| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0448/3 |
| Дугаар | 221/МА2025/0030 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0030
Э.А-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э.А
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-**/*** дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0825 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2024/0448/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.А нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулж “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-**/*** дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0825 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Э.А-гээс Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-**/*** дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-гээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Н нар давж заалдах гомдолдоо:
“...Э.А нь Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, *-р хорооллын нутагт байрлах 10 гараашны барилгын байршлыг А.Б захиралтай “А” ХЭАА-д зөвшөөрсөн Нийслэлийн Засаг даргын 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Х/*** дугаартай захирамжийн дагуу Хот байгуулалтын албаны Ерөнхий архитекторын мэдэгдэлтэй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан ёсны Улаан шугам тавьсан 62 дугаартай зөвшөөрлийн үндсэн дээр баригдсан * тоот гараашийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “А” ХЭАА-н захирал А.Б-ээс “Худалдах, худалдан авах гэрээний дагуу 10,0 сая төгрөгөөр худалдан авч шударга эзэмшигч болсон юм. 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04/* тоот Мэдээлэл, технологийн хэлтсийн тодорхойлолтоор уг гараашийг П гудамж Г6/**** гэсэн дугаартай болгож албажуулсан.
Дээрх үндэслэлээр иргэн шударгаар эзэмшиж байсан амины автомашины гараашийг нураах шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчиж тухайн иргэний ашиг сонирхол хөндөгдөх нөхцөлд тайлбар гаргаж санал хүргүүлэх эрхийг зөрчсөн, мөн захирамжид заасан 80 тоот тухайн хаягт 20 гарааш байхгүй.
Э.А нь 2018-2020 оны газрын төлбөрийг төлж байсан баримттай, мөн Нийслэлийн Засаг даргын 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа, 2024 оны А/*** дугаар захирамжийн хавсралтад заасан гараашны байршил нь тухайн иргэний эзэмшиж буй байршлын гарааш мөн эсэх нь тодорхойгүй зөрүүтэй байгаа зэрэг үндэслэлийг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байх тул дээрх нөхцөл байдлыг хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, зөвтгөн шийдвэрлүүлэх боломж олгоно уу” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хуулийг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Э.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Н нар нь “...Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчиж тухайн иргэний ашиг сонирхол хөндөгдөх нөхцөлд тайлбар гаргаж санал хүргүүлэх эрхийг зөрчсөн, захирамжид заасан 80 тоот тухайн хаягт 20 гарааш байхгүй” хэмээн маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.А нь 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Автомашины гараж худалдах худалдан авах гэрээ”-ээр[1] Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, гараашны зориулалттай 18 м.кв талбай бүхий ** дугаар гараашийг А.Б-ээс худалдан авсан байна.
4. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” захирамжаар[2] Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбай хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.
5. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар[3] Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, хавсралтын 80-д Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны хойд талд, хавсралтын 81-д ** дугаар байрын хойд талд тоосгон гарааш 20 гэсэн байна.
6. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-**/*** дугаар мэдэгдэх хуудсаар[4] Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн танаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гарааш газар эзэмшиж, ашиглаж байх тул 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг мэдэгджээ.
7. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-**/*** дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
8. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.
9. Анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр[5] “...Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэгийн зүүн тал, Э урд талд байрлах 11 гараашны хойд талаасаа 6 дахь хар өнгийн хаалгатай гарааж” гэж тэмдэглэж, нэхэмжлэгч Э.А-ийн гарааж нь Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол /, П гудамж ** тоот хаягт байршилтай 18 м.кв автомашины гарааж мөн болох нь тогтоогдсон байна.
10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
11. Нэхэмжлэгч Э.А-ийн худалдаж авсан гэх автомашины гарааш нь нийтийн эдэлбэрийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан ба Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-**/*** дугаартай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн ба уг мэдэгдэх хуудас нь захиргааны актын шинжийг агуулаагүй төдийгүй нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй, шууд үр дагавар бий болгосон шинжийг агуулаагүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
12. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
13. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, 24.1.19-д “нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасан.
14. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамж нь хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд гаргасан захиргааны акт байх бөгөөд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээд болох нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших, ашиглахтай холбоотой хуулиар хамгаалагдах эрх үүсээгүй.
15. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, газрын үзлэг, тэмдэглэл зэргээс үзвэл нийслэлийн Засаг даргын 2024 оны А/*** дугаар захирамжийн хавсралтын 80-д Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны хойд талд, хавсралтын 81-д ** дугаар байрын хойд талд тоосгон гарааш нийт 20 гэж бичигдсэн нь ** дугаар байрны хойд талын 11, 20 дугаар байрны хойд талд байрлах 9 гараашийг нэгтгэн бичсэн байх тул нэхэмжлэгчийн “...тухайн хаягт 20 гарааш байхгүй, тухайн иргэний эзэмшиж буй байршлын гарааш мөн эсэх нь тодорхойгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16. Анхан шатны шүүх “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа энэ тохиолдолд нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээ авсан” гэж зөв дүгнэжээ.
17. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА