Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1056

 

                                                       

 

 

 

 

 

   2019        10             22                                          2019/ДШМ/1056

 

 

М.Б-, Т.Анарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Сансар,

яллагдагч М.Б-гийн өмгөөлөгч Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/2781 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 114 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч М.Б-, Т.Анарт холбогдох эрүүгийн 1806079720065 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч М.Б-, Т.Анар нь хамтран амьдарч байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 97/1 дүгээр байрны 74 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар М.Б- нь хүч хэрэглэн Т.Азжаргалын толгой руу цохих, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Т.Ань дээрх цаг хугацаа, газар нутагт М.Б-тэй маргалдаж, улмаар хүч хэрэглэн өмдний тэлээгээр нуруу, толгой, нүүр хэсэг рүү ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-, Т.Анарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нарын өмгөөлөгч Д.Даваадоржийн гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шинжээчийн 11856 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй дүгнэлтүүд гарсан байхад дахин шинжилгээ хийлгэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал:

1. Хүний биед хийсэн шинжээчийн 11856 дугаар дүгнэлтэд “Т.Азжаргалын биед баруун сарвуу, бугалга, нуруу, зүүн өвдөг, баруун шуу, гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэсэн атлаа хэрэгт авагдсан материалыг үндэслэж хийсэн шинжээчийн 11 дугаартай дүгнэлтэд “Т.Азжаргалын биед баруун сарвуу, бугалга, нуруу, зүүн өвдөг, баруун шуу, гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэжээ. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шинжээчийн 11856 дугаар дүгнэлтэд дурдагдаагүй зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэх гэмтлийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд гаргаж ирсэн нь шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, аль дүгнэлт нь үнэлэгдэх нотлох баримт эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг хүлээн авч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон Т.Азжаргалын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэлтийг гарган ирүүлэх шаардлагатай.

2. Дүгнэлт гаргасан шинжээч эмч нараас байцаалт авах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй байна. Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж үзэн эрүүгийн 1806 07972 0065 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэлдээ: “...3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтийн 6-д “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11856 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” /1-р хх-ийн 76-р хуудас/ гэжээ.

Мөн 11856 дугаар дүгнэлтэд дурдагдаагүй зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэх гэмтлийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд гаргаж ирсэн нь шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, аль дүгнэлт нь үнэлэгдэх нотлох баримт эсэх нь эргэлзээтэй байна гэсний тухайд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай дүгнэлтэд: “...2. 2018.10.04-ний өдрийн Толгойн КТГ-д Тархины эзлэхүүнт өөрчлөлтгүй. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3, 4-р ховдлууд хэвийн. Субарахноидаль зайнууд хэвийн. ...Зүүн талын хацрын орчим зөөлөн эд бага зэрэг хавагнаж хавдсан. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. ...Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2018.12.20 гэжээ” гэж /1-р хх-ийн 76-р хуудас/ бичигдсэн байна. Дээрх дүгнэлтэнд бичигдсэн байдлаас дүгнэхэд хохирогч Т.Ань 2018.10.04-ний өдөр толгойн КТГ-д үзүүлж тухайн үзлэгийг ШШҮХ-ийн эмч О.Оюунбаясгалан уншиж дүгнэлт бичсэн болох нь тогтоогдож байна. Хэдийгээр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11856 дугаартай дүгнэлтэд дээрх гэмтэл дурдагдаагүй боловч дахин шинжилгээ хийлгэх тогтоолд дурдагдсан шинжээчид тогтоолгохоор тавигдсан асуултын дагуу Т.Азжаргалын биед үзлэг хийж учирсан гэмтлүүдийг тогтоосон байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл биш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргасан шинжээч нарыг гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд оролцуулан асуулт тавьж шийдвэрлэх боломжтой юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/2781 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Я.Сансар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Яллагдагч М.Б-гийн өмгөөлөгч Д.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Б-, Т.Анар нь одоо хамтран амьдардаг. Т.Ажирэмсэн, 11 дүгээр сард төрөхөөр байгаа. Эхнэр нөхрийн харилцаатай, хоёулаа төрийн албан хаагч ажилтай. Энэ үндэслэлийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх М.Б-, Т.Анарт холбогдох хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд “...зүүн хацарт зөөлөн эдийн няцрал...” гэх гэмтэл зөрүүтэй, дүгнэлт гаргасан шинжээч эмч нараас байцаалт авах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан боловч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж байгаа эсэх, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх зэргийг анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлт гаргасан шинжээч эмч нараас мэдүүлэг авснаар хэрэгт тодорхойгүй байгаа ямар нөхцөл байдал тогтоогдох тухай анхан шатны шүүхийн дүгнэлтэд алга.

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхээс зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгох учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Яллагдагч М.Б-, Т.Анарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/2781 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/2781 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Б-, Т.Анарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлтэл яллагдагч М.Б-, Т.Анарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ