биед баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сэр-Од овогт Чинбаатарын Цэнгэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч Сэр-Од овогт Чинбаатарын Цэнгэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Анхбатын эрүүл мэндэд  хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, хүү  Ц.Анхбатын бие хэвийн болсон тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэр-Од овогт Чинбаатарын Цэнгэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чинбаатарын Цэнгэлбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэнгэлбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Цэнгэлбаатарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА